Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/265

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***т холбогдох эрүүгийн 2305003380398 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан инженер мэргэжилтэй, “***” ХХК-нд хөргөлтийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо *** тоотод оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 40-р зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд хохирогч ***г олон юм ярилаа гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Саппоро” автобусны буудлын харалдаа байрлах “***” бааранд манай хоёр найз дуудсан. Тухайн газар очиход манай *** үл таних нэг залуугийн хамт гарч ирж намайг тосож авсан. Тэгээд дотогшоо ороход манай найз ***, *** нар үл таних хоёр эрэгтэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байсан. Тэд нартай хамт нэг шил виски хувааж ууж байгаад 30 орчим минутын дараа хоёр эмэгтэй найзын хамтаар ариун цэврийн өрөө орж хэсэг юм ярьж байгаад буцаад ширээн дээр суутал манай найз нартай хамт байсан үл таних хоёр эрэгтэй нэг болох 30 орчим настай, 170-175см орчим өндөр эрэгтэй нь надад хандаж чи уур амьсгал эвдээд байна гэж хэлээд над руу уурласан. Би тэгвэл гэртээ харилаа гэж хэлэхэд манай хоёр эмэгтэй найз тухайн эрэгтэйг тайвшруулсан. Бид нар үргэлжлүүлээд архи ууж байгаад тухайн газрын дээд давхарт байрлах “Зочид” буудал руу тухайн үл таних хоёр эрэгтэй болон манай хоёр найз нар орохоор дээш алхсан. Тэгэхээр нь би хоёр найзыгаа тухайн үл таних хоёр эрэгтэй хүнтэй зочид буудалд оруулахгүй гэж үл таних хоёр эрэгтэйд хандаж хэлэхэд ахимаг насны эрэгтэй нь надад хандаж чи хэн юм пизда минь гэж хэлээд надтай маргалдаад миний хоолойг заамдаад зүүн гараараа нүүрний баруун хацар хэсэгт 3-4 удаа хүчтэй цохиход хэсэг хугацаанд ухаан балартаад нэг сэргэсэн чинь ариун цэврийн өрөөнд найз ***тэй хамар амнаас гарсан цусаа угаагаад зогсож байсан. Тэгээд би найздаа хандаж цагдаа дууд гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан.

...Би ***аас хохирлоо нэхэмжлээд өөрийн Хаан банкны дансаар 2023 оны 1 дүгээр сард 7.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13, 15-16 дахь тал),

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байсан. Энэ өдөр ажлын шугамаар *** гээд хүнтэй Сонгинохайрхан дүүрэг Саппоро үйлчилгээний төвийн орчимд уулзсан. Бид хоёрыг хамт байх үед *** /эмэгтэй, бүтэн нэрийг мэдэхгүй/, *** /эмэгтэй, бүтэн нэрийг мэдэхгүй байна/ гээд ***ын таньдаг хоёр эмэгтэй ирсэн. Тухайн үед ***ын төрсөн өдөр нь байсан тул ***, ***, *** бид дөрөв хамтдаа зам хөндлөн гарч Баянгол дүүрэг 20 дугаар хороо /Саппоро үйлчилгээний төвийн замын урд талын хэсэгт байрлах/ үйлчилгээний газар пабд орж суусан. Ингээд бид нар ***ын төрсөн өдрийг тэмдэглэж хоол захиалан идэж виски, архи захиалсан хэсэг хугацааны дараа *** гэх эмэгтэй нь надад хандаж хоёулаа хамт гарч хүн тосъё гэсэн. Би ***тай хамт гарч танихгүй эмэгтэй хүнийг тоссон. Тухайн үед *** гэж танилцуулж байсан. ***, ***, ***, *** бид нар пабд хоол идээд захиалсан архи, виски ууж байхад *** нь амьдрал хэцүү байна гэр бүлийн хүн хүнд өвчтэй хорт хавдар туссан гээд агсраад байсан. Бид нар ***д хандаж хүний төрсөн өдөр тэмдэглэж байхад ийм зүйл яриад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд бид нар паб үйлчилгээний төвийн дээд давхарт байх зочид буудлын өрөө авсан. Тухайн үед 1 ортой 2 өрөө авсан. *** *** ах хоёр нэг ортой өрөөнд хамт орсон, би ***, *** хоёртой хамт нэг өрөөнд орж юм ярьж суусан. Удаагүй би зочид буудлын өрөөнд унтсан. Намайг унтаж байхад *** намайг сэрээгээд гэртээ харьяа гэхээр нь би буудлын өрөөнөөс гарч гэртээ харьсан. Маргаан болж байх үед би зочид буудлын өрөөндөө унтаж байсан. Сүүлд над руу Баянгол дүүргийн цагдаагаас *** зодуулсан асуудал шалгаж байна гэрчийн мэдүүлэг өгөөрэй гэж байсан. Тэгээд би *** ахаас асуухад *** ах надад хэлэхдээ *** надаас мөнгө нэхээд байгаа, *** бид хоёр маргалдсан гэж хэлж байсан. Би зочид буудалд ороод мөн л согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ер нь бүгд л согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Гэрч Х.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** гэдэг найзтайгаа 5 жилийн өмнөөс “ээжийн боорцог” нэртэй газарт хамт ажиллаж байгаад танилцсан. Тэрнээс хойш найзалж нөхөрлөж байгаа. ***ыг 2 жилийн өмнөөс нэг найзаараа дамжуулан танилцаж байсан. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр найз Тэгшбаяртай уулзаад байж байтал *** над руу утсаар яриад Баянгол дүүргийн 10 дугаар хороололд уулзаж ярилцъя гэж хэлсэн. Тэгшбаяр бид хоёр 10 дугаар хороололд очиход Юуна нэртэй Солонгос хоолны газарт *** нь нэг эрэгтэй найзынхаа хамт сууж байсан. Би 20 цагийн үед очсон бөгөөд бид 4 уулзаж хоол идээд хажууханд байдаг пабд ороод юм ярьж суугаад виски уусан. Шөнийн 22 цаг 30 орчим минутын үед *** над руу утсаар яриад намайг ирээд авчих, би уусан байна гэж хэлсэн. Би очих боломжгүй байна, чи хүрээд ирэх үү гэхэд тэгье гэж хэлсэн. Би ***аас зөвшөөрөл авч ***г дуудаж ирүүлсэн. *** нэлээн согтуу ирсэн бөгөөд бид нарын ууж байсан вискинээс 2 удаа уусан байх. *** сургууль болон ар гэрийн хүмүүсийнхээ талаар яриад байсан бөгөөд *** ярьж байгаа зүйлд нь дургүй байгаа бололтой хоорондоо хэл амаар маргалдаад байсан. Шөнийн 00 цагийн үед тухайн пабын дээд талд байсан буудал руу орсон. *** 2 өрөө авчихсан байсан бөгөөд би ***, ***ын нэг найзтай хамт нэг өрөөнд орсон. ***, *** нар нэг өрөөнд орсон. Би өрөөндөө хамт байсан залуутайгаа хамт ***г ганцааранг нь өрөөнд үлдээгээд нөгөө өрөөнд байж байгаад буцаад өөрийнхөө өрөөнд орж ирсэн. Миний араас ***, *** нар орж ирсэн. ***г сэрээх гэтэл сэрэхгүй байсан бөгөөд *** согтуурхаад ***г сэрээх гээд хүчтэй хэд хэдэн удаа алгадаад авсан. *** унтаж байгаад сэрээд би явахгүй, унтана гээд *** нь ***г чи одоо яв гээд хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэр хоёр нэг нэгийгээ түлхэж байгаад *** ***г буудлын ор, шүүгээн дээгүүр түлхээд унагаасан. *** толгой хэсгээрээ буудлын жижиг шүүгээний буланг мөргөчихсөн. ***г ***т түлхүүлээд шүүгээний булан мөргөж байхыг би харсан бөгөөд нөгөө өрөөнд орж өөрийнхөө цүнхийг аваад ороод иртэл *** намайг *** 2-3 удаа гараараа цохиж авсан гээд хоорондоо барьцалдаж аваад зогсож байсан. Буудлын коридорт гарч ирээд ***г аваад явах гэтэл тэр хоёр дахин маргалдаад *** нь ***ын толгой руу хэд хэдэн удаа цохиж авсан. *** нь зөрүүлээд ***г хүчтэй хэд хэдэн удаа нүүр, толгой хэсэг рүү цохиж авсан. *** бид хоёр арай гэж салгаад ***ыг өрөө рүү нь оруулаад ***гийн уруулаас гарч байсан цусыг өөр өрөөнд оруулж угаагаад буудлаас авч гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

4. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***г ***гийн найз гэдгээр нь танина. Зүс мэддэг болоод нэг жил орчим болж байгаа, *** гэдэг хүнтэй хэрэг болсон тэр өдөр анх танилцсан. Төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Миний найз *** бид хоёр гадуур явж байхад *** гэдэг хүн *** рүү утсаар яриад хоол идье гэж хэлсэн. *** бид хоёр хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг байдаг нэрийн мэдэхгүй Солонгос хоолны газарт очиход *** гэх ах хамт ажилладаг нэг найзтайгаа хоёулаа сууж байсан. Бид дөрөв хоол идчихээд гарч ойролцоо байсан нэг пабд ороод юм яриад сууж байтал *** нь *** рүү утсаар яриад архи уучихсан согтуу байдалтай, намайг ирээд ав гээд байнга залгаад байсан. *** нь ***г чи хүрээд ир гэж хэлээд байгаа газраа зааж өгсөн. *** нэлээн их согтсон байдалтай ирсэн бөгөөд *** рүү уурлаад тухай газарт чимээ, шугайн тариад байсан. Паб дотор бид дөрөв сууж байгаад 2 шил виски уусан бөгөөд *** бид хоёр вискинээс их хэмжээтэй таарлуулаад ууж байсан, *** нь найзтайгаа ихэвчлэн уусан. Виски уугаад нээх их согтоогүй бүгд эрүүл ухаантай байсан бөгөөд ***, *** хоёр буудалд орохоор тохирсон байсан. Тэгээд пабын дээд талд нэг ортой 2 өрөө авчихсан байсан. *** уусан архиндаа тасарчихсан болохоор нэг өрөөнд нь оруулж унтуулаад бид 4 нэг өрөөнд нь орж юм ярьж суусан. Тэр үед ***, *** нар хоорондоо маргалдаад байсан болохоор буудлаас явах болоод ***гийн өрөөнд явж ороод сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Араас нь *** орж ирээд унтаж байсан ***гийн нүүр, хацар руу цохиж алгадаад байсан. Би гайхаад ***ыг болиоч гэж хэлчхээд нөгөө өрөө рүү орж цүнхээ авчхаад гараад иртэл *** сэрчихсэн, ***тай хэрэлдээд чи яагаад намайг цохиж байгаа юм гээд маргалдаж байсан. *** нь ***г гараараа түлхээд модон шүүгээний булан мөргүүлчихсэн, ***гийн толгой овойчихсон байсан. *** нь ***тай маргалдаж байгаад эхлээд 2-3 удаа нүүр хэсэгт нь алгадаж авсан, *** нь эсэргүүцээд тэр хоёр маргалдаад барьцалдаж аваад өрөөн дотор маргаан болсон. ***ыг салгаж нөгөө өрөөнд оруулаад байж байхад ***, *** хоёр хоорондоо ярилцаад цагдаа дууд гээд байсан. *** цагдаа дуудаж байгааг мэдчихээд чи яагаад цагдаа дууддаг юм бэ гээд дахин ***тай маргалдаж 2-3 удаа толгой хэсэгт нь гараа атгаж байгаад цохиж авсан. *** бид хоёр арай гэж салгаад ***г өөр өрөөнд оруулж цусыг угаагаад буудлаас гаргаж явуулсан. *** бид хоёр ***, *** нарыг хоорондоо маргалдаад нэг нэгийгээ цохиж зууралдаж байхад салгаж хориглож дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаартай: “...***гийн биед хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн бөөрөнд цус хуралт, дух, хамар, 2 шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

6. Хохирогч ***д шүүгдэгч ***аас хохиролд 7.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 17 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зүгээс ***д хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн хохирол төлбөр болох 7 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 52-53 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмлөх эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны дээд давхарт байрлах буудалд хохирогч ***г олон юм ярилаа гэх шалтгаанаар алгадах, түлхэж унагаах, нүүр лүү нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн бөөрөнд цус хуралт, дух, хамар, 2 шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***, гэрч ***, Х.***, *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***гийн эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, доод уруулын салстад язарсан шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, эрүү, зүүн бөөрөнд цус хуралт, дух, хамар, 2 шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 9848 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийг зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг алгахад, түлхэж унагаах, нүүр лүү нь цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 59 дэх тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 62 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 742 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэргийн 18 дахь талд Лазер мед эмнэлэгт компьютер томографын шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан боловч шүүгдэгч нь хохирогчид 7.000.000 төгрөгийг өгсөн байх бөгөөд хохирогч нь “өөрийн Хаан банкны дансаар 2023 оны 1 дүгээр сард 7.000.000 төгрөг шилжүүлэн авсан. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 7.000.000 төгрөг хохирол хор уршигт тооцон нөхөн төлсөн, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА