Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/06

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч З,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цийн Нд холбогдох эрүүгийн 2238000000694 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний захын хажуугийн зам дээр *** улсын дугаартай Тоёота Ланд-Крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирогч З.Эын Даюун маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000694 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гэсэн заалтуудыг тус тус

Шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнсний захын хажуугийн зам дээр *** улсын дугаартай Тоёота Ланд-Крузер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 10 дугаар  зүйлийн 10.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3дах хэсэг, 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийн а, г дэх заалт, мөн зүйлийн 3.7 дахь хэсгийн  а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Даюун загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Эыг мөргөж түүний эрүүл мэндэд нь зүүн эгэм, дал, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Цгийн өгсөн:2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянцагаан барилгын материалын дэлгүүрээс яаралтай юм аваад хөдлөх гээд харахад дээрээс нэг саарал машин ирж байсан. Доороос бас нэг саарал машин ирж байсан. Мотоцикль харагдаагүй учир би хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгээд би буугаад босгосон чинь энэ “хүн чи хурдан яв ах нь яагаа ч үгүй” гэж хэлж байсан. Тухайн үед маш их согтуу байсан. Өөрийнхөө согтууг дарагдуулах гэж намайг яв гэж хэлсэн юм билээ. Би цагдаа эмнэлэг дуудах ёстой байсан юм билээ. Би маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Эын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зах орж 2 кг мах аваад Баянцагаан барилгын материалын дэлгүүрийн тэнд явж байтал машин мөргөөд ухаан балартсан. Тэгээд энэ эмэгтэй намайг босгосон. Өрөөсөн талын гар эвгүй болохоор нь ухаан балартсан. Тэгээд би ах нь гайгүй болох байх гэж хэлсэн. Би бахардаад байх шиг байсан хүнээр мотоциклоо бариулаад гэртээ харьсан. Би 2 сар гаруй хугацаанд ажилгүй байлаа. Ажил хийхгүй болохоор орлогогүй байсан. Нөхөр ахтайгаа манай гэрт ирсэн. Тэгээд би “би сарын 1.500.000 төгрөгийн орлоготой байдаг гэхэд надад өвлийн идэш, 2.000.000 төгрөг өгье” гэж ярьж тохироод явсан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа чимээгүй болсон. Би энэ хүнийг загнаагүй. Би 4.500.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч З.Эын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гарч урд хүнсний зах орж 2 кг адууны мах худалдаж аваад гэртээ харих гээд захын хажуу талын замаар дээшээ өгсөж явахад нэг машиныг дагаад түгжрээд явж байхад хажуу талаас нэг хар өнгийн машин гарч ирээд мөргөж мотоциклиос унагаасан. Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтой явж байсан. Тухайн үед хальт ухаан алдсан байсан. Тэгээд хүмүүс ирж босгоод байх шиг байсан. Тэгэхэд зүүн талын гар даагдахгүй болсон байсан. Тэгэхэд намайг мөргөсөн жолооч байхгүй яваад өгсөн байсан. Тэнд байсан зүсийг танихгүй нэг залуу миний мотоциклийг бариад гэрт хүргэж өгсөн. Тэгээд орой нь эмнэлэгт очиж биеэ үзүүлж зургаа авахуулсан...Тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан. Намайг болон нөгөө машины жолоочийг явсан хойгуур цагдаа нар ирсэн гэсэн дараа нь хүмүүсээс сонсоход тэгж ярьж байсан...Би ганцаараа мотоциклийнхоо 1 дүгээр араагаар удаан явж байсан. Үгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Яг тухайн үед ухарч ирээд мөргөх шиг л болсон. Тийм болохоор өргөдөл дээрээ тэгж бичсэн юм...Миний зүүн талын эгэм хугарсан, зүүн далны яс цуурсан, хуучин бэртэл аваад эдгэж байсан хувирга цуурсан байсан. Ийм гэмтлүүд авсан байсан. Өөрөөр гэмтэл аваагүй...Миний өөрийн мотоцикль манай нэг хадам дүү надад өгч байсан. *** улсын дугаартай, би мотоцикль жолоодох үнэмлэхгүй. Харин машин жолоодох үнэмлэх бол байгаа...Би сая шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Хүндэвтэр зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед газар унаад ухаан санаа балартсан байсан. Юу гэж хэлснээ мэдэхгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад тухайн осол болох үед зах дээр таньдаг найзтайгаа таараад зах дотор түүнтэй 0,33 литртэй хараа нэртэй архи хувааж уугаад гэр рүүгээ явж байхдаа зам тээврийн осолд орсон юм. Энэ мэдүүлгээ яагаад өмнө өгөөгүй гэхээр тухайн үед айж сандраад архи уусан талаараа хэлж мэдүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 19 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.***ын өгсөн: “...З.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч нийт 2.534.300 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байна. Үүнд мэс засал, амбулаторийн үзлэг, гэмтлийн яаралтай тусламж зэрэг үйлчилгээг авсан байна...Нийт эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 2.534.300 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 564 дугаартай:  З.Эын биед зүүн эгэм, дал, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба хэрэг гарсан гэх 2022 оны 10 дугаар сарын 22-нд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба зүүн эгэм, дал, зүүн 1, 2, 3-р хавирганы хугарал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, мөрний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 28 тал /,

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн: “...Ланд крузер 120 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх Ц.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. “10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.” энэ дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.5 а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна, мөн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Даюун маркийн 53-48 ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Э нь “12.3..Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов...” гэх магадлагаа / хх-ийн 37-39 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын ХӨА:1001228 дугаартай: “...Нэткапитал финанс корпораци ББСБ -ны эзэмшлийн *** улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монгол улсад орж ирсэн Prado 120 маркийн автомашины өнгө үзэмж. техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 67.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 42 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.Нгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... Тэр мотоцикльтой хүн буюу З.Э нь би зүгээрээ чи яв гээд байхаар нь мотоциклийг нь босгож тавьчихаад яваад өгсөн юм. Тэр хүн яв гэж хэлээгүй байсан бол би тэндээс тэр хүнийг аваад эмнэлэг явна гэж бодож байсан. Тэгтэл намайг чи хурдан яв яв гээд байхаар нь би явсан... Одоогоор бид хоёр хоорондоо эвлэрсэн зүйл байхгүй. Гэхдээ бид хоёр харилцан тохиролцож эвлэрэхээр ярилцсан байгаа. Цаашид эвлэрнэ гэж бодож байгаа. Миний машины урд талын нэмэлт гупер салсан байсанг би авч машиндаа хийгээд 9 хорооны засварын газарт очиж 120,000 мянган төгрөгөөр засаж янзлуулсан. Мөн урд талын жижиг толины доод суурь мултарч унасан байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...Би маш гэмшиж байгаа. Тэрнээс хойш машин тэргээ барихаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/ зэрэг бичгийн нотлох баримт зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Эын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.***ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 564 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн магадлагаа, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын ХӨА:1001228 дугаартай автомашин, техникийн үнэлгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ц.Н нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнсний захын хажуугийн зам дээр *** улсын дугаартай Тоёота Ланд-Крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр  зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 10 дугаар  зүйлийн 10.1 дэх хэсэгт  заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12 дугаар  зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар  зүйлийн 3.5 дахь хэсгийн а-д заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, мөн хэсгийн г-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэх заалт,  мөн зүйлийн 3.7 дахь хэсэгт заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Даюун загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Эыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь зүүн эгэм, дал, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч З.Эын нь авто ослын улмаас зүүн эгэм, дал, зүүн 1, 2, 3 дугаар хавирганы хугарал, зүүн мөрний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл авсан өөрөөр хэлбэл шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Цгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Н жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүгдэгч Ц.Нгийн дээрх хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Нгийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэмт хэрэгт тооцохоор заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас З.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Знь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөгөөр  нэмэгдүүлж  нийт олох ёстой байсан орлого 4.500.000 төгрөгийг нэхэмжилжээ.  

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч  хохирогч З.Эын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  гаргаж өгсөн  “Ривэр фурнитур” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Түмэнбаяр, Б.Энхтайван, З.Энхтуяа, Ж.Эрдэнэчимэг нарын гаргасан нэхэмжлэл болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар үнэлэх  боломжгүй байна. 

Өөрөөр хэлбэл “Ривэр фурнитур” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолтоор нэг сарын орлогыг тодорхойлох боломжгүй,  сарын цалингийн  орлогыг  давхар нотлох баримт буюу  банкны  дансны хуулга болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хавсаргагдаагүй, мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Түмэнбаяр, Б.Энхтайван, З.Энхтуяа, Ж.Эрдэнэчимэг нарын гаргасан нэхэмжлэл болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн засаг даргын тодорхойлолт, гэрэл зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр өдөрт олдог орлогыг тодорхойлох боломжгүй, уг өдрийн орлогыг давхар нотлох баримт буюу  банкны  дансны хуулга болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хувь хүний орлогын албан татварын тайлан зэрэг баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн дээрх хэрэгт хавсаргаж ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд хохирогч З цаашид гарах эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.Мягмарсүрэнг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Н Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.534.300 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Нг  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Бусад зардлыг хохирогчид төлөх зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн хариуцлагын тухайд гэм хорын хор уршгийг төлөх юм бол хорих ял оногдуулахгүй байх боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Нгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 55-59 дугаар талд авагдсан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Урт булаг багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Ц.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Нгийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Нг өөрийн оршин суух Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглох хязгаарлалтыг 2 жилийн хугацаагаар  тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Цийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Цийн Нг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.Нг Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.Нд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч З.Э нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн 2238000000694 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ДӨЛГӨӨН