| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 101/2018/03090/И |
| Дугаар | 101/ШШ2019/02385 |
| Огноо | 2019-08-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2019/02385
2019 оны 09 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2019/02385 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0дүгээр хороолол, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хэсэг, 0 тоотод байрлах “ДСТБ” НҮТББ-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ДСТБ” НҮТББ 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр манай цоо шинэ үйлчилгээний талбайг сарын 2,000,000 төгрөгөөр түрээсэлье, бурхан шашны болон сургалтын үйл ажиллагаа явуулъя гэж ирсэн. Бид 1 жилийн түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан учир 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр манай байранд орох үед нь гэрээ байгуулаагүй. 2018 оны 2 сард гэрээ байгуулсан. Энэ хүн манай байранд 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ороод 2018 оны 3 сар дуустал нийтдээ 5 сар үйл ажиллагаа явуулсан. 5 сарын түрээсийн төлбөрөөс зөвхөн 1 сарын түрээсийн төлбөр буюу 2,000.000 төгрөг төлсөн. Түрээсийн мөнгөө цаг тухайд нь өгөөгүй. Би 2-3 удаа түрээсийн мөнгөө өгөх үү гэж асуусан. Дараагийн удаад буюу 3 сард ороод түрээсийн төлбөрөө шаардсан. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүх зүйлээ аваад надад мэдэгдэлгүй нүүсэн байсан. Утсаар ярихад би ийм ашиггүй ажиллана гэж бодоогүй гэж хэлэхэд нь тэр асуудал надад хамаагүй түрээсийн төлбөр өгөөрэй гэж хэлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг надад өгөөгүй. Хариуцагчийн хийсэн зүйлээс нь нэг том хавтан үлдсэн. Тухайн цоо шинэ байрыг өдөр шөнөгүй зул арц хүж хийж асаагаад битүү утаа тортог болгосон байсныг би өөрийн хөрөнгөөр засварласан.
Иймд “ДСТБ” НҮТББ-аас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “ДСТБ” НҮТББ-ЫН төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сард Ц.Ц-ийн дүү Ц энэ байрыг санал болгосон. Өвлийн сар учир эхний 2, 3 сар харж үзээд түрээсийн төлбөр гэхгүй учир та ороод үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн. Тухайн ажлын байрны агааржуулалтын систем нь онгорхой, үртэс хогоор дүүрсэн байсныг би засварлаж орсон бөгөөд хаалга болон байрны дотор талд нэг хана босгож, хананд нь замаск хийсэн боловч оохордоогүй байсныг нь оохордож, бүх л онгорхой цоорхой бүхнийг нь хааж засварласан. Үртэсний хог хаягдлыг зөөж хаясан. Энэ бүх ажлын зардалд надаас 4.000.000 төгрөг гарсан. Нийтдээ 2 хана босгосон. Анх тухайн байранд ороход гаднаасаа хүн орох боломжгүй, 2 талын дундын пистүл онгойлгоогүй байж байгаад 2018 оны 02 сарын 20-ны өдөр онгойлгосон. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус ажлын байранд орох болсон шалтгаан нь Ц.Ц-ийн дүү Ц надад “...би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Япон руу явах боллоо та ороод ажлаа хийж бай” гэсэн учир би орсон. Би өвөл ганцаараа том байшинд маш их даарсан. Их хүйтэн байшин байсан. Байшингийнх нь онгорхой цоорхойноос болоод зул асаахад салхи үлээж энд тэнд нь тортог болсон зүйл байсан. Гэхдээ тухайн тортогийг арчаад цэвэрлэхэд л арилчихна. Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор үйл ажиллагааныхаа нээлтээ хийсэн. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр лам нар авч ирэн хурал хийх үеэр манайд мөнгө орж ирсэн. Тэр үед нь 2 сарынхаа түрээсийн төлбөрийг төлсөн. Хаалга ч үгүй байсан, дутуу дулмаг байсан ажлын байрыг бид засварласан. Тус байранд байх хугацаанд ашиг бага байсан учир би Ц-тай яриад хугацаа өгөөч ашиг орлого муу байна гэхэд уурлаад янз бүрээр хэлээд байсан учир 2018 оны 03 сарын 27-ны өдөр тус байрнаас гарсан. Би анх Ц.Ц-тэй 2018 оны 02 дугаар сарын эхээр л уулзсан ба Ц надад хэлэхдээ 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулаарай гэж хэлсэн учир Ц.Ц бид хоёр 2018 оны 02 дугаар сарын 9-ны өдөр гэрээ байгуулсан. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бурхан шашны хурал зохион байгуулаад гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг төлсөн. Өмнөх хугацааны түрээсийн мөнгийг надаас нэхэх үндэслэлгүй ба тус байрыг засварлахад зарцуулсан мөнгөнд суутгасан гэж үзэж байгаа учир би 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлөх ёсгүй. Тухайн байранд ороод шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Учир нь урьд талын хаалга байхгүй байсан учир үйлчлүүлэгч орж үйлчлүүлэх боломж бүрдээгүй. Мөн би тус байранд байсан хугацааныхаа гэрлийн мөнгийг өөрөө цаг тухайд нь төлсөн. Тус байрыг засварлахад гарсан зардлын баримтыг би өнөөдөр шүүхэд өгсөн байгаа. Ц.Ц-ийн нэхээд байгаа 8,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл 3 сарын түрээсийн мөнгө нь хана туурга, тохижилтын ажилд зарцуулсан мөнгөнд суутгана гэж Ц-тай тохирсон. Тийм ч учраас бид 2018 оны 02 дугаар сард гэрээ байгуулсан. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 4 сарын түрээсийн төлбөр 8,000,000 төгрөгийг хариуцагч “ДСТБ” НҮТББ-аас нэхэмжилжээ.
Хариуцагч “ДСТБ” НҮТББ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбайг сарын 2,000,000 төгрөгийн төлбөртэй, 12 сарын хугацаатай байгуулжээ. /хх-ийн 5-8 дугаар тал/
Хариуцагч нь түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд харин 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийн талаар маргаж байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 01-нээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, энэ хугацааны түрээсийн төлбөрийн талаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх юм.
Гэтэл тэрээр гэрээ байгуулаагүй үе буюу 2017 оны 12 дугаар сараас хойш төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу хариуцагч түрээсийн байрыг сулласан өдөр хүртэл шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх юм.
Талууд түрээсийн байрыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр чөлөөлсөн талаар шүүх хуралдааны явцад маргаагүй болно.
Иймд хариуцагч “ДСТБ” НҮТББ 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн нэг сарын төлбөр 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын гэрээний нэг сарын төлбөр 2,000,000 төгрөг бөгөөд дунджаар 1 сарын 30 хоногт хуваахад нэг өдрийн түрээсийн төлбөр 66.666 төгрөгийг 27 хоногт үржүүлээд 1,800,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1. -д зааснаар хариуцагч “ДСТБ” НҮТББ-аас 1,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх, 6,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДСТБ” НҮТББ-аас 43,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО