Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2019/0228

 

                                     

 

 

 

2019 оны 08 сарын 27 өдөр         Дугаар *******/ШШ2019/02283            Улаанбаатар хот

                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, “У” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, М.У-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36.916.647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэрьяа нар оролцов.

                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У нь “У” ХХК-иас 2018.05.07-нд 30.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 0 тоот зээлийн гэрээгээр авсан. Мөн 0 тоот барьцааны гэрээ байгуулан БЗД 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байр 0 тоот хаягт байршилтай 44.1 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тэрээр 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд үндсэн зээл хүүгийн хамт 11,039,637 төгрөг төлсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна.

Иймд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 238 хоногийн хүү 8,484,127 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,696,825 төгрөг, үндсэн зээл 26,735,695 төгрөг, нийт 36,916,647 төгрөгийг М.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус ББСБ-аас 2018 оны 05 дугаар сарынн 07-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулултаар авч барилгын салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зээл авсан асуудал дээр маргахгүй, гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, одоогоор барилгын салбар уналтанд ороод бэлэн мөнгөний боломжгүй байгаа тул зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                               

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч М.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36.916.647 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч М.У нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

М.У 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 0 дугаартай зээлийн гэрээг “” ХХК-тай байгуулж, 30.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч гэрээг бичгээр байгуулжээ. /хх-ийн 16-17 дугаар тал/

 

Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот хаягт байрлах 44.1 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээнд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 18-19 дүгээр тал/

 

Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 153 дугаар зүйлийн 153.1. дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч нь “У” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М.У-аас зээлийн гэрээний үүрэгт 36.916.647 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Зохигч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны ******* тоот хаягт байршилтай 44.1 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан 0 дугаартай барьцааны гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, барьцааны эрх хуульд зааснаар үүссэн тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгсөн, тэрээр 2019.07.26-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан зарлахад хариуцагчийн өмгөөлөгч Б.Б хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, түүнд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагт товлосон шүүх хуралдааны зарыг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдэгджээ.

 

Шүүх хуралдаанд хариуцагч болон өмгөөлөгч нар нь ирээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                         

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч М.У-аас зээлийн гэрээний үүрэгт 36,916,647 төгрөг гаргуулж, “У” ХХК-нд олгосугай.

 

2. Хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг баримтлан М.У*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот хаягт байрлах 44.1 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 412,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.СОЛОНГО