Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/02409

 

                                     

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр         Дугаар 101/ШШ2019/02409             Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр 0 тоотод оршин суух, Г.Э-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Б.Э,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух Х.С нарт холбогдох,

 

2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Б.Эг, Х.С, нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшиж байсан орон сууцыг хариуцагч нарын хүсэлтээр 5 жилийн хугацаатай бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Анх орон сууцыг авахдаа хөрөнгийн баталгаанд ашиглах гэсэн юм гэж гуйсан. 2019 оны 08 сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирээд Б.Э, Х.С нар хүнээс мөнгө зээлээд зээлсэн мөнгөө төлөөгүй учир хариуцагч нарын нэр дээр байх миний орон сууцыг битүүмжилнэ гэсэн. Учир байдлаа тайлбарлаад бэлэглэлийн гэрээг үзүүлэхэд шүүхэд ханд гэж хэлсэн. Иймд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э, Х.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Г.Э-с “орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээд өгөөч, бид зээл авах гэсэн боловч хөрөнгийн баталгаа шаардаж байна” гэж гуйгаад 5 жилийн хугацаатай шилжүүлж авсан. 5 жилийн хугацаа нь өнгөрсөн. Нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйл бүгд үнэн. Бид хүнсний цех ажиллуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг худалдаж өр төлбөрийг барагдуулна гэсэн асуудал яригдаж орон сууцыг хураана гэсэн байна. Тиймээс нэхэмжлэгч шүүхэд хандаж өөрийн байраа шилжүүлж авна гэж байна. Нэхэмжлэгчийн ярьсан бүх зүйл үнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад     

                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоот 40 м.кв 3 өрөө орон сууцыг хариу төлбөргүй бэлэглэжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-д заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болох нь хэргийн 8-9 дүгээр талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 17261728/162 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

 

Бэлэглэгч нь бэлэг хүлээн авагч нарын гомдоосон ноцтой үйлдэл хийсэн болохыг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн гэх бөгөөд энэ талаарх баримт буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалагч” гэх хэсэгт Г.Э-ын гарын үсэг зурсан буюу энэ өдөр мэджээ. /хх-ийн 9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3.-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан байх бөгөөд бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байна.

 

Иймд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Г.Э-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2.-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод байрлах Ү-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Э-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Х.С нараас 657,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО