Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 1492

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2019/01492

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: “БХАҮН” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /цаашид “ТӨААТҮГ” гэх/ нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: БХЯ анд холбогдох

 

Үлдэгдэл төлбөр болох 157,083,771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Э.М, төрийг төлөөлж прокурор Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/168 дугаартай “Захиалагч томилох тухай” тушаалаар энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажлын төсвийг 300,000,000 төгрөг байхаар баталж, Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг БХЯ ны Төрийн захиргаа, удирдлагын газрын санхүү, эдийн засгийн хэлтэст зөвшөөрсөн. “БХАҮН” ТӨААТҮГ БХЯ ны Барилга захиалагчийн албатай 2016 оны 07 сарын 05-ны өдөр “Энхийг дэмжих ажиллагаа”-ны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний нийт үнийн дүнг 300,000,000 төгрөгөөр тохирч, засварын ажлыг гүйцэтгэж 2016 оны 12 сарын 24-ний өдрийн 48 дугаар актаар захиалагч БХЯ анд хүлээлгэж өгсөн. “БХАҮН” ТӨААТҮГ гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасны дагуу “Н ” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгон гэрээт ажлыг гүйцэтгүүлсэн. Ерөнхий гүйцэтгэгч “БХАҮН” ТӨААТҮГ захиалагчтай байгуулсан гэрээний 7-д зааснаар захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, зөрчил, гологдол арилгах үүргийг хүлээж хуульд заасны дагуу ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцаж байсан. Захиалагч БХЯ  Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.2 дахь хэсэг болон гэрээний 8-д заасны дагуу гэрээний төлбөрийг гүйцэтгэгч “Н ” ХХК-д төлөх үүрэг хариуцлагыг хүлээж байсан. Ерөнхий гүйцэтгэгч “БХАҮН” ТӨААТҮГ нь туслан гүйцэтгэгч “Н ” ХХК-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр БЗ-2016 дугаартай “Барилгад засварын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талууд ажлын үнийг 268,000,000 төгрөгөөр тооцож хийх, ажил эхэлсэн өдрөөс календарийн 35 хоногт багтаан гүйцэтгэх, санхүүжилтийг захиалагч БХЯ  болон ерөнхий гүйцэтгэгч “БХАҮН” ТӨААТҮГ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөх зэрэг нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөг тохижуулах засварын ажлын эхний үе шатанд гэрээний дагуу захиалагч БХЯ наас гүйцэтгэгч Н  ХХК-д 113,057,359 төгрөгийг шилжүүлжээ. Засварын ажлын гүйцэтгэлийн явцад БХЯ ны захиалгат дээрхи ажлыг тендер шалгаруулалтгүйгээр Н  ХХК-д давуу байдал олгож, шууд гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр Авилгатай тэмцэх газраас тухайн үед БХЯ ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Батсайхан нарт 201601000140 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Г ийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох” тогтоолоор Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Э  угтах, ёслол хүндэтгэлийн танхим, шат, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажлын төсөвт өртөгт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Тэрээр Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн Ц.Г ын угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шатны засварын ажилд 200,000,000 төгрөг, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажилд 300,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгөөр хийсэн төсөв зах зээлийн үнэтэй нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг 2016 оны 12 сарын 26-ны өдөр гаргаж, төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр хянасан байна. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад зогсоосон санхүүжүүлэх нийт эрхийг Сангийн яамнаас 333,057,358 төгрөгөөр нээсэн. Захиалагч БХЯ  угтах хэсэг, ёслол, хүндэтгэлийн танхим, шатны засварын ажилд 200,000,000 төгрөг, энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөг тохижуулах засварын ажилд 113,057,359 төгрөг, нийт 313,057,359 төгрөгийг гүйцэтгэгч “Н ” ХХК-д шилжүүлснээр засварын ажлын санхүүжилтийг зогсоосон. Захиалагч БЗ-2016 дугаар гэрээний төлбөрийн үлдэгдэл 157,083,771 төгрөгийг төлөөгүй байна. Захиалагчийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй шалтгаанаас болж туслан гүйцэтгэгч Н  ХХК ерөнхий гүйцэтгэгчээс 133,240,927 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргуулсан тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэг, ИЗ-02/2016 гэрээний 8-д заасан үүргээ биелүүлээгүй захиалагч БХЯ наас Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч “БХАҮН” ТӨААТҮГ хохирлоо нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч БХЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БХЯ  нь “БХАҮН” ТӨААТҮГ-тай “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Гэрээ байгуулсны дараа БХЯ ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханы хууль бус үйлдлийн улмаас үнийн зөрүү ихтэй гэрээг байгуулсан гэдэг нь Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн асуудлаар тогтоогдсон. БХЯ  туслан гүйцэтгэгч “Н ” ХХК-тай гэрээ байгуулаагүй, тэдний өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээгээгүй. “БХАҮН” ТӨААТҮГ, “Н ” ХХК нарын хооронд гарч байгаа маргаан бол ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд иргэний эрх зүйн холбогдох заалтуудын дагуу үүссэн тусдаа асуудал юм.

Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/168 дугаар “Захиалагч томилох тухай” тушаалын 1 дэх заалтад “Яамны харьяа “БХАҮН” ТӨААТҮГ-аар гүйцэтгүүлэх төсөл арга хэмжээг хавсралт ёсоор баталж, захиалагчийн эрхийг олгосугай” гэжээ. Мөн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ИЗ-02/2016 дугаартай “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ”-нд захиалагч нь БХЯ , захиалагчийг төлөөлж Барилга захиалагчийн алба, гүйцэтгэгч нь “БХАҮН” ТӨААТҮГ байхаар хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан нь Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/168 дугаар “Захиалагч томилох тухай” тушаалтай нийцээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл “БХАҮН” ТӨААТҮГ нь тушаалд зааснаар захиалагчийн эрхтэй байгууллага байтал гэрээнд гүйцэтгэгч талын хувиар оролцож гэрээ байгуулсан нь “Захиалагч томилох тухай” тушаалтай нийцээгүй, Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл /гэрээ/ байгуулсан гэж үзнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт захиалагч БХЯ  нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2 болон гэрээний 8-д заасны дагуу гүйцэтгэгчийн хийх ажил зөрчил, гологдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгч “Н ” ХХК-д төлөх үүрэг хариуцлагыг хүлээж байсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд “БХАҮН” ТӨААТҮГ болон “Н ” ХХК-н хооронд байгуулсан 2016 оны 07 сарын 08-ны өдрийн БЗ-2016 дугаартай “Барилгад засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1.2 дахь хэсэгт зааснаар “БХАҮН” ТӨААТҮГ нь гэрээний төлбөрийг туслан гүйцэтгэгч “Н ” ХХК-д төлөх үүрэг хариуцлагыг хүлээж байсан тул дээр дурдсан үндэслэл нь үндэслэлгүй байна.

Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө тохижуулах засварын ажлын эхний үе шатанд гэрээний дагуу захиалагч БХЯ наас гүйцэтгэгч “Н ” ХХК-д 113,057,359 төгрөг шилжүүлжээ гэсэн нь нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ-аас хавтаст хэрэгт бүрдүүлсэн баримт болон БХЯ ны санхүүгийн хэлтсээс шилжүүлсэн баримттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл “БХАҮН” ТӨААТҮГ-аас хавтаст хэрэгт бүрдүүлсэн “Гэрээний үлдэгдэл тооцоо” гэсэн хүснэгтэд Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх санхүүжилтэд 120,038,511 төгрөгийг шилжүүлсэн болохыг тодорхойлсон бол яамны санхүүгийн хэлтсээс 333,057,358 төгрөгийг дээрх байгууллагуудад шилжүүлж, төлж барагдуулсан баримтууд байх тул захиалагч БХЯ  нь гэрээний үүргээ гүйцэтгэсэн, “Н ” ХХК-д 113,057,359 төгрөгийг шилжүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1 дэх заалтад заасан “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүргээ “БХАҮН” ТӨААТҮГ нь зөрчсөн гэж үзнэ.

3асварын явцад тендер шалгаруулалтгүйгээр “Н ” ХХК-д давуу байдал олгож, шууд гэрээ байгуулсан байна гэсэн үндэслэлээр Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад шинжээч Л.Э  “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат”-ны засварын ажилд 200,000,000 төгрөг, “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө”-ний засварын ажилд 300,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгөөр хийсэн төсөв зах зээлийн үнэтэй нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж, төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр хянасан. БХЯ  нь эрх бүхий байгууллагын шийдвэр, шинжээчийн дүгнэлт, Сангийн яамнаас нээсэн 333,057,358 төгрөгийн санхүүжилтэд үндэслэн яамны санхүүгийн хэлтсээс 2016 оны 04 сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлт №70-аар 140,000,000 төгрөг, 2016 оны 04 сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлт №71-ээр 60,000,000 төгрөгийг, 2016 оны 08 сарын 05-ны өдрийн төлбөрийн хүсэлт №298-аар 120,038,511 төгрөг, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн төлбөрийн хүсэлт №132-оор 13,018,848 төгрөгийг тус тус шилжүүлж, төлж барагдуулсан болно.

Захиалгат ажлыг тендер шалгаруулалтгүйгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, шууд гэрээ байгуулж, хууль зөрчиж ашиг олох зорилготой болох нь хуулийн байгууллагаар шалгагдсан тул 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ИЗ-02/2016 дугаартай “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 07 сарын 08-ны өдрийн БЗ-2016 дугаартай “Барилгад засварын ажил гүйцэтгэх гэрээ”-нүүд нь хууль зөрчсөн хууль бус хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна.

Иймд Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/168 дугаар “Захиалагч томилох тухай” тушаалтай 2016 оны 07 сарын 04-ний өдрийн ИЗ-02/2016 дугаартай “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ” нь нийцээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, дээрх компаниудад давуу эрх олгож, шууд гэрээ байгуулж, хууль зөрчиж ашиг олох зорилготой болох нь хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон, хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус. Захиалагч БХЯ наас гүйцэтгэгч “Н ” ХХК-д 113,057,359 төгрөг төлсөн гэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт, Сангийн яамнаас нээсэн эрхийн хүрээнд яам нийтдээ 333,057,358 төгрөгийг дээрх компаниудад төлж барагдуулсан нь нотлох баримтуудад үндэслэгдэж байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, үндэслэлийг хангах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэв.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“БХАҮН” ТӨААТҮГ, “Н ” ХХК нарын гэрээ БХЯ анд яаж холбогдож байна гэх асуудал байна. Мөн 500,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх төсөв байна. Эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн маргаан дээр гаргасан үнэлгээ өөр өөр байна гэсэн ойлголт байхгүй. Анх батлагдсан төсвөөс эрүүгийн хэрэг шалгах явцад гаргасан дүгнэлтээр төсөв бага гарсан. Түүний дагуу Сангийн яамны зүгээс санхүүжилтийг зогсоосон нь үндэслэлтэй байна. Яагаад гэвэл төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах ёсгүй. “БХАҮН” ТӨААТҮГ БХЯ наас гэрээний дагуу учирсан хохирол гэж нэхэмжилсэн байна. Үүнийг бол хууль бус гэрээ байгуулж бусдад давуу байдал олгосон хүмүүсээс нэхэмжлэх нь зүйтэй байх. Хариуцагч БХЯ ны тайлбарыг дэмжиж байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ нь хариуцагч БХЯ анд холбогдуулан үлдэгдэл төлбөр болох 157,083,771 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

            Хариуцагч БХЯ  нь хийж гүйцэтгэсэн ажилд төлбөл зохих төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

- Батлан хамгаалахын сайдын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн А/168 дугаар тушаалаар “БХАҮН” ТӨААТҮГ-т Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим /БХЯ-ны төв хаалганы ёслолын хэсэг/, Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажил гүйцэтгэх захиалагчийн эрх олгосон.

- Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим /БХЯ-ны төв хаалганы ёслолын хэсэг/-ийн засварын ажлын төсөвт өртөг 200,000,000 төгрөг, Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажлын төсөвт өртөг 300,000,000 төгрөгөөр төсөвлөгдсөн.

- БХЯ  нь “БХАҮН” ТӨААТҮГ-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр ИЗ-02/2016 дугаартай “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г гэрээний нийт үнэ 300,000,000 төгрөг, засварын ажлыг 2016 оны 10 сарын 05-ны өдөр ашиглалтанд оруулах нөхцөлтэй байгуулсан.

- “БХАҮН” ТӨААТҮГ нь дээр дурдсан А/168 дугаар тушаал болон ИЗ-02/2016 дугаартай гэрээнд заасан ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулж, 2016 оны 06 сарын 16-ны өдрийн үнэлгээний хорооны дүгнэлтээр “Н ” ХХК-г гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан.

-  “БХАҮН” ТӨААТҮГ нь “Н ” ХХК-тай 2016 оны 07 сарын 05-ны өдөр “Барилгад засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөнд засварын ажлын үнийг 268,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

- “Н ” ХХК нь гэрээт ажлын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 161,166,171 төгрөгийг “БХАҮН” ТӨААТҮГ-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03898 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 311 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 001/ХТ2018/00773 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хариуцагчаас 133,240,927 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, тогтоол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Н ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 268,000,000 төгрөгийг төлөхөөс БХЯ  157,083,771 төгрөгийг шилжүүлээгүй, гэрээт ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн тул үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Хариуцагч БХЯ  нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “БХАҮН” ТӨААТҮГ нь “Н ” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр шалгаруулан ажлыг хийж гүйцэтгүүлсэн боловч тус компанид давуу эрх олгож, гэрээ байгуулсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас яамны холбогдох албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр “Н ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн засварын ажлуудын нийт төсөвт өртгийг 333,057,358 төгрөгөөр тогтоосны дагуу Сангийн яамнаас уг хэмжээгээр санхүүжилтийн эрх нээж, БХЯ  хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлбөл зохих төлбөрийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

2016 оны 07 сарын 05-ны өдөр БХЯ , “БХАҮН” ТӨААТҮГ-ын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг нөгөө талаас шаардах эрхтэй.

 

“БХАҮН” ТӨААТҮГ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар “Н ” ХХК-тай гэрээ байгуулсан байх бөгөөд “БХАҮН” ТӨААТҮГ нь ажил гүйцэтгэгчийн хувьд 347.2-т зааснаар туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үүрэгтэй, хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

Авилгатай тэмцэх газраас БХЯ  дээр дурдсан захиалгат ажлуудыг тендер шалгаруулалтгүйгээр “Н ” ХХК-д давуу байдал олгож, шууд гэрээ байгуулсан байна гэсэн үндэслэлээр тухайн үед яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Батсайхан нарт 201601000140 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэрээт ажлуудын төсвийг хянуулахаар Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Б.Г ийн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн “Шинжилгээ хийх, шинжээч томилох” тогтоолоор Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Э г шинжээчээр томилсон байна. 2016 оны 12 сарын 26-ны өдрийн  Шинжээчийн дүгнэлтээр “Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим, шат”-ны засварын ажилд 200,000,000 төгрөг, “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөө”-ний засварын ажилд 300,000,000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгөөр хийсэн төсөв зах зээлийн үнэтэй нийцэхгүй байна, төсөвт өртгийг 333,057,358 төгрөг гэж хянасан байна.

 

БХЯ  нь “БХАҮН” ТӨААТҮГ-ын дансанд 2016 оны 04 сарын 15-ны өдөр гүйлгээний утгыг “Н  компанитай хийсэн гэрээний гүйцэтгэлд” гэж тодорхойлон 140,000,000 төгрөг, гүйлгээний утгыг “БХЯ-ны төв хаалганы ёслолын хэсгийг тохижуулахад” гэж тодорхойлон 60,000,000 төгрөг, 2016 оны 08 сарын 05-ны өдөр гүйлгээний утгыг “Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний их засвар” гэж тодорхойлон 120,038,511 төгрөг, 2017 оны 06 сарын 06-ны өдөр гүйлгээний утгыг “Энхийг сахиулагчдын хүндэтгэлийн өрөөний засвар” гэж тодорхойлон 13,018,848 төгрөг, нийт 333,057,359 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эдгээр мөнгөн шилжүүлгийн талаар нэхэмжлэгч маргаагүй.

 

“БХАҮН” ТӨААТҮГ нь Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/168 дугаар тушаалаар Угтах хэсэг, ёслол хүндэтгэлийн танхим /БХЯ-ны төв хаалганы ёслолын хэсэг/, Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажил гүйцэтгэх захиалагчийн эрх олгосны дагуу эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй боловч эдгээр ажил тус бүрийг хэдэн төгрөгөөр хийж гүйцэтгэсэн талаар болон нэхэмжлэлд дурдсан Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажлыг 268,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

 

Энхийг дэмжих ажиллагааны хүлээн авалтын өрөөний засварын ажлыг 2016 оны 12 сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх боловч уг акт нь 268,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэснийг нотолно гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Барилгын тухай хуульд зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт нь барилгын ажлыг зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан баримт бөгөөд тус актад ажлын тоо хэмжээ, төсөвт өртөг тусгагддаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар заасныг баримтлан “БХАҮН” ТӨААТҮГ-ын захиалагчийн эрх олгогдсон ажлуудыг хийж гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч “Н ” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлуудын нийт төсөвт өртөг нь 333,057,358 төгрөг болох нь тогтоогдсон, БХЯ  нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт төлбөл зохих 333,057,358 төгрөгийг “БХАҮН” ТӨААТҮГ-т төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч БХЯ наас үлдэгдэл төлбөр болох 157,083,771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

                                                                                               

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч БХЯ наас үлдэгдэл төлбөр болох 157,083,771 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943,369 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 49 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “БХАҮН” ТӨААТҮГ-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Д.ЦЭРЭНДОЛГОР