Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн цийн Сд холбогдох эрүүгийн 2238002220610 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Портуна” нэртэй дэлгүүрийн гаднаас хохирогч М.Бийн “redmi 9А” загварын гар утсыг “хүнтэй утсаар ярьчихаад өгье” гэж аваад буцааж өгөлгүй итгэл эвдэн хуурч авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002220610 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Портуна” нэртэй дэлгүүрийн гаднаас хохирогч М.Бийн “redmi 9А” загварын гар утсыг “хүнтэй утсаар ярьчихаад өгье” гэж хуурч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сийн өгсөн: “...Тэр өдөр хагас сайн бил үү бүтэн сайн өдөр байсан. Би хүнд юм өгөх гээд хүлээж байтал өгөх ёстой хүн маань ирээгүй. Бэ 1 шил архи авлаа гээд дэлгүүр орсон. Тэгээд Бэ 0,75 литрийн ногоон шилтэй архи аваад гараад ирсэн. Нөгөө архиа уух гээд Г Бэ бид 3 сууж байтал бид 2 хот явлаа зардал 100.000 төгрөг гэсэн. Тэр үед манай охин төрөх болсон учир би Улаанбаатар хот явах ажилтай байсан. Тэгээд би охин луугаа ярья гээд Бийн утсаар би залгасан. Тэгсэн чинь манай охин “та автобусаар яваад ир” гэж хэлсэн. Тэгээд тэнд байж байтал архи нь талдаа ороод иртэл тал зардлаар явах уу гэхээр нь  би охин руугаа яриад “тал зардлаар явъя гэж байна шүү дээ гэж хэлтэл манай охин найдвартай нь дээр автобусаар ир, яах гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд байж байтал Г маяглаад байхаар нь би тэндээсээ явсан. Утсаа алдсан бол миний араас ирнэ биз дээ. Манай хүргэн юуг нь мэдэхгүй учир төлөөд өгье гэсэн байсан. Та тэрийг нь төлөөд өгчих юм уу гэсэн би авсан байсан бол төлж өгнө шүү дээ гэсэн. Аваагүй болохоор үнэн мөн нь олдоно биз гэж бодоод яваад байсан. Бэ худлаа мэдүүлэг өгсөн байсан. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр цагдаа манай гэрт орж ирэхэд л би мэдсэн. Түүнээс өмнө би Гтой зах дээр зөндөө таарсан надад юм хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Бийн өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа тараад 6 дугаар багт хамаатны дүү болох Батхишигийн гэрт очоод захын хажуугаар алхаж явтал Улаанбаатар хотоос ирсэн Г ахтай тааралдсан. Тэгээд тэр ахтай хамт захаас хойшоо алхаад Портуна дэлгүүрээс Г ах нэг шил архи авсан, тэр архинаас би уулгүй хань болоод Г ахтай тухайн дэлгүүрийн ойролцоо юм яриад зогсож байтал архи уусан согтуу эмэгтэй уйлчихсан байдалтай ирээд намайг утсаараа ганц яриулаач гэхээр нь би өөрийнхөө барьдаг Redmi 9A загварын утсаа өгөөд яриулсан. Би тухайн үед Г ахтай юм яриад зогсож байсан. Тэгтэл тухайн эмэгтэй хажууд утсаар ярьж байгаад гудамжны булан тойроод гэнэт алга болчихсон. Би хойноос хайгаад олоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...Тухайн эмэгтэй 40 гаран насны хүн байсан. Өмсөж явсан хувцас нь дээгүүрээ шаргал цоохор өнгийн сул өмсгөлтэй цамцтай, богино хар тиркотой, доогуураа улавчтай байсан. Би нэрийг нь мэдэхгүй, зах дээр архи уугаад явж байдаг гэж сонссон...Би тухайн утсыг 2022 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос 850,000 төгрөгөөр худалдаж авсан. Шинээр үүссэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн утас нь ягаан өнгийн хар хавтастай, хавтасны дөрвөн булан зөөлөвчтэй байсан... Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Утсаа алдсан өдрөөс хойш 2 хоногийн дараа Гийг 12 дугаар багт явж байхад миний утсыг авч явсан С хүмүүстэй архи уугаад сууж байсан. Чиний утсыг чинь асуусан чинь тэр утас чинь байгаа өгнө ш дээ гэж хэлсэн байсан. Тухайн үед Г Сийг авч явах гэтэл явахгүй байсан. Эмэгтэй хүн чирээд явалтай биш гээд над руу залгахад миний утас холбогдохгүй, манай эхнэрийн дугаар руу залгахад манай эхнэр ажилтай байсан тул утсаа аваагүй байсан...Би Гтой хамт захын хойно байрлах Портуна дэлгүүрийн эсрэг талын худгийн хойно байхад үл таних эмэгтэй уйлсаар ирээд миний утсыг гуйж аваад охинтойгоо бололтой утсаар уйлж яриад байсан. Үүнийг миний тухайн өдрийн гадагшаа ярьсан утасны дугаарын билл нотолж байна. Тухайн өдрийн 15 цаг 56 минут, 16 цаг 28 минутад 80042666 дугаарын ярьсан байна. Тэгээд сүүлийн удаа ярихдаа миний утсыг аваад явсан байсан. Би тухайн үед Гтой юм яриад анзаараагүй байсан юм...Г Улаанбаатар хот руу 2016 оноос шилжин амьдарч байна. Тухайн утас алдсан өдрөөс хойш 5 хоногийн дараа хот руу явсан байсан. Г одоо 88389696 дугаарын утас ашигладаг. Улаанбаатар хотод амьдардаг хаягийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24 тал/,

Гэрч Г.Эийн өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажил ажлаасаа тараад гэртээ байж байхад 21 цагийн үед манай нөхөр М.Бэ над руу танихгүй хүний дугаараас залгаад “Маамуу нааш ир” дэлгүүр дээр хүрээд ир гэж залгасан. Тэгэхээр нь би яваад очтол Г ахтай хамт байсан. Намайг тэр хоёр дээр ирэхэд Бий утсыг зах дээр архи уугаад байдаг Туяа гэж дууддаг хүүхэн утсаар яриад өгье гэж хэлээд тэр чигтээ аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үед цагдаад хэлсэн. Тухайн үед утас авсан хүний нэрийг нь сайн мэдэхгүй байсан. Дараа нэрийг нь Сараа гэж дууддаг гэдгийг нь мэдсэн. Би маргааш өглөө нь Г гэдэг ах дээр очоод танидаг гэхээр нь би хамт гадуур хайсан боловч олоогүй... Өөр мэдэх хүн байхгүй. Утсаа алдсанаас хойш 2 хоногийн дараа Г ахыг 12 дугаар багт явж байтал Мишээл дэлгүүрийн ойролцоо архи уугаад сууж байхад нь Сараа гэх эмэгтэйд хандан чи Бий утсыг өг гэж хэлэхэд тэр утсаар би яадаг юм, утас нь байгаа надад байгаа, өгнө ш дээ гэж хэлсэн байсан. Г ах одоо Улаанбаатар хотод байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч Ж.Гийн өгсөн: “...Би М.Бэ гэх хүнийг танина. М.Бийн аав нь манай сургуулийн биеийн тамирын багш байсан. Тэгээд нэг сургуулийн залуу байсан болохоор таньдаг юм...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед захын үүдэнд М.Бэтэй таараад хамт нэг шил архи уухаар болоод захаас хойшоо өгсөөд баригдаж байгаа худгийн сүүдэрт 0.5 литрийн хараа нэртэй архи уугаад сууж байсан чинь ойролцоогоор 50 орчим настай эмэгтэй ирээд М.Бийг гар утсаа өгч байгаач охинтойгоо ярих гэсэн юм гэхээр нь М.Бэ охин руу нь залгаад тухайн эмэгтэйд гар утсаа өгсөн чинь тухайн эмэгтэй охинтойгоо яриад уйлаад байсан. Тэгээд тухайн эмэгтэй утсаар ярьж байгаад гэнэт байхгүй болсон байсан. Бэ бид 2 ойр хавьдаа тухайн эмэгтэйг хайсан боловч олдоогүй...Би тухайн эмэгтэйг хүмүүсээс сурагласан чинь Сараа гэдэг байсан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12 дугаар багийн худгийн ойролцоо тухайн эмэгтэй олон хүмүүстэй архи уусан сууж байхаар нь тухайн эмэгтэй дээр очоод чи хүний гар утас өгөөч гэж хэлсэн чинь надад гар утас нь байгаа. Би гар утсыг нь өгнө шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ хүний гар утас гуйгаад Бэнийн эхнэр рүү нь 2 удаа залгасан боловч аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

Гэрч М.Ганхуягийн өгсөн: “...Би Б.Стэй 7 дугаар сараас дахин хамтран амьдарч байна. С Улаанбаатар хот руу хүүхэд харж байгаад сургууль орох үед ирсэн. Би Мөрөнд байсан. С 3-4 хоногийн өмнөөс архи уугаад гэртээ ирэхгүй байна...Би дээрх дугаарыг мэднэ. Манай Улаанбаатар хотод байдаг Хонгорзул гэдэг охины дугаар байгаа юм...М.Бэ гэх хүнээс утас авсан талаар хүнээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №2245617200325 дугаартай: “...М.Бийн эзэмшлийн Redmi 9A маркийн гар утасны үнэлгээг 450.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Сийн өгсөн: “...Би тухайн гар утсыг аваагүй. Би авсан бол төлөөд өгчих байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 сарын 19-ний өдөр  Мөрөн сумын 5-р багт иргэн М.Бийн  Redmi 9\А маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хэлээд буцааж өгөлгүйгээр хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Юнитель ХХК-с гаргаж өгсөн албан тоотоор нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сийг хохирогч М.Бийн утсыг нь авч итгэл эвдэн хуурч мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.С нь “би утсыг нь ерөөсөө аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Сийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.С нь хохирогч М.Бийн “redmi 9А” загварын гар утсыг “хүнтэй утсаар ярьчихаад өгье” гэж хуурч өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан болох нь  хохирогч М.Бий “...ахтай тухайн дэлгүүрийн ойролцоо юм яриад зогсож байтал архи уусан согтуу эмэгтэй уйлчихсан байдалтай ирээд намайг утсаараа ганц яриулаач гэхээр нь би өөрийнхөө барьдаг Redmi 9A загврын утсаа өгөөд яриулсан. Би тухайн үед Г ахтай юм яриад зогсож байсан. Тэгтэл тухайн эмэгтэй хажууд утсаар ярьж байгаад гудамжны булан тойроод гэнэт алга болчихсон. Би хойноос хайгаад олоогүй. ..Тухайн эмэгтэй 40 гаран насны хүн байсан. Өмсөж явсан хувцас нь дээгүүрээ шаргал цоохор өнгийн сул өмсгөлтэй цамцтай, богино хар тиркотой, доогууроо улавчтай байсан. Би нэрийг нь мэдэхгүй, зах дээр архи уугаад явж байдаг гэж сонссон... Утсаа алдсан өдрөөс хойш 2 хоногийн дараа Гийг 12 дугаар багт явж байхад миний утсыг авч явсан С хүмүүстэй архи уугаад сууж байсан. Чиний утсыг чинь асуусан чинь тэр утас чинь байгаа өгнө ш дээ гэж хэлсэн байсан. Тухайн үед Г Сийг авч явах гэтэл явахгүй байсан. Эмэгтэй хүн чирээд явалтай биш гээд над руу залгахад миний утас холбогдохгүй, манай эхнэрийн дугаар руу залгахад манай эхнэр ажилтай байсан тул утсаа аваагүй байсан... миний тухайн өдрийн гадагшаа ярьсан утасны дугаарын билл нотолж байна. Тухайн өдрийн 15 цаг 56 минут, 16 цаг 28 минутад 80042666 дугаарын ярьсан байна. Тэгээд сүүлийн удаа ярихдаа миний утсыг аваад явсан байсан. Би тухайн үед Гтой юм яриад анзаараагүй байсан юм...” гэх мэдүүлэг,  

гэрч Г.Эийн “...Намайг тэр хоёр дээр ирэхэд Бий утсыг зах дээр архи уугаад байдаг Туяа гэж дууддаг хүүхэн утсаар яриад өгье гэж хэлээд тэр чигтээ аваад явчихлаа гэж хэлсэн. ... Тухайн үед утас авсан хүний нэрийг нь сайн мэдэхгүй байсан. Дараа нэрийг нь Сараа гэж дууддаг гэдгийг нь мэдсэн... Утсаа алдсанаас хойш 2 хоногийн дараа Г ахыг 12 дугаар багт явж байтал Мишээл дэлгүүрийн ойролцоо архи уугаад сууж байхад нь Сараа гэх эмэгтэйд хандан чи Бий утсыг өг гэж хэлэхэд тэр утсаар би яадаг юм, утас нь байгаа надад байгаа, өгнө ш дээ гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Гийн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед захын үүдэнд М.Бэтэй таараад хамт нэг шил архи уухаар болоод захаас хойшоо өгсөөд баригдаж байгаа худгийн сүүдэрт 0.5 литрийн хараа нэртэй архи уугаад сууж байсан чинь ойролцоогоор 50 орчим настай эмэгтэй ирээд М.Бийг гар утсаа өгч байгаач охинтойгоо ярих гэсэн юм гэхээр нь М.Бэ охин руу нь залгаад тухайн эмэгтэйд гар утсаа өгсөн чинь тухайн эмэгтэй охинтойгоо яриад уйлаад байсан. Тэгээд тухайн эмэгтэй утсаар ярьж байгаад гэнэт байхгүй болсон байсан. Бэ бид 2 ойр хавьдаа тухайн эмэгтэйг хайсан боловч олдоогүй...Би тухайн эмэгтэйг хүмүүсээс сурагласан чинь Сараа гэдэг байсан. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 12 дугаар багийн худгийн ойролцоо тухайн эмэгтэй олон хүмүүстэй архи уусан сууж байхаар нь тухайн эмэгтэй дээр очоод чи хүний гар утас өгөөч гэж хэлсэн чинь надад гар утас нь байгаа. Би гар утсыг нь өгнө шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үедээ хүний гар утас гуйгаад Бэнийн эхнэр рүү нь 2 удаа залгасан боловч аваагүй...” гэх мэдүүлэг,  

гэрч М.Ганхуягийн өгсөн: “...Би дээрх дугаарыг мэднэ. Манай Улаанбаатар хотод байдаг Хонгорзул гэдэг охины дугаар байгаа юм...” гэх мэдүүлгүүдээр  болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С нь хохирогч М.Бий гар утсыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсныг үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч М.Бий мэдүүлгээс гадна гэрч Г.Э, Ж.Г, М.Ганхуяг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба зөвхөн түүний мэдүүлгээр хохирогч, гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг” ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Сийн үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Б.Сийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.С нь М.Бээс гар утсыг нь хүнтэй утсаар яриад өгнө гэж хуурч авч явсан хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан гар утсыг шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.С нь М.Бийг хуурч гар утсыг авсан нь үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Сийг “хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Сийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бэд 450.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Бэ нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 450.000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Сээс 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бэд  олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Сийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 58-59 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уран дөш багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.С нь ам бүл 4, 3 хүүхдийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 38-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн албадан ажил хийлгэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Б.С өмгөөлөгчийн байр суурьнаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Би элэг, уушиг, ходоод, шулуун гэдэсний хагалгаанд орж байсан. Хавиргандаа ган холбоостой. Нөхөн сэргээх эмчилгээ хийсэн гэдэг үүднээс надад групп тогтоогдоггүй юм билээ. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг  үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Бийн Сийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Сийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Сд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сээс 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Бэд  олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН