| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/01092/и |
| Дугаар | 1662 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1662
| 2019 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2019/01662 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Т-д холбогдох,
20,400,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“П.Б миний бие 2018 оны 07 сард зүс таних Д.Т гэх эмэгтэйтэй уулзахад би гоо сайханы салонд маникур хийдэг. Сардаа 30-40 сая төгрөгний орлоготой, олон үйлчлүүлэгчтэй, хотын төвд байрлал сайтай газар буюу Зайсан стар худалдааны төвд талбай түрээслэж салон нээж ажиллуулах гэсэн юм. Метро моллын дэргэд байдаг өөрийн байраа зарах гээд зар тавьсан, зарагдахыг нь хүлээх зуур байрлал сайтай газрын талбайг хүн авах гээд байна. Зарагдангуут нь мөнгийг чинь өгье гээд өөрийн орлогоо нотолсон баримт хэмээн хар дэвтэр харуулж надад итгэл үнэмшил төрүүлж нүдэнд харагдтал яриад гуйгаад, машинаа ломбарданд тавиад цалингийн зээл аваад өгөөч би хүүг нь төлнө гээд гуйгаад байхаар нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр өөрийн ******* ******* улсын дугаартай приус 41 маркийн машиныг ломбарданд тавьж Д.Т ийн Хаан банкны ******* тоот дансанд 5,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүү 1,774,800 төгрөг, 2019 оны 02 сарын 27-ны өдөр 1,775,450 төгрөг, нийт 3,550,250 төгрөгийг төлсөн. 2018 оны 08 сарын 31-ний өдөр найз Ц аас 6,000,000 төгрөг хүүтэй зээлж аваад Д.Т ийн дансанд шилжүүлсэн. Түүнийгээ 2018 оны 09 сарын 20-ны өдөр цалингийн зээл авч хүүгийн хамт 6,350,000 төгрөг төлсөн. 2018 оны 09 сарын 20-ны өдөр цалингийн зээл авч 5,000,000 төгрөгийг мөн Д.Т ийн дансанд шилжүүлсэн. Ингээд Д.Т гэх эмэгтэйд залилан мэхлүүлж маш их өрөнд орж зээлийн хүүг төлж нийт 20,400,250 төгрөгийн хохирол учирсныг хариуцагч Д.Т ээс гаргуулахаар нэхэмжилсэн. 2019 оны 02 сарын 27-ны өдөр төлсөн 1,775,450 төгрөгийг бэлнээр төлсөн учраас төлсөн баримтаа гадаад руу сургуульд явахдаа аваад явсан байсан. Энэ талаар баримтыг авсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа болохоор 1,775,450 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдсэн мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Т миний бие 2018 оны 5 сард П.Б тай анх танилцсан бөгөөд үүнээс хойш надруу мэнд мэдэн залгаж, мессэж бичдэг байсан. Анх танилцаж зүс мэддэг болсон өдрөөс хойш cap гарны дараа намайг нүүдэл хийхэд туслах нэрийдлээр уулзаж энэ өдрөөс эхлэн хааяа уулзаж найз нөхдийн холбоотой болсон. Энэ хугацаанд өөрийгөө эхнэрээсээ тусдаа амьдраад 3, 4 жил болж байгаа хүүтэйгээ амьдардаг, хамт амьдрах хугацаандаа таарч тохирдоггүй байсан, одоо тусдаа Японд амьдардаг гэж ярьж байсан. Мөн хүү нь хөдөө ээж аав дээр нь байдаг, өөрөө Улаанбаатарт байр түрээсэлж амьдардаг гэж ойлгуулсан. Мөн хүүгийхээ ээжтэй хүүхдээсээ л болж харьцаж байгаа өөр харилцаа байхгүй гэж ярьж байсан. Бид хоёр танилцаад багагүй хугацаа өнгөрсөн байсан бөгөөд хэн хэнийхээ амьдрал ахуйн талаар ярилцдаг байснаас үүдэн миний ажил түр хугацаагаар мөнгөний асуудлаас болж зогссон байсныг мэдэж 2018 оны 07 сарын 27-ны өдөр Д.Б өөрийнх нь машин болох Приус 40 маркийн автомашиныг ломбарданд тавиад чамд мөнгө зээлүүлье. Харин чи миний машины ломбардны үлдэгдэл төлбөр болох 1,200,000 төгрөгийг хамт төлөөд дараа нь барагдуулаад өг гэсэн санал тавьсныг би бодож үзье гээд ээж аавтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр 2018 оны 07 сарын 29-ний өдөр тавьсан нөхцөлийг зөвшөөрч, 2018 оны 07 сарын 30-ны өдөр П.Б ын ******* данснаас миний дансанд 5,500,000 төгрөг шилжиж орж ирсэн. Үүнээс 300,000 төгрөгийг 08 сарын 27-ны өдөр П.Б буцаан авсан. Тухайн машины ломбардны төлбөрийг cap бүр ломбардаас гаргасан графикийн дагуу төлж барагдуулна гэж тохиролцсон. 9 сараас эхлэн би П.Б ыг сэтгэл сайтай, сайн залуу байна гэж итгэн бид хоёр үерхэж эхэлсэн. Надтай цаашид хамт амьдарна гэдэг байсан бөгөөд бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. П.Б нь миний ажилд хөрөнгө оруулалт хийнэ, цаашид хамт амьдрах учир ажилд чинь туслая гэж 08 сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг, мөн 09 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус эргэж төлөх нөхцөл, шаардлагагүйгээр надад өгсөн. Гэтэл 2018 оны 10 сард эхнэр нь болох А гэгч Японоос ирсэн бөгөөд би А тай биечлэн уулзаж болсон бүх явдлыг тайлбарласан. Эхнэрээсээ салаагүйг нь мэдсэн өдрөөс хойш би П.Б тай дахиж харьцахгүй сална гэдгээ хэлсэн, гэтэл салахгүй, битгий ингээд бай, би удахгүй шийдвэр гаргана тэр болтол хүлээж бай гэх мэт утгагүй юм ярьж байсан. Надруу залгаж мессэж бичихэд нь би хариу өгдөггүй байсан бөгөөд эхнэртэйгээ учраа олж байгаа бол зай тавьж өгөх нь зөв гэж бодоод харилцаагаа тасалсан. Мөн өөрөө надтай ярихгүй эхнэр, ээжээрээ утсаа авахуулдаг байсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл П.Б ын гэр бүлийнхэн надруу өдөр шөнөгүй элдэв бусын хараал урсгасан мессэж явуулж, ажил, гэр орон, ээжийн минь ажил дээр хүртэл очиж хэл ам хэрүүл шуугиан тарьж намайг сэтгэл санааны хувьд маш том дарамтанд оруулж байна. Би энэ хүмүүсийн хэл амнаас болж ажлаа ч хэвийн явуулах боломжгүй болж хаалгаа бариад 2 cap болж сэтгэл санаа болон санхүүгийн хохирол маш их учраад байна. Эхнэр нь болох А өдөр шөнөгүй намайг машиныг минь одоо өнөөдөр авч өг гэж дарамталж , нөхрийгөө зөвтгөн намайг гэр бүл үймүүлдэг явдалтай хүүхэн гэх мэтчилэн байнга утсаар болон интернэт орчинд дарамталсаар 6 сарын хугацаа өнгөрөөд байна. П.Б ын ээж болон түүний охин дүү мөн эхнэр нь болох А нар 2018 оны 01 сарын 08-ны өдөр миний ажлын байран дээр ирж намайг оруулж гаргахгүй хааж зогсож байгаад би цагдаа дуудан явуулж байсан. Цагдаагийн газраас гарч ирээд машиныг нь барьцаанаас чөлөөлж өгөх гэрээг нотариат орж хийсэн бөгөөд намайг гурвуулаа нийлж нотариатаас гаргахгүй, надад өгсөн мөнгөн дүнгийн бодит байдлыг харахгүйгээр 7,265,470 төгрөгийг төлүүлэхээр гэрээ хийсэн. П.Б гэгчтэй танилцсанаас болж миний амьдралд маш том хохирол учирсан тул би гомдолтой байна. Надад өгсөн нийт 17,500,000 төгрөгийн автомашин барьцаалан өгсөн 5,200,000 төгрөг, мөн ажилд хөрөнгө оруулалт гэж өгсөн 12,000,000 төгрөг нь тухайн үед бидний харилцаан дээр тулгуурлан итгэж хамт ажил явуулъя гэж өгсөн мөнгө бөгөөд ямар нэгэн хугацаа заагаагүй, зээлж авсан мөнгө биш юм. 2019 оны 01 сарын 08-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжилснийг зөвшөөрч байна, үлдэх мөнгө нь бол хоорондын итгэлцлийн үндсэн дээр надад өгч байсан. Надад цалингийн зээлийн гэрээ, ломбардны эргэн төлөлтийн хуваарь байхгүй. Эхнэр хүүхдээсээ салсан, хамт амьдаръя гэсэнд итгэж П.Б аас мөнгө авсан болохоос биш танихгүй хүнээс авсан юм биш. Хэрвээ П.Б зээл гэж өгсөн бол мөнгөө шилжүүлэхдээ зээл шилжүүлэв гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар тэмдэглэх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй, зүгээр л нэр бичээд л шилжүүлдэг. Гэрээний дагуух 7,265,470 төгөргийг зөвшөөрч, үлдэх 11,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Д.Т т холбогдуулан 2018 оны 07 сарын 30-ны өдөр өгсөн 5,500,000 төгрөг, уг мөнгөний хүүд ломбарданд төлсөн 1,774,800 төгрөг, 1,775,450 төгрөг, 2018 оны 08 сарын 31-ний өдөр өгсөн 6,000,000 төгрөг, уг мөнгөний хүүд төлсөн 350,000 төгрөг, 2018 оны 09 сарын 20-ны өгсөн 5,000,000 төгрөг, нийт 20,400,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 1,775,450 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан.
Хариуцагч нь нэхэмжлэгч П.Б өөрсдийн хоорондын харилцаа, итгэлцлийн үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан мөнгийг өгсөн, зээлийн харилцаа үүсээгүй гэх тайлбарыг гарган маргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад П.Б ын автомашиныг ломбарданд тавьж зээл авсантай холбоотой төлбөр барагдуулах хэлцлээр тохирсон 7,265,470 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгч П.Б нь өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг “Т” ХХК-ийн Сайн авто ломбарданд барьцаалан 5,500,000 төгрөгийг зээлж, 2018 оны 07 сарын 30-ны өдөр Хаан банкин дахь ******* дугаартай данснаас хариуцагч Д.Т ийн Хаан банкин дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн. /хх-6-9, 29-31/
- 2018 оны 08 сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөгийг Хаан банкин дахь ******* дугаартай данснаас хариуцагч Д.Т ийн Хаан банкин дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн . /хх-6-9, 29-31/
- 2018 оны 09 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг Хаан банкин дахь ******* дугаартай данснаас хариуцагч Д.Т ийн Хаан банкин дахь ******* дугаартай данс руу шилжүүлсэн. /хх-6-9, 29-31/
- 2019 оны 01 сарын 08-ны өдөр П.Б , Д.Т нар Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч П.Б ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг барьцаалан зээлсэн зээлийн төлбөрт 2019 оны 01 сарын 08-ны өдрийн байдлаар зээлийг хаах хүртэлх хүү, алдангийн хамт төлөх 7,265,470 төгрөгийг Д.Т төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-4/
Хариуцагч нь дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүд болон Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчтай зээлийн гэрээг амаар тохирч, мөнгийг шилжүүлсэн тул зээлсэн мөнгө болон авто ломбарднаас зээлсэн 5,500,000 төгрөгийн хүүд төлсөн 1,774,800 төгрөг, найзаасаа зээлсэн 6,000,000 төгрөгийн хүүд төлсөн 350,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд мөнгө өгч, авсан харилцаа үүссэн болох нь тэдний тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь тухайн үед зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар зээлийн гэрээний үндсэн шинж нь тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч нь 3 удаагийн шилжүүлгээр нийт 16,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан бөгөөд зохигчдын хооронд хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч 2018 оны 07 сарын 30-ны өдөр шилжүүлсэн 5,500,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг буцаан авсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй.
Зохигчдын хооронд 2019 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэгч П.Б ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг барьцаалан зээлсэн зээлийн төлбөрт 7,265,470 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх боловч зохигчид тус гэрээнд заасан төлбөрийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч автомашиныг барьцаалсан зээлтэй холбоотой 5,500,000 төгрөг, уг мөнгөний хүүд ломбарданд төлсөн 1,774,800 төгрөг, 1,775,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 1,775,450 төгрөгт холбогдох хэсэгээс татгалзсан тул 2018 оны 07 сарын 30-ны өдөр автомашин барьцаалан зээлсэн төлбөрт зээл 5,200,000 төгрөг, хүүд төлсөн 1,774,800 төгрөг, нийт 6,974,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Зохигчид хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул 2018 оны 08 сарын 31-ний өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгийн хүүд нэхэмжилсэн 350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч П.Б тухайн үед бидний харилцаан дээр тулгуурлан итгэж, түүний ажилд хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгө тул эргэж төлөх үүрэг хүлээгээгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансаар нийт 16,500,000 төгрөг /5,500,000 төгрөг + 6,000,000 төгрөг + 5,000,000 төгрөг/ шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.Т ээс дээр дурдсан тооцооллын дагуу нийт 17,974,800 төгрөг /5,200,00 төгрөг + 1,774,800 төгрөг + 6,000,000 төгрөг + 5,000,000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч П.Б т олгох үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Т ээс 17,974,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2,425,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Т ээс 17,974,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2,425,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 247,824 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР