| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2023/0191/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/229 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/229
2023 03 29 2023/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ББ холбогдох эрүүгийн 2211 02075 0058 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт ББ, регистрийн дугаар ................................
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 132/3-607 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Боржигон овгийн ББ нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-600 тоотод Ц.Мтой үл ялих шалтгааны улмаас маргалдан зодсоны улмаас түүний биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, хүзүүний зүүн тал, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацрын доод хэсэг, дээд уруул, дух, баруун, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн зүүн талын 2 дугаар шүдний сулрал, бүсэлхийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Мын “...Миний биед учруулсан дээрх гэмтлүүдийг Батхуяг, Эрдэнэбаяр нар нийлж учруулсан бөгөөд яг хэн нь хаашаа цохиод байгааг нь мэдээгүй ээ. Тэр хоёр нийлж намайг зодож, миний биед дээрх гэмтлүүдийг учруулсан юм. Миний бие тухайн асуудлаас болж эмнэлгийн байгууллагад хандаж, эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн эмчилгээ, үйлчилгээ аваагүй. Тухайн хэрэг болсон 2022 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-600 тоотод Батхуяг, Эрдэнэбаяр, Батбаяр бид дөрөв байсан. Батхуяг, Эрдэнэбаяр нар нь яг ямар шалтгааны улмаас намайг зодсон талаар нь мэдэхгүй байна ...миний бие маш их гомдолтой байна, гэхдээ нэхэмжлэх зүйл бол байхгүй ээ ... эм, эмчилгээ хийсэн баримт байхгүй байхгүй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 16 дугаар тал/,
Гэрч Л.Эрдэнэбаярын “...тухайн үед би, Батгэрэл, Батхуяг, Батбаяр, Мөнх-Очир бид 5 байсан ба авчирсан архиа уусан ба Батбаярын ахын эхнэр, хүүхдүүд тусдаа өөр байшинд байсан юм. Бид нар хоорондоо юм яриад нилээн уугаад суусан ба хүмүүс ер нь муудаад байсан юм. Би гэртээ орж унтлаа гээд харих гэтэл Мөнх-Очир намайг “чи хэзээ ийм болчихсон юм, байж байгаач гээд” над руу томроод байсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал гэнэт Батхуяг, Мөнх-Очир нар хоорондоо зодолдоод барьцалдаад авчихсан газарт шороотой холбироод өнхөрсөн. Бие биеэ цохиод байсан ба тэр үед Батбаяр бид хоёр салгах гээд хажуугаар нь орцгоогоод салгасан ба хоорондоо хэрэлдээд маргалдаж байтал Мөнх-Очир яваад өгчихсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,
Гэрч Б.Батбаярын “... Эрдэнэбаярыг явлаа гэхэд Мөнх-Очир байж байгаач гээд үг хаяад хоорондоо маргалдаж бие биетэйгээ барьцалдаад авсан чинь Батхуяг тэр хоёрын голоор Мөнх-Очирын нүүр лүү цохиод Мөнх-Очир бас Батхуягийн нүүр лүү цохиод хоорондоо зодолдоод газарт унаад өнхрөөд бөөн юм болсон. Тэгээд Эрдэнэбаяр бид хоёр тэр хоёрын хоорондуур ороод салгасан ба Мөнх-Очир гараад явчихсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...иргэн Ц.М нь 2022 оны 11 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-600 тоотод бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ХЗ85052212 дугаартай, Ц.М нь 2022 оны 11 дүгээр сард Гэмтэл Согог судлалын төвийн яаралтай тусламжийн төвөөс 214.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04/527 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15228 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Мын биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, хүзүүний зүүн тал, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацрын доод хэсэг, дээд уруул, дух, баруун, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн зүүн талын 2-р шүдний сулрал, бүсэлхийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
Шүүгдэгч Б.Бийн “...тухайн өдөр манай ах Б.Батбаяр хашаандаа байх байшиндаа нүүх Л.Эрдэнэбаяр бид хоёр туслахаар очиж 19:40 цагийн үед ах Б.Батбаярын гэрт очиход ахын гэрт Ц.М, Батгэрэл манай ах Б.Батбаяр, Батбаяр ахын эхнэр Номин, дүү Цацрал нар байсан ба бүгдээрээ эрүүл байсан. Тэгээд бид нар гэрийнх нь ойр зуурын зүйлсийг 22:00 цагийн үед хийж дуусгасан юм. Тэгсэн Б.Батбаяр ах хүмүүс ирж юм хийсэн, ойрд уулзаагүй гээд нэг шил архи уухаар болсон ба Б.Батбаяр, Ц.М нар дэлгүүр яваад 0.75 литрийн “Экспорт” нэртэй архи 2 шилийг авчирсан юм. Тухайн үед би Батгэрэл, Л.Эрдэнэбаяр, Б.Батбаяр, Ц.М бид 5 уг авчирсан архиа уусан ба Б.Батбаярын ахын эхнэр, хүүхдүүд тусдаа өөр байшинд байсан юм. Бид нар хоорондоо юм ярьцгаагаад ууцгааж байсан ба нэг харахад цаг нилээн орой болчихсон би согтож нилээн муудсан байсан ба гэнэт байшингийн гадаа гарцгаасан байсан ба намайг харахад Л.Эрдэнэбаяр, Ц.М хоёр хоорондоо муудалцаад барьцалдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод Л.Эрдэнэбаярыг өмөөрөөд Ц.Мтой муудалцаад Ц.Мын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд Ц.М бид хоёр газар унасан газарт өнхөрөөд зууралдсан байж байтал Б.Батбаяр ах бид хоёрыг салгаж би нэг мэдсэн байшинд орчихсон унтах гэж байхад цагдаагийнхан ирчихсэн намайг аваад явсан ...би Ц.Мтой маргалдаж муудалцаад нүүрэнд нь 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Боржигон овгийн Бямбадоржийн Батхуяг нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-600 тоотод Ц.Мтой үл ялих шалтгааны улмаас маргалдан зодсоны улмаас түүний биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, хүзүүний зүүн тал, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацрын доод хэсэг, дээд уруул, дух, баруун, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн зүүн талын 2 дугаар шүдний сулрал, бүсэлхийн баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 16 дугаар тал/, гэрч Л.Эрдэнэбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/, шүүгдэгч Б.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогчтой үл ялих шалтгааны улмаас маргалдан түүнийг зодсоны улмаас биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, хүзүүний зүүн тал, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацрын доод хэсэг, дээд уруул, дух, баруун, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн зүүн талын 2 дугаар шүдний сулрал, бүсэлхийн баруун доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хохирогч Ц.М нь 2022 оны 11 дүгээр сард Гэмтэл Согог судлалын төвийн яаралтай тусламжийн төвөөс 214.000 төгрөгийн үйлчилгээ авсан, уг 214.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх саналтай ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй болно.
Мөн хохирогч Ц.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөг /хх 19/-ийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Б.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ББийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Баас 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаартай дансанд оруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ