| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-02-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Хохирогч А.*** /онлайн/,
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гийн Лид холбогдох эрүүгийн 2238002110706 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдох хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Л нь 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.***ийг гараараа нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 223800000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Эрдэнэс нэртэй бааранд Г.Л, А.***, Б.С нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тус бааранд байсан эмэгтэйтэй танилцаж, Г.Лийн буудалд оръё гэх санаачилгын дагуу Г.Л, А.***, Б.С болон бааранд танилцсан эмэгтэй нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Турт буудлын өрөөнд орж архидан согтуурч байхад бааранд танилцсан эмэгтэй “явлаа” гэхэд Г.Л нь тухайн эмэгтэйг “явуулахгүй” гэж, А.*** нь “явуул” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Л нь А.***ийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лийн өгсөн: ...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.***ийн өгсөн: “...Миний таньдаг хүн намайг ирээд ажиллаад өгөөч гэхээр нь би Хөвсгөл аймагт ирж өрлөг хийж байсан. Нэг орой би гадуур гарсан. Намайг Эрдэнэс бааранд сууж байхад Л орж ирсэн. Би Лтай нэг давхрыг нь өрж байхдаа танилцсан. Бид 2 суугаад байж байтал С орж ирсэн. Би бүжиглэж байгаад хүүхэнтэй танилцсан. Тэр хүүхэнтэйгээ бүжиглээд байж байтал Л буудал авсан тийшээ явъя гэсэн. Буудалд очоод сууж байтал нөгөө хүүхэн “хэтэрхий олуулаа байна. Би явлаа” гэсэн чинь Л “явуулахгүй” гээд би “явуулаач” гээд бид 2 маргалдаад тэгээд намайг цохих шиг болсон. Би эмнэлэгт ухаан орсон. Би цагдаа шүүх гээд яахав дээ гээд хоорондоо зохицъё гэж хэлсэн. Лгийн ажиллаж байсан байгууллага нь 1.500.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд Лг батлан даалтад авах хүн аваад ир гэсэн чинь алга болчихсон. Наадмаар ирээд хохирол төлбөр гээд уулзахад тэгээд алга болсон. Надтай холбогдохгүй алга болчихдог юм. Тухайн үедээ надад мөнгө өгсөн бол, би өөрөө мөнгөний боломжтой байсан бол би хараа орох боломж зөндөө байсан. Би одоо гэрлээс өөр зүйл мэдрэхээ байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.***ийн өгсөн: “...Би 2022 оны 05 сарын 09-ний орой надтай нэг барилга дээр ажилладаг Л гэдэг зүс таних залуу руу би залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би Эрдэнэс бааранд ганцаараа ороод нийтийн зааланд сууж пиво ууж байгаад Лтой тааралдаж нэг ширээнд суусан. Удалгүй гаднаас С гэдэг Лтай хамт ажилладаг дүү орж ирсэн. Тэгээд бааранд бүжиглэж байгаад би нэг хүүхэнтэй танилцаад ширээндээ суулгаж нөгөө хоёр бас танилцсан. Тэр хүүхнийг одоо нэрийг нь санахгүй байна, барагцаагаар 30 гаран насны, намхан, бордуу царайтай хүүхэн байсан. Тэр хүүхнийг харвал барагцаагаар таних байхаа. Тэгээд тэр хүүхэнтэй хамт бид дөрөв гараад таксинд суугаад Л буудал авсан гэхээр нь тэр буудал руу нь очсон. Би тэр буудал нь хаана байдаг ямар буудал гэдгийг одоо мэдэхгүй байна. Бид дөрөв буудал руу ороод Лгийн авсан гэх өрөөнд ганц нэг пиво уугаад сууж байтал нөгөө хүүхэн нь явлаа гээд гарах гэсэн чинь Л явуулахгүй гээд ноцолдоод байсан. Тэгээд хөөцөлдсөөр байгаад бид дөрөв бүгдээрээ буудлын гадна талд гараад ирчихсэн байсан. Буудлын гадаа Л бид хоёр зууралдаад авчихсан байсан. Би Лг М ахаа больё гэхээр нь барьж авсан байж байгаад тавьчихсан. Тэгтэл намайг юмаар цохичих шиг болсон. Тэгээд ухаан алдаад санах юм алга, нэг сэрэхэд л би эмнэлэгт хэвтэж байсан... Би тэр орой Лгаас өөр хүнтэй муудалцаж маргалдаагүй. Лтай уулзахаас өмнө хүнтэй зодолдож цохилцоогүй, зүгээр эрүүл саруул байсан... Би Лтой тэр хүүхнийг өмөөрч маргалдаад заамдалцаж авсан. Тэгээд болъё гэхээр нь тавиад байж байтал Л намайг юмаар цохисон уу, өшиглөсөн үү ямар ч байсан цохиж унагасан. Тэгээд ухаан алдаад юу болсон гэдгийг санахгүй байна... Би эрүүл мэндээрээ хохирч, зүүн нүд 50 хувийн хараа алдалттай болж хөдөлмөрийн чадвараа алдсандаа маш их гомдолтой байна. Би Булганы эмнэлэг, Улсын 1 дүгээр эмнэлэгт, Эрдэнэт хотын хувийн эмнэлэг Медиа пасс, Улаанбаатар хотын Сондор эмнэлэгт зэргээр үзүүлж эмчилгээ хийлгэж явсан. Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж нүдний болороо авахуулсан, оёдол тавиулсан. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэхэд нийт 2 сая төгрөгийн зардал гарсан. Гэхдээ би яг зардлын баримт материал цуглуулсан юм алга байна. Гэхдээ миний хараа 50 хувийн алдагдалтай гэхээр ерөнхийдөө хэр хэмжээний зардал гарсан нь тодорхой байхаа гэж бодож байна. Би 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар групп тогтоолгосон баримт нь байгаа. Би одоо Лоос нийт 15 сая төгрөг нэхэмжлэх саналтай байна. Уг нь өнгөрсөн хавар цаг алдалгүй хагалгаанд ороод эмчилгээ хийлгэсэн бол хараа бүрэн эдгэрэх боломж байсан боловч би өөрөө төлбөр мөнгөний боломжгүй байж таарсан. Мөн Л надтай холбоо бариад эмчилгээний зардал мөнгө өгөөгүй алга болсон болохоор би эмчилгээндээ цаг хугацаанд нь орж чадаагүй юм...Надад Л 2022 оны 07 сарын дундуур 200.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн, дараа нь 300.000 төгрөг саяхан мөн миний 5017450150 тоот дугаарын Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Нийт надад яг 500.000 төгрөг л өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 25 тал/,
Гэрч Б.Сын өгсөн: “...Эрдэнэс бааранд орсон чинь ширээнд Л М гэдэг ахтай хамт пиво уугаад сууж байсан. Бид тэр хоёртой сууж пиво уугаад сууж байтал М гэдэг ах Эрдэнэс баарнаас нэг хүүхэнтэй танилцсан. Тэр хүүхэнтэй хамт бид дөрөв хальт сууж байгаад баарнаас гарсан. Тэгсэн чинь Л ах Турт гээд буудал авчихсан байгаа тийшээ очъё, дотор нь пиво энэ тэр байгаа, очиж ууя гэхээр нь тэгье гээд такси бариад явсан. Турт гээд буудалд очоод бид нар нэг давхрын булангийн өрөөнд орсон. Тэр өрөөнд нь ороод том пиво задлаад ууж байхад М ах Л хоёр хоорондоо маргалдаад байсан. Таксинд явж байхдаа л маргалдаад байгаа, маазраад байгаа нь мэдэгдэхгүй тоглоод ч байгаа юм шиг нэг нэгнийгээ үгээр өдөөд явсан. Буудал дотор ороод ч гэсэн ер нь жаахан маргалдсан байдалтай байсан. Нэг пивоо ууж байтал тэр хүүхэн нь явлаа гээд гарсан чинь М ах Л хоёр хойноос нь гарсан. Би утсаа оролдоод сууж үлдсэн. Тэгж байтал буудлын ресефшин эгч орж ирээд “хүүе тэр хүмүүс чинь муудалцаад байна шүү дээ” гэж хэлэхээр нь би буудлаас гараад зам дагуу хойшоо алхсан чинь урдаас Л ах нөгөө хүүхэн хоёр ирж байсан. Тэр хоёрын цаад талд машинтай хоёр ах байсан бөгөөд тэр хоёр “хөөе энд хүн алчихлаа, чи наашаа хүрээд ир” гээд дуудахаар нь би тэр хоёртой зөрөөд явж очсон чинь тэр машинтай ахын нэг нь намайг барьж аваад “энэ нэг нь байна, чамайг явуулахгүй, цагдаа дуудсан байгаа” гэж хэлж байсан. М ахыг харахад нүднээс нь цус гарсан байдалтай ухаан алдчихсан хэвтэж байсан. Би тэр хоёр ахаас эмнэлэг дуудсан юм уу гэсэн чинь цагдаа дуудсан байгаа, чи өөрөө дуудахгүй юу гээд миний зургийг дараад бичлэг энэ тэр хийгээд байсан. Би М ах дээр очоод хөөе гээд дуудаад татсан чинь нэг нүдээ нээгээд харж байсан. Нэг нүд нь бол цус гоожоод тагларчихсан байсан. .. эмнэлэг рүү орсон чинь М ах сэргэчихсэн байсан бөгөөд “нүд юм харахгүй байна, сохорчихлоо” гээд байсан. ..Би дотор байсан болохоор юу болсныг хараагүй. Намайг гараад очиход М ах ухаангүй, нүднээс нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан...Тэр хоёр бол нэлээн согтчихсон юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан. Намайг буулга энэ тэр гээд л байсан. Би Л ахаас “та юмаар цохичихсон юм биш биз дээ” гэхэд “үгүй ш дээ” гэж байсан.... Маргааш нь надтай утсаар яриад нөгөө М ах яасан байна гэхээр нь би нүд нь жаахан эвгүй болчихсон байна лээ гэж хэлсэн. Тэгээд орой нь ажлаасаа буугаад амрах байрандаа байж байхад Л ах орж ирэхээр нь би “за яасан” гээд асуусан чинь одоо мөнгө төгрөг зохицуулж өгнө дөө гэсэн юм ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Ц.Агийн өгсөн: “...Би тэр өдөр Турт буудалд ажиллаж байсан. 2022 оны 05 сарын 09-ний өдөр би ажил дээрээ байж байхад өдрийн 16 цагийн үед нэг танихгүй залуу нэг хүүхэнтэй хамт орж ирээд нэг давхрын 1 номерын өрөөг авсан. Тэгээд хэсэг байж байгаад тэр хоёр гарсан. Тэр өдөр орж ирж өрөө авсан хүүхэн залуу хоёр эрүүл байсан. Тэр залуу гарахдаа ажлынхан дуудлаа, орой ирнэ гэж байсан. Тэр залуу орой 00:30 цагийн орчим буцаж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хамт өдөр дагуулж ирснээс нь өөр нэг эмэгтэй, хоёр залуу орж ирсэн. Би өрөө аваагүй хүмүүсийг олноор нь оруулахгүй гэсэн чинь тэр залуу гуйсаар байгаад өрөөндөө орсон. Өрөөндөө ороод 15 минут орчим дуугаралдаж сууцгаасан. Тэгээд орой ирсэн хүүхэн залуу хоёр нь явлаа гээд гарах гэсэн чинь араас нь өдөр өрөө авсан залуу гарч ирээд нөгөө хүүхнийг явуулахгүй гээд хоргоогоод байх шиг байсан. Нөгөө залуу нь болохоор явах гэж байгаа хүнийг явуул, явуул гээд байгаа нь сонсогдсон. Тэгж байгаад тэр гурав гараад явсан. Гарснаас 5 минут орчмын дараа хүүхэн нь чангаар муухай орилоод явахаар нь би цонх нээлттэй байсан болохоор сонссон. Тэгээд нөгөө гарсан гурав л нэг юм боллоо гэж бодоод өрөөнд үлдсэн нэг залууг нь дуудаж “нэгийгээ зодчих шиг боллоо муухай орилоод байна” гэж хэлсэн чинь тэр залуу араас нь гараад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 301 дугаартай: “...А.*** зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,
Шүүгдэгч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “..Би 2022 оны 05 дугаар 09-ний өдөр барилга дээр хамт ажиллаж байсан *** гэдэг залуу, С нарын хамт архи ууж баар ороод тэндээс *** нэг хүүхэнтэй танилцаад бид дөрөв Турт буудалд миний байрлаж байсан өрөөнд ирж үргэлжлүүлж пиво уусан. Тэгээд сууж байтал *** намайг боож аваад хувцас энэ тэр уриад хотын атаман гэх зэрэг юм яриад байхаар нь би *** ахыг таксинд суулгаж өгье, явж амар гээд дагуулаад гарсан. Тэгээд дээшээ зам дагаад өгсөөд алхаж байтал *** дахиад агсамнаад намайг барьж авч унагаагаад боох гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би гэнэт дургүй хүрээд барилцаж аваад нүүр рүү нь гараа атгаж байгаад цохичихсон. ***ийг тэнд нь орхиод буцаад буудал руугаа орсон. Буудал руугаа яваад очсон чинь нөгөө хамт явсан хүүхэн буудлын гадна гараад ирчихсэн байсан. Тэр хүүхнийг би одоо хаанаас олж болох, хэн гэдэг ямар хүүхэн байсан гэдгийг санахгүй байна. Баарнаас л танилцсан хүүхэн юм. Тэр хүүхэн оръё гэхээр нь би буцаад орсон. Буудлын өрөөнд С нөгөө хүүхэн бид гурав байж байтал эргүүлийн цагдаа энэ тэр орж ирээд би тэр шөнө *** ахыг эмнэлэг дээр харж хоносон. Маргааш нь бид хоёр ярилцаад *** ах нүд гайгүй эмчлүүлээд болчих юм бол нэг сая төгрөг өгчихгүй юу, тэгээд гомдол саналгүй салья гэж байсан. Би ойр зуурын эмийн мөнгө өгч байгаад Улаанбаатар хот руу 2-3 хоногийн дараа явчихсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад сая 2022 оны 11 дүгээр сард ирээд ***тэй уулзсан. Тэгэхэд нүдний хараа муудсан, гомдолтой гэж байсан бөгөөд одоогоор надаас 5 сая төгрөг нэхээд байгаа юм. Би 11 сард ирэхдээ уулзаад нэмж 560.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.***ийн мэдүүлэг, гэрч Б.С, Ц.А нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 301 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Лийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Эрдэнэс нэртэй бааранд Г.Л, А.***, Б.С нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тус бааранд байсан эмэгтэйтэй танилцаж, Г.Лийн буудалд оръё гэх санаачилгын дагуу Г.Л, А.***, Б.С болон бааранд танилцсан эмэгтэй нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Турт буудлын өрөөнд орж архидан согтуурч байхад бааранд танилцсан эмэгтэй “явлаа” гэхэд Г.Л нь тухайн эмэгтэйг “явуулахгүй” гэж, А.*** нь “явуул” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Л нь А.***ийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдсон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Л гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр А.***ийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр буюу цохих, цохигдох үед учирсан, зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Лийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Лийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Эрдэнэс нэртэй бааранд Г.Л, А.***, Б.С нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тус бааранд байсан эмэгтэйтэй танилцаж, Г.Лийн буудалд оръё гэх санаачилгын дагуу Г.Л, А.***, Б.С болон бааранд танилцсан эмэгтэй нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Турт буудлын өрөөнд орж архидан согтуурч байхад бааранд танилцсан эмэгтэй “явлаа” гэхэд Г.Л нь тухайн эмэгтэйг “явуулахгүй” гэж, А.*** нь “явуул” гэж хэрүүл маргаан үүсгэж улмаар Г.Л нь А.***ийн нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын эвэрлэгийн нэвтэрсэн шарх, шилэнцрийн цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн эгмийн хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний дээд зовхи, нүдний гадна буланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч А.*** нь гэм хорын хохиролтой холбоотой болон цаашид гаргах эмчилгээний зардал 15.000.000 төгрөгийн нэхэмжилжээ.
Хохирогч А.*** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Г.Лоос хохирогч А.*** нь гэм хорын хохиролтой холбоотой 15.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Лийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Г.Лийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 43-46 талд авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Л нь урьд ял шийтгэл эдэлж байсан, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суудаг, Баянзүрх ХХК-ний хашааны үйлдвэрт ажилладаг зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Лийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 10 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Лид тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Гийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн Лийг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Лийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 10 /арав/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Лид тайлбарлаж, тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Лоос хохирогч А.*** нь гэм хорын хохиролтой холбоотой 15.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН