Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч С.На нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сгийн Над холбогдох эрүүгийн 2238003770023 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Сгийн На, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РА88082612 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.На нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 25-02 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Мг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар зодож, түүний биед баруун бугалга, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238003770023 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.На нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 25-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Мг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Мгийн өгсөн: “...Би С.На гэх хүнтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулаад 9 жил болж байна. Хамтран амьдраад 10 жил болж байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй. Анх 2013 оны хуримаа хийгээд 20 хонож байхад намайг зодож байсан. Тэрнээс хойш намайг зодож биед халддаг байсан. Би тэгээд оныг сайн санахгүй байна ямар ч байсан 2013 юмуу 2014 онд цагдаад хандаж байсан. Цагдаад хандсанаас хойш намайг их биш ч байнга үснээс зулгаах, хоолой боох зэргээр биед халддаг байсан. Хамгийн сүүлд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бид хоёр ойр зуурын зүйлээс болж маргалдаж байтал нүүр хэсгийг гараагаа базаад, хоолой боож, хуруугаа хоолойнд шигтгээд, үснээс зулгааж доош нь дараад орны төмөр хэсэг рүү шидсэн. Тэгэхдээ мөн миний зүүн хөлний өвдөг хэсгээр мушгиж дарсан. Түүнээс болж одоо миний зүүн хөл алхаж чадахгүй байгаа. Би хүүхдээ сургуульд нь байнга зөөдөг. Одоо явж чадахгүй учраас байнга таксинд сууж хүүхдээ хүргэж өгч байгаа. Мөн намайг “гичий, гэрээсээ гарахгүй алцайж, гишгэхгүй хар авгай, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би Над гомдолтой байна... На бид хоёр 2013онд Чандмань-Өндөр суманд амьдардаг байхад согтуу байхдаа агсан тавьж гэрээ шатаах дөхөж байсан. Ер нь архи уухаараа байнга агсам тавьж, унтуулахгүй татаж чангааж, хэл үгээр доромжилж байдаг. Миний эрхий хурууг мушгиж гэмтээгээд би бариач дээр очиж байсан. Миний биед гэмтэл учруулчхаад огт харамсаж, гэмшдэггүй. Ар гэрийн хүмүүс нь ч тоодоггүй. Байнга хэл амаар доромжлуулаад би сэтгэл зүйн хувьд ч маш их гомдолтой байна. Би хөл гэмтчихсэн байнга хүүхдээ сургуульд нь таксигаар зөөж байгаа. Би энэ мөнгөө гаргуулж авмаар байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. На надаас уучлалт гуйсан. Хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/,

Гэрч Ч.Аын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай охин М болон түүний 2 хүүхэд бид 4 манайд байж байтал На 16 цагийн орчим Чандмань-Өндөр сумаас ирсэн. Тэгээд М тэр хоёр маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй. Би зүрх муутай учраас тэр хоёрын хэрүүл рүү оролцоогүй буруу хараад сууж байсан. Тэгтэл М “ёо ёо” гээд уйлаад байсан. Яасан учрыг нь би мэдээгүй. Дараа нь М надад “би Нын үснээс зулгааж, миний үснээс бас зулгаагаад намайг хойш нь дараад уначихсан” гэж хэлж байсан...Маргаантай л байдаг. Хэрэлдээд эхлэхээр нь би гараад явчихдаг. Тэр 2 тусдаа Мөрөн сумын 10 дугаар хороонд байдаг. Энэ оны 09 дүгээр сараас хойш На самарт яваад М манайд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай юм. Эрүүгийн 2238003772122 дугаартай хэргийн хохирогч О овогтой М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 275.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 тал,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаартай: “...О.Мгийн баруун бугалга, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. О.Мгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,

Хохирогч О.Мгийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 11 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 50-52 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Нын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа мэдсэн. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй... Би өмнө болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Мгийн мэдүүлэг, гэрч Ч.Аын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 596 дугаартай гэх дүгнэлт, хохирогч О.Мгийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч С.На нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 25-02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Мг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн өвдгөнд цус хуралт, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Нын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч С.Нын үйлдэл идэвхтэй, хохирогч О.Мгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.На гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Мгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Нын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч О.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч О.Мгийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/, О.Мгийн гомдол санал байхгүй болно гэх хүсэлт /хх-ийн 64 тал/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч О.М нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул  шүүгдэгч С.Ныг хохирогч О.Мд төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.Мыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 275.000 төгрөгийг шүүгдэгч С.Наас нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч С.На нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 275.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.Наас 275.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Нын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 40-43 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.На нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 01-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч С.На нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Нын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.На нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Сгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сгийн Ныг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Над оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.На нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Наас 275.000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч С.На нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН