Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 01

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор  

Улсын яллагч: Б.Байгалмаа

Шүүгдэгч А.Баянзул, түүний өмгөөлөгч Н.Саранчимэг,

Шүүгдэгч А.Төмөрбат, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Баянзул, А.Төмөрбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031476  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт СХД-ийн 1 дүгээр хороо Толгойтын 91-12 тоотод оршин суух, Алтангэрэлийн Төмөрбат /рд:ХК67033118/,

Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, хүү охин бэрийн  хамт БГД-ийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол Хасбаатарын гудамж 15-56 тоотод оршин суух, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БЗД-ийн шүүхээс 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан Боржигон овогт Алтанцэцэгийн Баянзул  /рд:ХН70102705/,

 Шүүгдэгч А.Баянзул, А.Төмөрбат нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Энэтхэг барааны дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Энхцэцэгийн эзэмшилийн IPhone-6 s маркийн гар утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000  төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч А.Төмөрбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед борооноос холдох гэж дэлгүүр рүү орсон. Баянзул миний урд явж байсан. Тэгээд над руу дохихоор нь би уг дохисон зүг рүү нь харахад хохирогчийн цүнх байсан ба цүнхийг нь аваад гарсан. Би хохирогчтой холбогдож утас, цүнхийг өгсөн. Би согтуу байсан болохоор яг хэдэн төгрөг хэтэвчинд нь байсныг нь сайн санахгүй байна. Би уг хохирлын мөнгийг нь өмнөх шүүх хурал дээр өгөх гэж байсан боловч шүүгчийн туслах хохирогчдоо мөнгөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогчтой холбогдоход хохирогч би гадаад руу явах гэж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн гэж надад хэлсэн гэв.

Шүүгдэгч А.Баянзул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед хохирогчийн цүнхэнд юу байсныг нь хараагүй. Мөн цүнхийг Төмөрбат аваад гарсан гэдгийг нь ч мэдээгүй. Дараа нь Төмөрбатаас асуухад хохирогчийн цүнх, утас хоёрыг нь өгсөн гэж надад хэлсэн гэв.

Хохирогч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим би нөхөр Доржнямбуугийн хамт Чингэлтэй дүүргийн 4  дүгээр хорооны нутагт байрлах Энэтхэг барааны дэлгүүр орсон юм. Гэхдээ манай нөхөр гадаа машин дотроо үлдээд би дэлгүүрлүү өөрийнхөө цүнхийг бариад ганцаараа орсон юм. Намайг дэлгүүр дотор орох үед худалдагч ганцаараа байсан ямар нэг үйлчлүүлэгч байгаагүй юм. Ингээд би тухайн дэлгүүр дотор даавуу материал сонирхож байх үедээ өөрийн гар цүнхээ худалдагчийн лангуун дээр тавьчихсан юм. Энэ үед гэнэт гаднаас улаан өнгийн бэлтгэлийн хувцастай эмэгтэй орж ирээд миний үзэж байгаа даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэж хэлээд доошоо суугаад миний барьж байсан даавууг бариад л байсан. Тэгсэнээ худалдагч дээр очиж нэг зүйл асуучихаад маш хурдан дэлгүүр дотроос гараад явчихсан. Тухайн эмэгтэй дэлгүүрээс гарсаны дараа удалгүй миний нүдний үзүүрт 2 эрэгтэй хүн дэлгүүрийн хаалган дээр харагдахаар гэнэт өөрийнхөө гар цүнхийг санаад цүнхээ үзтэл цүнх алга болчихсон байсан юм. Одоо бодоход тухайн улаан өнгийн бэлтгэлийн хувцас өмссөн эмэгтэй миний барьж байсан даавууг үзээд доошоо суугаад анхаарал сарниулаад намайг халхалж байх хооронд хамт явсан 2 эрэгтэй нь миний цүнхийг аваад гарсан юм шиг байгаа юм.

2016 оны 03 дугаар сард Мобикомоос 1.600.000 төгрөгөөр худалдан авсан айфонэ-6эс маркийн гар утас мөн бэлэн 200.000 төгрөгтэй түрийвч. Уг түрийвчээ 2015 оны 10 сард хүн надад бэлэглэж байсан. Түрүүвчийг бэлгэнд авч байсан болохоор үнэлэхгүй ээ. Цүнхээ 100.000 төгрөгөөр гар дээрээс хувь хүнээс 2016 оны 06 сард худалдаж авсан юм.

Би цүнхээ, гар утастайгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Харин түрийвч болон бэлэн 200.000 төгрөгөө хүлээж аваагүй юм.

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл: Миний санаж байгаагаар хамгийн сүүлд цаасан хайрцагтай пичень хийсэн байсан настай эрэгтэй орж ирэхэд л миний цүнх алга болчихсон байсан. Харин тэр улаан өнгийн биеийн тамирын хослолтой эмэгтэй л нэг эрэгтэй хүнтэй нийлээд л хулгай хийсэн гэж бодож байна. Миний бодлоор гартаа пичень барьсан залуу уг хэрэгт оролцоогүй харин түүнээс гадна дахиад нэг эрэгтэй харагдаж байсан. Тэр л улаан биеийн тамирын өмд өмссөн эмэгтэйтэй нийлж хулгай хийгээд гарсан. Түүний дараа печентэй хайрцаг барьсан эрэгтэй дөнгөж орж ирэхэд л цүнх алга болсныг мэдсэн юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэхдээ гомдолтой байна. Зохих ёсны байгууллагаар нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Тухайн өдөр би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Энэтхэг барааны дэлгүүр дээрээ худалдагчийнхаа ажлыг хийгээд байж байтал 16 цагийн орчимд санаж байна гаднаас нэг эмэгтэй орж ирээд даавуу үзээд зогсож байтал гаднаас улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай нэг эмэгтэй орж ирээд өмнө орж ирсэн даавуу үзээд зогсож байсан эмэгтэйгийн үзэж байсан даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэх мэт үг хэлээд байгаад байсан энэ үед гаднаас хайрцагтай зүйл тэвэрсэн нэг эрэгтэй дэлгүүр дотор орж ирээд лангуун дээр ирээд юм хараад л зогсоод байсан. Тэрхэн зуур сүүлд гар ар араасаа орж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хэн нь түрүүлж дэлгүүрээс гарсаныг яг сайн анзаарч хараагүй. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан байсны дараа анх орж ирсэн эмэгтэй яанаа миний цүнх алга болчихсон байна гэхээр нь би хаана тавьсан юм бэ гэж асуусан чинь лангуун дээр тавьсан байсан юм гэж хэлсэн. Ийм л асуудал болсон юм. Манай дэлгүүрт ямар нэгэн хяналтын камер байхгүй ээ гэх мэдүүлэг,

 Гэрч Ч.Сэнгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би А.Төмөрбаттай хамтран амьдардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төмөрбат бид хоёр 100 айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлэг дээр хүн эргэх гэж очсон юм. Тэгтэл Төмөрбат нь архи их уудаг байрын эрэгтэй эмэгтэй хоёртой юм яриад зогсоод байсан тухайн үед нилээн ширүүн бороо орж байхад Төмөрбат нь би энэ хоёртой ганц шил архи хувааж уучихаад явъя гэхээр нь за гээд Төмөрбатыг орхиод гэрлүүгээ явчихсан юм гэх мэдүүлэг,

Сэжигтэн А.Төмөрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: …Тухайн дэлгүүр дотор ороход нэг эмэгтэй даавуу үзээд үйлчлүүлээд байж байсан ба Баянзул надруу харчихаад лангуун дээр байсан цүнхрүү харчихаад надруу дохиод тэр цүнхийг ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цүнхийг аваад дэлгүүрээс гараад зам хөндлөн гараад явсан гэх мэдүүлэг,  

 Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Баянзул, А.Төмөрбат нар нь бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Энэтхэг барааны дэлгүүр дотор үйлчлүүлж байсан иргэн Б.Энхцэцэгийн эзэмшилийн IPhone-6 s маркийн гар утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Энхцэцэгийн: …2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн орчим би нөхөр Доржнямбуугийн хамт Чингэлтэй дүүргийн 4  дүгээр хорооны нутагт байрлах Энэтхэг барааны дэлгүүр орсон юм. … Энэ үед гэнэт гаднаас улаан өнгийн бэлтгэлийн хувцастай эмэгтэй орж ирээд миний үзэж байгаа даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэж хэлээд доошоо суугаад миний барьж байсан даавууг бариад л байсан. …Тухайн эмэгтэй дэлгүүрээс гарсаны дараа удалгүй миний нүдний үзүүрт 2 эрэгтэй хүн дэлгүүрийн хаалган дээр харагдахаар гэнэт өөрийнхөө гар цүнхийг санаад цүнхээ үзтэл цүнх алга болчихсон байсан юм гэх мэдүүлэг,

Гэрч Д.Мөнгөнцэцэгийн …. гаднаас нэг эмэгтэй орж ирээд даавуу үзээд зогсож байтал гаднаас улаан өнгийн бэлтгэлийн өмд цамцтай нэг эмэгтэй орж ирээд өмнө орж ирсэн даавуу үзээд зогсож байсан эмэгтэйгийн үзэж байсан даавууг барьж үзээд ямар гоё даавуу вэ гэх мэт үг хэлээд байгаад байсан энэ үед гаднаас хайрцагтай зүйл тэвэрсэн нэг эрэгтэй дэлгүүр дотор орж ирээд лангуун дээр ирээд юм хараад л зогсоод байсан. Тухайн эрэгтэй, эмэгтэй 2 гараад явсан байсны дараа анх орж ирсэн эмэгтэй яанаа миний цүнх алга болчихсон байна гэхээр нь би хаана тавьсан юм бэ гэж асуусан чинь лангуун дээр тавьсан байсан юм гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Сэнгээгийн …2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төмөрбат бид хоёр 100 айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлэг дээр хүн эргэх гэж очсон юм. Тэгтэл Төмөрбат нь архи их уудаг байрын эрэгтэй эмэгтэй хоёртой юм яриад зогсоод байсан тухайн үед нилээн ширүүн бороо орж байхад Төмөрбат нь би энэ хоёртой ганц шил архи хувааж уучихаад явъя гэхээр нь за гээд Төмөрбатыг орхиод гэрлүүгээ явчихсан юм гэж мэдүүлэг,  

Шүүгдэгч А.Төмөрбатийн …Тухайн үед борооноос холдох гэж дэлгүүр рүү орсон. Баянзул миний урд явж байсан. Тэгээд над руу дохихоор нь би уг дохисон зүг рүү нь харахад хохирогчийн цүнх байсан ба цүнхийг нь аваад гарсан. Би хохирогчтой холбогдож утас, цүнхийг өгсөн. Би согтуу байсан болохоор яг хэдэн төгрөг хэтэвчинд нь байсныг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Баянзулын …Би тухайн үед хохирогчийн цүнхэнд юу байсныг нь хараагүй. Мөн цүнхийг Төмөрбат аваад гарсан гэдгийг нь ч мэдээгүй. Дараа нь Төмөрбатаас асуухад хохирогчийн цүнх, утас хоёрыг нь өгсөн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.Баянзул нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэгдсэн бөгөөд ялтайд тооцох хугацаа дууссан.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх үндэслэл болно.

Шүүгдэгч нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх үндэслэл болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Баянзул, Алтангэрэлийн Төмөрбат нарыг бүлэглэн иргэн Б.Энхцэцэгийн эзэмшилийн IPhone-6 s маркийн гар утас, 200.000 төгрөгтэй гар цүнхийг хулгайлж 1.500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-д зааснаар  шүүгдэгч А.Баянзулд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял, шүүгдэгч А.Төмөрбатад эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял тус тус  оногдуулсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянзулд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч А.Төмөрбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баянзул, А.Төмөрбат нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд  хяналт тавихыг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Баянзул нь  12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН