Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/62

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 дугаар сарын 25 өдөр                          2019/ДШМ/62                                                         Зуунмод

 

 

М.Н, Ц.Б, П.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгч П.Ганбаатар, С.Сувдмаа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Н, Ц.Б, П.Анарт холбогдох эрүүгийн 1834009830016 дугаартай 1 хавтас 245 хуудас бүхий хэргийг 2019 оны 06 сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Өмнөговь  суманд  төрсөн,  24  настай,  эрэгтэй,  боловсролгүй,   мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Жавхлант 1 дүгээр баг, Бумбат гэх зар оршин суух хаягтай боловч  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар оршин суудаг, ял шийтгэлгүй, Хөх нүдэн овогт П.А

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт оршин суудаг, ял   шийтгэлгүй,   Бэсүд   овогт М.Н.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Алтан Дорнод 1-14 тоотод оршин суух хаягтай, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Ц.Б

Шүүгдэгч М.Н, Ц.Б, П.Анар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-14 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Алтан шагай" ХХК-ний контейнер буюу тусгайлан хамгаалсан байрны цонхыг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Delkor" нэртэй, хар өнгөтэй аккумлятор 1 ширхэгийг,

Мөн үргэлжилсэн үйлдлээр тухайн өдрийн орой 19 цагийн орчим тус контейнероос 150 метрийн урттай, хуучин кабелийн утас, гагнуурын аппарат 1 ширхэг, товуд шахагч 1 ширхэг, халаагуур тень 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг, 62-21 ДАХ улсын дугаартай тоёота криста маркийн тээврийн хэрэгслийг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлан, бусдад нийт 2 030 000 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжаар:

Шүүгдэгч Хөх нүдэн овогт Пүрэвжавын Алтанхундага, Бэсүд овогт  Мягмардарийн Нямдаваа, Боржигон овогт Цэдэнгалсангийн Бадамсэрээжид нарт холбогдох эрүүгийн 1834009830016 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газар очтол шүүгдэгч Ц.Бадамсэрээжид, П.Алтанхундага, М.Нямдаваа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан яллагдагч М.Нямдаваагийн өмчлөлийн 62-21 ДАХ улсын дугаартай Тоёота Криста маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн болохыг  дурдаж, Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор С.Алимаа бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834009830016 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "шүүх хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх шаардлагатай гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр" хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл хэсгийг хэрхэн ноцтой зөрчсөн эсвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгэх талаар тодорхой дурьдаагүй байна. Тухайлбал:

1.Хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь Ц.Бадамсэрээжид, М.Нямдаваа, П.Алтанхундага нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба хавтаст хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболд яллагдагчаар мэдүүлэг авахдаа тухайн гэмт хэргийн үйлдлийг бичээд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийг бичихдээ 2 -ын тоог илүү бичсэн,

Мөн яллагдагч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолд мөрдөгч нь хэргийн дугаарыг 1834009830016 гэх дугаарыг 1934009830016 дугаартай хэрэгт гэж,

 

Мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оюунболд нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэлд "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Болдчулууны хийсэн 859 дугаартай гэрээний эх хувь байлаа. Уг гэрээнд худалдагч талаас 52-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ТГ75041170 дугаарын регитсрийн дугаартай Д.Батмөнх нь ОП88020210 дугаарын регистрийн дугаартай М.Нямдаваад өөрийн эзэмшлийн 52-21 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн худалдаж байгаа талаар үйлдэж худалдагч болон худалдан авагч тал гарын үсэг зурж баталгаажуулсан байсан 1 хуудас 2 тал материал хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар болов..." гэж тусгаж, тухайн баримтыг хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд уг баримтыг хавсаргасан,

 

Хяналтын прокурорын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №09 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг гэж тус тус бичиж, бичиг техникийн шинжтэй алдаа гаргасан зэрэг нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэх, шүүгдэгчид ял оногдуулахад сөргөөр нөлөөлөхүйц, зөрүүтэй, хууль зөрчсөн, мөн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрхийг хангаагүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.Мөн ...эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг өмгөөлөгчийн хамт танилцуулаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2019 оны 01 сарын 28-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг өмгөөлөгч Ц.Раашзэвэгт танилцуулаагүй, 2019 оны 01 сарын 02-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолын 3 дахь заалтаар хугацаа тавиагүй, уг тогтоолын дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтийг сарын дараа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4-т "яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна", мөн хуулийн 7 дахь хэсэгт "Шинжээч нь шинжилгээний цар хүрээ, онцлогоос хамаарч тогтоосон хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах хүсэлтийг шинжээч томилсон шүүх, прокурор, мөрдөгчид гаргаж шийдвэрлүүлнэ" гэж, ...мөн 135, 136, 137 талд авагдсан шинжээчийн дүгнэлтийг ...өмгөөлөгч Ц.Раашзэвэгт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ..." тус тус заасныг зөрчсөн талаар тусгасан.

 

Гэтэл хавтаст хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг яллагдагч М.Нямдаваад танилцуулсан , мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолыг яллагдагч М.Н, Ц.Б, П.Анарт танилцуулсан, мөн хавтаст хэргийн 135, 136, 137 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэлд яллагдагч нар шинжээчийн дүгнэлтийг танилцаж, гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4, 27.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж, тэдний хуульд заасан эрхийг хангасан бөгөөд оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Мөн өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь шүүхийн санаачлагаар болон өмгөөлөгч Б.Сувдмаагийн гаргасан хүсэлтийн дагуу явуулсан урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож, хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас оролцсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан үндэслэл байхгүй, хуульд заасан нөхцөл журмын дагуу ажиллагаа явуулсан ба дээрх шүүгчийн захирамжид тусгасан баримтууд болон хэргийн материалтай бүрэн танилцсан талаараа санал хүсэлтээ гаргасан байгаа нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Өмгөөлөгч Раашзэвэгийг яллагдагч П.А нь "яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарласны дараа татгалзсан байгаагаас дүгнэхэд шүүгчийн захирамжид дурьдсан асуудлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 405 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв. гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бичиг техникийн алдаа гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан тайлбартаа: Хэргийн оролцогчдын эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: П.Ганбаатар өмгөөлөгчтэй санал нэг байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Н, Ц.Б, П.Анарт холбогдох хэргийг  мөрдөн шалгах ажиллагааны явцад  нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуульд заасан журам зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагч Ц.Бадамсэрээжид, М.Нямдаваа, П.Алтанхундага нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-47,52,57/ атлаа мөрдөгч мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар буюу  мал хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар мэдүүлэг авсан /хх-50,55/, яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа  хэргийн дугаарыг буруу бичсэн /хх-61,63,65/, эд хөрөнгө битүүмжилсэн болон баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэлд  дуу,дүрс бичлэг, 13 хуудас материал хэрэгт авагдсан байдлаар алдаатай /хх-70,138/ бичсэн нь хуульд нийцээгүй ба шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтийг  өмгөөлөгч Ц.Раашзэвэгт танилцуулаагүй /хх-119,123/ нь хэргийн оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Харин “өмгөөлөгчийн туслах уншиж танилцуулав Б.Бямба” гэсэн тэмдэглэгээг өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн туслах бичсэн байх тул Б.Бямба гэх этгээд хэн болох,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээд мөн эсэхийг тогтоож, тодорхойлох шаардлагагүй байна.

 

Иймд Ц.Бадамсэрээжид, М.Нямдаваа, П.Алтанхундага  нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Бадамсэрээжид, М.Нямдаваа, П.Алтанхундага  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.