Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пийн Ат холбогдох эрүүгийн 2338000000029 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 06-09 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө хохирогч П.Мг зодож, биед нь зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000029 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 06-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Мтэй хэрүүл маргаан үүсгэж түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Аын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Мгийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 06-09 тоот гэртээ манай нөхөр П.А нь Л болон түүний эхнэрийн хамт гаднаас орж ирсэн. .. Л гэх ах 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи задлаад ууж эхэлсэн. П.А, Л ах хоёр л дийлэнхийг нь хувааж уусан. Архи дууссаны дараа П.А 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи дэлгүүрээс аваад бид нар бас хувааж уусан. Тэгтэл П.Л ах дахиж юм задална гээд дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи авч ирээд тал хэмжээтэй болтол нь тэр хоёр уугаад эхлээд Л гэх хүн тасраад унтчихсан. Харин нөхөр бид хоёр орондоо ороод унтах гээд хэвтэж байхад нөхөр намайг янхан банзал гичий гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь чи архи уух болгондоо намайг доромжилж агсам согтуу тавьж байх юм, би гичий нохой юм бол ээж чинь хүртэл адилхан шүү дээ гэхэд П.А миний ээж чамд ямар хамаатай юм гэж хэлээд гараараа миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Би нүдээ дараад доошоо тонгойход битгий худлаа баашлаад бай гээд толгойн үснээс татсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Гэрч Д.Мгийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн оройхон тийшээгээ нөхөр Л бид хоёр Аын гэрт хуучилж хэсэг суухаар очсон юм. .. Тэгтэл манай нөхөр А хоёр нэг шил архи хувааж уухаар болоод дэлгүүр яваад авч ирсэн. П.М бид хоёр бол архи уугаагүй. П.А, Л хоёр 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архиа хувааж уугаад дуусгасан. Би нөхрийгөө явъя гэхэд одоо нэг 0.5 уучихъя гээд дэлгүүр яваад авч ирсэн, 2 дахь архиа задлаад манай нөхөр нээх ууж чадалгүй, унтъя гээд бид хоёрт М ор засаж өгөхөөр нь нөхөр бид хоёр унтсан. П.А ганцаараа унталгүй суугаад үлдсэн. Шөнө 04 цагийн үед цагдаа ороод ирчихсэн. А, М нар маргалдсан шинжтэй байсан. Мгийн зүүн нүд нь хавдчихсан, хөхөрсөн байдалтай байсан. Маргааш өглөө нь нөхөр бид хоёр сэрээд гэр рүүгээ явсан... Намайг унтахаас өмнө гайгүй л харагдаж байсан...Би яг халдахыг нь нүдээр хараагүй, нөхөр бид хоёр унтаж байсан. Гэхдээ маргааш өглөө нь П.Мгээс юу болсон талаар асуухад А унтаж өгөхгүй унт гэснээс болоод бид хоёр маргалдаад миний нүд рүү цохисон” гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай: “...П.Мгийн биед зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. П.Мгийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба зүүн нүдний зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Аын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж, хамтран амьдрагч П.Мтэй үл ойлголцож, түүний биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би П.Мгээс уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан П.Мгийн мэдүүлэг, гэрч Д.Мгийн мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 06-09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Мтэй хэрүүл маргаан үүсгэж түүний бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Аын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч П.Аын үйлдэл идэвхтэй, хохирогч П.Мгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Пгэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Мгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Аын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч П.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч П.Мгийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/, шүүгдэгч П.А, хохирогч П.М нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 30 тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгч П.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Аын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 23, 28-29 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.А нь ам бүл 1, ганцаараа Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 06-09 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч П.Аын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Пийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пийн Аыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ат оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН