Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 8

 

                          

 

 

                                      

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Е.Оюунцэцэг,

улсын яллагч Г.Ганчимэг,

хохирогч Х.Сэргэлэн,

шүүгдэгч Ү.Тэмүүжин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Х.Баатарбилэг,

гэрч Б.Цогтсайхан, Б.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Үүрийнтуяагийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201626031071 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Дэнжийн 7 дугаар гудамж 528 тоот хашаанд оршин сууж байсан,  одоо ам бүл 2, 02 настай охин Т.Хөх-Үжингийн хамт Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Дэнжийн 11-41б тоот хашаанд оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Үүрийнтуяагийн Тэмүүжин /РД:ШУ89111997/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Ү.Тэмүүжин нь согтуугаар, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 21-22 цагийн орчим Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамжны 332 тоот хашааны үүдэнд хохирогч Х.Сэргэлэнг “зодолдож чадахгүй байж Тэмүүжин шиг сарвалзаад яахав” гэж хэллээ гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас болж толгойн дагзны хэсэгт чулуугаар цохиж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ү.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 14:00-15:00 цагийн хооронд найз Сүхбаатар, Батзаяа, Мөнх-Оргил, Цогтсайхан нарын хамт гол орцгоосон. Араас Сэргэлэн, Ундрах, Уянга, Цогоо, Сайнбаяр нар ирсэн. Тухайн өдөр Сайнбаярын төрсөн өдөр нь болж байсан юм. Тэгээд гол дээр байж байгаад орой 18:00 цагийн үед хохирогч Х.Сэргэлэнгийн гэрийн гадаа ирээд найзуудын хамт пиво ууж байсан. Гэтэл хохирогч Х.Сэргэлэн гол руу авч явсан хийлдэг гудаснуудаа хайгаад бөөн юм болсон. Х.Сэргэлэн гудсаа хайгаад байхад нь бид тоглоом шоглоомоор “чиний гудаснууд чинь байхгүй байна, хаана байгааг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Гэтэл Х.Сэргэлэн жинхнээсээ уурлаад Батзаяатай маргалдаад байсан. Тэгээд Х.Сэргэлэн Батзаяагийн машинаас гудаснуудаа аваад гэртээ оруулж тавьчихаад буцаж гарч ирэхдээ уурлаад, янз бүрийн юм яриад байхаар нь би Х.Сэргэлэнд “чи юмнуудаа авсан бол одоо больчихооч дээ” гэж хэлтэл Х.Сэргэлэн над руу “чам шиг чадахгүй байж би далдаганахгүй” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан.

Тэгээд бид хоёр барьцалдаад, зодолдох үед миний нүүр лүү Х.Сэргэлэн цохиход би манараад унасан. Х.Сэргэлэн намайг цохиход миний зовхиноос цус гараад, нүд хөхөрч, уруул язарсан байсан. Түүнээс болж миний уур хүрээд чулуу аваад шидсэн. Х.Сэргэлэн надаас 2-3 метрийн зайтай байсан. Голоор хүн орж ирээд салгахад би толгойных нь баруун талаар нь Х.Сэргэлэн лүү чулуу шидсэн. Хэн салгасныг санахгүй байна. Тэгтэл Х.Сэргэлэн толгойгоо бариад суучихсан. Хохирогчоос уучлалт гуйж байна. Түүний биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа ойлгож байна. Хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа би шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ асуудалд миний зүгээс гомдол санал байхгүй. 

Хохирогч Х.Сэргэлэн бид хоёр арван жилийн нэг сургууль байсан, 6 ангиас хойш мэднэ. Бид хоёр арван жилээ төгсөөд хэн хэн нь гадаад явцгаасан. Түүнээс хойш уулзаагүй байсан юм.  Би Франц руу 2012 оны 5 сард яваад 2016 оны 7 сард ирсэн. Тухайн өдөр Х.Сэргэлэнгийн гэрийн гадна хашаанд Б.Мөнх-Оргил бид хоёр муудалцаж барьцалдаагүй, харин бид хоёр хоорондоо барилдаж байсан ба 5 удаа барилдсан. Хэрэг гардаг өдөр бид гол дээр нийт 10 хүн байсан бөгөөд хоёр хоёр  пиво, 1 шил архи хувааж уусан байсан.  Зарим нь машинтай байсан болохоор уугаагүй.  

Энэ хэрэгт холбогдсоноос хойш гэр бүлийн дунд маргаан үүсч, мөнгө төгрөгнөөс болж маргаан гарах болсон. Мөн манай эхнэрийн ээжийн бие муу хэвтэрт асаргаанд байдаг, эхнэр ч өөрөө их бие муутай, хажуугаар хохирол төлбөр гээд мөнгөний асуудал их хүнд байсан учир үүнээс болж маргаан үүсч, эхнэр салаад явсан. Одоо охин бид хоёр эмээгийн хашаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр бариад амьдарч байгаа. Охин Хөх-Үжин  2014 оны 8 сарын 13-нд Франц улсад төрсөн, 2 настай охинтойгоо хамт амьдарч байгаа.

Хэрэг гарсан шөнө хохирогчтой ярихад эгчтэйгээ гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн. Намайг яваад очих уу гэхэд яах юм бэ маргааш өглөө хүрээд ирэхгүй юу гэсэн. Мөрдөн байцаалтын явцад хохирогчид бэлнээр 400.000 төгрөг, 500.000 гаруй төгрөгийн эм тариа худалдаж авч өгсөн. Нийт ойролцоогоор 4.0 сая орчим төгрөг төлсөн байгаа. Миний хувьд анхнаасаа Х.Сэргэлэнд хүнд гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй, ийм юм болно гэж мэдээгүй. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би маш хариуцлагагүй алдаа гаргасандаа гэмшиж байна. Дөнгөж амьдрал зохиож эхэлж байхдаа ийм асуудалд холбогдсондоо маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг, 

 

2. Хохирогч Х.Сэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ охиноо хараад байж байхад найз Сүхбаатар “гол явах уу Сайнбаярын төрсөн өдөр” гэж утсаар ярьсан. Би багын найз нартайгаа явж байсан болохоор сэтгэл гаргаад гэрээсээ хийлдэг гудаснуудаа аваад явсан. Гэтэл найз Баяраа “би нэг том савтай пиво авсан байгаа болохоор чи өөрөө мэдээд уух юм аваарай” гэж хэлэхээр нь Уянга, Ундрах найзуудтайгаа хамт Сансар супермаркет ороод хоёр том пиво авсан. Тэгээд бид нар гол дээр очоод авсан пиво, архинуудаа уусан. Тухайн үед би охиноо харж байсан болохоор архинаас нь огт уугаагүй, пиво уусан.

Тэгээд гол дээр сууж байхад орой болоод хүйтрээд ирэхээр нь би “манай гэрт очих юм уу” гэж найз нартаа санал тавьсан. Тэгээд манай гэрт очоод байж байхад Ү.Тэмүүжин “Мөнх-Оргилыг барилдах уу” гээд тэд ноцолдоод байсан. Тухайн үед Мөнх-Оргил нэг  удаа Ү.Тэмүүжинтэй барилдаад “дахин барилдахгүй” гэтэл Ү.Тэмүүжин уурлаад Б.Мөнх-Оргилыг барьж аваад хэд хэдэн удаа цохиод уурлаад байсан.

Тухайн үед би гол авч явсан хийлдэг гудаснуудаа найз нараасаа асуугаад авах гэтэл Батзаяа өгөхгүй, надаас бултуулах санаа зорилготой, надтай зодолдох гээд байхаар нь би “өлөн” гэж муухай үгээр хэлсэн. Гэтэл манай найзууд “та хоёр маргалдаж байхаар шууд зодолдчихооч” гээд шар малтаад байсан. Тэр үед нь би “Тэмүүжин шиг далдагнахгүй” гээд хэлчихсэн юм. Тэр үгийг би уг нь тухайн үед Ү.Тэмүүжинд зориулж хэлээгүй, зүгээр л “Ү.Тэмүүжин шиг далдаганахгүй” гэж хэлчихсэн чинь Ү.Тэмүүжин ирээд намайг шанаадаад, цохиж унагасан.  Би босож ирээд Ү.Тэмүүжинг “арай ч дээ” гэж хэлэхэд Батзаяа бид хоёрыг салгасан. Гэтэл Тэмүүжин над руу чулуу шидээгүй, харин чулуугаар цохьсон. Би гэрийнхээ гадаа цусаа гоожуулаад сууж байхад Ү.Тэмүүжинг надаас уучлалт гуйх байх гэж бодож байхад над дээр Тэмүүжин ирээд дахин маргалдах гээд байсан. Тухайн үед толгой хагарсан байх гэж бодож байсан чинь гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойн зураг авахуулахад гавлын яс цуурсан байна гэж хэлсэн. Тэмүүжингийн биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсныг мэдэхгүй байна, тухайн үед Тэмүүжин олон хүнтэй маргалдаж, ноцолдоод зодолдоод байсан, тэр үедээ гэмтэл авсан байх магадлалтай. Миний хувьд би эхэлж Ү.Тэмүүжинг цохиогүй, Ү.Тэмүүжин Б.Мөнх-Оргилтой нилээн зайтай ярилцаад зогсож байснаа, над дээр ирээд намайг цохиод авсан. Тэр үед Ү.Тэмүүжин бид хоёр газар унасан.

Би анх мэдүүлэг өгөхдөө найзыгаа хэрэгт холбогдуулаад яахав гэж бодоод барилгын ажил хийж байгаад бэртчихлээ гэж хэлсэн. Гэтэл Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч ирээд, “таны толгойн гэмтэл амь насанд аюултай тул үнэн зөвөөр мэдүүлэг өгөөрэй” гэж хэлэхээр нь болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн юм.

Би эмчилгээний зардлын баримттай нэхэмжилсэн төлбөр 3.700.000 төгрөг бүрэн авсан. Мөн дахин шинжилгээ хийж үзүүлсэн 120.000 төгрөгийг Тэмүүжингээс авсан. Цаашид Солонгос улс явж эмчилгээ хийлгэх бодолтой байгаа. Одоо би группт орсон, сард группын 140.000 төгрөг авч байгаа. Хавтаст хэрэгт өгсөн баримтын хүрээнд эмчилгээний зардлаа бүрэн авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсч байна. Надад гомдол санал байхгүй, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна. Тэмүүжин надаас энэ хэрэг болсноос хойш олон удаа уучлалт гуйсан. Бид адилхан залуу хүмүүс, хэн хэн нь нялх бага хүүхэдтэй, дөнгөж амьдрал эхэлж байгаа залуус. Тиймээс би найзыгаа олон жилийн ял аваад явахыг хүсэхгүй байна.” гэсэн мэдүүлэг,

 

3. Гэрч Б.Цогтсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэргэлэн, бид хоёр амарч байхад гаднаас Уянга, Ундрах хоёр орж ирсэн. Гэтэл дараа нь Баяраа орж ирээд, Сайнбаярын төрсөн өдөр гээд Туул гол руу явахаар болсон. Тэгээд Уянга, Ундрах, Х.Сэргэлэн бид нар замаасаа дэлгүүр ороод Туул гол дээр очоод архи пиво уусан. Гэтэл гол дээр сэрүүн ороод Х.Сэргэлэн “манай хашаа арай тухтай” гээд Х.Сэргэлэнгийн хашаа руу очиж үргэлжлүүлж уухаар болоод явсан. Гэтэл Х.Сэргэлэн гол руу авч явсан хийлдэг гудсаа Батзаяагаас авъя гээд энэ хоёрын хооронд маргаан болсон.

Түүний дараа Ү.Тэмүүжин, Х.Сэргэлэн хоёр зодолдсон. Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёрын зодооныг бид нар салгасан. Гэтэл Ү.Тэмүүжин Х.Сэргэлэнгийн толгойг чулуугаар цохьсон. Тэгээд Сүхбаатар бид хоёр Х.Сэргэлэн дээр очиход доошоо хараад сууж байсан. Тэгээд Х.Сэргэлэнгийн гэрт орж эгчид нь бодит байдлыг хэлээд Х.Сэргэлэнгийн эгч нь такси дуудсан. Сүхбаатар, бид хоёр шүршүүрээр толгойг нь угаасан. Тэгээд Уянга, бид хоёр дэлгүүр яваад эргээд ирэхэд Сэргэлэнг эгч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэгээд маргааш нь гэмтлийн эмнэлэг дээр очсон.

Х.Сэргэлэн нь “Тэмүүжин шиг далдганахгүй” гэж хэлснээс болж тэр хоёр маргалдсан гэсэн. Би яг ингэж хэлж байхыг нь өөрөө сонсоогүй, сүүлд хүмүүсийн ярьж байхыг сонсоход тэгж байсан. Би Тэмүүжин Сэргэлэнг чулуугаар цохиж байна гэж харсан. Чулуугаар цохихын өмнө энэ хоёр 2-3 алхмын зайтай байсан. Тухайн үед би согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, орж гараад байсан болохоор зарим зүйлийг нарийн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед Ү.Тэмүүжин нь Б.Мөнх-Оргилтой маргалдаж байгаад салсан. Сүүлд нь Х.Сэргэлэнгийнд орчихоод гараад ирэхэд Сайнбаяртай бас маргалдсан гэж ярьж байсан. Би Сэргэлэн, Тэмүүжин хоёрыг маргалдаж байхад урд зүгт цаана нь хараад байж байсан. Тэнд 7-8 хүн байсан бөгөөд 2-3 шил архи ууцгаасан. Одоо Тэмүүжин нь Хан-Уул дүүрэгт эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

4. Гэрч Б.Мөнх-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би Х.Сэргэлэнтэй арван жилийн нэг ангид сурч төгссөн. Ү.Тэмүүжинтэй багийн найзууд юм. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бид нар бага зэрэг архи, пиво уусан байсан. Гэтэл Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёр маргалдаад Х.Сэргэлэн Ү.Тэмүүжинг эхлээд гараараа хөмсгийг нь сэтэртэл нь цохисон. Тэгээд Х.Сэргэлэн Ү.Тэмүүжинг газарт унагаагаад 2-3 удаа нүүрэн тус газар цохьсон.

Б.Цогтсайхан бид хоёр тийш нь болгож хооронд нь эвлэрүүлэх гээд боль гэсэн. Гэтэл Ү.Тэмүүжин яах ийхийн зуургүй Х.Сэргэлэн рүү газраас чулуу аваад шидсэн. Х.Сэргэлэнгийн толгойн оройн хэсэг рүү нь шидсэн. Тухайн үед Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёр юунаас болж, яагаад маргалдсан гэдгийг сайн ойлгож мэдээгүй байсан. Гэтэл Х.Сэргэлэнгийн толгойноос нь цус гараад байхаар нь Х.Сэргэлэнгийн гэрээс ус авч ирээд, толгойг угаагаад, Х.Сэргэлэн эгчтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг явсан.

Ү.Тэмүүжингийн биед учруулсан гэмтлийг Х.Сэргэлэн учруулсан. Одоо Ү.Тэмүүжин нь Хан-Уул дүүргийн Яармагийн Дэнжид охин, эмээтэйгээ амьдарч байгаа. Тухайн үед Тэмүүжин нь Сэргэлэнгээс өөр хүнтэй маргалдаагүй. Тэмүүжин бид хоёрын хооронд маргаан муудалцаан болоогүй, бид 2 хоорондоо тоглоод 2-4 удаа барилдсан. Бид хоёр барилдахад Тэмүүжин миний дээр унаад байсан болохоор гэмтэл авах учир байхгүй. Ү.Тэмүүжин, Х.Сэргэлэнтэй зодолдоод болиулах үед хөмсөгнөөс нь цус гарсан байсан.

Би тухайн үед дунд зэргийн согтолттой, өөрийгөө хянах чадвартай байсан. Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёр бас өөрсдийгөө хянах чадвартай байсан байх. Тэр үед Ү.Тэмүүжин, Х.Сэргэлэн хоёрын маргаан юунаас болсон гэдгийг сайн санахгүй байна. Би зодоон болох үед Х.Сэргэлэнгийн хашааны өөдөөс харсан блокон дээр 1-2 метрийн зайд сууж байсан юм. Намайг харж байхад Ү.Тэмүүжин Х.Сэргэлэн рүү гарын алганы хэмжээтэй чулуу авч шидсэн.

Анх Батзаяа, Х.Сэргэлэн хоёр дэвсгэр гудаснаас болж маргасан. Хохирогч Х.Сэргэлэн дэвсгэрээ Батзаяагийн машинд хийсэн юм шиг байсан. Тэгээд Батзаяа нь би мэдэхгүй гээд маргалдсан. Тэгээд Х.Сэргэлэн дэвсгэрээ Батзаяагийн машинаас авсан...” гэсэн мэдүүлэг.

 

   Эрүүгийн 201626031071 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай эхнэр Цагаанчулуун 2016 оны 08 сарын 05-ны өдөр найзынхаа хуриманд явсан. Тухайн өдөр би хүүхдээ хараад гэртээ байсан, надтай хамт багын найз Цогтсайхан бас байсан. 11:00 цагийн үед манай найз Сүхээ гэх залуу над руу залгаад “хамт гол орох уу” гэж хэлсэн. Гэр бүлээрээ явна, охиноо дагуулаад явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу ч гэсэн орой яръя, хүүхэд харах хүнтэй болвол очно” гэж хэлсэн. Тэгээд гэртээ амраад байж байхад Мөнх-Ундрах, Уянгаа гэх хоёр найз маань манайд ирсэн. Тэгээд бид нар Playstasion тоглоом тоглож байхад 16-17 цагийн үед Сүхбаатар гэр бүлээрээ, Баяраа гэр бүлээрээ, Сайнаа, Шонхоо, Оргил гэх залуу манайд ирээд гол явъя гэсэн.

 ...Тэгээд нөгөө хэдийг түрүүлээд явж бай гэж хэлээд би найз нартайгаа араас нь очихоор болсон. Манай нэг найз эхнэртээ мөнгө өгнө гэхээр нь бид нар Вива сити хороололд очиж мөнгө өгчихөөд явж байхад Баяраа залгаад “өнөөдөр Сайнаагийн төрсөн өдөр, би нэг үнээ авчихлаа, чи юу авах юм бэ” гэхээр нь бид нар мөнгөө нийлүүлж байгаад 0,5 литрийн савалгаатай пиво 20 гаран лаазыг, мөн Сансар худалдааны төвөөс 10 гаран шил пиво аваад явсан.

19:00 цагийн үед бид нарыг гол дээр очиход нөгөө түрүүлээд явсан хэд маань пиво, архи уугаад сууж байсан. Сүхбаатар, Баяраа нар эхнэр, хүүхдээ гэрт нь хүргэж өгөөд ирье гэж хэлээд явчихаад удалгүй ирсэн. Гол дээр сэрүүхэн болохоор нь “манайд очъё” гэж хэлээд бүгдээрээ манайд ирсэн.  

...Тэгээд манай хашаанд ирээд пивоо ууцгаагаад Мөнх-Очир, Тэмүүжин нар барилдсан. Тэгтэл Тэмүүжин, Мөнх-Оргилыг хоёр удаа түлхэж унагаачихаад давсан гэж хэлээд байсан. Тэгэхээр нь бид нар тэр хоёрыг жинхэнээс нь барилдуултал Тэмүүжин газарт унасан. Тэгээд тэр хоёрыг нэг, нэг давсан учраас хайнаагаа хагал гэж хэлтэл Тэмүүжин барилдахгүй гэж хэлсэн. Тэгэхэд Мөнх-Оргил Тэмүүжинг босгоод ирэхэд Тэмүүжин түүнийг цохисон. Нилээн хэдэн удаа нүүр хэсэгт нь цохиж байсан. Газарт унаад нэг, нэгэнтэйгээ зууралдаад байсан. Тэгээд бид нар манайхаас гарахаар болоод, гараад манай найз нар тусдаа явахаар болсон.

Тэгтэл Баяраа, Тэмүүжин, Сүхбаатар, Батзаяа нар ирээд “та нар яагаад байгаа юм бэ, санаа гаргаад байгаа юм уу” гэхээр бид нар манай хашааны үүдэнд сууж байгаад би гол явахдаа авч явсан юмнуудаа авахаар болтол миний эд зүйлүүд байхгүй гээд байсан. Тэгээд хүмүүсээс асуухад “Батзаяагийн машинд байна” гэж хэлсэн. Тэгээд Батзаяагийн машинаас эд зүйлүүдээ авах гэхэд Батзаяа “байхгүй” гэж хэлээд намайг “чи яасан сүртэй болчихсон юм бэ, хоёулаа халзагнах уу” гээд байхаар нь би уурлаад “юмаа авмаар байна” гээд хараалын үг хэлсэн. Тэгтэл намайг өдөөд маргаан хийх гээд байсан. Тэгээд би Батзаяагийн машинаас нэг гудасаа авчихаад хашаандаа оруулсан. Тухайн үед ерөнхийдөө Батзаяа бид хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд би нөгөө хэд дээр очих үед шоолоод байхаар ...би “Хоёрын хооронд зодолдож чадахгүй байж Тэмүүжин шиг сарвалзаад яахав дээ” гэж хэлсэн юм.  

Тэгтэл Тэмүүжин намайг түлхэж унагаагаад, дээрээс цохисон. Тэгээд би газраас босож ирээд Тэмүүжинг цохисон. Тэр үед Батзаяа ирээд намайг мангасдаад салгахдаа миний шанаа хэсэгт цохих шиг болсон. Би газарт унахдаа тохойгоороо тулаад, тэгээд манараад босох гэж байхад Тэмүүжин чулуугаар миний толгойны ар хэсэгт цохиод намайг өшиглөсөн.

Тэгээд миний толгойны ар хэсгээс цус гарсан. Тухайн үед би “толгой жижиг хагарсан байх” гэж бодоод гэрийнхээ үүдэнд суугаад, гайгүй байх гэж бодсон.  Батзаяа надтай хэрүүл хийгээд маргаад байсан. Намайг цохих гэж дахин дайрахаар нь би хөлөөрөө цохиж өөрийгөө хамгаалсан. Тэгээд Тэмүүжин маргааныг салгах гэж байгаа хүмүүс рүү чулуу барьж дайраад байсан. Тэгтэл Тэмүүжин миний нүүрэн хэсэгт дахин нэг удаа цохисон. Тэгээд би гэртээ орж цусаа угаая гэж бодоод гэртээ ороод толгойгоо угаасан. Тухайн үед манай эгч “яачихваа” гэхээр нь “зүгээр толгойгоо хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд цусаа угааж байхад эгч харчихаад “аймаар ангайгаад хагарсан байна, цус нь тогтохгүй байна” гэж хэлхэд түргэн дуудсан. Түргэн ирээгүй, шууд өөрсдөө гэмтлийн эмнэлэг дээр очсон.

Би тухайн үед хүмүүсийг цагдаа шүүхээр явуулаад яах юм бэ гэж бодоод өөрөө толгойгоо хагалсан гэж цагдаад бүртгүүлээд, эмнэлэг дээр оёдол тавиулаад гэртээ ирсэн. Маргааш нь эмнэлэг дээр очиж томографикийн зураг авахуулахад толгойны дагз хэсэгт 3,4-3,8 см-ийн цууралттай, эмнэлэгт шууд хэвт гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтэж байгаад 2016 оны 08 сарын 09-ний өдөр хагалгаанд орсон.

Тухайн өдөр би хоёр шил пиво уусан бараг эрүүл байсан, харин Тэмүүжин нь их согтуу байсан. Маргаан болох үед Сайнбаяр, Сүхбаатар, Батзаяа, Мөнх-Оргил, Мөнх-Ундрах, Уянга, Цогтсайхан нар байсан. Тэмүүжин бид хоёр багын найзууд юм. Хагалгаанд орсноос болоод гадаадад очиж ажиллах байсан тэр худлаа болсон, мөн юм их мартаж байна, олон олон саад бэрхшээл гарч байна. Одоогийн байдлаар эмчилгээний зардал 3,0 сая гаран төгрөг болсон. Тархи, толгойны гэмтэл сүүлд илэрдэг гэсэн, тэрнээс их айж байна. Одоо орой унтахаар толгойны ар хэсгээр татаж өвдөөд байгаа. Одоогоор миний эмчилгээ зогссон. Дүүргийн эмнэлгийн хяналтанд байгаа. Эмнэлэгт хийгдсэн эмчилгээ байхгүй, гэрээрээ эм тариа хэрэглэж байгаа. Би гэмтлийн эмнэлэгт 2016 оны 08 сарын 05-ны өдрөөс 2016 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл 10 хоног гавлын яс цөмөрсөн байсан тул хагалгаа хийлгэж, тархины үйл ажиллагаа сайжруулах эмчилгээ хийлгэсэн. Одоо миний гавлын ясанд металл суулгасан байна. Эмнэлэгээс гарсан цагаас хойш “Төмөрбаатар оточ эмнэлэг”-т 12 хоногийн бариа засал хийлгэсэн. Би Тэмүүжинг 6 дугаар ангиасаа буюу 14 настайгаасаа мэдэх юм. Бид хоёр 60 дугаар сургуулийг 2007 онд төгссөн, нэг төгсөлтийн хүмүүс байгаа юм. Бид нар бага байхаасаа интернет тоглоом тоглож байгаад танилцаж байсан. Тэмүүжин нь миний дансанд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Эмчилгээний бодит зардалд 3.797.034 төгрөг гарсан. Үүнээс 2.500.000 төгрөгийг өгсөн гэхээр одоо 1.297.034 төгрөг үлдсэн. Цаашид Солонгос улсад очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэмээр байна. Ингэхэд бас мөнгө орох байх. Сайн эмчилгээ хийлгэмээр байгаа боловч санхүүгийн боломжоос болж чадахгүй байна. Мөн эмчилгээнд гарсан бодит зардлаа бүрэн барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-21х/,

 

2. Гэрч Б.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Тэмүүжингийн эхнэр нь байгаа юм. 2016 оны 08 сарын 05-ны өдөр нөхөр бид хоёр байрандаа засвар хийсэн. Тэр өдөр их халуун өдөр байсан. Тэгтэл Сэргэлэн залгаад хамт гол орох уу гэж байсан. Охин, бид хоёрыг хамт явах уу гэхээр нь би хамт яваагүй. Тэгээд Ү.Тэмүүжин гараад явсан. Орой нь 22-23 цагийн үед шиг санагдаж байна. Ү.Тэмүүжинтэй ярихад “одоо гэртээ ирэх гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй нэг эмэгтэй залгаад “танай гэр хаана байдаг юм, гэрээ зааж өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би их гайхаад юу болсон талаар асуухад “танай нөхөр чинь манай дүүгийн толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манайд цагдаа дагуулж ирнэ, намайг гэрээ зааж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудлыг чинь анх удаа л сонсож байна гэж хэлээд Ү.Тэмүүжинтэй холбогдсон. Тэр үед Тэмүүжин гэртээ иртэл нүүр ам нь цус болсон, хувцас нь урагдсан байсан. Бас нүд нь хөхөрсөн байсан.

Тэмүүжин, Сэргэлэн нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Сэргэлэнгийн эмчилгээний зардалд бэлнээр 500.000 төгрөг өгсөн, мөн тархины эм 300.000 төгрөгөөр, тархины ус шимэгдүүлдэг эм 45.000 төгрөгөөр авч өгсөн, хоол ундны мөнгө болох 126.000 төгрөг өгсөн. Нийтдээ 1,0 сая төгрөг одоогоор гаргасан. Цаашдаа эмчилгээний бодит зардлыг төлж барагдуулна.

Би 2014 онд Франц улсад амьдарч байхдаа цөсний хагалгаанд орж цөсөө авахуулсан. 2015 онд Голландад цөсний ерөнхий сувганд чулуу үлдсэн байна гэж хэлээд дахин хагалгаанд орсон. Тэмүүжинг хэрэгт холбогдсоны дараа Мөнгөнгүүр эмнэлэгт дахин оношлуулахад хагалгааны дотор оёо задарсан тул дахин яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Мөн миний төрсөн эх Б.Өнөр нь элэгний хорт хавдар оноштойгоор гэртээ хэвтэрт хэвтэж, эмчилгээ хийлгэдэг. Би ээжийгээ асран хамгаалах үүрэгтэй. Надад ийм асуудалтай байхад манай нөхөр хэрэгт холбогдсон. Би өөрийн ар гэрийн асуудлаас болоод нөхрөөсөө салж байгаа юм.

Би өөрөө бие муутай, мөн ээж маань бие муутай учраас Тэмүүжинтэй хамт амьдарч чадахгүй. Мөн охиноо аавд нь үлдээгээд явсан. Би хагалгаанд ороод оёогоо эдгэртэл 1 сар гаран хэвтэрт байна. Мөн хагалгаа хийлгэсний дараа биеэ тэнхрүүлж байгаад ээжийнхээ эмчилгээний асуудлыг шийднэ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-26х/,

 

3. Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 04-ний өдөр 15:00 цагийн орчим 10 жилийн ангийн хүүхэд Сэргэлийн гэрт нь Мөнх-Ундрах, бид хоёр Playstasion тоглохоор очсон. Тухайн үед Мөнх-Ундрах бид хоёр тэдний гэрт нь тоглож байхад 16:00 цагийн орчим Баяраа, Тэмүүжин нар ирсэн. Тухайн үед бүгдээрээ голын эрэг дээр очихоор ярьсан байсан байна лээ. Мөн араас нь Мөнх-Оргил, Цогтсайхан, Сайнбаяр нар завь болон голын эрэг дээр хэрэглэх хэрэгцээний зүйлүүдээ аваад ирсэн байсан.

Тухайн үед Мөнх-Ундрах хүүхдээ дагуулсан байсан учраас хүүхдээ гэртээ үлдээх гээд харин би гэртээ харьж эхнэртээ хэлэх гээд Сэргэлэн, Цогтсайхан нарын хамт үлдсэн. Харин Тэмүүжин, Баяраа, Батзаяа нар голын эрэг рүү түрүүлээд явсан. Харин Мөнх-Ундрах, Сайнбаяр нар араас нь явсан юм. Би Сэргэлтэй хамт явж байгаад Сансар худалдааны төвөөс 15 лаазтай пиво авсан. Хамгийн сүүлд Сэргэлэн, бид хоёр голын эрэг дээр очсон. Голын эрэг дээр очиход Сүхбаатар, Баяраа хоёр эхнэртэйгээ хамт очсон байсан. Харин нөгөө хэд нь гэр бүлгүй, ганц ганцаараа ирсэн байсан. Голын эрэг дээр нэг шил архи задалсан байсан. Тухайн үед голын эрэг дээр сэрүүхэн байсан учраас бид нар Сэргэлэнгийн гэрт нь очихоор болоод 19:00 цагийн орчим Сэргэлэнгийнд ирж, ...хашаанд авчирсан пивоо ууцгаасан.  

Орой 22:00 цагийн үед тарахаар болж Мөнх-Ундрах, Цогтсайхан бид 3 гэртээ харих гээд машиндаа суусан. Би өөрийн найзыг дуудаад машинаа бариулахаар болсон юм.  Тэгтэл Сэргэлэн, Тэмүүжин нар хоорондоо зодолдоод эхэлсэн.

Тэгээд Мөнх-Ундрах, Цогтсайхан бид нар машинаас буугаад ирэхэд гадаа байсан хүмүүс тэр хоёрын зодооныг салгасан байсан. Тэгээд бид нарыг хашааны үүдэнд зогсож байхад Тэмүүжин миний баруун талаас гарч ирээд, Сэргэлэнгийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Гэхдээ яг юугаар цохисныг хараагүй. Гэтэл Сэргэлэн шууд газарт унасан. Газраас босож ирэхдээ бага зэрэг манарсан байдалтай босож ирсэн. Толгойноос нь цус гараад өмд рүү нь урссан байсан. Сэргэлэнгийн эгч нь түүний толгойг нь угаагаад гарч ирээд “манай дүүг аймаар болгосон байна шүү дээ” гэж хэлж байсан. Тухайн үед Тэмүүжин хамт байсан.

Тэр өдөр тасартлаа согтсон хүн байгаагүй. Тэнд байсан хүмүүс өөрсдийгөө аваад явах чадвартай байсан. Би тухайн үед яг юунаас болж зодолдсон талаар мэдэхгүй байна. Харин сүүлд нь сонсоход тэр хоёр нэг нэгнийгээ зодолдож чадахгүй гэж бассанааас болж л маргаан гарсан гэж байсан. Хүний толгой руу гараараа цохисон бол тэгж хагарахгүй байх байсан, чулуугаар л цохисон байх. Сэргэлэн нь тогтвортой, төлөв даруу зантай, их нямбай хүн байгаа юм. Хүнтэй хэрэлдэж маргалдаад муудалцаж байгаагүй, цэвэрч нямбай, хүнтэй эвтэй байхыг хүсдэг хүн байгаа юм. Тэмүүжин бид нартай харьцахдаа маргаан зодоон хийдэггүй, мэндийн зөрүүтэй л явдаг байсан. Ямар ч байсан хүнийг дээрэлхээд байдаггүй, ярилцаад л салдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33х/, 

 

4. Гэрч О.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би найз нартайгаа болон гэр бүлийнхээ хүнтэй хамт гол орохоор болсон. Би эхнэртэйгээ хамт, Сүхбаатар эхнэр хүүхдийнхээ хамт Туул голын эрэг дээр түрүүлээд очсон байсан. Гол дээр очих үед 15:00 цагийн орчим байсан шиг санагдаж байна. Бид нарын араас нэг цаг гарангийн дараа Сэргэлэн, Сайнаа, Ундрах, Уянгаа, Батзаяа нар ирсэн. Тэд нарыг ирсний дараа бид нар голын эрэг дээр пиво уусан. Голын эрэг дээр хэрүүл маргаан болоогүй. Сэргэлэн ирэхдээ завь, гудас зэрэг зүйлүүд авчирсан. Хүүхдүүдээ голын усанд тоглуулж байгаад сэрүүхэн байхаар нь эхнэр хүүхдээ машиндаа суулгаад явуулсан. Харин өөрсдөө Сэргэлэнгийн гэрт нь очихоор болсон. 19:00 цагийн үед Сэргэлэнгийн гэрт нь очсон. Сэргэлэнгийн хашаанд бүгдээрээ пивоо ууцгаасан. Тухайн үед бид нарын ууж байсан пиво дууссан. Тэгээд бүгдээрээ Сэргэлэнгийн гэрээс нь гараад явцгаая гэж ярьж байсан.

Тухайн үед би их согтуу байсан учраас аавынхаа гэрт ороод удалгүй гараад ирэхэд Сэргэлэнгийн толгой хагарсан байсан. Тэгээд би Сүхбаатартай хамт Сэргэлэнгийн гэрт нь ороод эгч Туяагаас ус авахад Сэргэлэн өөрөө араас ороод ирсэн. Тэгээд Туяа эгч Сэргэлэнгийн толгой хагарсан байгааг мэдээд гэмтлийн эмнэлэг явахаар болсон. Тэгээд бид нар гэр гэртээ харихаар болсон.

Сэргэлэн өөрөө хэлэхдээ “Тэмүүжин миний толгойг хагалчихлаа” гэж хэлж байсан. Би өөрөө хагалж байхыг нь хараагүй. Сэргэлэнгийн толгой нь хагарсан, хүзүүний ар хэсэгт цус болсон байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй шиг санагдаж байна. Сэргэлэн, Тэмүүжин нар нь маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэнд тасартлаа согтсон хүн байгаагүй. Манай найз нар намайг Баяраа гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-36х/,

 

5. Гэрч Б.Мөнх-Ундрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би уг уулзалтанд байж байгаад оройн 21:00 цагийн үед гэр рүүгээ явчихаад 22:00 цагийн үед буцаж ирсэн юм. Тухайн үед манай төгсөлтийн Тэмүүжин нилээн согтуу байсан. Тэмүүжин, манай ангийн Сэргэлэнтэй маргалдаад байсан. Би тухайн хашааны гадаа машин дотор сууж байсан. Хашааны гадаа үүдэнд Тэмүүжин, Сэргэлэн хоёр муудалцаад барилцаж аваад байхаар нь би салгах гээд машинаас буугаад яваад очсон чинь тэнд байсан Баагий, Баяраа, Сайнаа гурав Тэмүүжин, Сэргэлэн хоёрыг салгачихсан юм. Би наанаас нь алхаад очиж байх үед Тэмүүжин газраас чулуу аваад Сэргэлэнгийн ар дагз хэсэгт нь чулуугаар цохьчихсон. Тэгсэн чинь Сэргэлэн газар унаад өгсөн. Тэгэхээр нь би очиж Тэмүүжинг холдуулаад байхад Сэргэлэн босч ирээд гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь бид нар гэр рүүгээ тарсан. Би Тэмүүжин, Сэргэлэн хоёр юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,

 

6. Гэрч Д.Сайнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 04-ний өдөр бид нар “найзуудаараа гол явъя” гэж ярьсан байсан. 16-17 цагийн орчим би, Тэмүүжин, Золбаяр бид нар түрүүлээд голын эрэг дээр очсон байсан. Бид нарын араас 1 цаг орчимын дараа Сэргэлэн, Уянга, Батхүү нар ирсэн. Тэд нар ирэхдээ 2 тортой пиво авчирсан. Тухайн өдөр манай найз нарын зарим нэг нь хүүхдүүдээ авсан байсан бөгөөд гадаа сэрүүхэн байсан учир Сэргэлэнгийн гэрт очихоор болсон. Зарим нэг нь эхнэр, хүүхдүүдээ хүргэж өгсөн. Тэгээд Сэргэлэнгийн хашаанд 20:00 цагийн үед цугларсан. Тэгээд бид нар үлдсэн пивоо ууцгаасан. Тухайн үед Сэргэлэн, Тэмүүжин нар нэг нэгнийгээ шоглоод маргалдаж эхэлсэн. Мөн Сэргэлэн, Батзаяа нар гудаснаас болж маргалдсан. Тэгээд бид нар Батзаяагийн машинаас Сэргэлэнгийн гэрээс авсан гудсыг авч өгөх гээд хашааны гадаа гарцгаасан. Тэмүүжин, Сэргэлэн нар маргалдаад Батзаяа голоор нь орж салгаад байсан.

Тэгээд би бие засах гээд Сэргэлэнгийн хашаанд орсон хойгуур зодоон болсон байсан. Намайг гараад ирэхэд Сэргэлэн толгойгоо барьчихсан, Тэмүүжин хэрүүл маргаан хийгээд, мөн Сэргэлэнгийн эгч Туяа гэрээсээ гараад ирчихсэн байсан. Тэмүүжин, Батзаяа нар машинд суугаад явсан. Харин Туяа эгч Сэргэлэнг аваад эмнэлэг явна гээд явсан, бид нар тарцгаасан.

Тухайн үед бид нар бүгд нилээн согтсон байсан. Тэмүүжин, Сэргэлэн хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Батзаяа, Сэргэлэн хоёр тухайн үед зодоон хийгээгүй. Батзаяа тухайн үед машин барьж явсан болохоор архи, пиво уугаагүй. Маргааныг салгаж байснаас биш зодоон хийгээгүй. Сэргэлэнгийн толгой хагарсан байсныг харсан, гэхдээ цус гарсан байхыг хараагүй. Миний сонссоноор Тэмүүжинг хагалсан гэж хүмүүс хэлж байсан. Тэмүүжин өөрөө ч гэсэн би хагалсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40х/,

 

7. Гэрч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Бид нар тухайн өдөр найз нараараа уулзахаар болсон, учир нь бид нар уулзалдаагүй их удсан, бас дээрээс нь манай найз Сайнбаярын төрсөн өдөр байсан, тэгээд бид нар гол орохоор болсон. Голын эрэг 15:00 цагийн орчим Золбаяр, Сайнбаяр, Батзаяа, Мөнх-Оргил, Тэмүүжин бид нар түрүүлээд очсон шиг санагдаж байна. Бид нарыг голын эрэг дээр байхад Сэргэлэн, Мөнх-Ундрах, Уянгаа, Цогтсайхан нар ирсэн. Тэд нар ирэхдээ тортой пиво, нэг шил архи авчирсан. Тэндээ бид нар архи, пивоо ууж байгаад голын эргээс тараад Сэргэлэнгийн гэрт нь очихоор болсон. Бүрэнхий болох гэж байхад бид нар Сэргэлэнгийн хашаанд очсон. Тэгээд бид нар тэндээ архи, пивоо уусан. Тэгээд тэндээсээ гараад РС тоглоом тоглох гээд Сэргэлэнгийн хашаанаас гарахаар болсон. Тухайн үед Сэргэлэн гол дээр очихдоо хулсан гудас шиг зүйл авчирсан байсан, явахаасаа өмнө Сэргэлэн голын эрэг дээр авчирсан гудсаа гэртээ оруулна гэж хэлсэн. Батзаяагийн машинд түүний гудас байсан юм шиг байсан.  

Сэргэлэн, Батзаяагийн машиныг шалгах гэхэд Батзаяа шалгуулахгүй байсан. Сэргэлэн тухайн үед уурлаж байгаад Батзаяагийн машиныг шалгаж үзэхэд тухайн гудас нь байсан, гудсаа аваад хашаагаа давуулж шидсэн. Тэгээд Батзаяатай маргалдаж байсан.

Би хэн гэдгийг мэдэхгүй байна, нэгэнтэй нь юм ярьж байгаад харахад Сэргэлэн газарт унасан ухаан нь балартсан байсан. Сэргэлэнг нэг нь гэр рүү нь оруулж өгөхөд, би араас нь ороход Сэргэлэнгийн толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Цогтсайхан түүний толгой дээр ус хийж өгч байсан. Тэгээд яасан бэ, хэн цохисон бэ гэж асуухад “Тэмүүжин чулуугаар цохисон” гэж хэлсэн. Би Сэргэлэнгийн толгойг харахад их том ангайсан байсан. Шархыг нь барьж байгаад тавихад цус их хэмжээгээр гарч байсан. Тэгтэл Сэргэлэнгийн эхнэр нь орж ирээд уйлсан, тэгээд гараад гэмтлийн эмнэлэг явсан. Намайг тэднийхээс гараад ирэхэд найзууд байхгүй тарцгаасан байсан.

Сэргэлэн гайгүй, харин Тэмүүжин нилээд согтуу харагдаж байсан. Тэр хоёрын хооронд юунаас болж маргаан болсон талаар би мэдэхгүй байна. Сэргэлэнгийн толгойг хэн хагалсан гэдгийг би өөрөө хараагүй. Сэргэлэн хэлэхдээ Тэмүүжин миний толгойг чулуугаар хагалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43х/,

 

8. Гэрч Б.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 04-ний өдрийн цагийг нь тодорхой сайн санахгүй байна ямар ч байсан нартай байсан. Тухайн өдөр бид нар удаан уулзаагүй гэдэг шалтгаанаар уулзахаар болсон. Мөн манай найз Сайнбаярын төрсөн өдөр байсан учраас бид нар найзуудаараа Туул голын эрэг дээр очиж суухаар болсон. Тэгээд бид нар голын эрэг дээр ирж архи, пиво уусан. Тухайн үед би нилээд согтуу байсан учраас тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Сэргэлэнгийн хашаанд сэрсэн. Сэргэлэнгийн хашаанд архи, пиво уусан.

Тэгээд дахин тасарсан, дахиад нэг сэрэхэд Сэргэлэн, Тэмүүжин нар зодолдож байсан. Тэмүүжин доор нь орчихсон байсан. Би Сэргэлэнгийн хашаанаас гараад ирэхэд Тэмүүжин Сэргэлэнгийн толгойг хагалсан байсан. Тухайн үед чулуугаар цохиж хагалсан гэж байсан. Тэгээд Сэргэлэнг гэрт нь оруулж өгөөд толгойноос нь гарсан цусыг угаасан. Сэргэлэнгийн эгч нь түүнийг аваад эмнэлэг рүү яваад бид нар гэртээ харьцгаасан.

Зодоон болох үед миний санаж байгаагаар Сэргэлэн, Тэмүүжин, Батзаяа, Сайнбаяр, Цогтсайхан, Мөнх-Ундрах, Уянга, Золбаяр нар байсан. Би их согтуу байсан учраас зарим үйл явдлыг санахгүй байна. Сүүлд сонсоход гудаснаас болж маргалдсан гэж ярьж байсан. Батзаяагийн машинд сэргэлэнгийн гудас байсан, тэрнээс болж маргалдсан гэж сонссон. Сэргэлэнгийн толгойг миний сонссоноор “Тэмүүжин чулуугаар нэг удаа цохиж хагалсан” гэж хэлж байсан. Тэмүүжингийн хөмсөг задарч, нүд нь хавдсан байсан. Харин Сэргэлэнгийн толгой хагарсан байсан. Өөр гэмтэл шарх байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэмүүжин, Сэргэлэн нар нь нийтэч, хөгжилтэй зантай, бага байхаасаа хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж агсам согтуу тавиад байдаггүй.

Би Ү.Тэмүүжинтэй барилдсанаас зодоон хийгээгүй, Бид 2 барилдаад нэг нэгийгээ давсан. Тэгээд газарт унаж өнхрөлдсөн. Ү.Тэмүүжинтэй барилдах үед түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, бид хоёр биенийхээ биед гэмтэл учрахаар үйлдэл хийгээгүй. Намайг харахад Х.Сэргэлэн Ү.Тэмүүжингийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед нүдний гэмтэл нь  үүссэн байх. Харин гаранд учирсан гэмтэл нь Ү.Тэмүүжин Х.Сэргэлэн нар нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байх үед  үүсссэн гэмтэл гэж бодож байна. Батзаяа Сэргэлэн хоёр гудаснаас болоод маргалдсан. Тэр уурандаа хүн болгонтой хэрүүл хийгээд байсан. Ер нь хамаг маргаан Х.Сэргэлэнгээс болж үүссэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-46х, 47-48х/,

 

9.  Гэрч Б.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 08 сарын 04-ний өдөр би Сэргэлэнгийн гэрт нь очиж хамт байсан. 15:00 цагийн орчим Сэргэлэнгийн гэрт Мөнх-Ундрах, Уянга нар ирсэн байсан. Бид нарын танил залуу болох Золбаяр орж ирээд хамтдаа гол явъя, Сайнбаярын төрсөн өдөр гэж хэлээд хамт явахаар болсон. Тэгээд зарим хүмүүс нь түрүүлээд гол руу явсан. 2 цаг орчимын дараа голын эрэг дээр очсон. Голын эрэг дээр очиход Тэмүүжин, Батзаяа, Сүхбаатар, Мөнх-Оргил нар гэр бүлийн хүмүүстэйгээ хамт байсан. Бид нар очихдоо тортой пиво аваад очсон. Бид нарыг очиход архи, пиво ууцгаасан. Удалгүй голын эрэг дээр байсан хүмүүсийн гэр бүлийн хүмүүс яваад өгсөн. Тэгээд удалгүй сэрүүн ороод явахаар болцгоосон.

Тэгтэл Сэргэлэн “манай хашаанд очиж сууя, арай тухтай” гэж хэлээд бид нар Сэргэлэнгийн хашаанд 20:00 цагийн орчим ирсэн. Тэгээд Х.Сэргэлэнгийн хашаанд сууж ууцгааж байгаад, ууж идэх юм дууссан тул явахаар болсон. Тэгээд явах гэж байхдаа Батзаяагийн машины араас Сэргэлэн хийлдэг гудасаа авах гэхэд Батзаяа “Байж бай, яасан сүртэй юм бэ” гэж хэлээд маргаан болсон.

Удалгүй Сэргэлэн гудасаа авчихаад, хашаандаа оруулсан. Тэр үед Ү.Тэмүүжин хүмүүстэй маргалдаад байсан. Тэгтэл Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин нар маргалдсан. Х.Сэргэлэн нь Ү.Тэмүүжинд хандаж “зодолдож чадахгүй байж далдаганахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Тэмүүжин газраас гарын алганд багтахааргүй хэмжээтэй чулуу аваад Х.Сэргэлэнгийн толгойн дагз хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл нэг нь тэр хоёрын голоор орж салгасан. Тэгээд Х.Сэргэлэн дээр очиход толгойгоо дараад доошоо тонгойгоод суучихсан байсан. Очоод харахад толгойны ар хэсгээс нь цус гарч байсан. Гар нь бас цустай болсон байсан. Тэгээд Х.Сэргэлэнг Сүхбаатартай хамт гэрт нь оруулахад, гэрт нь эгч Туяа нь байсан. Гэрэлд толгойг нь харахад долоовор хурууны хэмжээтэй язарч хуйх нь ярагдсан байдалтай байсан. Тэгээд болсон асуудлын талаар Туяа эгчид хэлсэн. Туяа эгч түргэн дуудсан боловч ирээгүй, удалгүй Сэргэлэнг Туяа эгч аваад эмнэлэг явсан.

Би тэр үед нилээн согтуу байсан. Болсон асуудлын талаар мэдэж байгаагаа сая хэлсэн. Х.Сэргэлэн архи уугаагүй, пиво уусан, согтолт нь бид нараасарай гайгүй байсан байх. Харин Тэмүүжин архи, пивоноос уусан, согтуу байсан. Тэмүүжин, Сэргэлэн нар нь тухайн үед маргалдах шалтгаан байгаагүй. Харин Батзаяа, Сэргэлэн хоёр гудаснаас болж маргалдсан. Харин Тэмүүжин тэнд байсан хүмүүстэй маргалдах гээд агсарч байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/,

 

10. Гэрч А.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Сэргэлэн нь эхээс 5-лаа бөгөөд айлын бага хүүхэд байгаа юм. Сэргэлэн дээрээ 2 эгч, 2 ахтай. Би Сэргэлэнгийн дунд эгч нь юм. Сэргэлэн нь гадаад явах гээд өөрийнхөө овгийг солиулж байсан. Хүрэлтогоо гэж ээжийнхээ нэрээр овоглосон. Харин Алтанбаатар нь манай аав байгаа юм. Манай аав, ээж хоёр бид нарыг бага байхад салсан. Манай дүү найз нөхөдтэйгөө уулзахаараа уудаг, архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол байхгүй.

...Би 2016 оны 8 сарын 04-ний өдөр өөрийнхөө гэрт байхад манай дүү Сэргэлэн над руу яриад “манай найз нар эхнэр хүүхэдтэйгээ гол явъя гэж байна ирээд хүүхэд хараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 2 хүүхдийг дагуулаад Сэргэлэнгийн гэрт нь очиж хүүхдийг нь харсан. Тэгээд Сэргэлэн найз нартайгааг олын эрэг дээр очиж суухаар явсан. Миний санаж байгаагаар 18:00 цагийн үед гол руу явсан. Удалгүй нэг цаг гарангийн дараа бүгдээрээ хүрээд ирсэн. Тэгээд манай хашаанд ирээд пиво ууж суусан. Сэргэлэн гэртээ орж гараад, хүүхдээ тэврээд явж байсан.

21:00 цаг өнгөрч байхад Золбаяр манай гэрт орж ирээд намайг шанаганд ус хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд “яах гэж байгаа юм бэ” гэж асуухад ууя гэж хэлж байсан. Ус аваад гарахад Сэргэлэн тархиа хагалуулчихсан, цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгээд” яасан юм бэ” гэж асуухад “зүгээрээ” гэж хэлсэн. Тэгээд өөрөө толгойгоо угаасан. Намайг гараад юу болсон талаар асуухад хэн ч дугараагүй. Тэгтэл Тэмүүжин “би хагалчихсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаа дууд явдаг газраар нь явъя гэж хэлж байсан. Би гэртээ ороод Сэргэлэнгийн толгойг харахад их том ангайсан байсан. Сэргэлэн буцаж гараад ирэхэд Тэмүүжин гартаа чулуу барьсан байсан. Тэгээд “чи дахиад цохих гэж байгаа юм уу” гэхэд машин давуулаад чулуугаа шидсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “тархины яс цуурсан, уураг тархиндаа даралт үүссэн байна” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн цагдаад анх хэлэхдээ “толгой дээрээ шат унагаасан” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүмүүс ирж байцаалт авсан. Тухайн үед болсон асуудлын талаар бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Сэргэлэнгийн согтолт нь гайгүй, өөрийнхөө охиныг тэврээд шатаар дээшээ доошоо буугаад байсан. Тэмүүжинг харахад согтуу харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54х/,

 

11. Мөрдөн байцаалтын шатанд Н.Батзаяагийн сэжигтнээр өгсөн:

“...2016 оны 08 сарын 04-ний өдөр багын найз нарын хамт голын эрэг дээр очиж суухаар болж. 18:00 цагийн үед очсон. Манай найз нар болох Сэргэлэн, Тэмүүжин, Сүхбаатар, Золбаяр, Сайнбаяр, Мөнх-Оргил, Мөнх-Ундрах, Уянга, Цогтсайхан нар, мөн Золбаярын эхнэр, Сүхбаатарын эхнэр хүүхэд нь хамт байсан. Тухайн өдөр Сайнбаярын төрсөн өдөр байсан учир ирэхдээ нэг шил архи авчирч өгсөн. Би машин барьж явсан учир архи уугаагүй. Гадаа сэрүүхэн байсан учир тэндээсээ Сэргэлэнгийн хашаанд очиж суухаар болсон. Сэргэлэнгийн хашаанд Сүхбаатар, Золбаяр нарын эхнэр, хүүхдүүд очоогүй, дандаа эрчүүд байсан. ойролцоогоор 20-21 цагийн үед сэргэлэнгийн хашаанд очсон.

Тэр өдөр Сэргэлэн миний машины ард гудаснуудаа  хийсэн байсан, тэрийг нь би мэдээгүй байсан. Сэргэлэн надаас “гудасаа авья” гэхэд нь би “юун гудас юм бэ” гэж хэлэхэд “тоглоогүй шүү” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэр үед Сэргэлэн бид хоёрын маргаан удаан үргэлжлээгүй. Тэгтэл Тэмүүжин хажуугаар орж ирээд Сэргэлэнтэй маргалдаж эхэлсэн. Тухайн үед маргаан хашааны гадна талд болсон бөгөөд гудамжаар олон хүн яваад байхаар нь би маргааныг салгасан. Би тэр үед Тэмүүжинг түлхэж холдуулаад, Сэргэлэнд түлхэхдээ нүүрэн хэсэгт нь хүрсэн. Би Сэргэлэнг цохиж зодоогүй, түүнийг 2 удаа түлхсэн. Сэргэлэн газарт тохой хэсгээрээ тулж унасан.

Сэргэлэн, Тэмүүжин хоёр эхэндээ зууралдаад, дээр доороо ороод өнхрөөд байсан. тэгэхээр нь би салгасан юм. Тэгээд холдоод яваад өгсөн. Тэгтэл удалгүй Сэргэлэн толгой хагарчихлаа гэж хэлээд орилсон. Сэргэлэнгийн толгойг хэн хагалсныг хараагүй, Сэргэлэн өөрөө хэлэхдээ Тэмүүжин миний толгойг хагалсан гэж байсан. ...Тухайн үед би 0.5 литр пивоны талыг уусан байсан, манай гэр Сэргэлэнгийн гэрийн хажууд болохоор машинаа гэртээ үлдээсэн байсан.   

...Тухайн өдөр Сэргэлэн бид 2 эхэлж маргалдсан. Тэгээд би Х.Сэргэлэнтэй маргалдахаа болиод салах гэхэд Сэргэлэн хэрүүл өдөөд, надаас салж өгөхгүй байсан. Тэгтэл хажуунаас  Тэмүүжин орж ирээд Сэргэлэнд хандаж “одоо больчихооч дээ” гэж хэлтэл Сэргэлэн Тэмүүжинд хандаад “чадахгүй байж чам шиг далдагнахгүй” гэж хэлсэн.

Тэгээд тэр хоёр маргалдаад нэгийгээ барьж аваад зодолдсон. Тэмүүжин, Сэргэлэн нар маргалдаж зодолдох үед Тэмүүжингийг биед гэмтэл шарх байгаагүй, харин Сэргэлэнтэй зодолдоод  маргааныг салгасны дараа харахад зүүн хөмсөгний хэсгээс нь цус гарсан байсан. Маргааныг Сэргэлэн эхлүүлсэн. Зодооныг хэн эхлүүлсэн талаар мэдэхгүй байна. Тэмүүжин, Мөнх-Оргил хоёр зодолдоогүй, тэр хоёр хашаан дотор барилдсан. Халамцуу хүмүүс байсан учир газарт унаж харагдсан. Тэр үед Тэмүүжин, Мөнх-Оргил нарын биед гэмтэл, шарх харагдаагүй. Тэмүүжингийн биед учирсан гэмтлийг Сэргэлэн учруулсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-81х/,  

 

12. Гэрч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Х.Сэргэлэн нь 2016 оны 08 сарын 16-ны өдөр надад үзүүлсэн. Өөрөө хэлэхдээ 2016 оны 08 сарын 04-ний өдөр бусдад толгойндоо чулуугаар цохиулж, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон гэж хэлсэн. Одоо гавлын дагз ясны цөмөрхийн улмаас хагалгаа хийлгэсэн, хагалгааны дараах эмчилгээг хийлгэж байна. Одоо мэс заслын шарх эдгэрсэн, тархины эд эсийг сэргээх, биеийн дархлааг сайжруулах эмчилгээ хийгдэж байна. Сэргэлэнгийн хувьд биеийн эсэргүүцэл муудах, ядрах зэрэгт тархи толгой өвдөлт, юм мартах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна.

Цаашид эмчилгээ дутуу хийгдэх, хүнд ажил хийх, дахин гэмтэл нэмж авах тохиолдолд унаж татах, тархи толгой байнга өвддөг, ой ухааны хомсдолтой болох аюултай. Сэргэлэнгийн хувьд тархинд их хэмжээний цус хурсан зүйл байхгүй, харин зөвхөн гавлын ясанд гэмтэл үүссэн байсан. Өвчтөн хаана ямар эмнэлэгт эмчилгээ хийлгэхээ өөрөө сонгодог. Бид нар энэ өвчтөнд зохих журмын дагуу өөрт нь тохирсон эмчилгээ хийж байгаа. Манай эмнэлгийн хувьд уг өвчтөнг гадаадын эмнэлэгт үзүүл, эмчлүүл гэж хэлээгүй. Манай эмнэлэг 2-р зэрэглэлийн эмнэлэг, харин 3-р зэрэглэлийн /шатлалын/ эмнэлэг гадаадад эмчлүүлэх эсэхийг шийддэг. Ерөнхийдөө Монголд эмчлэгдэх боломжгүй тохиолдолд гадаадад эмчлүүл гэж зөвлөдөг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/, 

 

13. Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Х.Сэргэлэнд учирсан дагз ясны хугарал, хуйханд няцрал бүхий гэмтэл нь чулуугаар цохиход үүсэх боломжтой, мөн газар унах, ямар нэгэн хатуу мохоо зүйлд цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. Сэргэлэнгийн баруун тохойд 7х2 см зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Сэргэлэнгийн биед учирсан дагз ясны хугарал, хуйханд няцарсан шарх нь чулуугаар цохих, чулуунд оногдох хоёрын алинд нь үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. Сэргэлэнгийн биед цаашид ямар үр дагавар, шинж тэмдэг илрэхийг нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Уг гэмтлийг авсан хүн хэвийн зүгээр явж болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-65х/,

 

14. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8х/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11000 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1.Сэргэлэнгийн биед дагз ясны хугарал, хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэхийг одоогооор тогтоох боломжгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 58х/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11146 тоот актад:

1. Ү.Тэмүүжин-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн дүгнэлт /хэргийн 67х/,

17. Хохирогч Х.Тэмүүжингийн ГССҮТ-д хэмтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчилгээний төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирлын баримтууд /хэргийн 124-145х/,  

 

18. Хохирлын мөнгө бэлнээр болон бэлэн бусаар төлсөн тухай баримтууд /хэргийн 146-148х/,

 

19. Х.Сэргэлэн, Н.Батзаяа нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21-р зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр баримт /хэргийн 152х/,

 

20. Н.Батзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хэргийн 164х/,

 

21. Шүүгдэгч Ү.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би Сэргэлэнтэй хамт 60 дугаар сургуулийг төгссөн, нэг үеийн хүүхдүүд байгаа юм. Сэргэлэн бид 2 бага байхдаа сайн найзууд байсан. Сэргэлэн сургуулиа төгсөөд гадаад явсан, би ч гадаадад байж байгаад ирсэн. Тэгээд удаан уулзаагүй болохоор уулзахаар болсон. Би 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэртээ утсаа үлдээгээд гадагшаа гарсан байхад Сэргэлэн над руу олон удаа залгасан байсан. Би тухайн өдөр Сүхбаатар гэдэг найзынхаа гэрт ирсэн байсан.  Сүхбаатар гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт гол явах гээд хамаг юмаа бэлдээд байж байсан. Тэгээд бид нар Сүхбаатартай хамт Сэргэлэнгийн гэрт нь очсон. Сэргэлэн гэртээ хүүхэдтэйгээ, 3 найзынхаа хамт байсан. Сэргэлэн хүүхдээ өөрийнхөө эгчид харуулсан. Тэгээд бид нар гол явахаар болсон.

Сэргэлэн найз нартайгаа бид нарын араас ирнэ гэж хэлээд үлдсэн. Бид нар 14 цагийн үед гол дээр ирсэн. Нэг цаг гарангийн дараа Сэргэлэн, Ундрах, Уянга, Цогоо, Сайнбаяр гэх хүмүүстэй ирсэн. Тэд нарыг ирэхээс өмнө бид нар нэг том савтай пиво уусан байсан. Тэд нар ирэхдээ 2 тортой пивотой авчирсан. Тухайн өдөр Сайнбаярын төрсөн өдөр гэж хэлж байсан. Тэгээд бид нарыг голын эрэг дээр пиво уугаад сууж байхад Мөнх-Оргил, Батзаяа нар ирсэн. Батзаяа нэг том шилтэй Чингис нэртэй архи аваад ирсэн байсан бөгөөд түүнийгээ Сайнбаярын төрсөн өдөрт зориулж өгсөн. Бид нар тэр архийг нь уусан.

Гол дээр их салхитай байсан учраас хүүхдүүд даарах байх гэж бодоод явахаар болсон, бид нар бага байхдаа хамт РС тоглоом их тоглодог байсан болохоор хэдүүлээ хэд хуваагдаж байгаад тоглох уу гэхэд зарим нь хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд бид нар Сэргэлэнгийн гэрт очихоор болсон.

20:00 цаг өнгөрч байхад Сэргэлэнгийн гэрт ирсэн. Сэргэлэн хашаандаа машины дугуйгаар ширээ сандал зассан байсан, бид нар тэнд сууж пивоо уусан. Тэгээд бид нар РС тоглохоор болоод машинд ачсан байсан гудас, хийлдэг завь гэх мэт зүйлүүдээ Сэргэлэн авахаар болсон. Тухайн үед Батзаяагийн машинд ачсан байсан. Тэгээд Батзаяа тухайн үед тоглоод “хаана байгаа бэ, юун гудас” гэх мэтээр тоглосон. Тэгтэл Сэргэлэн жинхнээсээ уурласан. Бид нар Батзаяад хандаад “наадах чинь уурлачихлаа, одоо гудасыг нь өгчих” гэж хэлсэн. Тэгтэл Сэргэлэн жинхнээсээ уурлаад,  орилж хашгираад хараагаад эхэлсэн.

 Тэгтэл Батзаяа өөдөөс нь бас маргалдсан, тэгээд би Сэргэлэнд хандаад “чи одоо юмаа авчихаад юун сүртэй юм бэ, одоо болиоч” гэж хэлэхэд над руу бас дайраад байсан. Тэгээд над руу дайраад, намайг хөлөөрөө өшиглөх гэхээр нь би шууд зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Сэргэлэнтэй хэсэг хугацаанд зодолдсон. Тэгээд би нэг цохиулаад газарт унасан. Тэгээд би газар унахдаа гартаа баригдсан чулууг аваад Сэргэлэн рүү шидсэн. Тэгтэл Сэргэлэн толгойгоо дараад суусан.

Тухайн үед харахад цус гараагүй байсан. 10 орчим минутын дараа харахад гар нь цус болсон байсан. Тэгээд Сэргэлэн гэртээ орж толгойгоо угаалаа гэж хэлээд орсон. Тэгээд би Сүхбаатар, Батзаяа нартай тамхи авч татах гээд Яармагийн эцэс дээр ирсэн байхад Сэргэлэнгийн төрсөн эгч Туяа залгаад “юу болов, Сэргэлэнгийн толгой хагарсан байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар буцаад яваад очсон.

Тухайн үедээ би Сэргэлэнгийн толгойг том хагарсан байна гэхээр нь би тухайн үедээ жижиг хагарсан байх гэж бодсон. Манай найз Сүхбаатар Сэргэлэнг харчихаад гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар явсан. Шөнө 02-03 цагийн үед Туяа эгч залгаад “Сэргэлэнг гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна” гэдгээ хэлсэн. Тэгээд би очих уу гэхэд, чи архи уусан байж яах гээд байгаа юм бэ гэхээр нь би очоогүй.

Маргааш өглөө нь 9:00 цагийн үед залгаад гавлын яс нь цөмөрсөн байна, 1 дэх өдөр хагалгаанд орох юм шиг байна, эмч нарын зөвөлгөөний хурлаар орно гэж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эхнэр болон хадам ахынхаа хамтаар Сэргэлэн дээр очсон. Тэгтэл бид нарыг дотогшоо оруулаагүй, эгч нь уулзсан. Эхлээд цагдаа сэргийлэхээр яваад яах юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмчилгээний зардлыг нь бүгдийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд нэг дэх өдөр нь хагалгаанд орохоор болсон.

Сэргэлэн хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байсан. тэгээд намайг чадахгүй байж битгий далдагнаад бай гэхээр нь уур хүрээд цохисон. Тэгээд би өөрөө нэг цохиулаад газарт унасан. Газарт унаад гарт тааралдсан чулууг аваад шидчихсэн. Би тухайн үед ухаанаа алдтал согтоогүй байсан, болсон асуудлын талаар санаж байна. Сэргэлэн бага уусан байсан. Батзаяа Сэргэлэнгийн нүүрэн хэсэгт цохиод газарт унагаасан. Тэр үед Сэргэлэнгийн биед  гэмтэл шарх үүссэн анзаарч хараагүй.

...Сэргэлэн бид хоёр зодолдож байхад Сэргэлэнд  гэмтэл учраагүй, харин чулуу шидсэний дараа түүний гарын салаа хэсгээр цус гарч байсан. Би Сэргэлэнг чиглүүлээд чулуу шидсэн. Бид хоёр зодолдож байхад нэг нь салгасан. Яг хэн салгасныг мэдэхгүй байна. Намайг цээж рүү түлхсэн, тэгээд би чулуу аваад шидсэн. Зодоон хашааны үүдэнд, гадаа нь  болсон. Маргаан хашаан дотор болсон.  Тухайн үед зам засварын ажил явагдаж байсан учраас газар их чулуу байсан.

Зодоон болох үед Сэргэлэн, Сүхбаатар, Золбаяр, Цогоо, Ундрах, Уянга, Мөнх-Оргил, Сайнбаяр, Батзаяа нар байсан. Надад шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй, гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Сэргэлэнгийн биед учирсан гэмтлийг би Сэргэлэнг чулуугаар цохиод учруулсан гэж бодож байна. Сэргэлэнд эмнэлэгт хэвтэж байхад нь эмчилгээ, эм тарианы болон хоол ундны мөнгө 518.600 төгрөг, бэлэн 450.000 төгрөг буюу нийт 968.600 төгрөг өгсөн. Мөн 2016 оны 10 сарын 01-ний өдөр дансаар 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 3.468.600 төгрөг өгсөн. Одоо эмчилгээний зардалд гарсан мөнгөнөөс 500.000 гаран мянган төгрөг үлдсэн байгаа.

Би одоо би 2 ойтой охин Т.Хөх-Үжингийн хамт амьдарч байгаа, манай эхнэр энэ асуудлаас болоод надаас салаад явсан. Охиноо ганцаараа өсгөж байна. Би Сэргэлэнгийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, эмчилгээнд гарсан бодит зардлыг чадах чинээгээрээ өгч байгаа, бүрэн төлж барагдуулна. Би Сэргэлэнгийн биед гэмтэл учруулна гэж бодоогүй. Түүнийг айлгах гэж байгаад ийм асуудал болчихлоо...” гэсэн мэдүүлэг /хэргийн 85-93х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Мөнх-Эрдэнэ, С.Шийрэв, Ш.Баасанжав нарын мэдүүлэг /хэргийн 22-26х, 27-28х, 29-30х/, төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 100х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 101х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 102х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /105-107х/, Хан-Уул дүүргийн 8-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 108х/, гадаад паспортын хуулбар /хэргийн 109х/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 110-111х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 112-113х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 119х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч Ү.Тэмүүжинд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ү.Тэмүүжин нь 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 21-22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамжны 332 тоот хашааны үүдэнд “чадахгүй байж Тэмүүжин шиг далдагнаад яахав” гэж Х.Сэргэлэн хэлснээс түүнтэй  маргалдан зодолдох явцдаа гарт тааралдсан чулуугаар хохирогч Х.Сэргэлэнгийн толгойн тус газарт цохиж, түүний биед “дагз ясны хугарал, хуйханд няцарсан шарх” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь

- хохирогч Х.Сэргэлэнгийн “...Тухайн үед би гол авч явсан хийлдэг гудаснуудаа найз нараасаа асуугаад авах гэтэл Батзаяа өгөхгүй, надаас бултуулах санаа зорилготой, надтай зодолдох гээд байхаар нь би “өлөн” гэж муухай үгээр хэлсэн. Гэтэл манай найзууд “та хоёр маргалдаж байхаар шууд зодолдчихооч” гээд шар малтаад байсан. Тэр үед нь би “Тэмүүжин шиг далдагнахгүй” гээд хэлчихсэн юм. Тэр үгийг би уг нь тухайн үед Ү.Тэмүүжинд зориулж хэлээгүй, зүгээр л “Ү.Тэмүүжин шиг далдаганахгүй” гэж хэлчихсэн чинь Ү.Тэмүүжин ирээд намайг шанаадаад, цохиж унагасан.  Би босож ирээд Ү.Тэмүүжинг “арай ч дээ” гэж хэлэхэд ...Батзаяа ирээд намайг мангасдаад салгасан, миний шанаа хэсэгт цохих шиг болсон. Гэтэл Тэмүүжин над руу чулуу шидээгүй, харин чулуугаар цохьсон. ...Тэмүүжин чулуугаар миний толгойны ар хэсэгт цохиод намайг өшиглөсөн. Тэгтэл миний толгойны ар хэсгээс цус гарсан.” гэсэн мэдүүлэг, 

- гэрч Г.Уянгын “...2016 оны 8 сарын 04-ний өдөр ...Орой 22 цагийн үед ...Сэргэлэн, Тэмүүжин нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд Мөнх-Ундрах, Цогтсайхан бид нарын машинаас буугаад ирэхэд гадаа байсан хүмүүс тэр хоёрын зодооныг салгасан байсан. Тэгээд бид нарыг хашааны үүдэнд зогсож байхад Тэмүүжин миний баруун талаас гарч ирээд Сэргэлэнгийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Гэхдээ яг юугаар цохисныг хараагүй, гэхдээ Сэргэлэн шууд газарт унасан. Газраас босож ирэхдээ бага зэрэг манарсан байдалтай босож ирсэн. Толгойноос нь цус гараад өмд рүү нь урссан байсан. Сэргэлэнгийн эгч нь түүний толгойг нь угаагаад гарч ирээд манай дүүг аймаар болгосон байна шүү дээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 31-33х/, 

- гэрч О.Золбаярын “...2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ...19 цагийн үед Сэргэлэнгийн гэрт нь очсон. Сэргэлэнгийн хашаанд бүгдээрээ пивоо ууцгаасан. Тухайн үед бид нарын ууж байсан пиво дууссан. Тухайн үед бүгдээрээ Сэргэлэнгийн гэрээс нь гарцгаагаад явцгаая гэж ярьж байсан. Тухайн үед би их согтуу байсан учраас аавынхаа гэрт ороод удалгүй гараад ирэхэд Сэргэлэнгийн толгой хагарсан байсан. ...Сэргэлэн өөрөө хэлэхдээ “Тэмүүжин миний толгойг хагалчихлаа” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-36х/,

- гэрч Б.Мөнх-Ундрахын “...Би уг уулзалтанд байж байгаад оройн 21 цагийн үед гэр рүүгээ явчихаад 22 цагийн үед буцаж ирсэн юм. Тухайн үед манай төгсөлтийн Тэмүүжин нилээн согтуу байсан. Тэмүүжин манай ангийн Сэргэлэнтэй маргалдаад байсан. Би тухайн хашааны гадаа машин дотор сууж байсан. Хашааны гадаа үүдэндээ Тэмүүжин, Сэргэлэн хоёр муудалцаад, барилцаж аваад байхаар нь би салгах гээд машинаас буугаад яваад очсон чинь тэнд байсан Баагий, Баяраа, Сайнаа гурав Тэмүүжин, Сэргэлэн хоёрыг салгачихсан юм. Би наанаас нь алхаад очиж байх үед Тэмүүжин газраас чулуу аваад Сэргэлэнгийн ар дагз хэсэгт нь чулуугаар цохьчихсон. Тэгсэн чинь Сэргэлэн газар унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/,

- гэрч Д.Сайнбаярын “...2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ...Сэргэлэнгийн хашаанд 20 цагийн үед цугларсан. Тэгээд бид нар үлдсэн пивоо ууцгаасан. Тухайн үед Сэргэлэн, Тэмүүжин нар нэг нэгнийгээ шоглоод маргалдаж эхэлсэн. ... Мөн Сэргэлэн, Батзаяа нар гудаснаас болж маргалдсан. Тэгээд бид нар Батзаяагийн машинаас Сэргэлэнгийн гэрээс авсан гудсыг авч өгөх гээд хашааны гадаа гарцгаасан. Тэмүүжин, Сэргэлэн нар маргалдаад Батзаяа голоор нь орж салгаад байсан. Тэгээд би бие засах гээд Сэргэлэнгийн хашаанд орсон хойгуур зодоон болсон байсан. Намайг гараад ирэхэд Сэргэлэн толгойгоо барьчихсан, Тэмүүжин хэрүүл маргаан хийгээд, мөн Сэргэлэнгийн эгч Туяа гэрээсээ гараад ирчихсэн байсан. Тухайн үед бид нар бүгд нилээн согтсон байсан. Тэмүүжин, Сэргэлэн хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Батзаяа, Сэргэлэн хоёр тухайн үед зодоон хийгээгүй. Батзаяа тухайн үед машин барьж явсан болохоор архи, пиво уугаагүй. Маргааныг салгаж байснаас биш зодоон хийгээгүй. Сэргэлэнгийн толгой хагарсан байсныг харсан. ...Миний сонссоноор Тэмүүжинг хагалсан гэж хүмүүс хэлж байсан. Тэмүүжин өөрөө ч гэсэн би хагалсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-40х/,

- гэрч Б.Сүхбаатарын “...Би хэн гэдгийг мэдэхгүй байна, нэгэнтэй нь юм ярьж байгаад харахад Сэргэлэн газарт унасан ухаан нь балартсан байсан. Сэргэлэнг нэг нь гэр рүү нь оруулж өгөхөд би араас нь ороход Сэргэлэнгийн толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Цогтсайхан түүний толгой дээр ус хийж өгч байсан. Тэгээд яасан бэ, хэн цохисон бэ гэж асуухад “Тэмүүжин чулуугаар цохисон” гэж хэлсэн. Би Сэргэлэнгийн толгойг харахад их том ангайсан байсан. Шархыг нь барьж байгаад тавихад цус их хэмжээгээр гарч байсан. ...Сэргэлэн хэлэхдээ “Тэмүүжин миний толгойг чулуугаар хагалсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43х/,

- гэрч Б.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 08 сарын 04-ний өдөр ....Сэргэлэн “манай хашаанд очиж сууя, арай тухтай” гэж хэлээд бид нар Сэргэлэнгийн хашаанд 20:00 цагийн орчим ирсэн. Тэгээд Х.Сэргэлэнгийн хашаанд сууж ууцгааж байгаад, ууж идэх юм дууссан тул явахаар болсон. Тэгээд явах гэж байхдаа Батзаяагийн машины араас Сэргэлэн хийлдэг гудасаа авах гэхэд Батзаяа “Байж бай, яасан сүртэй юм бэ” гэж хэлээд маргаан болсон. Удалгүй Сэргэлэн гудасаа авчихаад, хашаандаа оруулсан. Тэр үед Ү.Тэмүүжин хүмүүстэй маргалдаад байсан. Тэгтэл Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин нар маргалдсан.

Х.Сэргэлэн нь Ү.Тэмүүжинд хандаж “зодолдож чадахгүй байж далдаганахгүй” гэж хэлсэн. Тэгтэл Тэмүүжин газраас гарын алганд багтахааргүй хэмжээтэй чулуу аваад Х.Сэргэлэнгийн толгойн дагз хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл нэг нь тэр хоёрын голоор орж салгасан. Тэгээд Х.Сэргэлэн дээр очиход толгойгоо дараад доошоо тонгойгоод суучихсан байсан. Очоод харахад толгойны ар хэсгээс нь цус гарч байсан. Гар нь бас цустай болсон байсан. ...Гэрэлд толгойг нь харахад долоовор хурууны хэмжээтэй язарч хуйх нь ярагдсан байдалтай байсан. ...Х.Сэргэлэн архи уугаагүй, пиво уусан, согтолт нь бид нараас арай гайгүй байсан байх. Харин Тэмүүжин архи, пивоноос уусан, согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49-51х/,

Мөн гэрчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэтэл Х.Сэргэлэн гол руу авч явсан хийлдэг гудсаа Батзаяагаас авъя гээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Түүний дараа Ү.Тэмүүжин, Х.Сэргэлэн хоёр зодолдсон. Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёрын зодооныг бид нар салгасан. Гэтэл Ү.Тэмүүжин Х.Сэргэлэнгийн толгойг чулуугаар цохьсон...”гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Б.Мөнх-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 08 сарын 04-ний өдрийн цагийг нь тодорхой сайн санахгүй байна ямар ч байсан нартай байсан. Тухайн өдөр бид нар удаан уулзаагүй гэдэг шалтгаанаар уулзахаар болсон. Мөн манай найз Сайнбаярын төрсөн өдөр байсан учраас бид нар найзуудаараа Туул голын эрэг дээр очиж суухаар болсон. Тэгээд бид нар голын эрэг дээр ирж архи, пиво уусан. Тухайн үед би нилээд согтуу байсан учраас тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Сэргэлэнгийн хашаанд сэрсэн. Сэргэлэнгийн хашаанд архи, пиво уусан.

Тэгээд дахин тасарсан, дахиад нэг сэрэхэд Сэргэлэн, Тэмүүжин нар зодолдож байсан. Тэмүүжин доор нь орчихсон байсан. Би Сэргэлэнгийн хашаанаас гараад ирэхэд Тэмүүжин Сэргэлэнгийн толгойг хагалсан байсан. Тухайн үед чулуугаар цохиж хагалсан гэж байсан.”, 

“... Би Х.Сэргэлэнтэй арван жилийн нэг ангид сурч төгссөн. Ү.Тэмүүжинтэй багийн найзууд юм. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бид нар бага зэрэг архи, пиво уусан байсан. Гэтэл Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёр маргалдаад Х.Сэргэлэн нь Ү.Тэмүүжинг эхлээд гараараа хөмсөг хавьцаа цохисон. Тэгээд Х.Сэргэлэн Ү.Тэмүүжинг газарт унагаагаад 2-3 удаа нүүрэн тус газар цохьсон. Бид тэр хоёрыг салгаж, эвлэрүүлэх гээд “боль боль” гэж байтал Ү.Тэмүүжин яах ийхийн зуургүй газраас чулуу аваад Х.Сэргэлэн рүү шидсэн. Х.Сэргэлэнгийн толгойн оройн хэсэг рүү нь шидсэн. Би тухайн үед Х.Сэргэлэн, Ү.Тэмүүжин хоёр юунаас болж, яагаад маргалдсаныг мэдээгүй. Гэтэл Х.Сэргэлэнгийн толгойноос нь цус гараад байхаар нь Х.Сэргэлэнгийн гэрээс ус авч толгойг нь угаагаад, Х.Сэргэлэн эгчтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг явсан. Ү.Тэмүүжингийн биед учирсан гэмтлийг Х.Сэргэлэн учруулсан. Би Ү.Тэмүүжинтэй барилдсанаас зодоон хийгээгүй, Бид хоёр барилдаад нэг нэгийгээ даваад, газарт унаж өнхрөлдсөн. Ү.Тэмүүжинтэй барилдах үед түүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, бид хоёр биенийхээ биед гэмтэл учрахаар үйлдэл хийгээгүй. Намайг харахад Х.Сэргэлэн Ү.Тэмүүжингийн нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед нүдний гэмтэл нь  үүссэн байх. Харин гаранд учирсан гэмтэл нь Ү.Тэмүүжин Х.Сэргэлэн нар нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байх үед  үүсссэн гэмтэл гэж бодож байна. Батзаяа Сэргэлэн хоёр гудаснаас болоод маргалдсан. Тэр уурандаа хүн болгонтой хэрүүл хийгээд байсан. Ер нь хамаг маргаан Х.Сэргэлэнгээс болж үүссэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-46х, 47-48х, шүүх хуралдааны тэмдэглэл/ /,

- гэрч А.Туяагийн “...Би 2016 оны 8 сарын 04-ний өдөр ...ус аваад гарахад Х.Сэргэлэн тархиа хагалуулчихсан, цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгээд яасан бэ гэхэд зүгээрээ гээд өөрөө толгойгоо угаасан. Тэгээд намайг гараад юу болсон бэ гэж асуухад хэн ч дуугараагүй, тэгтэл Ү.Тэмүүжин би хагалчихсан гэж хэлсэн. ...Х.Сэргэлэнгийн толгойг харахад их том ангайсан байсан. Х.Сэргэлэн буцаад гараад ирэхэд Ү.Тэмүүжин гартаа чулуу барьсан байсан. Тэгээд чи дахиад цохих гэж байгаа юм уу гэхэд машин давуулаад чулуугаа шидсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-54х/,

- гэрч М.Болдбаатарын “...Х.Сэргэлэн нь 2016 оны 8 сарын 04-ний өдөр бусдад толгойндоо чулуугаар цохиулж, гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон гэж хэлсэн. Одоо гавлын дагз ясны цөмөрхийн улмаас хагалгаа хийлгэсэн, хагалгааны дараах эмчилгээг хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/, 

- шинжээч эмч Н.Туяагийн “...Х.Сэргэлэнд учирсан дагз ясны хугарал, хуйханд няцрал бүхий гэмтэл нь чулуугаар цохиход үүсэх боломжтой, мөн газар унах, ямар нэгэн хатуу мохоо зүйлд цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. ...Баруун тохойд үүссэн 7х2 см зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-65х/,

- “Сэргэлэнгийн биед дагз ясны хугарал, хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11000 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 58х/,

- Н.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 08 сарын 04-ний өдөр ... Сэргэлэнгийн хашаанд ...ойролцоогоор 20-21 цагийн үед очсон. ...Тэр өдөр Сэргэлэн миний машины ард гудаснуудаа  хийсэн байсан, тэрийг нь би мэдээгүй байсан. Сэргэлэн надаас “гудасаа авья” гэхэд нь би “юун гудас юм бэ” гэж хэлэхэд “тоглоогүй шүү” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “зүгээр байгаарай” гэж хэлсэн. Тэр үед Сэргэлэн бид хоёрын маргаан удаан үргэлжлээгүй. Тэгтэл Тэмүүжин хажуугаар орж ирээд Сэргэлэнтэй маргалдаж эхэлсэн. ...Тухайн өдөр Сэргэлэн бид хоёр эхэлж маргалдсан. Тэгээд би Х.Сэргэлэнтэй маргалдахаа болиод салах гэхэд Сэргэлэн хэрүүл өдөөд, надаас салж өгөхгүй байсан. Тэгтэл хажуунаас Тэмүүжин орж ирээд Сэргэлэнд хандаж “одоо больчихооч дээ” гэж хэлтэл Сэргэлэн Тэмүүжинд хандаад “чадахгүй байж чам шиг далдагнахгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад нэгийгээ барьж аваад зодолдсон. Тэмүүжин, Сэргэлэн нар маргалдаж зодолдох үед Тэмүүжингийг биед гэмтэл шарх байгаагүй, харин Сэргэлэнтэй зодолдоод  маргааныг салгасны дараа харахад зүүн хөмсөгний хэсгээс нь цус гарсан байсан. Маргааныг Сэргэлэн эхлүүлсэн. Зодооныг хэн эхлүүлсэн талаар мэдэхгүй байна. Тэмүүжин, Мөнх-Оргил хоёр зодолдоогүй, тэр хоёр хашаан дотор барилдсан. Халамцуу хүмүүс байсан учир газарт унаж харагдсан. Тэр үед Тэмүүжин, Мөнх-Оргил нарын биед гэмтэл, шарх харагдаагүй. Тэмүүжингийн биед учирсан гэмтлийг Сэргэлэн учруулсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 78-81х/ болон шүүгдэгч Ү.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ү.Тэмүүжингийн дээрх гэм буруутай үйлдэлд “бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэж Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул Ү.Тэмүүжинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч хэн аль согтууруулах ундааны зүйл болох архи, пиво зэргийг тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан, мөн хохирогч Х.Сэргэлэн нь найзуудын хамт гол явахдаа авч явж хэрэглэсэн дэрсэн гудас зэрэг эд зүйлээ хайж, авах гэснээс Н.Батзаяатай маргалдаж, бүдүүлэг үг хэллэг /өлөн г.м/ хэрэглэн таарамжгүй харилцаа үүсгэсэн зохисгүй байдал, эд зүйлсээ авсан бол маргааныг үргэлжлүүлэхийг болиоч гэсэн утга бүхий шүүгдэгч Ү.Тэмүүжингийн шаардлагын хариуд хохирогч Х.Сэргэлэн “чам шиг чадахгүй байж далдагнахгүй” гэж шүүгдэгч лүү хандаж хэлсэн үгэнд тэрээр дургүйлхэж хохирогчтой маргалдан зодолдсон зэрэг нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон, өөр хоорондоо маргалдан, бусдын амгалан тайван байдал алдагдуулж жижгээр танхайрсан зөрчилд мөрдөн байцаалтын шатанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Х.Сэргэлэн, Н.Батзаяа нарт шийтгэврээр торгуулийн шийтгэл  ногдуулсан нь буруу биш болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Тухайн хэрэгт Н.Батзаяаг сэжигтэнээр татаж мөрдөн байцаалтын зохих ажиллагааг хийж шалгасан боловч хохирогч Х.Сэргэлэнгийн биед хүнд гэмтэл учирсан үйл баримт Н.Батзаяагийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоогүй, тэрээр гэмт хэрэг /ЭХТА-ийн 96.1/ үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байна.  

 

Шүүгдэгч Ү.Тэмүүжин нь урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан боловч түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал дуусгавар болж ялгүй болсон байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн  гэж үзнэ.

 

Хохирогч Х.Сэргэлэн нь гэмт хэргийн улмаас биедээ авсан хүнд гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний зардалд мөрдөн байцаалтын шатанд  3.797.034 төгрөг, шүүхийн шатанд давтан хийлгэсэн шинжилгээ оношилгооны зардалд 120.000 төгрөг тус тус нэхэмжилж, холбогдох  баримтуудыг гаргаж өгсөн ба шүүгдэгч Ү.Тэмүүжин нь дээрх баримт бүхий хохирлыг бүрэн нөхөн төлсөн нь хохирогч Х.Сэргэлэнгээс шүүх хуралдаанд гаргасан “...баримтаар гарсан эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн, одоо баримттай нэхэмжлэх зүйл байхгүй байна. Харин цаашид эмчилгээ хийлгэвэл гарах зардлаа тухай бүрд нь нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, хохирол төлж мөнгө хүлээлцсэн тухай хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч Ү.Тэмүүжингээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

  Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, хохирогч Х.Сэргэлэнгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл гэм хорыг арилгах эмчилгээний болон бусад зардлын хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хорих ял шийтгүүлж болох хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, хохирогч гомдол саналгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг болон 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртлэх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно.” гэсэн энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэгжүүлэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах ёстой гэж үүрэг болгосон эрх зүйн зохицуулалт биш юм.

 

Түүнчлэн үр хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх ба Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ асран тэтгэх нь иргэний журамт үүрэг эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэх, асран тэтгэх, өсгөн бойжуулах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан.

 

Тухайн тохиолдолд шүүгдэгч Ү.Тэмүүжингийн хүүхдийн эх нь хүүхдээ асрах, тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл түүний эх байх эрхийг хассан, хязгаарласан эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэргүй, хүүхдийг шүүгдэгч Ү.Тэмүүжингийн асрамжид үлдээсэн эсэх нь талаар тодорхой баримт хэрэгт авагдаагүй байх тул зөвхөн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт баримтыг үндэслэн шүүгдэгчийг “ганц бие эцэг” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Нөгөө талаар Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг, 26 дугаар зүйлд зааснаар “...хүүхдийн эрх ашгийг ...дүүргийн Засаг дарга хамгаалж...” хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын “...тус хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах тухай, мөн өмгөөлөгч Х.Баатарбилэгээс  шүүгдэгч Ү.Тэмүүжин нь бага насны буюу 2014 оны 08 сарын 13-ний өдөр төрсөн охин Хөх-Үжингийн хамт ам бүл 2, айлын буюу эмээгийнхээ хашаанд гэрт амьдарч байгаа, эхнэр Б.Мөнх-Эрдэнэтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан боловч гэр бүлийн доторхи маргаан, мөнгө төгрөгний асуудал, эхнэр нь өөрөө өвчтэй, мөн өвчтэй ээжийгээ асрамжилдаг зэрэг хүнд нөхцөлд амьдардаг зэргээс “охиноо асрамжлах боломжгүй” гээд эцэгт нь үлдээгээд салаад явсан, Ү.Тэмүүжин нь өрх толгойлсон “ганц бие эцэг” үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийг журамлаж шийдвэрлэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Ү.Тэмүүжин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, хохирогч Х.Сэргэлэн гомдол саналгүй гэснийг болон хохирогч нь цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэж зардал гарвал тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйл заасныг тус тус удирдлага болгон                                                

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Үүрийнтуяагийн Тэмүүжинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551-р зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ү.Тэмүүжинг 03  жил 05 /гурван жил таван сар/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ү.Тэмүүжинд оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт Ү.Тэмүүжин нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Сэргэлэн гомдол саналгүй гэснийг тус тус дурьдаж, хохирогч Х.Сэргэлэн нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ү.Тэмүүжинд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ү.Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД

 

                                 ШҮҮГЧИД                                          Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                            Х.ОДБАЯР