Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 112/ШШ2022/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *******  сумын иргэн Э.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.А

Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Б.Б нарын хоорондын  аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь тус аймгийн *******д холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар маргаж байна.

 

2. Нэхэмжлэгч нь анх аймгийн Засаг даргын  2020 оны 11 дүгээр сарын 16 ны өдрийн Б/95 дугаар  захирамжаар ******* сумын *******ар томилогдсон.  Харин хариуцагчаас  2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1/937 дугаар албан бичгээр “...хууль тогтоомж зөрчсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар сумын Засаг даргыг огцруулах санал хүргүүлж, тухайн саналыг үндэслэж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдан, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоол гарч, тухайн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамж гарган ******* сумын *******ас Э.Ныг чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгч Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах гэжээ.

4. Нэхэмжлэлийн үндэслэл: Э.Н миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг Даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаар захирамжаар ******* сумын *******ар томилогдон ажилласан. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийг дуустал ажлын 24 өдрөөр ээлжийн амралтаа авсан байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулж, намайг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж оролцсон төлөөлөгчдийн олонх буюу 90,9 хувийн саналаар *******ас огцрууллаа гэж захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна . Учир нь: Улс төрийн зорилгоор Говь-Алтай аймагт Ардчилсан нам гарсантай холбогдуулан Ардын намын төлөөлөгч гэх шалтгаанаар ******* намайг шахаж, шалтаг хайн ямар хууль тогтоомж зөрчсөн болох талаар дурдаагүй, тодорхой бус шийдвэр гаргасан. 

2020 оны 09 дүгээр сард ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намайг эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан, Засгийн газрын шийдвэр, бусад хуулиудыг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр түдгэлзүүлэх чиглэл ирсэн. Энэ дээр манай Монгол ардын намын бүлэг ярилцаад манайх энэ зүйлийг хүлээж авах боломжгүй. Бид нар олонх учраас хурал энэ асуудал дээр сөрөг санал өгнө гэсэн байр суурьтай байсан боловч улс төрийн шалтгаан, бусад шалтгаанаас хамааралтай зүйл болсон. Говь-Алтай аймгийн 18 сумын 16 сумд нь Ардчилсан нам ялсан. 2 сумд Монгол Ардын нам ялсан. Үүнийг 100 хувь хангуулахын тулд Засгийн эрх мэдлийг авахын тулд ийм зүйл хийсэн гэж үзэж байгаа. Одоогоор ******* хийж байгаа Б бол тухайн үед эрүүл мэндийн төвийн дарга хийж байсан. Энэ хүн бол үүнийг гардан зохион байгуулж манай 2 төлөөлөгчийг хэргээр хурал болох өдрөөс 7-8 хоногийн өмнө улаан бүсийн эмчилгээнд оруулсан. Тэр өдөр мөн аймгаас эрүүл мэндийн төвийн шалгалт давхар дуудсан байдаг. Над дээр ч гэсэн хэд хэдэн удаа шалгалт зохион байгуулсан. Зарим сум огт шалгагдаагүй байхад би 6 удаа шалгагдсан байсан. Тэр өдрийн өглөө ирээд шалгалтаар чамд зарим нэг зүйлүүд илэрсэн. Чи хүсэлтээ өгчих юм бол цааш нь асуудал болгохгүй гэж шантаач маягийн зүйл үзүүлсэн учраас би бол ямар нэгэн нам улс төрийн зорилго байгаа гэж харж байгаа. Тухайн өдрийн хуралдаан болох хэдий байсан боловч бид нар нэг төлөөлөгчөөр л илүү. Манай сум 3000 хүн амтай учраас 21 төлөөлөгчтэй байх ёстой. 21 төлөөлөгчөөс 11 нь манайх учир хамгийн бага хангагдах нөхцөлөөр манайх 1 төлөөлөгчөөр илүү байсан. Тийм учраас манай 2 төлөөлөгчийг улаан бүсийн эмчилгээнд оруулсан учир бид нар тухайн өдрийн хуралдаанд орохгүй байя гэдэг шийдвэр гаргасан байсан боловч аймгаас хурлын нарийн бичгийн дарга Алтангэрэл гэдэг хүн хурал болохоос өмнө ирээд хурлыг цахимаар оруулахгүй, заавал биечлэн ирж оролцох ёстой гэсэн шахалтыг үзүүлсэн байгаа. Тэр нь хуульд нийцэж байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ардчилсан намын аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч одоогоор Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг хийж байгаа Алтангэрэл гэдэг хүн ирсэн. Үүний хүрээнд манай ардын намын бүлэг бид нар чухал асуудал хэлэлцэх учраас 100 хувийн ирцтэй оролцоно гэсэн албан тоот үйлдээд нэгжийн хуульд заасны дагуу 50-с дээш хувийн ирцтэй байж хийнэ гэсэн байгаа. Манай хурлын дэг дээр хурлын дарга ирцийг танилцуулж үг хэлснээр нээсэнд тооцно гэж байгаа. Тэгэхээр тухайн хуралд хурлын дарга оролцоогүй. Харин хурлын дарга Монгол ардын намын бүлгээс ирсэн албан бичгийг тухайн хуралд танилцуулах гэсэн зорилгоор ороход хурлын даргын ирцийг тухайн хурлын ирцэд бүртгэж хууль бус хурал зохион байгуулж, намайг болон манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж аймаг руу илгээж дараагийн шатны захирамжийг гаргуулсан. Үүнийг сумын Ардчилсан намын бүлэгтэй ярилцаад энэ хуульд нийцэхгүй байна. Ёс зүйтэй байя гэдэг шаардлага тавьсан. Үүний хүрээнд тодорхой хурлууд болсон. Бид нар албан ёсоор хэлсэн. Энэ хурлуудын үеэр сонгуульт ажил зохион байгуулагдаж явсан. Түүний дараа бид нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар манай сумын одоо ажиллаж байгаа нөхөр бол хүсэлтээ өгсөн. Бид нар тогтоол гаргаад өмнө нь гарсан хурлыг хүчингүй болгосон тогтоолыг ирүүлсэн байгаа. Намайг аймгийн ******* улс төрийн зорилгоор чөлөөлсөн гэж үзэж байна. Хариу тайлбар дээр цар тахлын үед зохион байгуулалт, арга хэмжээ авч ажиллаагүй гэж байна. Би 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/61 дугаартай өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохион байгуулалттай арга хэмжээ авах тухай 5 заалттай захирамж гаргасан. Үүний хүрээнд илрүүлэн мөрдөх ажлыг 6 багийн *******д, хэв журмыг тухайн цагдаагийн хэсэг Тамгын дарга нарт даалгасан захирамж гаргасан учир би энэ дээр зохион байгуулалттай арга хэмжээ авсан гэж үзэж байна. Би энэ эд мөнгөний сугалааг зохион байгуулахад ямар нэгэн байдлаар оролцсон зүйл байхгүй. Сүүлд гаргасан бүх тогтоолуудыг хүргүүлсэн байгаа. Би бол сонгогчдын саналаар сонгогдсон. Жилийн эцсийн хурал 12 дугаар сарын 20-ны дотор болох ёстой. Түүнээс өмнө бид нар одоогоор Засаг даргын ажил хийж байгаа Б.Бд 5 зүйл заалттай албан бичиг хүргүүлсэн. Ийм учир таны хуралд оролцохгүй гэсэн албан бичиг өгсөн. Учир нь улс төрийн албан тушаалтан томилогдохдоо хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг авлигатай тэмцэх газарт хянуулах ёстой байдаг. Үүнийг Б.Б хянуулаагүй. Учир нь төрсөн дүү нь сумын газрын даамал ажилтай. Тийм учраас нэг кадастрын зураг дээр ах, дүү хоёр гарын үсэг зураад захирамж гаргаад явах учраас ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэж үзсэн. Мөн сумын Засаг даргын орлогчийг томилохдоо нэгжийн хуульд зааснаар тэргүүлэгчидтэй заавал зөвшилцөн томилно гэж байгаа. Тэргүүлэгч нартай огт зөвшилцөөгүй. Хууль бус томилогоо хийсэн хууль зөрчиж байгаа учир та одоо ажлаа өг гэсэн шаардлагыг тухайн үед хүргүүлсэн байдаг. Бид нар хуульд нийцсэн шаардлага тавьсан.

Аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн албаны төлөөлөгч Болормаа фейсбүүк хуудсандаа түүнийг нийтэлсэн байсан. Хотоос над руу утсаар яриад юу болсон талаар асуусан. Би тодорхой дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн боловч зөвхөн намайг харлуулах хэсгийг тасалж аваад зурагтаар цацсан. Тийм асуудал болсон. Намайг сөргөөр харуулах хэсгийг нь тасалж авсан байна лээ. Би сугалаа болж байхад тэнд байгаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамжийг гаргасан. Энэ захирамжийг хүчингүй болгож тухайн сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Засаг даргын гаргаад байгаа захиргааны актын хууль зүйн үндэслэл дээр тайлбар хэлэхэд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг үндэслэсэн байгаа. Энэ нь дээд шатны ******* 32.2 дахь хэсэгт заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэхийг шийднэ гэж байгаа. Дараагийн дугаарт тус хуулийн 32.7 дахь заалтыг үндэслэсэн. Засаг даргыг чөлөөлсөн бол Засаг даргыг шинээр томилогдох хүртэл Засаг даргын орлогч Засаг даргыг үүргийг хэрэгжүүлэхээр заасан заалтын үндэслэсэн байдаг. Дараагийн дугаарт Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэж тухайн захиргааны актыг гаргасан байгаа. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг харахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх ёстой. Энэ заалтыг зөрчсөн. 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт огцруулах эсэх асуудлыг ажлын 5 хоногт хянаж шийдвэрлэнэ гэж байгаа. Гэтэл энд улс төрийн зорилго явагдаад байгаа нь шууд харагдаж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ардчилсан намын бүлгээ хуралдуулаад эндээс Ардчилсан намын нарийн бичгийн дарга очоод тухайн хурлыг удирдан зохион байгуулаад хуралдуулсан. Ингэж хуралдуулаад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тогтоол гардаг. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн тогтоолыг үндэслээд шууд ажлаас нь халсан. Ажлаас чөлөөлсөн. Нэг хоногийн зайтай ингэж ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн шалтаг, Ардчилсан намын тухайн Ардын нам гарсан сумын эрх мэдлийг өөртөө авах гэсэн санаачлага явж байгаа нь харагдаж байгаа. Уг нь 5 хоногийн дотор хянаад хууль зүйн үндэслэлтэй эсэх, тухайн захиргааны актыг гаргахаасаа өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх, ямар зөрчил гаргасан болохыг тогтоох ажиллагаа хийх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой гэж тусгасан байдаг. Гэтэл энэ заалтыг мөн зөрчсөн байна гэж үзэж байгаа. Тухайн захиргааны актыг харахад ямар үндэслэлээр чөлөөлж байгаа талаар бодит хуулийн үндэслэлийг зааж өгөөгүй байдаг. Дараагийн дугаарт 32.7 дахь хэсгийг үндэслэл болгосон байгаа. Засаг даргыг чөлөөлсөн бол Засаг даргыг шинээр томилогдох хүртэл Засаг даргын орлогч Засаг даргыг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Гэтэл Засаг даргын захирамжийг харахаар Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосугай гэж байгаа. Гэтэл энэ чинь өөрөө хуулиа зөрчөөд орлогчид үүргийг гүйцэтгүүлэхээр байтал Засаг даргын Тамгын газрын даргад даалгаад байгаа нь хууль зөрчсөн акт байгаа нь харагдаж байгаа. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай тогтоолыг үндэслэсэн байдаг. Нэгэнт энэ тогтоол хүчингүй болсон байгаа учир тухайн маргаан бүхий захиргааны акт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хэргийн материалаас харахад *******ас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэг санал хүргүүлээд байгаа. Энэ саналыг агуулгийг харахад цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед Э.Н нь эд мөнгөний хонжворт сугалааг зохион байгуулсан тул аж ахуй нэгжийн тухай хууль, цар тахлын тухай хуулийг зөрчсөн удаа дараа үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн агуулга бүхий саналыг хүргүүлсэн байдаг. Тэр саналыг харахад зүй нь Засаг даргыг хууль зөрчсөн бол аж ахуй нэгжийн ямар хуулийг зөрчсөн юм бэ? Энэ бол асар том агуулгатай хууль. Яагаад үүнийг ******* зөрчөөд байдаг юм бэ? ******* чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зөрчсөн байх боломжтой. Гэтэл энэ талаар дурдаагүй. Зүгээр нэг хуулиуд зөрчсөн. Э.Н эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулаагүй шүү дээ. Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б/61 дугаартай захирамж гаргасан байдаг. Тухайн орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах тухай захирамж гаргасан байдаг. Энэ хугацаанд зохион байгуулагдах холбогдох ажил үүргийг хариуцуулж өгсөн байгаа. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавих үүргийг Засаг даргын Тамгын газрын даргадаа олгосон байгаа. Бусад хүмүүст хариуцуулахаар зааж өгсөн. Энэ хугацаанд ямар нэгэн иргэн тийм арга хэмжээ явуулахад Э.Н үүнийг зохион байгуулсан гэж дүгнэж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан Заяа гэдэг иргэн гэрчээр мэдүүлэг өгсөн. Би энэ Э.Н гэдэг хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Энэ хүн тэр сугалаанд оролцоогүй. Энэ хүн зохион байгуулаагүй. Би зохион байгуулсан. Энэ бол миний асуудал гэж гэрчээр мэдүүлэг өгдөг. Энэ бол аймгийн Засаг даргын өө, сэв хайсан байгаа нь харагдаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй гэж заасан. Хариуцагч талаас энэ хүн сугалаа зохион байгуулсан, хууль бус үйл ажиллагаа явуулсан, хууль зөрчсөн нотлох баримтаа хариуцагч талаас нотолж гаргаж өгөөгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.10-т хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг эдлэнэ гэж байгаа. Засаг даргын хувьд ч гэсэн хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдэлж оролцоно. Өнөөдөр аймгийн ******* бол ажил олгогч. Сумын ******* аймгийн *******тай үр дүнгийн гэрээ байгуулдаг. 2019 оноос гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж явж байгаа байх. Ийм зүйлээр эдгээр хүмүүсийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байдаг. Хөдөлмөрийн эрх зүйд заасан эрх эдлэх эрх нь Э.Нт байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын байр хэвээр хадгалагдах хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл захиргааны актыг үйлдэхдээ ******* бүхий л хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах ёстой. Тийм байтал өнөөдөр төрд ажиллаж байгаа ээлжийн амралттай байгаа хүнийг шууд ажлаас чөлөөлж байгаа. Энэ нь өөрөө мөн л хууль зөрчсөн байгаа. Тиймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай Сумын Засаг даргыг огцруулах тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож Э.Ныг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, П.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Нын нэхэмжлэлтэй, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн *******д тус тус холбогдох, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.  Аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/937 дугаар албан бичгийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байдаг. Энэхүү албан бичигт “...******* Э.Н нь ковид-19 цар тахлын тархалт нэмэгдсэн үеэр иргэдийн дунд эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан нь холбогдох хууль тогтоомж, засгийн газрын шийдвэрийг зөрчсөн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ...иймд сумын *******ас огцруулах саналыг хүргүүлж байгааг үүгээр мэдэгдье...” гэж дурджээ. Э.Н нь энэхүү албан бичигтээ холбогдуулан ямар нэгэн санал, гомдлыг аймгийн ******* болоод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргаагүй байдаг. Энэ нь Э.Н ажпын алдаа дутагдал гаргасныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.  Аймгийн Засаг даргын саналын дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2021 оны 20 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар тогтжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар тогтоолоор сумын ******* Э.Ныг огцруулж, огцруулах саналыг аймгийн *******д хүргүүлсэн байна. Энэхүү Хурлын үйл ажиллагаа хуульд нийцсэн гэдэг нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхэд тус маргаан бүхий хэрэг хянагдаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацаанд хариуцагч болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрчлөгдөн улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 31 дугаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолыг хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан.  Хуульд зааснаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Иргэдийн нийтийн хурал/ харин төрийн удирдлагыг бүх шатны ******* хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл төрийн чиг үүргийг дээрх байдлаар орон нутагт хэрэгжүүлдэг гэсэн шууд утгыг илэрхийлнэ. Гэтэл ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 31 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл аймгийн *******д хүргэгдээгүй байна.  Нөгөө талаар Хурлын тогтоол нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд хэрэв нийцсэн бол тухайн харьяалах нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

 

Шүүх тухайн Хурлын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх, шийдвэр гаргах ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд явагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв энэ маргаан бүхий байдлыг хуульд нийцсэн гэж үзэж бусад сумд дээрх байдлаар Засаг даргыг томилсон өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоо хүчингүй болговол Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл байдал эрсдэл дагуулах бөгөөд төрийн албаны үндсэн зарчим алдагдах аюултай юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э-ын Н-аас Говь-Алтай аймгийн *******д холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа болон “...Миний бие албан ажлын зайлшгүй шаардлагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр явуулж өгнө үү.” гэсэн хүсэлт ирүүлжээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхийн хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцож товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, ийнхүү ирээгүй шалтгаанаа тодорхойлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын болон нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

3. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг. “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Нэхэмжлэгч, хариуцагч Засаг даргын захирамжийг дараах үндэслэлээр хууль бус гэж маргаж байна. Үүнд:

3.1.1.            ИТХ болохоос өмнө Ардын намын 2 төлөөлөгчийг ковид цар тахалтай холбогдуулан зориудаар эмчилгээний улаан бүсэд оруулж хуралд оролцох боломжгүй болгосон, МАН-ын төлөөлөгчид хуралд 100 хувийн ирцтэй оролцох хүсэлтэй, 2 төлөөлөгч улаан бүсэд байгаа тул завсарлага авах хүсэлт хүргүүлсэн байсан;

3.1.2.            Ирц бүрдээгүй байхад хуралдааныг хуралдуулж хууль болон дэг зөрчсөн;

3.1.3.            Хууль зөрчин батлагдсан ИТХ-ын тогтоолыг үндэслэн намайг халсан гэж маргадаг.

3.2. Хариуцагчаас маргаан бүхий актаа дараах байдлаар үндэслэлтэй гэж тайлбарладаг.

3.2.1. ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж шийдвэрээ гаргасан тул түүнийг нь баталгаажуулсан. (Хавтаст хэргийн 56 дахь талд)

 

Говь-Алтай аймгийн ******* О.Ааас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1/937 дугаар “...хууль тогтоомж зөрчсөн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар сумын Засаг даргыг огцруулах санал хүргүүлж байгааг мэдэгдье.” гэсэн албан бичгийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Эт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 57 дахь талд)

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний 20 дугаар тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг баталжээ. (Хавтаст хэргийн 26 дахь талд)

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс харвал (Хавтаст хэргийн 49-53 дахь талд) хуралдаанд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл оролцсон нь нотлогдож байх бөгөөд мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахаар ирсэн, “Итгэл үзүүлэх эс үзүүлэх биш, огцруулах, эс огцруулах асуудалд санал хураах юм” гэх зэргээр хуралдаанд оролцсон байна.

******* Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1 хуралдаанаар баталсан (Хавтаст хэргийн 79-82 дахь талд) хуралдааны дэгийн 4.1.3-т “Сумын ИТХ-ын хуралдаан даргалагч, хуралдааныг даргалах боломжгүй болсон, хуралдаан хаясан нөхцөл байдал үүсвэл төлөөлөгчдийн ердийн олонхийн ирц бүрдсэн тохиололд төлөөлөгчдийн саналаар хуралдаан даргалагчийг сонгож, хуралдааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн дуусгана” гэжээ.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлон зарлагдсан боловч тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Монгол ардын намын төлөөлөгчид хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг намын бүлгийн даргаараа дамжуулан уламжилсан байна. (хавтаст хэргийн 44-45 дахь талд) Гэвч хуралдаан хуралдаж улмаар хурлын даргыг огцруулан Б.Дэлгэрхүүг хурлын даргаар томилсон байдаг.

******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж хурлын даргаар С.Эыг буцаан сонгон баталжээ. (Хавтаст хэргийн 55 дахь талд)

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, тухайн маргаан бүхий тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгосонтой холбогдуулан хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э “... Хурлын тогтоол хууль тогтоомжид нийцсэн байх, шийдвэр гаргах ажиллагаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд явагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв маргаан бүхий байдлыг хуульд нийцсэн гэж үзэж бусад сумд дээрх байдлаар Засаг даргыг томилсон өмнөх Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоо хүчингүй болговол Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл байдал эрсдэл дагуулах бөгөөд төрийн албаны үндсэн зарчим алдагдах аюултай юм.” гэж маргадаг.

Аймгийн ******* нь сумын Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар огцруулах санал гаргах эрхтэй боловч аливаа этгээдээс тухайн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдах, асуудал хэлэлцэхэд оролцох зэрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.1.асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гэж заасантай нийцэхгүй юм.

4. Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Б/67 дугаар “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дахь хэсэг, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус дурджээ.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, тухайн маргаан бүхий тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, холбогдох нотлох баримтын хамт шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж заасан тул хурал өөрийн шийдвэрээ ийнхүү хүчингүй болгох эрхтэй байна.

Шүүхээс ******* сумын *******ар ажиллаж байгаа Б.Б-ийг гуравдагч этгээдээр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Б.Б нь Сумын *******ас чөлөөлөгдөх хүсэлтийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргасан байх бөгөөд хурал уг асуудлыг хэлэлцэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 32 дугаар тогтоолоор түүнийг албан тушаалаас чөлөөлүүлэхээр аймгийн *******д уламжилжээ.

Дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагад холбогдох хэргийг тусгаарлан, хариуцагч ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 002 дугаар шийдвэрээр баталсан байна.

4.2. Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд сумын Засаг даргыг огцруулахаар санал уламжлах талаарх ажиллагаагаа дээр дурдсанаар  хууль бус, зохих журмын дагуу явагдаагүй гэж үзэж хүчингүй болгосон тул түүнийг үндэслэн гарсан аймгийн Засаг даргын захирамжийг хуульд нийцнэ гэж дүгнэх үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г-д заасан Сумын Засаг даргыг томилуулах, чөлөөлүүлэх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн *******д уламжлах тухай асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх байна. Өөрөөр хэлбэл тухайн харилцаанд хамаарах 2006 онд батлагдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн ******* бие даан, шууд сумын Засаг даргыг огцруулах, чөлөөлөх хууль зүйн боломжгүй байна.

4.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “******* эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны *******, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ.”  гэж тус тус зааснаас үзвэл аймгийн ******* сумын Засаг даргыг огцруулахаар ирүүлсэн саналыг хянаж үзэх, хууль тогтоомжид нийцүүлэх бүрэн эрхтэй.

Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “бүх шатны ******* болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;” гэж зааснаар улс төрийн албан тушаалтныг огцруулах үндэслэл зөв эсэх талаар дүгнэх боломж хязгаарлагдмал боловч дээр дурдсан хуулийн 32.2-т заасан нөхцөл байдлыг бүрэн нотолсон нотлох баримт байгаа нөхцөлд шүүх түүнийг үнэлэхгүй гэсэн үг биш юм.

Тодруулбал, Аймгийн *******ас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “******* гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны ******* буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, 32.4-т “Дээд шатны *******, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.” гэж зааснаар аймгийн *******ас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сумын Засаг даргыг огцруулах талаар санал хүргүүлсэн байх боловч сумын Засаг даргыг огцруулах үндэслэл болох шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйг нотлох баримтыг ирүүлээгүй болно.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;”, 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 70 хоногийн олговор 4,859,470 /дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;” гэж заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1, 2.3 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Нын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн  2021 оны 7, 8, 9 дүгээр сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.

 

5. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.4,  32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э-ын Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.4,  32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э-ын Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль/2021 он/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Э.Нт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 4,859,470 /дөрвөн сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн ******* О.Ат даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН