Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лийн Тд холбогдох эрүүгийн 2338000650064 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Т нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-28 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хууль ёсны эхнэр Б.Бийг хэл амаар доромжилж, зодож улмаар биед баруун нүдний салст болон доод уруулын салстад цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000650064 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-28 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийг “пизда, гичий” гэх мэтээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний үснээс татаж, толгой руу цохих зэргээр бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун нүдний салст болон доод уруулын салстад цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Тгийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бийн өгсөн: “...Согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ гар хүрсэн.  Толгой хөдөлсөн байсан. Толгойгоо бариулсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа учраас  гомдол, саналгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бийн өгсөн: “...Л.Т гараараа миний баруун нүд болон нүүр толгой руу хэд хэдэн удаа цохиж халдсан...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс л болж халдсан...Өмнө хэрэлдэж маргалдах зүйл бол байсан. Гэхдээ өмнө миний биед халдаж байгаагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн үед 2 найзтайгаа 2 шил архи уугаад 2 найз нь явсан. Манай нөхөр унтаж үлдээд 21 цагийн үед сэрж босож ирээд намайг хэл амаар лалар, пизда, гичий гэх зэргээр доромжлоод хашхираад аяга авч шидээд босож ирэнгүүт шууд намайг үстээд гараараа толгой руу цохиод байсан. Нэлээн удаан зодуулж байгаад би чамайг цагдаад өгнө гэж хэлсэн чинь цагдаа ирэхээс өмнө алаад би явах газарт нь яваад өгье гээд зодож байснаа гэрээсээ гарч явсан. Хэсэг байж байснаа буцаж орж ирээд цагдаагаа дууд гэж орилоод байхаар би нөхрийн хажууд байж байхдаа цагдаагийн газар руу залгаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа нөхөр гараад явсан...Ер нь бол манай нөхөр байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож цохих нь ихдэж хардалт гэдэг зүйл бол давамгайлсан. Найз нөхөд болон бараг гудамжинд зүгээр явж байсан хүмүүстэй хүртэл хардаж дарамталж байна. Байнга зайлаад өг гэж дарамтлаад өчигдөр бүгдээрээ зайл гээд орилоод байсан...Намайг цохиж зодсон. Толгой маш ихээр өвдөж байна. Баруун талын нүд хөхөрсөн, уруул язарсан, баруун талын гар хөхөрсөн, толгойны бүх хэсгээр маш хүчтэй өвдөж байна. Өвчин намдаах эм ууж байна...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бол зүгээр хэрүүл маргаан байхгүй, даруухан зантай байсан. Сүүлийн үед зан ааш нь эвдрээд архи их уудаг болсон. Цочир ууртай гэнэт уурлаж босож ирээд гаж гаж үг хэллэг хэрэглэдэг. Зан ааш догшин ааштай, ширүүн авиртай болдог. Хүүхдүүдээ юм хэлж үзээгүй байсан. Өчигдөр гөлөгнүүд минь зайл гэх мэтээр хүүхдүүд рүүгээ орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Уын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр аав 3 хүнтэй хамт гэртээ архи ууж аав хэсэг унтаж байгаад сэрээд ээж рүү муухай орилоод гөлөг минь, пизда гэж хэлж байсан. Аав ээжийг зодоод газарт унагаад ээжийн нүүр рүү нь тас тас хийтэл цохиод байсан. Тэгээд аав хэсэг гэрийн гадна гарч байгаад буцаж орж ирээд дахиад ээж рүү аяга, сандал шидээд, усны сав шидээд байсан. Ээж аав 2 чанга чанга орилоод хэрэлдээд байж байснаа аав чи цагдаагаа дууд би явах газар руугаа яваад өгье гээд байсан. Ээж цагдаа дуудсан чинь аав айгаад гэрээсээ гар ч яваад одоо хүртэл гэртээ ирээгүй байна...Аав бид нарыг бүгдээрээ зайлаад өг, ээжийг пизда, гөлөг гээд муухай үг хэлээд байсан. Аав ээжийг л зодоод байсан. Бид гурвыг зодоогүй...Аав архи уудаг, заримдаа аав найзуудтайгаа архи ууж явж ирэхээрээ дандаа ээжтэй хэрэлдээд ээжийг зодоод байдаг...Би аавыг дахиж архи битгий уугаасай гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай: “...Б.Бийн биед баруун нүдний салст болон доод уруулын салстад цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Бийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 42-44 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Тгийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эхнэрийн хамаатан болох ***, *** нартай 3 шил архи хувааж уусан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Харин би гэртээ унтсан юм. Орой нь 20-21 цагийн хооронд сэрэх үед эхнэр Б надад хандаж “архи уулаа” гээд хашхирч, орилж загнаад байхаар нь би гэрээс гараад явах гэтэл надтай зууралдаад байхаар нь би гараараа түүний толгой, нүүр рүү нь нэг нэг удаа цохиод гараад явсан юм. Би эхнэрийнхээ биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж, дахин ийм байдал гаргахгүй гэдгээ амласан. Одоо бид хоёр эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Уын мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Л.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Л.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-28 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийг “пизда, гичий” гэх мэтээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний үснээс татаж, толгой руу цохих зэргээр бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун нүдний салст болон доод уруулын салстад цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.  

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Тгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч Л.Тгийн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Л.Т гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Б.Бийн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/, хохирогч Б.Бийн “нөхөр болох Л.Тд ямар нэгэн гомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 50 тал/ зэрэг хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгч Л.Тг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Тг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Тгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 31-33, 35-36 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.Т нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-28 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Л.Тгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Л.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт Лийн Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лийн Тг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН