Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/60

 

 

 

 

       

   2023        02           03                                      2023/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оийн Од холбогдох эрүүгийн 2238001970039 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт иргэн П.Ныг зодож, биед нь дээд баруун, зүүн 1 дүгээр шүднүүд булгарсан, доод уруулын дотор салст, зүүн доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001970039 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 76-03 тоотод байрлах П.Нын гэрт О.О, н.Э, Д.Ж, н.С, н.С нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсанаас П.Н нь н.Сэлэнгэ, н.С нартай хэрүүл маргаан үүсгэж, О.О нь П.Ныг эхнэр н.Сыг цохьлоо гэж маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь дээд баруун, зүүн 1 зүгээр шүднүүд булгарсан, доод уруулын дотор салст, зүүн доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Огийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Пын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Э, У, манай эхнэр бид нар хотоос 3 машин авчирсан юм. Тэгээд бид нар манайд очсон. Тэгэхэд Э ах та нарт баярлалаа би та нарыг дайлна гээд дэлгүүрээс архи, пиво авсан. Тэр авсан архи, пивийг Э, У гэж дууддаг ах, манай эхнэр Угийн эхнэр бид хэд хамт уусан. Нөгөө архи, пиво зэргээ ууж байхад Э гадагшаа гарч нэг эмэгтэй хүн авчирна гээд эмэгтэйтэй хэрүүл маргаан хийж эхэлсэн. Яагаад хэрүүл эхэлсэн бэ гэхээр тэр эмэгтэй би айлд архи уудаггүй, дуугарч ядсан хүмүүс байна гэх зэргээр хэрүүлийн чанартай үг хэллэгээр хэлээд байхаар нь би согтуу байсан учир нөгөө эмэгтэй хүнтэй хэрэлдсэн. Тэгсэн У гэж залуу чи яагаад эмэгтэй хүн рүү дайраад байгаа юм гэхээр нь за за гээд би больсон. Тэгсэн бид нарын ууж байсан архи дуусаад би унтах гэсэн чинь унтуулахгүй байсан. Мөн манай эхнэрийг авч явна гээд байхаар нь би эхнэртээ битгий яв гэсэн чинь эхнэр маань би явна гээд байсан. Тухайн үед би эхнэртэйгээ маргалдаад байж байхад У гэж залуугийн эхнэр бид хоёр дээр ирээд чи яагаад эхнэр рүүгээ томроод байгаа юм би эхнэрийг чинь аваад явлаа гэхээр нь би яах юм бэ? бид хоёр одоо унтаж амрах гэж байна гэж хэлээд байж байтал У бид нар дээр ирээд чи яагаад манай эхнэр рүү томроод байгаа юм гэж хэлэхээр нь би танай эхнэр рүү томорсон зүйл байхгүй. Би өөрийнхөө эхнэртэй юм ярьж байна гэсэн чинь чи яагаад эхнэр рүүгээ томроод байгаа юм бэ гээд миний нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохисон. Сүүлчийн цохилтонд нь би газарт унасан. Унаад босоод ирсэн амнаас цус гараад үүдэн хоёр шүд булгараад унаад ирсэн. Тэгэхээр нь би Уд хандаж чи миний шүдийг мулт цохичихлоо яаж байна аа гэж би У руу дайрсан чинь эхнэр нь хажуу талаас чи намайг өшиглөсөн биз дээ гээд дайрахаар нь би тэр хүүхэнд би чамайг өшиглөөгүй юу яриад байна гэж хэлсэн. Тэгсэн У чи манай эхнэрийг өшиглөсөн юм чинь хохино гэж хэлээд цаашаа яваад өгсөн...Тэгэхээр нь би Уд хандаж чи өчигдөр орой миний шүдийг хуга цохиод явсан байна гэсэн чинь чи манай эхнэрийг өшиглөсөн юм чинь яадаг юм гэж хэлж байсан. Тэгээд тэд нар манайхаас гараад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/,

Гэрч Д.Жын өгсөн: “...Бид нар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт ирээд манайд бид нар бүгд очсон. Тэгсэн Э та нарт баярлалаа ах нь та нарыг дайлъя гээд дэлгүүрээс архи, пиво аваад манай гэрт ууж эхэлсэн. Бид нар нэлээн ууж байхад Э ах найз хүүхнээ авчирна гээд гараад явсан удалгүй 30-40 минутын дараа нэг эмэгтэй хүн дагуулж орж ирсэн. Тэгэхэд нь манай нөхөр нэлээн халамцуу согтсон байсан...Тэгсэн манай нөхөр Эын дагуулж ирсэн эмэгтэйтэй хэрэлдэж маргаан үүссэн. Тэгэхэд тэнд байсан хүмүүс хоорондоо маргаан үүсгэж эхэлсэн. Тэгсэн У гээд залуугийн эхнэр нь Н намайг өшиглөчихлөө гэсэн зүйл яриад байсан. Тэгэхэд би хажууд нь байсан. Н тэр хүүхнийг өшиглөсөн зүйл байхгүй байхад нь өшиглөсөн гээд байхаар нь би тэр хүүхэнд хандаж чи яагаад худлаа яриад байгаа юм. Манай нөхөр эмэгтэй хүнд гар хүрдэггүй, намайг зодож байсан удаа байхгүй. Юу яриад байна гэсэн чинь хажуугаас У гэж залуу хүрч ирээд чи яахаараа манай эхнэрийг өшиглөдөг юм гэж хэлээд манай нөхрийг цохиод авсан. Тэгсэн манай нөхөр Н газарт унасан унаж босч ирснээ Н чи яагаад намайг цохиж байгаа юм гээд орилоод дайраад байсан. Тэгэхэд У гэж залуу цаашаа яваад өгсөн...Угийн эхнэр намайг өшиглөсөн гээд байсан. Тэгэхэд нь У эхнэрээ өмөөрч Ныг зодсон. Н Угийн эхнэрийг өшиглөөгүй юм. Би харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай: “...Пын биед дээд баруун, зүүн 1-р шүднүүд булгарсан, доод уруулын дотор салст, зүүн доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Пын биед үүссэн шүдний булгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн, бусад цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10%-аар тогтонги алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 34 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч О.Огийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би Нын нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Пын мэдүүлэг, гэрч Д.Жын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Огийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад О.О, П.Н нар нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр архи архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж согтуурсанаас хэрүүл маргаан үүсэж улмаар О.О нь П.Нын бие эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд О.О гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч О.Огийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ

Шүүгдэгч О.Огийн үйлдэл идэвхтэй, хохирогч П.Нын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч О.Огийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч П.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч П.Нын “гомдол саналгүй, хохирол төлбөрийг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 61 тал/ хэрэгт авагдсан, шүүхэд хохирогч П.Н нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Ог хохирогч П.Нод төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Огийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Огийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 48-50 талд авагдсан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч О.О нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн Баянчандмань сумын 6 дугаар багийн 03-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Огийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч О.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Н гомдол, саналгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Оийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Оийн Ог 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч О.Од оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч П.Н гомдол, саналгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН