Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/254

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Х.Чинбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3430/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000059 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин худалдааны төв дээр хувиараа наймаа хийдэг гэх, ам бүл 3, дүү, авга дүү нарын хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух, /РД:***/ урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг биелүүлсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө дунд 3 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” караокегоор үйлчлүүлж байхдаа, тус караокегоор мөн үйлчлүүлж байсан иргэн ***гийн хамт явж байсан эмэгтэйг бүжигт урьсны улмаас ***тэй үг сөрж, үл ойлголцож хоорондоо маргалдаж, улмаар ноцолдох явцдаа түүний чихийг хазаж “зүүн чихний хазагдсан шарх, баруун сарвуу, бугуйны зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз болох ***гийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах *** караокед орсон. Тэгээд тэндээ нэг шил 0,7 граммтай Эдэн гэх архи уугаад сууж байтал миний найз эмэгтэй найзтайгаа ирсэн. Хамт ирсэн манай найз согтчихоор нь би гэр лүү нь хариулах гээд таксинд суулгаж өгчхөөд, би найз эмэгтэй болон найзтай нь гурвуулаа ярилцаад сууж байтал нэг үл таних залуу ирээд манай найз охиныг бүжиглэе гэхээр нь би “чи зүгээр яв аа” гэж хэлтэл яваад өгсөн. Тэгээд тухайн үл таних залуу өөрийнхөө ширээн дээр очоод намайг дуудаад байхаар нь би тухайн үл таних залуу дээр очсон. Тэгээд бид хоёр хоорондоо ам зөрсөн. Би тухайн залууг түлхсэн чинь хамт явсан найз нь намайг тэврээд авсан, тэгээд чихнээс хазаад миний чихний зүүн доод хэсгийг хазаад тасалсан. Тэгээд би 00-ийн өрөөнд ороод харсан чинь миний чихний доод хэсэг тасарсан байсан. Тухайн үед миний уур хүрээд толийг нь хага цохисон. Тэгээд байж байсан цагдаа ирсэн. Тэгэхээр нь би “миний чихний доод хэсэг тасарсан байна, би тухайн тасарсан хэсгээ олоод гэмтэл явмаар байна” гэж хэлсэн. Тэгсэн тухайн цагдаа “би эхлээд юу болоод байгааг ойлгоодохъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чихээ үзүүлтэл тухайн цагдаа гэмтэл ор гэж хэлсэн, гэмтэл дээр очоод үзүүлээд “миний чихийг оёод тогтоогоод өгөөч” гэхэд одоо ямар ч нэмэргүй үхэжсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

3. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз болох *** над руу 23 цаг 06 минутын үед залгаад Модны хоёрын энд *** нэртэй караокед сууж байна хүрээд ир гэхээр нь найз болох Ганцацралын хамт очсон. Бид хоёрыг очих үед *** найзтайгаа хамт нэг шил 0.75-тай архи авцан тухайн архиа ууж байсан. Бид хоёрыг очсоны дараа *** “манай найз муудсан байна би таксинд суулгаад явуулчихъя” гэж хэлээд найзаа явуулсан. Тэгээд бид нар сууцгаасан. Ганцацрал бид хоёр нэг нэг пиво аваад суусан удалгүй Оюу толгойгоос манай найз болох *** ирсэн. *** манайд надтай хамт хонох гэж байсан учир бид хэд дээр ирсэн байсан. Бид нарыг юм яриад сууж байтал нөгөө ширээнд сууж байсан нэг залуу ирээд намайг бүжигт урьсан, би тухайн залууд бүжиглэхгүй гэж хэлсэн, тэгсэн хажуугаас *** тухайн залууд “наад эмэгтэй чинь бүжиглэхгүй гэж байна явчих” гэсэн чинь тухайн залуу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгж байгаад *** тухайн залууг “чи ширээн дээрээ очоод суу” гэсэн чинь тухайн залуу ***г “би чамайг нүдэлцэн байгаа гадаа үүдэнд таарна шүү” гээд үгээр идээд явсан. Тэгэхээр нь *** тухайн залуу руу дайрах гэхээр нь би “хэрэггүй наад хүн чинь согтуу байна” гэж хэлээд хорьсон, тэгчхээд Оюу толгойгоос ирсэн найзтайгаа юм яриад байж байтал зөөгч охин ирээд “эгчээ тантай хамт сууж байсан ахын чихнээс цус гараад байна, чихийг нь түрүүн маргалдаж байсан залуу тасалсан” гэж хэлсэн. Намайг яваад очтол ***гийн зүүн талын чихнээс цус гарсан байдалтай амны цаасаар чихээ дарсан зогсож байсан. ***гийн чихийг тасалсан залуутай хамт явж байсан улаан өнгийн малгайтай залуу “найзаа чи явчих би уулзаад аргалчихъя” гэж хэлээд ***гийн чихийг тасалсан залууг явуулах гээд байсан. Би тухайн залууг явуулахгүй гээд хаалган дээр маргалдаад хэрэлдээд зогсож байх хооронд цагдаа ирсэн. ***гийн чихийг тасалсан залуу намхан махлаг бор царайтай залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

4. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би текин дээр зогсож байтал үл таних эмэгтэй гарч ирээд “танай энэ зааланд зодоон болоод байна” гэсэн. Тэгээд манай эрэгтэй зөөгч гүйгээд очсон чинь 2 үл таних залуу хоорондоо маргаад зогсож байсан, нэг үл таних залуу нь миний чихийг тас хазчихлаа гээд уурласан. Тэгэхээр нь “ахаа чих чинь яасан юм бэ” гэж хэлээд 00-ийн цаас өгөөд чихийг нь би харсан чинь ээмэг зүүдэг хэсэг нь тасарсан байсан. Тэгээд байж байтал үл таних цайвар ноолуур шиг өнгөтэй ноосон цамцтай намхан нуруутай ах гарч иртэл тухайн чихээ хазуулсан үл таних ах “чи миний чихийг хазаад нулимдаг хэн бэ, би чамайг одоо ална” гээд дайрахаар нь бид хэд тухайн хоёр залууг буюу ахыг салгаад цагдаа дуудаад хүлээлгэж өгсөн. Тухайн үл таних залуу чихээ тастуулсан хүний чихийг тас хазаж байхыг манай ажилтнууд бол хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 370 дугаартай: “...***гийн биед зүүн чихний хазагдсан шарх, баруун сарвуу, бугуйны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхний зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

6. Шинжээч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***гийн биед үзлэгээр тогтоогдсон шарх нь гар хурууны болон чихний хэсэгт хэд хэдэн тооны шарх байсан тул олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж бичсэн. Хөнгөн зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг бөгөөд дээрх шархнууд дангаараа болон нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний шархны хувьд тасарсныг сэргээж оёсон байсан тул хөдөлмөрийн чадвар алдалт алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Хэрэв зүүн чихний сэргээж оёсон омог бүрэн тасарсан гэж үзвэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.38-1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар тогтмол 5% алдагдуулна, цаашид эдгэрэлтээс үл хамаарах гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Хүний нэг чихний дэлбэнгийн 3/1-с дээш хэсэг тасарвал хөдөлмөрийн чадвар 15% алдагдуулсан гэж үзээд хүндэвтэр гэмтэлд хамаарна. ***гийн хувьд чихний дэлбэнгийн 3/1-с доош тасарсан байсан нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед манай найз болох Эрмүүний хамт гадаад улсад байж байгаад ирсэн гэх найзын гэрээс гарсан. Бид хоёр 23 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй нийтийн караоке орсон. Бид хоёр найзын гэрт байхдаа эрүүл байсан тул тухайн газар ороод нэг шил Аоруг гэх нэртэй 0,5 литрийн архи аваад уусан. Тухайн газраа сууж байх хугацаанд архи маань бараг дуусаж байсан бөгөөд 01 цагийн үед тэнд байсан хүмүүс нэгнийгээ дуулахаар босож бүжиглээд байхаар нь бид хоёрын сууж байсан газартай ойролцоо суудалд байсан хэсэг хүмүүсийн нэг болох эмэгтэй хүнийг бүжигт урьсан чинь тухайн ширээн дээр байсан нэг эрэгтэй надад хандаад “хөөе зайл” гээд хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь дуугүй байгаарай новш минь гэж хэлээд буцаад өөрийн анх сууж байсан ширээн дээрээ ирээд суусан. Би ширээн дээр суугаад 5-10 минут болж байхад манай найз гарч тамхи татах гээд гарсан байсан бөгөөд энэ үед би хажуугийн ширээн дээр чимээ гарахаар нь харсан чинь намайг ширээн дээрээс нь эмэгтэйг урих үед хөөгөөд байсан эрэгтэй над руу дайраад байгаа бололтой урагшаа тэмүүлээд байсан ч хажууд нь байсан хоёр эмэгтэй боль гээд байгаа бололтой гараас нь чангаагаад байгаа харагдсан ч нөгөө залуу гарыг нь тавиулаад над руу шууд чиглээд ирсэн. Би энэ үед нь ирээд хэрүүл маргаан хийх байх гэж бодоод сууж байтал нөгөө залуу намайг ямар нэг юм ярилгүй шууд гараараа нүүрэн тус газар цохиод авсан. Би болиулах гээд хоёр гараараа цээж хэсгээр нь тэврээд буйдан дээр дарах гэтэл надад хүчрэгдэхгүй байсан бөгөөд нөгөө хүний чих аманд шүргэхээр нь хазаж байгаад дараад авах гэтэл нөгөө эрэгтэй толгойгоо хойш огцом татаад авсан чинь миний аманд зүүн чих нь үзүүр хэсгээрээ тасраад үлдсэн. Энэ үед хажуугаар байсан хүмүүс бид нарыг салгаад хоёр тийш болгосон бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг аваад эрүүлжүүлэх орсон. Харин нөгөө эрэгтэйг эмнэлэг ороод өргөдлөө өг гэж хэлж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хялбаршуулсан журмаар хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү. Дахиад ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ***гийн “...бие эрүүл мэндэд учирсан хохирлыг маань арилгуулах, эмчилгээний төлбөрт 4.500.000 сая төгрөг өгч намайг хохиролгүй болгосон болно. Иймээс хохирогчийн зүгээс ***ад хохирол, гомдол саналгүй бөгөөд цаашид нэхэмжлэх төлбөргүй, яллагдагчтай эвлэрсэн, хохирлыг маань барагдуулж авсан тул түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй болно...” гэх бичгээр гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 59-83 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 88-91 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 10-14 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө 3 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” караокегоор үйлчлүүлж байхдаа, тус караокегоор үйлчлүүлж байсан хохирогч ***гийн хамт явж байсан эмэгтэйг бүжигт урьсны улмаас ***тэй маргалдаж, улмаар ноцолдох явцдаа түүний чихийг хазаж “зүүн чихний хазагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч ***, *** нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт, шинжээч ***гийн мэдүүлэг, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***гийн эрүүл мэндэд зүүн чихний хазагдсан шарх, баруун сарвуу, бугуйны зүсэгдсэн шарх гэмтэл учирсан, хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 370 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийн чихнээс хазсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг хазахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчийн дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулсан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 370 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 4.500.000 төгрөгийг хохирол, хор уршигт тооцон төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гарган өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ***гийн “...бие эрүүл мэндэд учирсан хохирлыг маань арилгуулах, эмчилгээний төлбөрт 4.500.000 сая төгрөг өгч намайг хохиролгүй болгосон болно. Иймээс хохирогчийн зүгээс ***ад хохирол, гомдол саналгүй бөгөөд цаашид нэхэмжлэх төлбөргүй, яллагдагчтай эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй болно...” гэх бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***ад сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “4.500.000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА