Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 25

 

Хаан банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01341/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-т холбогдох

          “Хадгамжийн хүүгийн шимтгэл 9.991.545 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.О-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, Г.Ууганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганцэцэг, Б.Мөнхболд нараас:

Б.О- нь манай банктай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр малчны хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулж,  140.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй тус банкинд хадгалуулсан. Харилцагч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, банк хадгаламжинд байршуулсан 140.000.000 төгрөг, хадгаламжийн хуримтлагдсан хүү 13.053.369 төгрөг нийт 153.053.369 төгрөгийг хариуцагч Б.О-т олгосон. Тухайн хугацаатай хадгаламжийн гэрээнд зааснаар харилцагч гэрээт хугацаанаас өмнө нь хадгаламжийн гэрээг цуцлах тохиолдолд бууруулсан хүү жилийн 3.6 хувиар тооцож 3.065.424 төгрөгийн хүүг харилцагчид олгохоос банк харилцагчид олгосон 13.053.369 төгрөгийн хүүнээс хүү бууруулсан хүүнд олгох 3.065.424 төгрөгийг хасч тооцоход 9.987.945 төгрөгийн хадгаламжийн хүүг харилцагчид илүү олгосон байна. Харилцагч Б.О-т илүү олгосон хүүг буцаан төлөх талаар утсаар олон удаа холбогдон мэдэгдэхэд харилцагч төлөхөөс татгалзсан. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хүүгийн шимтгэл 9.987.945 төгрөгийг Б.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О-аас:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ банкны салбараар олон жил үйлчлүүлж байсан бөгөөд мөнгөө хугацаат хадгаламжаас буцаан авахад сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон боддог байсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны хадгаламжид ч гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос биш тийм нарийн ойлголт надад өгөөгүй. Хаан банк үйлчлүүлэгчдээ сайтар үнэн зөв ойлголт өгөхгүйгээр үйлчлүүлэгчээ төөрөгдүүлж гэрээ байгуулсан бол эрх тэгш биш хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан гэж үзнэ. Бууруулсан хүүг ингэж төлөх болсон бол мөнгөө хадгаламжид хадгалах гэрээг хийгүй байсан. Банкны хариуцлагагүй үйлдлээс болж үйлчлүүлэгчид олгосон мөнгийг буцаан авна гэсэн заалт бидний гэрээнд байхгүй тул би хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр:

             Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 9.987.945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.757 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 174.757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх үйл баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч Б.О-т холбогдуулан илүү олгосон хадгамжийн хүүгийн шимтгэл 9.987.945,20 төгрөг, нотариатын зардал 3.600 төгрөг, нийт 9.991.545 төгрөг гаргуулахаар шаардлага гарсныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.      

Анхан шатны шүүх хариуцагч Б.О-аас 9.987.945 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 3.600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч Б.О- нь ХААН банкны энэ салбараар олон жил үйлчлүүлж мөнгөө хадгалуулж байсан бөгөөд мөнгөө хугацаанаас нь өмнө хугацаат хадгаламжаас буцаан авахад сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон боддог байсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаатай хадгаламжийн гэрээг байгуулсан боловч уг гэрээний талаар надад нарийн ойлголтыг өгөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан болно.

Хэргийг бүхэлд нь хянахад хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байгуулсан хугацаатай хадгаламжийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугацаанаас нь өмнө цуцалсныг үндэслэн банк хадгаламжинд байршуулсан 140.000.000 төгрөг, хадгаламжийн хуримтлагдсан хүү 13.053.369 төгрөг нийт 153.053.369 төгрөгийг хариуцагч Б.О-т олгосон болон Б.О- уг мөнгийг авсан талаар талууд маргаагүй. 

Зохигчид дээрх   гэрээний дагуу 140.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй тус банкинд хадгалуулсан болох нь хэрэгт авагдсан иргэдийн хугацаатай хадгаламж, цахим үйлчилгээний гэрээ, ХААН банкны 5046462999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар тогтоогдсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ”, 454.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана, 454.4-т “Хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн иргэдийн хугацаатай хадгаламж, цахим үйлчилгээний гэрээний 2.11-т “Гэрээг цуцалсан тохиолдолд олгох бууруулсан хүү жилийн 3,6 хувь байна”, мөн гэрээний 2.25-т “Гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө харилцагчийн хүсэлтээр цуцлах тохиолдолд банкны гэрээний 2.11-т заасан буруулсан хүүг анх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн цуцлах хүртэлх хугацаагаар тооцож олгоно”... гэж тус тус заасан байна.

Гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байсан ба хариуцагч Б.О- нь гэрээнд заасан дээрх хугацаанаас нь өмнө хадгаламжаа цуцалсан учир нэхэмжлэгч тал хадгаламжийн хүүг гэрээнд зааснаар 3,6 хувиар тооцож 3.065.424,66 төгрөг олгох байтал хадгаламжийн жилийн хүүгээр буюу 15,6 хувиар тооцож 13.053.369,86 төгрөгийг хариуцагчид олгожээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч талд шаардах эрх үүссэн байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.О- нь өөрийн хүсэлтээр дээрх хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир гэрээний 2.25-т заасны дагуу хадгаламжийн жилийн хүүг 3,6 хувиар тооцож 3.065.424,66 төгрөг авах ёстой байтал хадгаламжийн хүүд илүү 9.987.945,20 төгрөг авсан байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэж, 9.987.945,20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгож шийдвэрлэснийг няцаах нотлох баримтыг хариуцагч талаас хуульд заасан үүргийнхээ дагуу  шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтад хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.757 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ