| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 159/2024/0072/З |
| Дугаар | 221/МА2025/0261 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2025/0261
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П
Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний зургаа буюу нэмэлт нөхцөлийг биелүүлж бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцөлийг биелүүлээгүйн улмаас үүссэн үнийн зөрүү 5 500 000 төгрөгийг гаргуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П
Хариуцагч Т.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 159/2024/0072/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан ““Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний зургаа буюу нэмэлт нөхцөлийг биелүүлж бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцөлийг биелүүлээгүйн улмаас үүссэн үнийн зөрүү 5 500 000 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-т заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“Манай “Х” ХХК болон Сүхбаатар сумын Засаг дарга Т.П нарын хооронд Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах №2023/02 тоот гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан билээ.
Уг гэрээний дагуу манай “Х” ХХК өөрийн эзэмшлийн ойн сангийн 81 дүгээр хэсэглэл, 5,6,7 дугаар ялгаралд 48 га талбай тусгаарлалт явуулж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1000 шоо метр түлээний мод бэлтгэхээр эрхийн бичгийн төлбөр тооцоог төлж ажлаа хийсэн билээ.
Ингээд 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Сүхбаатар суманд тээвэрлэлт хийн сумын иргэдэд 10-20 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулан худалдаалж байсан юм.
Уг гэрээний зургаад: Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндэслэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ гэж заасан байсан.
Гэтэл Сүхбаатар сумын Засаг дарга энэхүү гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй байснаас нь манай компани хооронд маргаан үүссэн юм.
Ингээд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нэлээдгүй хугацаа өнгөрсний эцэст хурал болж 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 43 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болголоо. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хамтран ажиллах гэрээний зургаа дахь заалтыг хэрэгжүүлэхээр даалгахаар нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд нэмж Сүхбаатар сумын Засаг дарга үнийн дүнг 15-20 хувь бууруулж байсны үнийн зөрүү мөнгө болох 5 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байсныг хүчингүй болголоо.
Энэхүү түлээний 1000 шоо метр модыг манай “Х” ХХК-ийн ойн сангаас бэлтгэсэн бөгөөд ер нь бол Сэлэнгэ аймгаас Сүхбаатар сум түлээний мод бэлтгэхдээ компаниудын ойн сангаас бэлтгэдэггүй, сумын Ойн сангийн гаргаж өгсөн газраас модоо бэлтгэдэг гэдгийг дурдах ёстой. Ингэхээр ер нь бол энэ түлээний мод манай компанийн өмч юм.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарлаа. Ингэхдээ үлдсэн 744 шоо метр модыг хэрхэхийг шийдвэрлэсэн заалт үсэг алга. Энэ түлээний гоожин 2023 онд үүсгэгдээд мод бэлтгэгдсэн байна гэсэн үг. Ингэхээр эрхийн бичгийн хугацаа шүүхээр явж байтал дуусчихсан байгаа юм.
Хэрэв Сүхбаатар сумын Засаг дарга гэрээний зургаа дахь заалтыг хэрэгжүүлэхгүй гэвэл үнийн зөрүү буюу хямдруулан заруулсан 5 500 000 төгрөгийг буцааж манай компанид олгох ёстой. Сүхбаатар сумын Засаг даргын манай компанийн зарсан модны үр ашгийн тооцоо хийсэн нь ямар ч үндэслэл байхгүй, хийсвэр тооцоолол юм. Энэ 5 500 000 төгрөг үнийн зөрүүний алдагдал юм. Тэрнээс бус ашгийн тооцоо биш.
Ер нь бусад сумд манай Хүдэр сумаас мод бэлтгэхдээ тухайн компанитай хэдэн хувийг нь өөрсдөө авч, хэдэн хувийг нь төвлөрсөн газарт борлуулахаар гэрээ хийдэг талаар энэхүү гэрээнд оролцогчийн нэг Г.Т мэдүүлэг өгсөн байгаа. Гэтэл үүнийг шүүгч харгалзан үзээгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь манай компанид 300 шоо метр модыг Сүхбаатар сумаас бусад газарт тээвэрлэхийг даалгах шийдвэр гаргаагүй бол үнийг зөрүүг манай компанид Сүхбаатар сумын Засаг дарга төлөхөөр гаргах ёстой гэж үзэж байна.
Дээр нь үлдэгдэл 744 шоо метр модыг Сүхбаатар сум руу тээвэрлүүлэх, эрхийг бичгийг нь нөхөн сэргээх талаар шийдвэртээ тусгах ёстой.
Иймээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж хоёр нэхэмжлэлээ аль алиныг дэмжиж давж заалдаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан ““Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний зургаа буюу нэмэлт нөхцөлийг биелүүлж бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцөлийг биелүүлээгүйн улмаас үүссэн үнийн зөрүү 5 500 000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга нар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Сүхбаатар сумын иргэдийн ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах гэрээ” байгуулж, үүнийг Хүдэр болон Сүхбаатар сумын Засаг дарга нар баталсан байх бөгөөд тус гэрээний Зургаад “Шаардлагатай тохиолдолд Сүхбаатар сумын Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотод түр оршин суудаг Сүхбаатар сумын үндсэн харьяалалтай иргэдэд түлээний мод нийлүүлнэ” гэж тусгасан байна. Нэхэмжлэгчээс “хариуцагч Сүхбаатар сумын Засаг даргыг дээрх гэрээний заалтыг хэрэгжүүлээгүй, үүний улмаас 5 500 000 төгрөгийн үнийн зөрүү үүссэн” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Анхан шатны шүүх “... Ойн тухай хуулиар Сүхбаатар сумын Засаг дарга Т.П-д Хүдэр сумаас Улаанбаатар хотод түлээний мод тээвэрлэх, худалдах зөвшөөрөл олгох эрх хуулиар олгогдоогүй, зөвхөн эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байна, харин Хүдэр сумын Ойн ангид аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг олгох эрхийг хуулиар зохицуулсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Хүдэр сумаас Улаанбаатар хот руу түлээний мод тээвэрлэхэд Сүхбаатар сумын Засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд нэгэнт Ойн тухай хуулийн Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.2.3-д “энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”, 18.3-д “Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараах эрх, үүрэгтэй”, 18.3.2-т “бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Сүхбаатар сумын Засаг даргад нэхэмжлэгч компанийн бэлтгэсэн модыг Улаанбаатар хот руу тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох эрх Ойн тухай хуулиар нэгэнт олгогдоогүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргах боломжгүй юм.
2.5. Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх “... хариуцагч хамтран ажиллах гэрээнд заагдсан үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан гэж үзвэл хохирлын талаар нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй” талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... үлдсэн 744 шоо метр модыг хэрхэхийг шийдвэрлэсэн заалт, үсэг алга...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 7, 8 дугаар тал алдаатай, шүүхийн дүгнэлт хэрхэн уялдаж, үргэлжилж байгаа болох нь тодорхойгүй, түүнчлэн шийдвэр нь 2 тогтоох хэсэгтэй бичигдсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4-т заасныг баримтлан “Х” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад холбогдуулан гаргасан ““Х” ХХК болон Хүдэр сумын Ойн анги нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар сумын ахуйн хэрэглээнд түлээний мод бэлтгэхэд хамтран ажиллах 2023/02 дугаар гэрээний зургаа буюу нэмэлт нөхцөлийг биелүүлж бэлтгэсэн 1000 шоо метр модноос 300 шоо метрийг Улаанбаатар хот руу нийлүүлэхийг даалгах, гэрээний уг нөхцөлийг биелүүлээгүйн улмаас үүссэн үнийн зөрүү 5 500 000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН