Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 23

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01283/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х- овогтой С-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-д холбогдох

          “3.796.380 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б-оос:

Би “Дулаан шарын гол” ТӨХК-д харуулаар ажиллаж байгаад ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсанаа мэдээд шүүхэд хандахад анхан шатны шүүхийн 311 тоот шийдвэрээр харуулын ажилд эгүүлэн тогтоосон. Иймд намайг өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй, ажилгүй байсан үеийн цалин 3.796.380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг:

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажлаар хангах ёстой гэж дурдсан. “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын албанд 4 орон тоо байсан боловч 2015 онд 5 хүн ажиллаж байсан учир нэхэмжлэгч С.Б-ыг ажилд эгүүлэн тогтоож ажиллах орон тоо байгаагүй. С.Б-ын хувьд өөрийнх нь ажлын байр байгаагүй, харуулын албаны дарга н.Туяатай хувийн таарамжгүй харилцаатай байсан тул маргаантай байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон байдал, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан нэхэмжлэгчийн дансруу 1.000.000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч С.Б-од дахин ажилгүй байсан хугацааны цалин гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар 3.411.240 төгрөгийг “Дулаан шарын гол” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Б-од олгож, 660.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан /100+75.600 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 75.700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулаан шарын гол” ТӨХК-иас 75.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж миний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал буюу ажилгүй байсан хугацааны 21 хоногийн цалин, мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 15 хоногийн цалин, нийт 36 хоногийн цалин болох 660.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой байтал “Дулаан шарын гол” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхцэцэг нь өөрөө дур мэдэн өөрчилж, С.Б- надтай уулзаж санал бодлыг минь асуулгүйгээр компанийн дулааны станцын албанд түлш дамжлагын машинчаар ажиллуулах шийдвэр гаргах эрхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу би харуулын ажлаа хийх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 660.240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхээс С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааг буруу тооцсон байна. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажлын хоног 179 хоногоор тооцож олговол зохих мөнгө нь үндсэн цалин хөлсний дундаж 363.000 төгрөгөөр тооцоход 3.076.857 төгрөг олгогдохоор байна. Энэ мөнгөнөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу шилжүүлсэн 1.259.120 төгрөгийг хасч тооцоход С.Б-од 1.817.737 төгрөг олгогдох байтал шүүхийн шийдвэрээр олгогдох мөнгөний тооцоо буруу тооцогдож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийн, эрүүл мэндийн даатгалын татварын асуудлууд тусгагдаагүй байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Дулааны Шарын гол” ТӨХК-ийн захирлын тушаалаар С.Б-ыг ажлаар хангасан тушаал гарсан байхад одоо хүртэл байгууллага дээрээ очиж ажиллахгүй мөнгө нэхэмжилж байгаа болон хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх нь хоёр талын эрх болох талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж өгөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б- хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-нд холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин 4.071.480 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК  нэхэмжлэгч С.Б-ыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цалин хөлсийг нь бууруулахгүй ажилд томилсон бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 1.259.120 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 3.411.240 төгрөгийг хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.Б-од олгож, үлдэх 660.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Б- нь анхан шатны шүүхийн 2017оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн харуулын ажилд эгүүлэн тогтоогдсон, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгч С.Б-ын ажилгүй байсан хугацааны олговор 1.137.080 төгрөг олгогдохоор тус тус шийдвэрлэгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж тус тус зааснаар “Дулаан Шарын гол” ТӨХК шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Хэргийн 71 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК нэхэмжлэгч С.Б-ыг Дулааны станцын албанд түлш дамжлагын машинчийн ажил албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн тус компанийн гүйцэтгэх захирлын тушаал авагдсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “...ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр...” гэж заасантай нийцээгүй ажил олгогчийн шийдвэр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Б-той тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч С.Б- шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан харуулын ажил албан тушаалд ажиллах хүсэлтэй гэдгээ шүүхэд гаргасан тайлбараар илэрхийлсэн болно.

Нэхэмжлэгч С.Б- хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд энэ талаар шүүхэд хүсэлтээ бичгээр гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 4188 дугаартай шүүгчийн захирамж гарч, захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-иас 1.153.795 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-од олгогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харин урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ШШГА “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол гаргасан нь хуульд нийцээгүй тогтоол  байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Б-ын шүүхэд гаргасан хүсэлтээр  шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарсан бөгөөд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр биелэгдээгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь учир дутагдалтай болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б-ын ажилгүй байсан хугацааг тооцохдоо Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол үйлдэгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тооцсон нь буруу буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилгүй байсан бүх хугацаанд нь...” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч С.Б-ын давж заалдсан гомдол үндэслэл бүхий байх тул түүний 36 хоногийн цалин, түүнтэй тэнцэх олговор 660.240 төгрөгийг хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-аас нэмж гаргуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв хэрэглээгүй алдааг залруулан зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар 3.411.240 төгрөгийг “Дулаан Шарын гол” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Баятогтоход олгож, 660.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-аас 4.071.480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-од олгосугай” гэж

  2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000941 тоот дансанд тушаасан /100төгрөг+75.600 төгрөг/ улсын тэмдэгтийн хураамж 75.700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-иас 75.700 төгрөггаргуулан нэхэмжлэгч С.Б-од олгосугай” гэснийг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дулаан Шарын гол” ТӨХК-иас 80.093,68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-од олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.500 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ОЮУНЦЭЦЭГ          

                                              ШҮҮГЧИД                                        С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      Л.АМАРСАНАА