Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүхийн тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ын ***ид холбогдох эрүүгийн 2338000000021 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.*** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Шинэ мөрөн хорооллын 42 дугаар байрны 16 тоотод байх гэртээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.***тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.***г гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.*** нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 42 дугаар байрны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.***г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүд, нүүр, гэдэс рүү цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.***ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.***гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн үед манай нөхөр ***ын *** Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт байрлах, 42 дугаар байрны 16 тоотод байх гэртээ согтуу орж ирээд хувцасаа тайлаад суусан. Тэгээд намайг толгой бариад үз гэхээр нь би яасан юм гэсэн чинь дараа нь хэлье, эхлээд бариад үз гэж хэлсэн. Тэгэхээр нь би барьж үзэхэд толгой нь жаахан хавдчихсан байсан. Тэгээд би яасан юм гэсэн чинь чи мэдэж байгаа биз дээ гэж эргэж хараад нүүр рүү гараа атгаж байгаад цохиод, нүд сонин болоод юм харж чадахгүй байсан чинь элэгдээд нүүр рүү цохиод байсан. Тэгээд намайг хэд хэд цохиж зодож байгаад больсон. Тэгснээ унтаад өгсөн. Унтаж байгаад 10 цаг өнгөрч байхад сэрээд дахиад нөгөө нүдийг чинь тийм болгоод өгнө шүү гээд намайг айлгаад дарамтлаад байсан. Тэгээд гэрийн түлхүүр утас зэргийг аваад гарахдаа чи хүнтэй харьцаж яадаг юм, гэрээс ч гарч яадаг юм, чи бол зүгээр гэртээ л байж бай гэж хэлсэн. ..Тэгж гарч яваад өдөр 14 цагийн үед ирээд хаалга нүдээд байхаар нь би онгойлгож өгөөгүй. Тэгээд гэрт байсан табыг цэнэглэж асаагаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тухайн хэрэг асуудал болох үед манайд манай хүү Ганбаяр /3 настай/ нөхөр бид гурав л байсан. Ганбаяр унтаж байсан болохоор тийм зүйл болсон гэдгийг мэдээгүй. Гэхдээ сэрээд бол ээжээ та яасан юм гэж байсан. .. Ерөнхийдөө 7 хоногийн гурван өдөр бол архи уудаг. Архи ууж орж ирэх болгондоо намайг дарамталж, зодож цохиж байгаад унтаад өгдөг. Намайг архи ууж ирээд зодохоороо хаалга үүд, цонхоо түгжээд түлхүүрүүдээ авч нуугаад, гар утас булаагаад авчихдаг болохоор ямар ч дуудлага өгөх, цагдаагийн байгууллагад хандах боломжгүй байдаг байсан. Хамгийн сүүлд гэр бүлийн маргааны асуудлаар цагдаагийн байгууллагад 2022 оны 07 дугаар сарын сүүлээр шалгуулж *** 600.000 төгрөгийн торгуулийн ял авсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би зодуулсандаа гомдолтой байгаа учир хуулийн дагуу арга хэмжээ, хариуцлага тооцож өгнө үү...Би тархины томографик хийлгэж оношлуулахдаа өөрөө 36.000 төгрөг төлөөд улсаас үлдсэн мөнгийг хөнгөрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.***ын өгсөн: “...Уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа Бямбасүрэнгийн *** нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ буюу тархины томографик хийлгэж тухайн үйлчилгээг авахдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас 84.000 төгрөгийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээ авсан байх тул тухайн мөнгийг нэхэмжилж, уг хэрэгт Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлөн оролцож байгаа юм. Уг 84.000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлчихвэл өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай: “...Б.***гийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөгөн эдийн няцралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.***гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 18-20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.***ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шинэ-Мөрөн хорооллын 42 дугаар байрны 16 тоотод байх гэртээ согтуу ороод эхнэр ***г цохиж зодсон асуудал болсон. Би уг хэргийг согтуурснаас болж үйлдсэн байна. Надад уг хэрэгт хариуцлага хүлээхэд ямар нэгэн гомдол санал байхгүй. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.***гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.***ын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.***ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 42 дугаар байрны 16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.***г үл ялих зүйлээр шалтаглан түүний нүд, нүүр, гэдэс рүү цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.***гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.***ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Д.***ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.***гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Д.*** гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.***гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.***ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүхэд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.***ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.***ыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 84.000 төгрөгийг шүүгдэгч Д.***оос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Д.*** нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 84.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.***оос 84.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.***ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаа 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Д.***ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.***ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдалгүй,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох  нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 36-38, 41-50 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 185 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.*** нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 42 дугаар байрны 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байсан, Мустанг үйлчилгээний төвд худалдагч ажилтай зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.*** нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***ын ***ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.***ид оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.***оос 84.000 /наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.*** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН