Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0210

 

 

А.У-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө, **/*-А блок тоот хаягт байршилтай С тауэр хорооллын 12 давхарт байрлалтай 91.1 м.кв талбайтай 10** тоот оффисын талбай болон тус барилгын 12 дугаар давхрын 107.6 м.кв талбайтай 100* тоот оффисын зориулалттай байрыг А.У-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг А.У-ын нэр дээр бүртгэж, дээрх тоот оффисын зориулалттай байрны гэрчилгээ олгохыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1025 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.У, өмгөөлөгч Д.О

Хариуцагч Б.Ц, өмгөөлөгч Ш.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0485/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.У-аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө, **/*-А блок тоот хаягт байршилтай С тауэр хорооллын 12 давхарт байрлалтай 91.1 м.кв талбайтай 10** тоот оффисын талбай болон тус барилгын 12 дугаар давхрын 107.6 м.кв талбайтай 100* тоот оффисын зориулалттай байрыг А.У-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг А.У-ын нэр дээр бүртгэж, дээрх тоот оффисын зориулалттай байрны гэрчилгээ олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1025 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 14 дүгээр зүйлийн 14.1.7, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасныг тус тус баримтлан А.У-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, **/* байрны А блок хаягт байрлах С тауэр хорооллын 12 давхарт байрлах 91.1 м.кв талбайтай 10** тоот оффисын талбай болон тус барилгын 12 давхрын 107.6 м.кв талбайтай 100* тоот оффисын зориулалттай байрыг А.У-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэж, эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дугаар зүйлийг үндэслэн мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй байх тул гэжээ ...” гэжээ.

Иргэн А.У-ын Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө **/* дүгээр байрны 100*, 10** тоот үйлчилгээний талбайн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлт мэдүүлгийг улсын бүртгэгч Н.Нарангэрэл хүлээн авахдаа уг **/*, **/* дүгээр байруудад өмнө гэрчилгээ гарсан асуудлыг хяналтын улсын ахлах байцаагч нар шалгаж байгаа, сонсох ажиллагаа дуусан, бүртгэх талаар шийдвэр гармагц бүртгэл хийгдэнэ хэмээн мэдэгдэж хүлээн аваад, улсын бүртгэгч Б.Ц-д хуваарилсан байдаг.

Хүлээн авсан материалыг шалган үзэхэд уг **/*, **/* дүгээр байрууд байрлаж буй газрын нэгж талбарт хамаарах газарт өмнө нь арьс ширний ** дугаар байр байрлаж байсан ба дахин төлөвлөлтөд орж нураагдсан, нэр бүхий 7 үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг хууль хяналтын байгууллагаас шалгагдаж байгаа тул тусгай тэмдэглэл хийгдсэн зэрэг шалтгаанаар хувийн хэрэг хаагдаагүй байсан.

2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын байцаагчийн дүгнэлт гарч уг байруудад жагсаалтаар нэмж бүртгэл хийхийг хориглосон.

Иймд миний бие Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.7-д заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Мэдүүлгийг хүлээн авсан, бүртгэл хийхээс татгалзсан үйлдэл юм. Иймд шүүгчийн шийдвэрт дурдсан мэдүүлэг хүлээн авахаас татгалзсан гэдэгтэй санал нийлэхгүй байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх гэх үндэслэлийн тухайд хязгаарласан үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдэд хамааралгүй гэж үзэхээр байна” гэжээ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ ...” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д “...өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана...” гэж, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн журмын 20 дугаар зүйлийн 20.1.3-д “... эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана...” гэж заасан тул уг нураагдсан арьс ширний ** дугаар байрны өмнөх өмчлөгчдийн хувийн хэрэг хаагдаагүй байхад түүний суурин дээр нураан шинээр барьсан орон сууцанд шинээр гэрчилгээ гаргах боломжгүй байгаа юм.

3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагчийн татгалзалд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаар эрхийн улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн дүгнэлт дурдагддаг хэдий ч өөр шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тухайлан маргаагүй захиргааны актад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын ахлах байцаагч Ж.Ч, Г.Э нар нь 2024 оны 02 дугар сараас Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо хуучнаар арьс ширний ** дугаар байр, шинээр **/*, **/* дүгээр байрны гэрчилгээ авсан асуудлыг шалган, сонсох ажиллагаа явуулж, хууль зөрчсөн байна гэж үзэн 23, 24 дүгээр албан шаардлагын биелэлтийг хангагдах хүртэл хугацаагаар **/*, **/* дүгээр байрны жагсаалтаар бүртгэхийг хориглон тусгай тэмдэглэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн 10 бүртгэлийг түдгэлзүүлж, бүртгэл хийсэн улсын бүртгэгч Б.Э, С.Г нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.20-т “...улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно...” гэсэн байдаг.

3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тухайн эд хөрөнгө устсан гэх үндэслэлд хамааралгүй, дээрх иргэд бүртгэлийн хувийн хэрэг хаагаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй...” гэж, мөн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 889 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт эрх бүхий этгээд гаргасан байхад шүүх уг захиргааны актыг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэр гаргасан нь шүүх Монгол Улсад хүчин төгөлдөр хууль хэрэглэнэ, шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах үндсэн зарчмыг зөрчсөн байна.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 889 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо гуравдагч этгээдээс ирүүлсэн 2 янзын жагсаалтыг тодруулаагүй гэж хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх уг жагсаалтыг тодруулан 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хянан шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх байжээ.

3.5. Шүүхээс хэрэг цугларсан н.Б болон А.У нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн О**.21/АҮ-***а, мөн өдрийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн О**.21/АҮ-*** дугаар Үйлчилгээний талбай захиалгын гэрээг нотариат батлахдаа огноогүй баталсан байхад нотлох баримтаар үнэлсэн, мөн н.Б нь уг үйлчилгээний талбай худалдан борлуулах эрхтэй этгээд болох нь тогтоогдоогүй, н.Б нь уг үйлчилгээний талбай худалдан борлуулах эрхтэй этгээд болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн, мөн түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Улсын бүртгэгч Б.Ц миний бие 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт хуулийн хүчинтэй байсаар байхад бүртгэл хийх ямар ч боломжгүй юм. Шүүх, прокурор хууль хяналтын байгууллагаас эрх түдгэлзүүлсэн, хувийн хэрэг нь хууль журмын дагуу хаагдаж дуусаагүй барилгад гэрчилгээ гаргахаас татгалзсан хууль ёсны татгалзлыг хууль бус хэмээн үзсэн, мөн хяналтын улсын байцаагчийн 1497 дугаартай дүгнэлтийг шүүхээр хэлэлцэж дуусаагүй байхад миний бүртгэлээс татгалзсан шийдвэрийг хууль бус юм гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй болжээ.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1025 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч А.У-аас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө, **/*-А блок тоот хаягт байршилтай С тауэр хорооллын 12 давхарт байрлалтай 91.1 м.кв талбайтай 10** тоот оффисын талбай болон тус барилгын 12 дугаар давхрын 107.6 м.кв талбайтай 100* тоот оффисын зориулалттай байрыг А.У-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Ц-ийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгүүдийг А.У-ын нэр дээр бүртгэж, дээрх оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ “... 2021 онд Хан-Уул дүүргийн С тауэрийн 12 дугаар давхрын 91 болон 107 метр квадраттай 2 үйлчилгээний зориулалттай талбайг захиалсан, захиалгын гэрээний дагуу төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан, 2023 оны 4 дүгээр сард улсын комисс хүлээж авсан. Энэ хүрээнд тус орон сууц болон үйлчилгээний зориулалттай талбайн захиалагчид улсын бүртгэлийнхээ гэрчилгээг гаргуулж эхэлсэн. А.У нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр эцэслэн бүх баримт бичгээ бүрдүүлж өгсөн, 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу бүтэн сарын дараа утсаар бүртгэхээс татгалзсан хариу өгсөн...” талаар дурджээ.

2.2. Харин хариуцагч улсын бүртгэгчийн хувьд бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө **/*, **/* байрны “О” ХХК-ийн захиалгатай, С тауэр хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлж, шалгалтаар тогтоогдсон нураагдсан 7 эрхийн улсын бүртгэл хаагдаагүй асуудлыг хуульд нийцүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар нийслэлийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24 дүгээр, “О” ХХК-д 23 дугаартай албан шаардлага тус тус хүргүүлсэн, ... өмнөх байрны өмчлөгчдийн өмчлөх эрх хаагдаагүй, мөн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр эрхийг түдгэлзүүлчихсэн байгаа учраас бүртгэл хийх боломжгүй байсан” гэж тайлбарлан маргасан байна.

2.3. Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтаар “Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611****, Ү-220611**** дугаар бүртгэлүүдийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23, 24 дүгээр албан шаардлагын биелэлт хэрэгжих хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 2 дахь заалтаар “Энэхүү дүгнэлтийн 1 дэх заалттай холбогдуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Үйлдвэр /17042/, Чингисийн өргөн чөлөө **/*, **/* байрны “О” ХХК-ийн захиалгатай С тауэр хотхоны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар бүртгэгдэх эрхийг түдгэлзүүлэх” гэж,

Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар албан шаардлагын 1-д “Төсөл хэрэгжүүлэгч “О” ХХК нь холбогдох хууль журамд заасны дагуу хоёр талт болон гурван талт гэрээг байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх” гэж, 2-т “Албан шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус газарт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх” гэж тус тус шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх боловч уг хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэн С тауэрын **/* байрны А блокийн 12 дугаар давхрын 91.1 м.кв талбайтай 10** тоот болон мөн давхрын 107.6 м.кв талбайтай 100* тоот оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч А.У-ын нэр дээр бүртгэхээс татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй.

2.4. Учир нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/737 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны Арьс ширний ** дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрхийг “О” ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд улмаар “О” ХХК нь уг ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж 16 давхар бүхий 95 айл, оффис үйлчилгээний зориулалт бүхий **/*, **/* дүгээр байруудыг барьж ашиглалтад оруулсан байна.

2.5. Түүнчлэн иргэн Б.С-ийн хувьд дээрх Арьс ширний ** дугаар байрны зөвхөн **а, **б тоотын өмчлөгч этгээд байсан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд шинээр баригдсан **/*, **/* дүгээр байруудын улсын бүртгэлд бүхэлд нь хязгаарлалт тогтоох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ”, 30.1.7-д “улсын бүртгэлийг давхардуулсан, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэнтэй холбогдон улсын байцаагчийн шийдвэр гарсан” гэж тус тус заасантай нийцэхгүй.

2.6. Өөрөөр хэлбэл, Арьс ширний ** дугаар байрны Б.С-ийн өмчлөх эрхтэй байсан 2 орон сууцтай холбоотой маргаантай асуудлын улмаас өмчлөх эрхийг шударгаар олж авсан нэхэмжлэгч А.У-ын өмчлөх эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал нь үндэслэлгүй болжээ.

2.7. Нөгөөтээгүүр, иргэн Б.С нь Арьс ширний ** дугаар байрны **а, **б тоот Ү-220600****, Ү-220600**** дугаартай орон сууцтай холбоотойгоор эрүүгийн журмаар маргасан байх ба Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 675 дугаар прокурорын зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” ХХК-ийн барьсан Ф тауэр нэртэй 16 давхар үйлчилгээ, орон сууцны барилгын 1 давхрын 212.1 м.кв үл хөдлөх хөрөнгө, тус дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний ** дугаар байрны *,*а,** тоот байрлах Ү-220600****, Ү-220600****, Ү-220600**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал хязгаарласан болох нь тогтоогдож байна. Дээрх хязгаарласан үл хөдлөх хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн бүртгүүлэхээр маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдэд хамааралгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

2.8. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9004 дүгээр захирамжаар “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Г.Э, Ж.Ч нарт холбогдох захиргааны хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 889 дүгээр тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар дээрх шүүхийн тогтоол нь шийдвэрлэсэн асуудлаараа эцсийн шийдвэр байна.

Нэгэнт уг 2 хэргийг тусдаа шийдвэрлэгдэх боломжтой гэж дүгнэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд хариуцагчийн “2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1497 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт эрх бүхий этгээд гаргасан байхад шүүх уг захиргааны актыг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхгүйгээр шийдвэр гаргасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

               ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

 

 

               ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН