Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
Хэргийн индекс | 101/2018/03813/и |
Дугаар | 1178 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 1178
2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2019/01178 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б ,
Хариуцагч: Д.Н нарт холбогдох,
26,871,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 34,608,500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П , хариуцагч С.Б , Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С.Б , түүний эхнэр “А ” ХХК-ийн нягтлан бодогч Д.Н нар нь “А ” ХХК-ийн нэр, тамга тэмдгийг ашиглан ашиг орлого олсон байдаг. Дээрх үйлдэл нь илэрч С.Б , Д.Н нар нь “А " ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч А.Б нар харилцан тохиролцож 2017 оны 09 сарын 01-ний өдөр 009/01 тоот гэрээ байгуулан харилцан үүрэг хүлээсэн. С.Б , Д.Н нар нь 2017 оны 09 сарын 04-нд 15,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 23-нд 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон бөгөөд 7,000,000 төгрөг, 1,400,000 төгрөг, 3,000,000 төгрөг, нийт 11,400,000 төгрөгийг өгсөн. Мөн С.Б , Д.Н нар нь өөрсдийн үйлдлийн улмаас гарсан татвар хураамжийг төлөхөөр тохиролцсон бөгөөд одоогоор С.Б , Д.Н нарын үйлдэлтэй холбогдсон татвар, нийгмийн даатгалд 3,271,000 төгрөгийг “А ” ХХК төлөөд байна. Иймд харилцан тохиролцсон 35,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 23,600,000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөг, нийт 26,871,000 төгрөгийг С.Б , Д.Н нараас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч С.Б , Д.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А ” ХХК-аас харилцан тохиролцсон 35,000,000 төгрөгийн үлдэгдэл 23,600,000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөг, нийт 26,371,000 төгрөг биднээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. С.Б би Цахилгаан түгээх сүлжээний газарт ахлах монтёр ажилтай байхад А.Б 2011 оны 06 сард анх тус газарт туслах монтёроор ажилд орж байсан. Тухайн үеэс бид ах дүү болон нөхөрлөж ирсэн. А.Б цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байгаа тухай надад хэлсэн. “А ” ХХК-ийн нэр дээр 2012 оны 05 сард тусгай зөвшөөрлийг авсан ба тухайн компани нь ямар нэгэн ажил үйлчилгээ огт хийгээгүй дүрмийн сандаа 20,000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. “А ” ХХК-ийн захирал А.Б танил тал муутай учир цахилгааны ажил олж хийж чадахгүй мөн намайг тэтгэвэрт гарах дөхсөн цаашид танд ч хэрэгтэй гэдгээр ятгаж, намайг “А ” ХХК-ийн нэр дээр ажил олж хийж компанийн үйл ажиллагааг жигдрүүлж өгөөч гэж гуйсан. Ингэхдээ миний эхнэр Д.Н г баланс тооцоо гаргаж бай гэж хэлээд Голомт банк дээр очиж гарын үсгийн баталгааг албан ёсоор өгч байсан. Харин надад хариуд нь хэдэн төгрөг өгчихөж байгаарай гэсэн. Би 2013 оны 03 сараас анхны ажлаа олж захирал А.Б д хэлж, хамт явж захиалагч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Анхны ажлаас эхлээд 2014 оны 09 сар хүртэлх хугацаанд хийсэн ажлуудыг С.Б би өөрөө бүрэн хариуцаж, туслах ажилчид авч, цалинжуулж албан ёсоор тайлан гаргаж тайлантай холбоотой татвар, нийгмийн даатгалын шимтгэл бусад өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байсан. “А ” ХХК-ийн захирал А.Б нь Эрчим хүчний хөгжлийн төвд хяналтын инженер ажилтай болсон цагаасаа хойш би завгүй ажил ихтэй байна, та өөрөө хариуцаад хийж бай гээд тус компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл тамгыг надад өгсөн. Ингэж ажиллаж байхдаа бид ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тухай тушаал шийдвэр гаргаж цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэл ч төлж байгаагүй бид нэг нэгэндээ бүрэн итгэж, хийсэн ажил бүрийн ашгаас би захирал А.Б д тохирсон, хэлсэн хувийг өгч ирсэн болно. Ер нь бид ярихдаа ашгаа 2 хувааж авч байхаар тохиролцсон. “А ” ХХК-ийн нэр дээр хийгдсэн ажлууд, үүнээс захирал А.Б д өгсөн ашгийн үнийн дүнг тус бүрт нь жагсаавал:
1. 2013 оны 03 сарын 16-нд Эс ******* ******* компанийн Америк элчингийн 260 айлын орон сууцны барилгын гадна цахилгааны ажлаас А.Б өөрөө Голомт банкны харилцах данснаас 5,000,000 төгрөг хувьдаа авсан,
2. Дээрхи ажлыг хийж дуусгаад ашгаас нь 10,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэрчлэх хүмүүс байгаа,
3. 2013 оны 09 сард Худалдаа хөгжпийн банкны ажлаас 8,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэрчлэх хүмүүс байгаа,
4. 2013 оны 12 сард “У” ХХК-ийн барилгын гадна цахилгааны ажлаас VОХҮ маркийн найман хүний суудалтай микро автобусыг 11,000,000 төгрөгт тооцож өгсөн гэрчлэх хүмүүс байгаа,
5. 2014 оны 07 сарын 24-нд 3,500,000 төгрөг Голомт банкны дансаар баримт байгаа,
6. 2014 оны 09 сард 8,500,000 төгрөгийн үнэтэй трансформатор өгсөн өөрөө 3 дугаар хорооллын хашаанаас авч явсан,
7. 2016 оны 01 сарын 25-нд 1,000,000 төгрөг Төрийн банкны дансанд нь хийж өгсөн,
8. 2016 оны 10 сарын 13-нд 700,000 төгрөг А.Б өөрөө Голомт банкны данснаас авч хувьдаа ашигласан,
9. 2017 оны 09 сарын 05-нд 7,000,000 төгрөг Голомт банкны А.Б ын хувийн дансанд нь хийж өгсөн,
10. 2017 оны 09 сарын 21-нд өмгөөлөгч П*******гийн Хаан банкны хувийн дансанд нь 1,400,000 төгрөг,
11. 2017 оны 09 сарын 25-нд өмгөөлөгч П*******гийн Хаан банкны хувийн дансанд 3,000,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийн ашгийг өгсөн ба энэ талаар захирал А.Б маргаагүй болно.
2015 оны 09 сараас ажил олдоогүй бөгөөд 2016 оны 01 сараас “А ” ХХК-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн, хамтран ажиллахаас бүрэн татгалзсан. Үүнээс хойш огт холбогдолгүй байж байснаа 2017 оны 08 сарын 17-нд Баянгол дүүргийн цагдаад “А ” ХХК-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэх үндэслэлээр гомдол гаргасан. Миний бие мэргэжлээрээ улсад 38 жил, цахилгаан түгээх сүлжээнд 34 жил үнэнчээр ажиллаж, 2017 оны 11 сард гавьяаны амралт, тэтгэвэртээ гарсан. Ийнхүү ажиллах хугацаандаа өөрийн үүрэгт ажлыг хариуцлагатай хийж, ямар нэгэн доголдол, зөрчил гаргаж байгаагүй ба хүнд тусалж, дэмжиж байсан болохоос хүнийг залилж мэхэлж хохирол учруулах нь битгий хэл хүнтэй муудалцаж үзээгүй хүн. Баянгол дүүргийн цагдаад намайг 2013 оноос хойш компанийн тамга тэмдэг, дансыг ашиглаж захирлын зөвшөөрөлгүй гэрээ байгуулан компанийн дансаар хувьдаа мөнгө завшсан гэх гомдол гаргасан байсан. Тэгээд “А ” ХХК-ийн захирал А.Б тай уулзахад “Одоо энэ залилангийн хэрэг болж байна эрүүгийн хэрэг үүсгэчихсэн та надад мөнгө өгөх ёстой 35,000,000 төгрөг өгвөл би гомдлоо татаж авлаа“ гэж хэлсэн. Хэд хоногийн дараа бид хоёрыг уулзая гэж дуудаад таньдаг нотариатч дээрээ дагуулан очиж гэрээ байгуулан, энэ гэрээн дээр гарын үсгээ зур гэж дарамталж, айлган сүрдүүлж байгаад гарын үсэг зуруулсан. 2017 оны 09 сарын 01-ний гэрээн дээр “Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн өргөдлөө татаж авна” гэж л байсан. Нотариатаас гарсны дараа та энэ ард нь “иргэний үнэмлэхнүүд хуулбарлаж нотариат баталсны доор” гарын үсгээ зур регистрийн дугаар, утасны номероо бич гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Одоо шүүхэд ирүүлсэн гэрээний ард 35,000,000 төгрөгийг “тэдэн тэдэнд” өгнө гэсэн хуваарь бичсэн байна энэ зүйлийг би мэдэхгүй уншиж байгаагүй өөрсдөө нэмж бичсэн байна. Мөн 2017 оны 09 сарын 5-нд бид гэрээ байгуулж байсан. Энэ гэрээнээс бүх асуудал тодорхой болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“А ” ХХК-ийн нэр дээр 2012 оны 05 сард тусгай зөвшөөрлийг авсан ба тухайн компани нь ямар нэгэн ажил үйлчилгээ огт хийгээгүй дүрмийн сандаа 20,000 төгрөгийн хөрөнгөтэй байсан. Би 2013 оны 03 сараас анхны ажлаа олж захирал А.Б д хэлж, хамт явж захиалагч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Анхны ажлаас эхлээд 2014 оны 09 сар хүртэлх хугацаанд хийсэн ажлуудыг С.Б би өөрөө бүрэн хариуцаж, туслах ажилчид авч, цалинжуулж албан ёсоор тайлан гаргаж тайлантай холбоотой татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бусад өр авлагыг бүрэн барагдуулан ажиллаж байсан. “А ” ХХК-ийн нэр дээр хийгдсэн ажлуудын ашиг гэж захирал А.Б д нийт 59,100,000 төгрөгийн ашгийг өгсөн. 2015 оны 09 сараас ажил олдоогүй бөгөөд 2016 оны 01 сард “А ” ХХК-ийн тамга, гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн, хамтран ажиллахаас бүрэн татгалзсан. Дээрхи ажиллаж байх бүх хугацаанд олсон цэвэр ашиг нь 48,983,000 төгрөг болсон бөгөөд энэ ашгийг 2 тэнцүү хуваахад 24,491,500 төгрөг тус тус авах ёстой ашиг байсан. Гэтэл А.Б нь 59,100,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар ашиг гэж авсан ба 34,608,500 төгрөгийг үндэслэлгүйгээр биднээс авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж илүү авсан 34,608,500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
2013 оны 03 сараас 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хийгдсэн бүх ажил нь нийт 800,000,000 орчим төгрөг болсон. Тэгээд түүнийхээ 10 хувийг 2 хуваагаад 35,000,000 төгрөгийг хувааж авъя гэж гэрээ хийгдсэн гэж ойлгоод байна. Сүүлийн өгсөн мөнгөө буюу 11,400,000 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Өмнө нь манай өмгөөлөгч ноогдол ашгаа 50, 50 хувиар нь авах ёстой гэж буруу тайлбарлаад байсан юм билээ. 35,000,000 төгрөгийг өг гэж шаардсан. Бид 59,100,000 төгрөг өгсөн байгаа. Бид сүүлд нэмээд өгсөн 11,400,000 төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 11 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Татварын албанаас дуудаад очиход, татвараа төлөхгүй яагаад удаад байна вэ гэсэн байдаг. 2014 оны 10 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, манай компани Х тайлантай байх ёстой. Манай тамга, тэмдэг Д.Н гэх хүнд байдаг гэж хэлсэн. Тэгээд юу болов гээд банкны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж авахад маш их хэмжээний орлого орсон байсан. Мөн татвар дээр очоод үзэхэд 2014, 2015 онуудад орлого борлуулалт тайлагнасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2 гэрээтэй, Худалдаа хөгжлийн банктай 2 удаагийн гэрээтэй, өөр бусад компани, нийт 6 компанитай гэрээ хийсэн байдаг. 77,000,000 төгрөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хийсэн гэрээ хэргийн материалд авагдсан байгаа. С.Б “А ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гээд гэрээ хийгээд явсан байсан. Бид 2012 оноос хойш гэрээгүй, амаар тохиролцож ажил хийгээд ашгаа 50, 50 хувиар нь хуваагаад авдаг байсан. Зарим бичиг баримтыг гаргаж өгөхгүй байсан учраас түүнийг нь гаргуулъя гэж бодоод бид цагдаад гомдол өгсөн юм. Дансаар маш их хэмжээний мөнгө ороод тэр бүх зардлууд Д.Н гийн гүйлгээгээр гараад явдаг байсан. 2013 оны жилийн эцсээр 788,000,000 төгрөгийн борлуулалттай, 2014 оны жилийн эцсээр 418,000,000 төгрөгийн борлуулалттай, 2015 оны жилийн эцсээр 388,000,000 төгрөгийн борлуулалттай болоод явсан байсан. 2013 онд хийсэн ажлынхаа мөнгийг хуваагаад 30,000,000 орчим төгрөг авсан гэдэгт маргаан байхгүй. Тэгэхээр 2014, 2015 онуудад хийгдсэн байгаа ажлуудын асуудал гарч ирж байгаа. Тусгай зөвшөөрөлгүй, компанийн дансгүй бол компаниуд ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, мөнгө шилжүүлэхгүй. Аливаа хийх гэж байгаа ажил төсөвтэй байдаг. Хамтдаа хийсэн л бол төсвөөсөө хуваачих гэдэг зүйлийг би энэ хүмүүст санал болгосон. Тэгсэн А.Б , С.Б нар 15 хувь биш, 10 хувиар тохирсон. Цагдаа дээр очиход нь гэрээ хийгээд ир гэсэн зүйл хэлсэн учраас нотариат дээр очсон. 2017 оны 09 сарын 01-ний өдрийн гэрээнд ганц л шаардлага тавьсан. Гэрээнд 35,000,000 төгрөгөө тусга гэдэг нэг л зүйлийг ярьсан. Нотариат үнийн дүнтэй гэрээ бол төлбөр авна гэхэд нь А.Б өгөхгүй гэсэн. Тухайн үед С.Б ах мөнгөгүй байсан. Тэгэхээр нь би энэ заалтыг сүүлд нь нэмүүлсэн. Энэ хүн энэ заалтыг зөвшөөрсөн. Дараа нь бичиж өгөөд та зөвшөөрч байна уу, зөвшөөрч байвал гарын үсгээ зур гэсэн л асуудал байгаа. 35,000,000 төгрөгийг ойлгоогүй, мэдээгүй гээд байх шиг байна. 5 хоногийн дараа А ХХК-ийн захирлаар гарын үсэг зуруулсан. Ийм л тохиролцоонууд болсон. Бид өмнөх 2013 онд хийсэн ажлынхаа мөнгийг авсан, маргаад байх зүйл байхгүй. Одоо хэрэгт авагдсан баримтаас харах юм бол 1,580,000,000 орчим төгрөгийн тал хувь болох 700,000,000 орчим төгрөгийн ногдох хувиа авсан, маргаан байхгүй. Маргаад байгаа зүйл бол А ХХК-ийн захирал А.Б энд миний оролцоо байгаа, А ХХК-ийн зөвшөөрөлгүй бол хэзээ ч ажил хийгдэхгүй гэж маргаж байгаа. Нэгэнт тэр үедээ тохирсон болохоор гэрээнийхээ дагуу үлдэгдэл мөнгөө л шаардаж байгаа. Мөн 2017 оны 11 сард энэ гэрээг үндэслээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Худалдаа хөгжлийн банк ХХК мэтийн том газруудад гэрээ чинь худлаа гэдэг нь мэдэгдэх юм бол асуудал үүснэ. Тийм учраас энэ асуудлуудаа хууль ёсных болго гэсэн саналыг л тавьсан. Энэ гэрээг тухайн үед ойлгоогүй байсан байж магадгүй. Гэхдээ нотариат 6 зүйлийг тусгасан. Энэ зүйлүүдийг ойлгоогүй гэхэд 5 хоногийн дараа хариуцагч нар маань гэрээг хийгээд ирсэн. Энэ гэрээндээ ойлгохгүй байсан 35,000,000 төгрөгөө тусгасан, ойлгохгүй байсан үнийн дүнгүүдээ манайх руу шилжүүлсэн байдаг. Тэгэхээр ийм байдлаар нотлогдож байна. Сүүлийн 788,000,000 төгрөг дансаар ороогүй бол одоо бид нар энэ асуудлаар маргахад хэцүү шүү дээ. Давж заалдах шатны шүүх дээр компанийн ногдол ашгийг хувааж авна гэж өмгөөлөгч нь яриад байхад нь болохгүй гэдгийг тайлбарлаж хэлж байсан. Одоо болохоор сөрөг нэхэмжлэлээ ярихдаа базаж яриад байна. Өмнө нь бол хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаад ашгаа хуваагаад л явсан байсан. 2017 оны 09 сарын 05-ны өдөр 35,000,000 төгрөгийн дүнтэй гэрээг С.Б өөрөө аваад ирсэн гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Нэгэнт талууд тухайн үедээ ойлголцоод гэрээгээ байгуулаад явсан зүйлийг одоо мэдээгүй гэдэг зүйл яриад байна. “А ” ХХК өөртөө цалин тавьсан байсан бол тэр татвараа өөрөө төлөх л ёстой. Тийм зүйл байхгүй учраас л нэхэмжилсэн. Татварт төлөгдсөн төлбөр 2015, 2016 оны татварын хуримтлал гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1,5 тэрбум төгрөг ороод гарсан. НӨАТ бол борлуулалт гарсан учраас төлөгддөг. Энэ хэмжээний борлуулалт хийсэн байгаа юм чинь гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлээд, үнэхээр боломжгүй бол ярилцаад ойлголцох боломжтой шүү дээ. Бид 2014 оны 10 сараас хойш Д.Н гүйлгээ хийдэг болсон үеэс хойших зүйлийг л ярьж байгаа. Хэргийн материалаас харах юм бол үүнээс хойш А.Б нэг л удаа 700,000 төгрөг авсан байдаг. Тэр үед А.Б ийм хэмжээний мөнгө орсон, гарсан гэдгийг анзаараагүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, 11,400,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн байж буцаагаад гэрээнийхээ дагуу шаардаад байгаа эсэх нь тодорхойгүй. 2017 оны 09 сарын 01-ний өдөр болон 09 сарын 05-ны өдөр үүссэн эрх зүйн харилцаанаас хойш ямар эрх зүйн харилцаа үүсээд 11,400,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа гэдэг нь тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ” ХХК нь хариуцагч С.Б , Д.Н нарт холбогдуулан харилцан тохиролцсон 35,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 23,600,000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөг, нийт 26,871,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг,
хариуцагч С.Б , Д.Н нар нь ашигт тооцон илүү төлсөн 34,608,500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж сүүлд өгсөн 11,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын тайлбараар “А ” ХХК-ийн захирал А.Б , С.Б нар “А ” ХХК-ийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг үндэслэн С.Б цахилгааны ажил олж, хийж гүйцэтгэх, А.Б нь компанийн тамга, тэмдгийг С.Б д хүлээлгэн өгөх, олсон ашгаа хуваахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна.
Мөн зохигчдын тайлбараар хамтран ажиллах гэрээний харилцаа 2012 оны 05 сараас эхэлж, С.Б 2017 оны 01 сард компанийн тамга, тэмдгийг “А ” ХХК-ийн захирал А.Б д хүлээлгэн өгөх хүртэл үргэлжилсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 09 сарын 01-ний 009/01 дугаартай гэрээний үүргийг хариуцагч нар биелүүлээгүй тул уг гэрээний үүргийг шаардсан гэх, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ уг гэрээг цагдаад өгсөн өргөдлийг буцааж авах нөхцөлтэй байгуулсан, гэрээнд 35,000,000 төгрөгийг төлөх талаар тохиролцоогүй тул мөнгө төлөх үүрэггүй гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 009/01 гэрээгээр С.Б нэхэмжлэгч компанийн нэрийн өмнөөс байгуулсан гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах, гэрээнээс үүдэлтэй татвар, төлбөр хураамжийг С.Б , Д.Н нар хариуцах, гэрээт ажлыг дууссаны дараа үлдэгдэл төлбөр болон баталгааны мөнгө орж ирэхэд А.Б , С.Б нар хувь тохирч ашгаа хуваарилах, А.Б нь Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдлөө татаж авахаар тохиролцсон байна.
Мөн зохигчдын хооронд 2017 оны 09 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээгээр 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс “А ” ХХК-ийн нэр дээр ямар нэгэн ажил хийгээгүй бөгөөд 2012 оны 05 сараас талууд хамтран ажиллахаар амаар тохиролцсоноос татгалзаж, компанийн тамга, гэрчилгээг 2017 оны 01 сарын 01-нд А.Б д хүлээлгэн өгсөн, А.Б нь С.Б ыг тамга, тэмдэг авч зөвшөөрөлгүй ашиглаж байсан гэж цагдаад өргөдөл өгөөд нэмж авах ёстой ашиг гэж 35,000,000 төгрөг өгөхийг С.Б аас шаардсан, С.Б 7,000,000 төгрөгийг 2017 оны 09 сарын 05-ны өдөр өгснөөр А.Б нь цагдаад өгсөн өргөдлөөсөө татгалзаж буцааж авах, С.Б 2017 оны 09 сарын 11-нд 8,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 25-нд 20,000,000 төгрөгийг А.Б д өгснөөр А.Б нь цаашид С.Б аас мөнгө шаардахгүй, хууль хяналтын байгууллагад хандан нэхэмжлэл, өргөдөл гаргахгүй гэж тохиролцжээ.
Зохигчдын хооронд багуулагдсан дээрх гэрээнүүд нь талуудын хоорондох хамтын ажиллагааны харилцааг дуусгавар болгож, дүгнэсэн гэх агуулгатай байх бөгөөд эдгээр гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй.
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 534 тоот тогтоолоор А.Б ын “А ” ХХК-ийн нягтлан бодогч Д.Н , нөхөр С.Б тай бүлэглэн 2013 оноос компанийн тамга, тэмдэг, дансыг ашиглан захирлын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан, хувьдаа мөнгө завшсан гэх гомдлоор үүсгэсэн хэрэг бүртгэлийн хэргийг “гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэл тогтоогдож байгаа, хохирогч А.Б гомдолгүй гэсэн” үндэслэлээр хаасан байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 09 сарын 01-ний 009/01 дугаартай гэрээний дагуу хариуцагч 35,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, 11,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөнөөр нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргасан.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах, гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 09 сарын 01-ний 009/01 дугаартай гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч нар 35,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь тус гэрээний дагуу татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байх боловч уг төлбөр нь хариуцагч нар “А ” ХХК-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх цаг хугацаанд хамаарах, С.Б ы байгуулсан гэрээнээс үүдэлтэй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.
Хариуцагч нар нь “А ” ХХК-ийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэж байх хугацаанд олсон цэвэр ашиг нь 48,983,000 төгрөг болсон, энэ ашгийг тэнцүү хуваахад 24,491,500 төгрөг тус тус авах ёстой ашиг байсан, А.Б нь 59,100,000 төгрөгийг ашиг гэж авч 34,608,500 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэгчид 2017 оны 09 сард төлсөн 11,400,000 /7,000,000 төгрөг + 1,400,000 төгрөг + 3,000,000 төгрөг/ төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
Шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд зохигчдын тайлбараар талууд хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг тэнцүү хэмжээгээр хуваахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь хамтын үйл ажиллагаанаас олсон ашгийг 48,983,000 төгрөг гэж тодорхойлон, нэхэмжлэгчид ашиг гэж илүү мөнгө төлсөн гэх үндэслэл заан 11,400,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байх боловч хариуцагч нар нь хамтын үйл ажиллагааны хүрээнд нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ашиг, алдагдлыг баримтаар нотлоогүй тул 11,400,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хариуцагч С.Б , Д.Н нараас харилцан тохиролцсон 35,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 23,600,000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөг, нийт 26,871,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Б , Д.Н нарын нэхэмжлэгч “А ” ХХК-аас 11,400,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А ” ХХК-ийн хариуцагч С.Б , Д.Н нараас харилцан тохиролцсон 35,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 23,600,000 төгрөг, татвар, нийгмийн даатгалд төлсөн 3,271,000 төгрөг, нийт 26,871,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч С.Б , Д.Н нарын нэхэмжлэгч “А ” ХХК-аас 11,400,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,000 төгрөг, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР