Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Эт холбогдох эрүүгийн 2238001080553  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Модон хүү арлын мөсөн дээр 66-09 УНВ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 84-40 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргаж улмаар зорчин явсан Ч.Б нас барсан, Н.Нн биед хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001080553 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч  М.Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Модон хүү арлын мөсөн зам дээр 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Тоёота приүс-20” загварын 66-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа өөдөөс чигээрээ яваа “Хуандай Старикс” загварын 84-40 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхдөө зүүн тийшээ эргэх хөдөлгөөн хийж, Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9-т  заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас авто осол гаргаж уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Б цээж, хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч цочмогоор цус алдаж нас барсан, Н.Нн биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эын өгсөн: “Тухайн үед Ханх сумаас ирж байхад урдаас хурц гэрэлтэй машин ирж байсан. Тэгээд би замаасаа гараад зогсъё гээд эргэх гэж байтал шууд ирээд намайг мөргөчихсөн. Би өөрөө мөргүүлчхээд хань ижлээ алдчихаад үр хүүхдээ өнчрүүлээд ажилгүй, эд хөрөнгөгүй, нүднийхээ харааг алдчихаад өөрөө хохироод байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Модон хүү арал дээр 66-09 УНВ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл, 84-40 ХӨВ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх гомдол мэдээллийн дагуу явж очив. Хэрэг учрал болсон гэх газар нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн Модон хүү арал гэх газрын Хөвсгөл далайн мөсөн дээр гарсан байлаа. Хэргийн газрын байршлыг гар утасны google map программыг ашиглан тогтооход N 50.55.59.02, E100.31.07.56 кординатад байршилтай байв. Хэргийн газрын ерөнхий байдлыг гэрэл зургаар бэхжүүлж авав. Тухайн мөсөн дээр ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэсэн зурвас зам гарсан байлаа. Мөсөн замын урдаас хойш чиглэлд 84-40 ХӨВ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгсэл, хойноос урагш чиглэлд 66-09 УНВ улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан байна. Тухайн хоёр тээврийн хэрэгсэл хоёулаа замынхаа ертөнцийн зүгээр зүүн тийш гарсан байх ба замаас гарч байгаа тээврийн хэрэгслийн мөр цасан дээр үүссэн байсныг бэхжүүлж авав. Тээврийн хэрэгслийн хоёр талаас ирсэн дугуйны мөр нэг цэгт очих бөгөөд тухайн осол гарсан цэгээс А цэг гэж тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав. А цэг нь зорчих хэсгийн зүүн талаас 5.8 м зайд байгаа А цэгээс хойд зүгт 3.5 м зайд 84-40 ХӨВ улсын дугаартай Старикс маркийн тээврийн зүүн урд зүгт харж зогссон байдалтай. Тээврийн хэрэгслийн харагдах байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тухайн тээврийн хэрэгслийн баруун ард дугуй зорчих хэсгээс 2.6 м, баруун хойд дугуй зорчих хэргийн 2 м зайд байв. Тухайн тээврийн хэрэгслийн баруун урд хэсэг нэлэнхүйдээ чихэгдэж гэмтсэн, урд хамгаалалт салан хонхойсон байдалтай байв. Үүнийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгон дотогш орж харахад түлхүүр нь зоолттой байх ба түлхүүрийг хариулсан байв. Жолооч Пүрэвдоржоор тээврийн хэрэгслийн арааг салгуулахад 3 дугаар араандаа байна гэв. 84-40 ХӨВ улсын дугаартай баруун хойд хэсэгт 28 м, хойд хэсэгт приүс тээврийн хэрэгслийн далавч байсанг 1 гэж дугаарласан. Гэрэл зургаар бэхжүүлэн авав. А цэгээс зүүн урд зүгт 96.8 м зайд буюу зорчих хэсгээс 24.8 м зайд 6609 УНД улсын дугаартай приүс 20 маркийн авто тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүгт харж байрласан байдалтай байсанг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг тээврийн хэрэгслийн баруун хатуу хэсэг нэлэнхүйдээ хонхойн эвдэрч гэмтсэн, урд салхины шил хагарч салсан, хойд гупер, зүүн хойд хэсгээрээ салсан, дугуйнууд бүрэн бүтэн байдалтай байлаа. Тээврийн хэрэгслийн гаднах харагдах байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгыг онгойлгож доторх байдлыг харахад хамгаалалтын дэр задарсан урд хайрцаг эвдэрсэн байдалтай байгаа. Хойд талын суудал дээр ямар нэгэн зүйл байхгүй. Жолоочийн ард суудлын урд пивоны лааз байдлаа. Тээврийн хэрэгслийн харагдах байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24 тал/, Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Ч.Хүрэлбатын өгсөн: “...Би тухайн осол болдог өдөр нь манай хүргэн Эын ээж над руу оройны 19-20 цагийн үед залгаад Модон хүү арлын ойролцоо осол болоод Бийг нас барсан байна гэдгийг хэлсэн. Явж байхад нь хажуу талаас ирээд машин мөргөсөн юм шиг байна гэсэн. Уг мэдээг сонсоод шууд маргааш нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд очиход талийгаачийг моорогт хийгээд задлан шинжилгээг нь хийсэн байсан. Тэгээд талийгаачийн ажил явдлыг Хатгал тосгонд нь хийж байсан. Тухайн үед намайг ирэхэд мөргөлдсөн хоёр машин нь хоёулаа мөсөн дээрээ мөргөлдсөн чигээрээ байсан. Тэгээд би Хатгалд ирээд маргааш нөгөөдрөөс нь осол болсон газарт нь очиход Хуандай Старикс маркийн машин нь манай хүргэний машины жолоочийн ар талын хаалгыг мөргөсөн байсан. Тэгээд энэ хоёр машиныг нь Хатгал тосгоны журмын хашаанд зөөвөрлөн аваачиж байсан...Надад хэлэхдээ Ханх суманд очоод буцаж явахад нь урд хэсэгт нь пургон машин нь явж байсан гэсэн. Тэгээд ард нь явж байхад нь тэр Хуандай Старикс маркийн машин ирээд мөргөсөн гэж хэлсэн... Надад одоо гомдол санал гээд байх зүйл байхгүй. Манай хүргэн саяхан үхэр саах гэж байгаад нүдээ сохлуулсан. Одоо талийгаачийн 3 хүүхэд, манай хүргэний амьдрал хэцүүдэж байна. Харин оршуулганы зардалтай холбоотой гарсан зардлыг буруутай хүнээр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Хохирогч Н.Нгийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр миний нөхөр ***ийн найз Эын гэр бүлийн хамтаар Ханх сумыг харах зорилгоор явахаар болсон. Тухайн үед Э эхнэр Бтэйгээ, би нөхөр болон 3 хүүхдийнхээ хамтаар Эын приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр Ханх сум руу өглөөний 10 цагийн үед явсан. Бид нарыг явах үед нөхрийн найз ***, *** нар тусдаа машинтай, бид нарын урд талд явсан. Бид нар Хатгал тосгоноос гараад Ханх сум руу явах замаараа зургаа авахуулж явсаар байгаад өдрийн 13 цагийн үед Ханх суманд очсон. Ханх суманд очоод нөхрийнхөө найзууд болох ***, *** нартай уулзсан. Уулзаад бөөндөө Ханх суманд байдаг Ван толгой гэх газрыг очиж үзсэн. Тэгээд хоол цай 15 цагийн үед идэж уугаад үдээс хойш 16 цагийн үед Хатгал тосгон руу буцсан. Буцах үед нөхрийн маань найз *** машинтайгаа урд ороод түрүүлээд явсан. Бид нар араас нь явсан, явах замдаа Модон хүү арал дээр очиж зогсоод амрангаа зургаа даруулсан. Модон хүү арал дээр байхад бид нар дээр 1 пургон маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. .. Модон хүү арлаас хөдлөхөд пургон маркийн машин түрүүлээд хөдөлсөн. Бид нар тэр машины араас хөдөлсөн. Би тухайн үед талийгаач Бтэй юм яриад явж байсан, явж байх замдаа замын нөхцөл байдлыг анзаарч хараагүй. Гэнэт л миний сууж явсан машин машинд мөргүүлсэн. Би мөргөсөн машиныг хаанаас яаж гарч ирснийг анзаарч хараагүй. Машинд машин маань мөргүүлснээс хойш юу болсныг нарийн сайн санахгүй байна. Нэг ухаан ороход л далай дээр хэвтэж байсан бөгөөд миний том хүү ***: “ээж ухаан орооч, ээж босооч, ээж хөдлөөч” гээд уйлчихсан зогсож байсан. Би тухайн үед босох гэж оролдоход бөгсөн бие мэдээгүй байсан учраас босож чадаагүй. Намайг ухаан ороход л нэг ах гар утсаараа бичлэг хийгээд зогсож байгаа харагдсан. Гэхдээ ямар учиртай хүн бичлэг хийснийг мэдэхгүй байна. Тэгж байгаад намайг пургон маркийн машинд өргөж оруулсан. Машинд суугаад явж байхад надтай хамт хүүхдүүд явж байсан. .. Намайг шууд сумын төвийн эмнэлэгт хүргэж ирсэн. Эмнэлэгт ирээд эмчилгээ хийлгээд хоносон. Уг өдрийн маргааш аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлчхээд эмнэлэгт хэвтээгүй, гэрээрээ 45 хоног хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэхээр болоод сум руугаа буцсан. Хэвтрийн дэглэмтэй байж байгаад саяхнаас л таяг тулаад явж байгаа...Ямар шалтгааны улмаас осол гарсан болохыг мэдэхгүй байна. Талийгаач Бтэй юм яриад явж байхад л машины маань баруун хажуу тал руу машин мөргөчихсөн. Эын унаж явсан приүс 20 маркийн машин нь буруу талдаа үрүүлтэй машин байсан. Тухайн үед машины урд талын суудал дээр миний хоёр хүүхэд болох ***, *** нар, энэ хоёрын хойд талын суудал дээр миний нөхөр ***, би нөхрийнхөө баруун гар талд бага хүү Мөнхзаяагийн хамтаар, миний баруун гар талд буюу жолоочийн хойд талын суудал дээр талийгаач Б сууж явсан... Талийгаач Б бид хоёр явж байх замдаа лаазтай пиво уугаад явж байсан. Миний нөхөр *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ нэг их согтуу бол биш байсан...Би гомдолгүй байна. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Ийм асуудал гарсанд л харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйн өгсөн: “...гэрээгээр тухайн машиныг худалдаж аваад Ханх суманд аваачиж байгаад буцаад Хатгал руу явж байгаад ийм осолд орох болсон...Би өөрөө бол 60 км/ц хурдтай явж байсан. Харин тэр приүс маркийн машин нь нэлээн хурдтай л миний урдуур ороод ирсэн. Тэгээд би зогсоох гээд машиныхаа тоормосыг аяархан гишгэхэд мөсөн дээр болохоороо зогсохгүй байсаар байгаад мөргөх болсон... явж байгаад Тойлогт амралтын газрын тушаа явж байх замдаа араас ирэх машиныхаа жолооч руугаа 17 цаг 40 минутад залгахад: би мэргэний үзүүрийн ард талд явж байна, та зөөлөн явж бай, би араас чинь гүйцээд очно гэж хэлсэн. Тэгэхээр нь зөөлөн хурдаа тохируулаад явж байсан. Модон хүү арлын тушаа явж байхад өөдөөс 3 машин ирж яваа харагдсан. Хамгийн урд яваа машин нь хар өнгийн жижиг суудлын тэрэг байсан бөгөөд тэр машин хажуугаар маш их хурдтай өнгөрөөд гарсан. Тэр хар машины араас пургон маркийн машин, түүний саарал өнгийн приүс маркийн машин ирж яваа харагдсан. Би пургон маркийн машины хажуугаар нь зөрөөд гарчихъя гэж бодоод явж байхад ард нь явсан приүс маркийн машин гүйцэж түрүүлэх гээд миний өөдөөс гараад ирсэн. Би тэр машиныг өөдөөс гараад ирэхлээр нь баруун гар тийш дарсан. Тэгэхэд нөгөө приүс маркийн машин миний дарсан тал руу чигээрээ хурдаа хасалгүй ороод ирсэн. Би тухайн үед жолоочийн эсрэг талынхаа хэсгээр тухайн машиныг мөргөхөд явж байсан чигтээ тас няс хийгээд явчихсан, харин манай машин эргэлдээд явсан талынхаа эсрэгчиглэлд хараад зогсчихсон. Энэ осол болох үед миний ухаан санаа хэсэг орон гаран болсон. Нэг ухаан ороход охин маань дүүгээ машинаас гаргах гээд машиныхаа цонхыг гараараа цохиж байсан. Тэгэхэд замдаа авсан 8 дугаар ангийн банди хаалга онгойлгож өгсөн. Би тухайн үед машинаасаа буугаад бага хүүгээ машинаас буулгаад харахад хүүгийн маань амнаас цус гарч байсан. Амыг нь онгойлгоод харахад доод уруул нь язраад цус гарч байсан. Ингээд байж байхад өөдөөс ирж явсан пургон маркийн машин маань дөнгөж зөрөөд зогссон. Машин нь зогссоны дараа жолооч нь гүйж ирээд надтай уулзсан. Пургон маркийн машины жолооч надаас юу болов гэж асуухаар нь: “чиний машиныг гүйцэж явсан машины жолооч манай машиныг ирээд мөргөчихлөө ш дээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн жолоочийн хамтаар приүс маркийн тээврийн хэрэгсэл дээр явж очсон. Явж очиход тухайн приүс маркийн тээврийн хэрэгслийн ард сууж явсан *** гэх залуу эхнэрийгээ машинаас буулгаж байсан. Мөн тухайн машин дотор зорчиж 3 хүүхэд гарч ирээд зогсчихсон байсан. Приүс маркийн машины жолооч жолоочийн суудал дээрээ сууж байсан бөгөөд толгойноос нь цус гарч байсан. Тухайн жолооч намайг харчхаад "яаж байгаа пизда вэ чи" гэж хэлсэн. Би тухайн үед тэр залуугийн хэлсэн үгүйг тоолгүй, *** гэх залуу дээр явж очсон. Би тухайн залуу дээр явж очоод: "яасан зүгээр үү" гэж асуухад “миний авгай зүгээр, та харин манай найзын эхнэрийг үзээд өгөөч" гэж хэлсэн. Удалгүй байж байхад приүс маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа бууж ирсэн. Бууж ирэнгүүтээ “чи намайг мөргөлөө" гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би тэр залууг хэрүүл маргаан үүсгээд байхаар нь хүүхдийнхээ гар утсыг аваад утсаар нь бичлэг хийсэн. Ингэж байхад пургон маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан машинаас гадаад 2 хүн, орчуулагч нь гэх 1 эмэгтэй хүмүүс бууж ирсэн. Орчуулагч эмэгтэйтэй нь ярилцаад байж байхад приүс маркийн машины жолооч машинаасаа эхнэрийгээ буулгасан. Талийгаачийг буулгасан байхад пургон машинд зорчиж явсан улаан куртиктэй гадаад залуу судсыг нь дарж үзээд амьд байна гэж хэлсэн. Тэгэхэд пургон маркийн машинд зорчиж явсан орчуулагч эмэгтэй хүүхдүүдийг болон бэртсэн хүмүүсийг пургон машинд суулгаад Хатгал тосгон руу авч явахаар болсон. Тухайн үед приүс маркийн машинд зорчиж явсан *** гэх залуу, миний найзыг явуулчих, би тантай хамт үлдье, би машиныг чинь төлж барагдуулна гэж хэлж байсан. Пургон маркийн машины жолооч машинаа зогсоосон газраасаа хөдөлгөж, нас барсан эмэгтэйн хажууд очиж зогссон. Тэгээд талийгаачийг бүгдээрээ өргөж машинд нь оруулсан. Би тухайн үед *** гэх залуутай үлдсэн байхдаа юунд яагаад осол гаргачхав гэж асуухад “найз маань хотын жолооч байгаа юм, яагаад буруу тийш нь дарсныг мэдсэнгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би: ядаж нөгөө тал руугаа дарчхаж болоогүй юм байхдаа гэж асуухад пургон маркийн машинтай ойрхон явсан” юмаа гэж хэлж байсан. *** гэх залуу мөнгийг бол олж болдог юм, хохирлыг чинь бол барагдуулна, гол нь найзууд маань эрүүл байгаасай гэж залбир гэсэн утга агуулгатай зүйлийг ярьж хэлж байсан. Ингээд нэлээн хэсэг байж байхад сумын төвөөс цагдаа нар ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаа миний согтолтын зэргийг драгер багажаар шалгасан Угаасаа би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй учир 0.00% гэж гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46, 48-49 тал/,

Насанд хүрээгүй гэрч Н.***ы өгсөн: “...замдаа явж байгаад Модон хүй арлын ойролцоо явж байхад бид хэдийн өөдөөс гурван машин ирж байсан. Одоо би эхэнд зөрсөн машины маркийг нь сайн санахгүй байна. Уг нь манай аав тэр гурван машинд замыг нь тавьж өгсөн. Тэгээд эхний машин зөрөөд ардаас нь пургон маркийн машин ирж байсан. Тэгээд тэр пургонтой зөрөх гээд ойртож байхад гэнэт л пургоны ардаас мөнгөлөг саарал өнгийн приүс маркийн машин нь ертөнцийн зүгээр зүүн талаар нь гүйцэж түрүүлж гарч ирсэн. Тэгэхэд манай аав өөрийнхөө баруун гар тал руу, ертөнцийн зүгээр зүүн тал руу үрүүлээ дарахад тэр саарал өнгийн приүс маркийн машин нь бид хэдийн машиныг ирээд мөргөсөн. Тэгээд мөргөлдсөний дараа манай дүүгийн амнаас цус гараад сандраад байж байхад нөгөө саарал өнгийн машины жолооч машинаасаа согтуу бууж ирээд манай аав руу уурлаад байсан. Би тухайн үедээ дүүгийн амнаас цус гараад байхаар нь сандраад тэр хүнийг юу гэж манай аав руу уурласан гэдгийг нь сайн сонсож чадаагүй. Тухайн үед бид хэдтэй зөрсөн пургон нь бид хэдийг мөргөлдсөний дараа зогсоод үлдсэн байсан. Тэгээд тэр пургонтой Дамдиндалай, Бадар-Ууган тэр саарал машины жолооч эхнэртэйгээ, бас нэг эмэгтэй хүнтэй, жоохон 3 хүүхэдтэйгээ бид хэд Хатгал руу явсан. Харин манай аав, тэр саарал машин дотор байсан нэг эрэгтэй хүнтэй хамт далай дээр үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

Гэрч Г.***ын өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 18 цаг л өнгөрч байсан байхаа, нарийн цаг хараагүй, Модон хүй арлаас өнгөрөөд ертөнцийн зүгээр урд зүгт буюу Хатгал тосгон чиглэлд явж байхад миний урдаас нэг старикс маркийн бор саарал гэмээр өнгөтэй машин явж надтай зөрж өнгөрсөн. Тэр старикс машин надтай зөрж өнгөрөөд бараг 100 метр орчим яваад хойно явж байсан приүс маркийн автомашинтай мөргөлдсөн байсан. Хойно их дуу чимээ гарахаар нь би машинаа зогсоогоод эргээд харахад хойно мөргөлдсөн байсан. Надтай хоёр гадаад жуулчин явсан. Тэр хоёр орчуулагчтайгаа явсан бөгөөд монгол хэл мэддэггүй юм байна лээ. Тэр хоёр зогс гэхээр нь би зогссон. Тэгээд бид дөрөв машинаасаа буугаад гүйж очиход приүс маркийн автомашины жолоочийн эсрэг талын хойд хаалга онгойгоод нэг эмэгтэй унаж ирсэн. Араас нь нэг эрэгтэй унаж ирсэн. Тэр хоёр ухаантай байсан, нүүр амнаас нь цус гарсан байдалтай байсан. Хойд суудалд нь дахиад нэг эмэгтэй ухаангүй байсан. Урд талын суудалд гурван хүүхэд байсан. Жолоочийн суудалд 30 орчим насны гэмээр нэг залуу сууж байсан. Тэр залуу ч бүр шоконд орчихсон бололтой руль тэвэрчихсэн сууж байгаад сүүлд бууж ирсэн. Нөгөө старикс машинд жолооч нь гээд нэг эрэгтэй хүн гурван хүүхэдтэй хамт байсан. Тэд нар бол арай гайгүй байсан. Намайг буугаад очиход тэр хоёр машин мөргөлдөөд мөсөн дээр юм болохоор гулсаад салчихсан жаахан зайтай зогсож байсан. Би бол яг аль хэсгээрээ яаж мөргөлдсөн гэдгийг хараагүй. Тэдгээр хүмүүст тусламж узүүлээд эмнэлэг түргэн тусламж дуудсан. Хүмүүсийг нь аваад шууд Хатгалын эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

Гэрч Ч.***ийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр найз Этайгаа ярилцаж байгаад Хөвсгөл аймгийн Ханх сум руу гэр бүлээрээ явахаар болсон. Тухайн үед Э эхнэр Бтэйгээ, би эхнэр Н болон 3 хүүхдийнхээ хамтаар Эын приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Ханх сум руу өглөөний 10 цагийн үед явсан. Явах үед манай найз ***, *** нар тусдаа бас Ханх сум руу явсан. Бид нар эд нарыг дагах маягтай араас нь явсан бөгөөд замаараа зураг хөргөө авахуулж явсаар байгаад өдрийн 13 цагийн үед Хөвсгөл аймгийн Ханх суманд очсон. Ханх суманд очоод ***, *** нартай уулзаад тэд нартай хамт Ханх суманд байдаг Ван толгой гэх газрыг үзсэн. Тэгээд хоол цай идэж уучхаад бүгдээрээ өдрийн 16 цагийн үед Хатгал тосгон руу буцсан. Тухайн үед *** найз маань бид нарын урд ороод түрүүлээд явсан, харин бид нар араас нь явж байсан. Бид нар Модон хүү арал дээр очоод хэсэг зогсож амрангаа зураг хөргөө даруулсан. Тэгж байхад бид нар дээр 1 пургон маркийн машин ирж уулзсан. Машины жолооч нь миний таньдаг Тоогий гэх залуу байсан. Тоогийтой хальт уулзчихаад тэгээд шууд Хатгал тосгон руу хөдөлсөн. Тоогий машинтайгаа манай урд талд явсан. Харин бид нар араас нь дагаад явж байсан. Тухайн үед Э машинаа барьж явсан бөгөөд Тоогийгийн машинаас 100 орчим метрийн зайтай явсан. Модон хүү арлаас хөдлөөд 4-өөс 5км явж байхад Тоогийгийн хажуугаар Старикс маркийн машин гарч ирсэн. Би машин гарч ирэхийг хараад “машин” гэж хэлэхэд Э буруу тал руугаа машинаа дараад зогсоох арга хэмжээ авсан. Машин маань бараг зогсох гэж байхад Старикс маркийн машин манай машины баруун хажуу хэсэг рүү нь мөргөсөн. Мөргүүлсний дараа хэсэг ухаан балартсан. Нэг ухаан ороход миний талын хаалгыг хоёр хүүхэд маань онгойлгоод дүүгээ ээжээс нь авсан. Би тухайн үед өөрөө машинаас буугаад өөрийгөө хэсэг тайвшруулаад эхнэр Нгаа машинаас гаргасан. Намайг эхнэрийгээ машинаас буулгаад байж байхад урд талд явсан Тоогий машинтайгаа бид нар дээр ирээд зогссон. Би тухайн үед мөргсөн Старикс маркийн машины жолоочид хандаж: “аваар болчихлоо, бид нарт тусламж үзүүлээч ээ” гэж хэлсэн. Старикс маркийн машины жолооч тусламж үзүүлэхгүй болохоор нь Тоогийтой хамт явсан хэлмэрч гэх залуугаас “осол болчихлоо, гэмтсэн хүмүүсийг маань болон хүүхдүүдийг авч яваач” гэж гуйхад хэлмэрч залуу “хүнд бэртсэн хүнээс бусдыг нь авч явъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тоогийгоос гуйж байгаад бүх бэртсэн хүмүүсээ бүгдийг нь суулгаад явуулсан. Тухайн үед Эын эхнэрийн бие муу, хүнд байсан учраас Эыг хамт суулгаад явуулсан. Харин би өөрөө Старикс маркийн машины жолоочтой хамт хэргийн газар үлдсэн. Хэргийн газарт байж байхад сумын төвөөс цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалалтад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/,

Гэрч Б.***ийн өгсөн: “...Би энэ хүнийг танина. Энэ хүн 2021 оны өдийд л байх над руу залгаад таны Старикс машиныг чинь авъя гэж залгасан. ... Тэгээд надтай холбогдоод машинаа аваад ир үзий гээд байхаар нь очоод үзүүлтэл шууд авъя гээд надаас 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед би уг нь машины нэрийг нь шилжүүлэх гээд аймгийн Авто тээвэр дээр очиход нэр шилжүүлдэг хүн нь байхгүй байсан бас дээрээс нь Нэргүй нь буцаад Ханх сум руугаа явлаа гээд байсан болохоор нь би машины бичиг баримт болон өөрийн бичиг баримтаа наторитоор баталгаажуулаад машины зарсан нь үнэн гэсэн бичиг хийж өгөөд Нэргүйд өгч байсан. Тэгээд 02 сард байх Нэргүй над руу залгаад машин осолд орсон гэж ярьж байхаар нь хасалт хийлгээрэй гэж хэлж байсан. Саяхан би татвараа төлөх гэж байхад Нэргүйд зарсан машин миний нэр дээр гарч ирж байхаар нь би өөрийн нэрнээсээ хасуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 62 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай:  “...Шинжилгээнд ирүүлсэн гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн этгээдүүдийн дардаснууд болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 89 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай: “...Амь хохирогч Ч.Б нь авто ослын улмаас цээж хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч цочмогоор цус алдаж нас баржээ. Ч.Бийн цогцост цээж хэвлийд хавсарсан битүү гэмтэл болон дух, баруун шанаа, баруун хацарт шарх, баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт, баруун дунд чөмгөнд хугарал бүхий гзмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нас барахтай ойролцоо цаг хугацаанд авто ослын улмаас мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр үүсгэгдсэн ба дээрх цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл нь үхэлд шууд хүргэжээ. Ч.Баяцэцэг нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 10 цагийн өмнө нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 106-107 тал/, Хөвсгөл аймгийн

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаартай: “...Н.Нгийн биед аарцаг ясанд хугарал, баруун дунд чөмөгний толгойд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Н.Нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 124 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн: “...Зам тээврийн осол болох үед 66-09 УНВ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан М овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3-т заасан “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах”, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол болох үед 84-40 ХӨА улсын дугаартай Старэкс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Бадгардэмид овогтой Нэргүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн 3-т заасан “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөр тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал, зүлгээх явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбар, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Уг хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хэрэг осол болох үед 66-09 улсын дугаартай приүс 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М овогтой Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлийг зөрчсөний улмаас зам тээврийн осол /Монгол Улсын Автотээврийн тухай хуулийн 3.1.12-т "Мөсөн замын тээвэр" гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн уед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг ойлгоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д "Зам" гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж тодорхойлсон. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-т “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгоно. Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно/ үйлдэгдсэн гэж үзэхээр байна... “ гэх магадлагаа /хх-ийн 128-130 тал/,

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн: “...6609 УНВ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота  маркийн тээврийн хэрэгсэл нь авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээллээр япон улсад 2005 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2016 оны 10 дугаар сарын 04-нд Монгол улсад импортлогдсон , ангилал - В, суудлын тоо 5, арлын дугаар NHW203108253 загвар приүс, хөдөлгүүр бензин цахилгаан 1496 СС, жолооны хүрд баруун хурдны хайрцаг автомат тээврийн хэрэгсэл болно... Жолоочийн талаасаа /Баруун/ гадны нөлөөтэй их хэмжээний гэмтэлтэй, хойд хаалга дотогш чихэгдэж орсон, салхины шил урагш ховхорч, бутарч цуурсан...6609 УНВ улсын дугаартай Тоёота приүс- маркийн тээврийн хэрэгсэл нь Жолоочийн талаасаа / Баруун / гадны нөлөөтэй их хэмжээний гэмтэлтэй, хойд хаалга дотогш чихэгдэж орсон, салхины шил урагш ховхорч, бутарч цуурсан, хөдөлгөөнд оролцох боломжгүй тул явах эд анги хөдөлгүүр, жолооны хүрд, гэрэл дохио бүрэн ажиллагаатай эсэхийг үзэх боломжгүй ... 8440            ХӨВ    улсын            дугаартай, бор ногоон өнгийн Нyundai маркийн Старикс загварын тээврийн хэрэгсэл нь : Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээллээр : Өмнөд солонгос /БНСУ /-д 2003 онд бага багтаамжийн хүн тээвэр зориулалтаар үйлдвэрлэгдэж 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад импортлогдсон, ангилал В, суудлын тоо-7 , аралын дугаар КМJWWH7APBU524233 тээврийн хэрэгсэл болно... Бусад биетэй мөргөлдөж эвдрэл гэмтэл үүссэний улмаас шалгаж үзэх боломж байхгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 142-143 тал/,

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11/19 дугаартай техникийн шинжээчийн: “...Приүс-20 маркийн 66-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-р заалт буюу “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байна. 84-40 ХӨВ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Нэргүй нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Приүс-20 маркийн 66-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 84-40 ХӨВ улсын дугаартай Старикс маркийн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна... Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт байх Хөвсгөл далайн Модон хүү аралын мөсөн дээр гарсан хэрэг нь зам тээврийн осол мөн болно...Жолооч нар нь уг ослын үед зогсоох арга хэмжээ авч амжих байсан эсэхийг тогтоох боломжгүй байна...Приүс-20 маркийн 66-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна...Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2-т “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байдаг тул дээрх дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна...Шинжилгээний явцад асуултад тусгагдаагүй хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал шинжилгээгээр тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 155-156 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1923 дугаартай: “...автомашин техникийн эвдрэл, хохирлыг 1.993.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоосон ...” гэх тайлан /хх-ийн 163-164 тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1927 дугаартай: “...автомашин техникийн эвдрэл, хохирлыг 4.230.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоосон...” гэх тайлан /хх-ийн 167-168 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Прокурорын эд мөрийн баримтаар М.Эын №854006 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 30 тал/,

Цогсцонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-37 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Эын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед тэр хүн намайг яг зогсох гэж байхад миний машиныг ирж мөргөсөн тэрнээс биш би тэр хүний машиныг очиж мөргөөгүй. Өөр надад хэлэх зүйл байхгүй...Тухайн үед намайг явж байхад урдаас хурц гэрэл тусаад машин ирж байгаа харагдахаар нь зүүн гар тийшээгээ үрүүлээ дараад замаас гараад зогссон. Би бол тэр машинаас хангалттай зайд ирж зогссон. Уг нь тэр жолооч шууд чигээрээ гараад явчих боломж байсан байна лээ тэгэхэд шууд миний машиныг ирээд мөргөсөн...Олон бол явж байгаагүй...Би тухайн үед харсан. Намайг харахад надаас 200-300 метрийн зайтай байгаа харагдсан...Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй. Тухайн үед тэр пургон нь миний явж байсан замын хажуугийн замаар орж ирээд миний явж байсан замтай нийлсэн. Тэгээд пургон зам руу явж байхад гэнэт л урдаас машин гараад ирсэн... Тухайн үед Хатгалаас Ханх сум орчоод газар орон үзээд Ханхаас буцаад Хатгал руу явж байгаад зам тээврийн осолд орсон. Тэгээд зам тээврийн осолд ороод ухаан ороод харахад манай эхнэр машин дотор ухаан алдсан байдалтай байхаар нь машин дотор байсан архи аваад эхнэрийнхээ ам руу нь шилтэй нь хийхэд уухгүй байхаар нь би өөрийнхөө ам руу архи хийж байгаад эхнэрийнхээ ам руу хийсэн. Бас тухайн үед миний толгой өвдөөд гар даагдахгүй байхаар нь архи балгасан. Тэрнээс биш би өөрөө архи уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 178, 180 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газарт хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Ч.Хүрэлбатын мэдүүлэг, хохирогч Н.Нн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Нэргүйн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.***, гэрч Г.***, Ч.***, Б.*** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн магадлагаа, Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 11/19 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1923 дугаартай тайлан, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1927 дугаартай тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, прокурорын эд мөрийн баримтаар М.Эын №854006 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авах тухай зөвшөөрөл, цогсцонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч М.Э нь Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Модон хүү арлын мөсөн зам дээр 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Тоёота приүс-20” загварын 66-09 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа өөдөөс чигээрээ яваа “Хуандай Старикс” загварын 84-40 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхдөө зүүн тийшээ эргэх хөдөлгөөн хийж, Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх  “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас авто осол гаргаж уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ч.Б цээж, хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч цочмогоор цус алдаж нас барсан, Н.Нн биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-т “мөсөн замын тээвэр” гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4-т “тээвэрлэлт" гэж автотээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөхтэй холбогдсон ажил, үйлчилгээг” гэж тус тус заажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т  “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна, мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-т " замын хөдөлгөөн" гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг, мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7-т " замын хөдөлгөөнд оролцогч" гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж тус тус томьёолжээ. Мөн хуулийн 12 дугаар зүйлд Замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлон зааж өгсөн байх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих, Замын хөдөлгөөнд оролцогч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн  13 дугаар зүйлийн 13.2.1 дахь хэсэгт Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж  тус тус хуульчилжээ. Шүүгдэгч М.Э нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Модон хүү арлын мөсөн дээр авто тээврийн хэрэгслээр зорчигч нарыг зөөж мөсөн замын тээвэр хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас  авто осол гаргаж, уг машинд зорчин явсан зорчигч Ч.Б цээж, хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч цочмогоор цус алдаж нас барсан, мөн зорчигч Н.Нн биед хүндэвтэр хохирол учирчээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Ч.Б нь авто ослын улмаас цээж, хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч цочмогоор цус алдаж нас барсан, Н.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч М.Эын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Э жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч М.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Эын гэм буруутай үйлдлийн улмаас Ч.Бийн амь хохирч хүнд хор уршиг учирсан, Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Хүрэлбат, иргэний нэхэмжлэгч Б.Нэргүй нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй байна. Шүүхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Хүрэлбат, иргэний нэхэмжлэгч Б.Нэргүй нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Эыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, дээрх ялыг нэмж нэгэтгэн 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй эсвэл хорих ялын дээд хэмжээ 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэм хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн заалт орсон. Тиймээс түүний хувийн байдал эрүүл мэндийн байдал ар гэрийн байдал эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Эын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 184-187, 189, 191 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Анунгоо ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.Э нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны ЗБУ 18 дугаар гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөшөөтийн 710 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  6.8,  6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Эын 854006 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Мын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч М.Эт оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Эын 854006 дугаартай В, С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй,  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН