Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/266

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205012220361 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “***” их дэлгүүрт үйлчлэгч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй караоке дотор ***г үл ялих зүйлээр шалтаглан шатны уруу түлхэж унаган биед баруун гарны богтос ясны дээд булууны сэртэнгийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэртээ байж байтал манай найз *** над руу утсаар манай ажлын газрынхан мартын 8-н тэмдэглэж байна, чи гэртээ ганцаараа байж байхаар хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй караокед очсон. Тэр үед *** төвийн зохион байгуулагч ***, ***, ***, ***, *** болон түүний найз залуу, харуул *** болон эхнэр ***, *** нар байсан ба хамт сууцгаагаад дуулж байсан чинь *** Их дэлгүүрийн үйлчлэгч *** гэх эмэгтэй согтчихоод хүн хүн рүү агсраад маргалдах гээд байсан. Би тэр үед болиулаад байж байсан чинь гэнэт над руу агсраад чиний юм оёдог гэж юу байдаг юм, хулхи авгай гээд орилоод байсан ба бүгдээрээ таръя гээд тарах гээд би хувцсаа авч өмсөөд 3 дугаар давхраас шатаар уруудаад явж байсан чинь *** миний араас ирээд намайг түлхээд би шат руу өнхрөөд унасан ба тэр үед ***, ***э нар нар намайг газраас татаж босгосон. Тэнд байсан хүмүүс тэр үед түргэн дуудах уу гэхээр нь би яахын гэр лүү харъя гээд гэр лүүгээ харьсан. Тэгтэл хавдаж өвдөөд байхаар нь маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь тохой орчим хугарсан байна гээд шууд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед *** гэх эмэгтэй намайг шат руу түлхэж унагаж дээрх хүндэвтэр гэмтлийг надад учруулсан.

...Би Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Тухайн гэмтлийн эмчилгээнд би 600.000 төгрөг зарцуулсан баримтууд нь байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

...Намайг *** гэж дууддаг жинхэнэ нэрийг нь *** гэж дууддаг эмэгтэй шат руу уруу түлхэн унагаасан. Яг яагаад түлхсэн шалтгааныг нь би мэдэхгүй байна би өөрөө бодохдоо надад атаархсандаа түлхсэн байх гэж бодож байна. *** нь нэлээд согтуу байсан, сүүлд нь юу болсон талаар сайн санахгүй байх шиг байсан. *** намайг түлхэж унагаахыг харсан харчхаад өөрөө хүрч ирээд намайг түшээд босгосон. Бас би ***эг харсан гэж бодоод урьд өгсөн мэдүүлэгтээ ***эг харсан гэж мэдүүлсэн боловч ***э хараагүй юм байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 29, 32 дахь тал),

2. Гэрч Ц.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны орой би ажлын газрын хамт олонтойгоо /*** ХХК/ баяр тэмдэглээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** караокед орсон. Бид нар ууж идэж байгаад гарах болоод гарч байхад миний урд ***сүрэн *** хоёр хамт явж байгаад юу болсон юм мэдэхгүй *** ***сүрэнг араас нь түлхээд ***сүрэн шатны уруу унасан. Унахдаа шатанд баруун гараа цохиод гараа эвгүй болгочих шиг болсон. Сүүлд нь асуухад ***сүрэнгийн гар нь хугарчихсан гэж байсан. Тэгээд би ***сүрэнг унах үед нь явж очоод босгоход *** хажуугаар гараад явсан. Тэгэхэд нь би *** эгчийн араас хүүе ээ хүн уначхаад байна шүү дээ гээд хэлэхэд *** юу ч болоогүй юм шиг цаашаагаа яваад өгсөн. Тэгээд би ***сүрэнг босгож өгчхөөд өөрөө гараад явсан. ***э *** хоёр эхнэр, нөхөр хоёр юм. Тухайн үед ***эг хаана байсныг би сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4381 дугаартай: “...***-н биед баруун гарын богтос ясны дээд булууны сэртэнгийн сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44, 45-50 дахь тал),

 

5. Шүүгдэгч *** Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 83 дахь тал),

6. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нөхөр ***эгийн ажлын газрын хамт олонтой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** караокед орсон, уг караокед ороод бид нар ууж идээд сууж байхад ***сүрэн гэх эмэгтэй сүүлд нь ирсэн. Тэгээд тарахын алдад би ***сүрэнтэй ямар асуудлаас болоод юм мэдэхгүй маргалдаад байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон юм мэдэхгүй би санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 70 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй караоке дотор ***г үл ялих зүйлээр шалтаглан шатны уруу түлхэж унаган биед баруун гарны богтос ясны дээд булууны сэртэнгийн сэлтэрсэн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***, гэрч Ц.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4381 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Иймээс шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ***ын гэм буруутай идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч ***д хохирол хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул шүүгдэгчийн хохирогчийг шат руу түлхсэн идэвхтэй үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр хохирол учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 83 дахь тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 84-85 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4381 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. 

Хохирогч *** дээрх эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон байх ба эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***оос 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА