Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2019/02304

 

                                     

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр         Дугаар 101/ШШ2019/02304             Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б их дэлгүүр хаягт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, П.М-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 2.032.295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, гэрч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С” ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “С” ХХК нь П.М-тай 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Түрээсийн талбайн гэрээ” байгуулж, Скай их дэлгүүрийн 1 давхарт 17 м.кв талбайг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэхээр тохиролцсон. Түрээслэгч нь түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг 80,000 төгрөгөөр, сарын 1,360,000 төгрөгөөр, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, талбайн ашиглалтын хэвийн байдлыг хангах, эрхлэн хариуцах зорилго бүхий менежментийн 1 м.кв-ын төлбөрийг 10,000 төгрөгөөр, сарын 170,000 төгрөгөөр нийт сар бүр 1,530,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. 1,530,000 төгрөг нь НӨАТ ороогүй дүн бөгөөд 1.1-ээр үржигдэж НӨАТ нэмэгдсэн үнээр тооцож төлбөр төлөх үүрэгтэй байсан. Түрээсийн талбайн гэрээний 12.1, 12.2-т зааснаар түрээслэгч нь үндсэн гэрэлтүүлгээс өөр зориулалтаар ашигласан цахилгааны төлбөр, нэмэлтээр ашиглаж буй ус, хий буюу дулааны төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн. Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн талбайн 1 м.кв-ын төлбөрийг эхний 3 сарын турш 20 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагч П.М нь гэрээ байгуулагдсан цагаас хойш түрээсийн төлбөрийг огт төлөөгүй учраас барьцаанд төлсөн 3,060,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн авлагаас хасч, түрээсийн талбайн гэрээг 2018 оны 03 дугаар сард дуусгавар болгон цуцласан. Иймд П.М-аас 2018 оны 1-3 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1,241,000 төгрөг, мөн гэрээний алдангийн хэмжээ 50 хувиас хэтэрсэн учраас 50 хувиар нь тооцож алдангид 620,500 төгрөг, ашиглалтын зардалд 170,795 төгрөг, нийт 2,032,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

    

Хариуцагч П.М болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр анх Скай их дэлгүүрт очиж талбай түрээслэх хүсэлтээ илэрхийлэн түрээсийн менежер н.Э гэх хүнтэй уулзахад “манай дэлгүүр шинээр нээлтээ хийх гэж байгаа өндөр зэрэглэлийн их дэлгүүр, 1-р давхрыг тэр чигт нь гоо сайхан, үнэт эдлэл, дэлхийн брендийн цагны тасгуудад түрээслэсэн байгаа одоо ганцхан талбай үлдсэн яаралтай барьцааны мөнгөө өгөхгүй бол түрээсийн талбай хадгалагдахгүй 18 цагаас өмнө ирж гэрээгээ хий” гэсэн. П.М өмнө нь Солонгос улсад сурч байснаа ашиглан гоо сайхны барааны дэлгүүр нээж, ашиг орлого олохоор өндөр үнэтэй түрээс төлж, түрээслэгчээр орсон. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд талбай, лангуу, нэмэлт хана босгох ажлуудыг түрээслэгч өөрөө хариуцахаар зааж өгсөн бөгөөд анх 22 м.кв гэж хүсэлт гаргасан боловч 17 м.кв талбайд тааруулан талбайн хуваарилалтыг шинэчлэн, засварын компанитай гэрээ байгуулж 2,350,000 төгрөгийн засварын ажил гүйцэтгүүлсэн ба энэ тухай баримт болон зургуудыг нотлох баримтаар гарган өгсөн байгаа. Зургаас харахад нэмэлт хана босгосон, мөн талбайн зохион байгуулалтыг өөрчилсөн байгаа. Дараа нь дэлгүүрийн өнгө үзэмжийг сайжруулахад тавилга шаардлагатай болсон тул 10,000,000 гаруй төгрөгийн тавилга хийлгэсэн. Ингээд түрээсийн талбайд ороход нэг ч үнэт эдлэлийн дэлгүүр байхгүй, нээлтийн үйл ажиллагаа хойшилсоор 11 дүгээр сарын 25-ны өдөр болж, хүн ордоггүй байсан учраас ашиг орлого олоогүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэх очоогүй бол түрээсийн төлбөрт битгий санаа зов гэж хэлдэг байсан бөгөөд ашиг олоогүй, менежментээ сайн хийгээгүй гээд 2018 оны 01 дүгээр сар хүртэл бүх түрээслэгч нараас ямар ч төлбөр аваагүй. Оноос өмнө төлбөрийг 50 хувь хөнгөлнө гэж хэлсэн боловч бүгдийг нь 100 хувиар хөнгөлсөн. Ингээд 12 дугаар сар хүртэл нөхрийнхөө цалингаар худалдагч авч ашиггүй ажиллаж, дэлгүүр маш хүйтэн байсан учраас худалдагч нь ажиллах хүсэлгүй болж ажлаасаа гарч, 2018 оны 01 дүгээр сараас өөрөө дэлгүүртээ ажиллаж байгаад бөөр, шээсний замын хурц үрэвсэл болж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас дэлгүүртээ ажиллах боломжгүй болж гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлах үед талууд тооцоо нийлээгүй, тойрох хуудас өгөөгүй ба барьцаа мөнгөнд чинь бүх юм суутгагдсан гээд гаргасан байдаг. Ингээд 2018 оны 02 дугаар сард гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар харилцагчийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланг үндэслээд байна. Дэлгэрэнгүй тайлангаас харахад 2.400.000 төгрөгийг хаав гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.060.000 төгрөгийг түрээсийн авлагаас хассан гэж яриад байна. Мөн 170.000 төгрөгийн ашиглалтын зардал нь авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар л нотолж байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 12 дугаар зүйлд ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөө төлнө, төлөхдөө түрээслүүлэгчээс өгч байгаа нэхэмжлэхийн дагуу төлнө гэж заасан байна. Гэвч ямар ч нэхэмжлэх өгөөгүй, ямар ч баримтгүйгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гэрээний 20.6-д хоног тутамд 0.5 хувийн алдангийг тусгай нөхцөлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй гүйцэтгээгүй бол гэж заасан бөгөөд тусгай нөхцөлөөс харахад мөн нэхэмжлэх ирснээс хойш төлөөгүй бол гэж заасан. Гэвч П.М-т ямар ч нэхэмжлэх ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, П.М-тай байгуулсан түрээсийн гэрээг 2018 оны 03 дугаар сард дуусгавар болгосон, түрээсийн гэрээний үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй, 2018.03.31-ний байдлаар хариуцагчийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.740.000 төгрөг, менежментийн зардал 561.000 төгрөг, нийт 4.301.000 төгрөгөөс П.М-ын төлсөн 3.060.000 төгрөгийг хасаад түүний түрээсийн үлдэгдэл төлөөгүй төлбөр 1.241.000 төгрөг, алданги 620.500 төгрөг, ашиглалтын зардал 170.795 төгрөг, нийт 2.032.295 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.М 2017.08.23-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан боловч тухайн дэлгүүр хүн орохгүй байсан тул “С” ХХК 2017 оныг дуустал хугацааны түрээсийн төлбөрөөс түрээслэгч нарыг бүрэн чөлөөлсөн байгаа. Түрээсийн гэрээний дагуу 2018 оны 01 дүгээр сараас гэрээ хэрэгжиж эхэлсэн тул 2018 оны 01-03 сарын түрээсийн төлбөр 20 хувийн хөнгөлөлт эдэлж, миний төлсөн 3.060.000 төгрөгт тохирсон гэж маргажээ.

 

 Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн талбайн гэрээ байгуулагдаж, уг гэрээний тусгай нөхцөлөөр 17 м.кв талбайг 1 м.кв-ийг 80.000 төгрөг буюу 17 м.кв талбайн төлбөр 1.360.000 төгрөг, менежментийн төлбөр 10.000 төгрөг буюу 17 м.кв талбайн төлбөр 170.000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу хариуцагч П.М нэхэмжлэгчид 3.060.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд Б.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгээс үзэхэд “С” ХХК 2017 оны түрээсийн төлбөрөөс түрээслэгч нарыг бүрэн чөлөөлсөн байх тул 2018 оны 01 дүгээр сараас талуудын хооронд байгуулагдсан 17-С1-001 гэрээ хэрэгжиж эхэлсэн байна.

 

П.М-ын түрээсэлсэн талбайн 1 м.кв талбайн түрээсийн үнэ 80.000 төгрөг, гэрээ хэрэгжиж эхэлсэн үеэс буюу 2018 оны 1 дүгээр сараас гэрээний дагуу 20 хувийн хөнгөлөлтийг хасахад 1 м.кв талбайн түрээс 64.000 төгрөг /17 м.кв х 64.000 төгрөг = 1.088.000/ буюу 17 м.кв талбайн 1 сарын түрээс 1.088.000 төгрөг, 2018 оны 01 сараас 03 сарын төлбөр /1.088.000х3=3.264.000 төгрөг/ 3.264.000 төгрөг байна.

 

Үүн дээр менежментийн зардал 1 сарын 170.000 төгрөгийг 3 сараар үржүүлэхэд 510.000 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 3.264.000 төгрөг   /3.264.000+510.000=3.774.000/ нэмэхэд П.М-ын 3 сарын төлбөр зохих түрээсийн үнэ 3.774.000 төгрөг байна.

 

Үүнээс П.М-ын төлсөн нэхэмжлэгчид төлсөн 3.060.000 төгрөгийг хасахад /3.774.000-3.060.000=714.000/ түүний түрээсийн төлбөрийн үлдэгдэл 714.000 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги 620.500 төгрөг шаардаж байх боловч хариуцагчаас 2018 оны 03 сар буюу гэрээ цуцалснаас хойш түрээсийн гэрээ шаардаж байсан эсэх баримтгүй, хариуцагч түрээсийн нэхэмжлэх нэг ч удаа ирж байгаагүй талаар тайлбарлажээ.

Гэрээний 25.2 дахь заалтад “гэрээ цуцалсан, гэрээний хугацаа дуусч түрээслүүлэгч талаас худалдааны талбайг чөлөөлүүлэх шаардлага гаргасан бол тухайн гэрээ цуцлагдсан өдрөөс гурав хоногт багтаан талбайг цэвэрлэн, эвдрэл гэмтэлгүйгээр анх хүлээлгэж өгсөн байдлаар хүлээлгэн өгөх ба талбайтай холбоотой  аливаа төлбөрийг барагдуулж тооцоо нийлсэн байна” гэж заасан байх бөгөөд тооцоо нийлсэн акт болон бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа тул алдангийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд хариуцагч П.М-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 714.000 төгрөг, ашиглалтын зардал 170.795 төгрөг, нийт 884.795 төгрөг гаргуулж, “С” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.147.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар П.М-аас 884.795 төгрөг гаргуулж, “С” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.147.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.М-аас 25.785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО