| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/09 |
| Огноо | 2022-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жгийн Бод холбогдох эрүүгийн 2238000000713 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У овогт Жгийн Б, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РД89022112 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн “Сайр" гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн С.Өтай бэлчээрийн асуудлаас болж маргалдсаны улмаас түүний биед халдаж хохирогчийн духанд шарх, духны зөөлөн эдэд няцралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000713 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн С.Өтай “хонио манай бэлчээрт бэлчээлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг боож, толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь шарх, духны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Өын өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Сайр гэдэг газар намаржиж байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намаржиж байгаа газрын ойролцоо хонь руугаа явж байтал саахалт намаржиж байсан Б манай хонийг буцааж туугаад байхаар нь морьтой явж очоод яагаад хонь буцааж туугаад байгаа юм бэ гэж асуухад “та өвөлжөө рүүгээ нүүх болоогүй байгаа юм уу” гэж хэлээд над руу уурлан миний нүүр рүү нулимахаар нь би урдаас шороо авч цацтал миний хоолойг боосон. Тэгээд би урдаас нь түлхтэл газраас чулуу авч миний толгой хэсэг рүү цохисон юм. Тэгээд яваад өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Мөрөн сум орж цагдаад бичгээр гомдлоо гаргасан...Манай хонь Бын өвөлжөөний ойролцоо газар бэлчээрлэж байсан юм. Тэгээд л өвөлжөөний ойролцоо мал бэлчээлээ гэж уурлаад намайг цохисон байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...С.Өлзийбаяр нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авч 84.000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байна. Үүнд өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ үйлчилгээг авсан байна...эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 84.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Б.Бын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өвөлжөөн дээрээ манайх нүүж ирсэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би гэрийн эд зүйлийг эмхэлж янзалж байхад манай хонь айлын хоньтой нийлэх гээд өвөлжөөний хойд талын уулын бэлд харагдахаар нь манай нөхөр мотоциклиор эргүүлэхээр явсан. Тэгээд өөрийнхөө хонийг доош нь хөөж буулгачхаад С.Өын хонийг уул өөд тууж яваа харагдсан. Тэгээд удалгүй манай нөхөр гэртээ ирсэн ирээд С.Ө ах намайг өвөлжөөн дээрээсээ зайл гэж хэлж байна гэж ярьж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С.Ө нь эхнэрийн хамт мотоциклиор манай гадаа ирэхээр нь гарахад танай нөхөр намайг ингэж зодлоо гэж байсан...Тэгэхэд нь Тоогий би юу гэж таныг цохих юм бэ? Та бид хоёр хоёулаа барилцаж аваад газарт унасан байх. Тэгэхэд л толгой чинь хагарсан байх гэж хэлж байсан. Тэгсэн С.Ө нь би цагдаад хэлэхээс дээ гээд мотоциклио асаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэрч Д.Бийн өгсөн: “...Ж.Б С.Ө нь манай багт 2016 оноос амьдарч байгаа. Ж.Б нь архи дарс хэрэглээд байдаггүй хүн. Ж.Б С. Ө энэ хоёр С.Ө нь 2019 онд “Мянгат, сумын аварга малчин” болж байсан. Харин. Ж.Б нь 2022 оны мянгат малчин болж байгаа юм. Ж.Б С.Ө их ажил төрөлтэй хүмүүс байгаа юм. Би зодоон цохин болсон талаар 10 хоногийн өмнө мэдсэн...Ж.Б С.Ө нар нь намар болохоор маргаан гараад байдаг юм. Манай сум мал ихтэй бэлчээрийн даац хэтэрсэн байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаартай: “...С.Өын биед духанд шарх, духны зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. С.Өын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39 тал/,
Шинжээч эмч М.Батмөнхийн өгсөн: “...Би гаргасан. С.Өын биед тогтоогдсон дээрхи духны шарх, духны зөөлөн эдэд няцралт нь чулуугаар үүсгэгдэх боломжтой. Учир нь чулуу бол мохоо зүйлд хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Хохирогч С.Өын Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 8 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Бын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би тухайн Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна... Бид хоёр урьд өмнө байнгын шахуу маргаантай байдаг байсан. Ямар учраас маргаантай байдаг байсан бэ? гэхээр малын бэлчээрийн асуудлаас болж маргаантай байдаг байсан. Гэхдээ урьд өмнө зодолдож байгаагүй. Өр авлага бол байхгүй надад бол С.Ө өс санаад байх зүйл байхгүй. Тэр хүн юу гэж боддогыг мэдэхгүй байна...С.Ө бид хоёр л байсан...Одоогийн байдлаар албан ёсоор эвлэрсэн зүйл байхгүй. Гэхдээ бид хоёр харилцан ярилцаж тохиролцсон зүйл байгаа. Би одоо буцаж очиж байгаад С.Өтай уулзаж, уучлалт гуйж эвлэрнэ гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Өын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, гэрч Б.Б, Д.Б нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 567 дугаартай дүгнэлт, шинжээч эмч М.Батмөнхийн мэдүүлэг, хохирогч С.Өын Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Галт сумын Зүрх багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Өтай “хонио манай бэлчээрт бэлчээлээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг боож, толгой хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд нь шарх, духны зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Өын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Бын үйлдэл идэвхтэй, хохирогч С.Өын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч С.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч С.Ө, шүүгдэгч Ж.Б нар нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эмчилгээний зардал 500.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлсөн гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ хэрэгт авагдсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Быг хохирогч С.Өт төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 84.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Боос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 84.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Боос 84.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 53-57, 59 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Галт багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Жгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жгийн Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бод оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Бод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Боос 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН