Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/61

 

 

 

 

 

 

 

  

2019 оны 06 дугаар сарын 25 өдөр                          2019/ДШМ/61                                                         Зуунмод

 

 

        Э.Б, С.Онарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай  шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Э.Б, С.Онарт холбогдох эрүүгийн 1934002710168 дугаартай 1 хавтас 125 хуудас бүхий хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 26 настай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Төв аймаг Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 36-03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнэбаатарын Баяраа РД: НЭ93021617,

              Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 26 настай, ам бүл 4 ээж, эгч дүү нарын хамт амьдардаг, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Төв аймгийн аймгийн Жаргалант сум Баянбулаг 3 дугаар баг Гангын 2-15 тоотод оршин суух,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Батад овогт Самбалхүндэвийн Отгонбаяр РД: НМ93012516,

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 36-03 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Бямбажаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ

 

Э.Бямбажаргалтай  хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаар шүүгчийн захирамжаар:

Яллагдагч Э.Б, С.Онарт холбогдох эрүүгийн 1934002710168 дугаартай хэргийг аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Алимаа бичсэн эсэргүүцэлдээ: “ ...Тус Аймгийн Прокурорын газраас эрүүгийн 1934002710168 дугаартай хэрэгт Э.Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан, С.Отгонбаярыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцаасан байна.

 

Хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг хэрхэн ноцтой зөрчсөн эсвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой дурьдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Э.Б нь ... Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт Э.Бямбажаргал нь бусдад хутгалуулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлд зааснаар "гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор" хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан үйл баримтыг шалгажээ.

 

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, С.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлснийг хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ хүлээн авч хянаад хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн зааснаар шалган үнэлж, Э.Бг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар

 

татаж, мөрдөгч мөн өдрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйл, мөн хуулийн 31.3 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулжээ.

 

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 27.2 дугаар зүйл, 27.7 дугаар зүйлд зааснаар шинжээч  томилох  тогтоол, шинжээчийн  дүгнэлтийг  хэргийн оролцогч  нарт танилцуулж, тэдний хуульд заасан эрхийг хангасан байна гэж үзэхээр байна.

 

Шүүгчийн   захирамжид   заасан   бичиг   техникийн алдаатай нотлох баримтууд   нь   хэргийг   шийдвэрлэх,   шүүгдэгчид   ял  оногдуулахад сөргөөр нөлөөлөхүйц зөрүүтэй хууль зөрчсөн, мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хангаагүй, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

 

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн

2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж, хүргүүлэв” гэжээ.

 

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцоно. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд №67, 68, 229 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг  2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр  мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэрэндондов Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч нарт танилцуулсан, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй байна.

 

 

 

 

Харин шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл үйлдэхдээ /хх-36,37,44,45,50,51/ тэмдэглэх хэсэгт яллагдагчийн нэрийг засварласан байдлаа тэмдэглэлд тусгаагүй нь буруу боловч, энэ нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

 

Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр  хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж  үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

 Уг тэмдэглэлд  хэргийн зүйлчлэлийг /Э.Бгийн/  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеийн зүйлчлэлээр бичигдсэн алдааг мөрдөгч болон прокурор цаашид анхаарах шаардлагатай.

 

Шүүх дээрх байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-д заасныг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтад болон яллагдагч гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

Иймд “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Б, С.Онарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

 2. Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор С.Алимаагийн бичсэн 31 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Э.Б, С.Онарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                      Г.БОЛОРМАА