Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

улсын яллагч Л.Батгэрэл,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбагана,

шүүгдэгч Э.Энхбат, түүний өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонон овогт Энхтайваны Энхбатад холбогдох эрүүгийн 201624000783 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Монгол Такси Групп ХХК-д гэрээгээр ажиллаж байсан одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Улиастайн хэсэг 38 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Чонон овогт Энхтайваны Энхбат, /РД:УА93121755/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1000 оюутны байрны арын замд Монгол Такси ХХК-ний эзэмшлийн Аванте маркийн 74-30 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Долоо. Хэвтээ тэмдэглэл 7.3- дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” Хавсралт 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Түвшинтөгсийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим шатахуун түгээх станц орохоор автобаазаасаа гараад хойноосоо чигээрээ эсрэг урсгалтай эгнээ ороод цагаан зураас даваад эргэтэл Дондов, Түвшинтөгс хоёр зам хөндлөн гараад голын цагаан зураас руу ирж байсан. Тээврийн хэрэгсэл эгнээндээ ороход зүүн гар талын толь Дондовын тохой хэсгийг шүргээд унасан. Дондов Түвшинтөгсийн дээр ойчсон. Би 103 дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбагана нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний бие Түвшинтөгс, Дондов нарын хамт сэлбэг авахаар хамт явж байсан. Цагаан машин гудамжнаас их хурдтай гарч ирээд эхний хүн Дондовыг дайрч унагаад машинаа зогсоолгүй 2 дахь хүн Түвшинтөгсийг дайрсан. Түвшинтөгс эхний удаа төмөр хадуулах хагалгаанд орсон. Нийт 3 удаа хагалгаанд орж төмөр суулгасан байгаа. Хөл нь тайрагдаж магадгүй гэж хэлсэн. Группэд орсон байгаа. Энхбат эхнэр, ээж нарын хамт ирээд загнаад явсан. Хохиролд нийт 1.700.000 төгрөг авсан. Анх шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэж гарахад хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан.  Шинжээчийн дүгнэлт хүнд зэргийн гэмтэл гэж гарсан. “Монгол такси” компани зуун хувь хариуцлагаас зайлаад Энхбатад энэ хэргийг хүлээлгэх гэж байна. Нийтийн тээврийн газартай такси үйлчилгээ эрхлэх стандартанд такси үйлчилгээг гурваас дээш жил жолоо барьсан мэргэшсэн жолоочийг ажиллуулна гэж заасан. Монгол такси компани журмаа зөрчөөд гэрээ байгуулсан байна. Монгол такси бас хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Э.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...тэр хоёр хүнийг тойрч гарах үйлдэл хийсэн чинь миний автомашины зүүн талын толь хэсэгт шүргүүлэхээр нь автомашины хүрдийг баруун гар тийш дарсан боловч уг хоёр хүнийг шүргэчихсэн юм. Ингээд би тэр дороо зогсоод өөрийнхөө гар утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд дараа нь түргэн тусламж дуудсан. Тэр үед түгжрэлтэй мөн шатахуун түгээх станц орох шаардлагатай байсан болохоор жаахан завсар гарахаар нь эргээд орчихсон юм...” гэх мэдүүлэг. /хх 68-71 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...урдаасаа хойшоо зүгт зам хөндлөн гараад замын голын цагаан зураасан дээр баруун гар талаас ирсэн машинуудыг өнгөрөөгөөд хараад зогсож байтал замын хойд талын нарийн шугамнаас нэг цагаан өнгийн суудлын автомашин зүүн гар тийш эргээд үргэлжилсэн цагаан шугам давж ирээд эхлээд Дондов ахыг мөргөж унагаагаад зогсолгүй намайг ирж бас мөргөж унагасан. Би босож чадахгүй баруун хөл мушгираад эргэчихсэн байсан. Гурван удаа хагалгаанд орж хадаас, оёдол тавиулсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хх 14-20 дугаар хуудас/,

Гэрч Б.Дондовын мөрдөн байцаалтанд өгсөн: “...зам хөндлөн гараад замын голын үргэлжилсэн давхар цагаан зураасан дээр зогсож байтал замын хойд талаас гэр хорооллын гудамжнаас цагаан өнгийн Хюьндэй Аванте маркийн автомашин үргэлжилсэн хоёр цагаан шугамыг даваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд эхлээд намайг дараа нь миний баруун гар талд зогсож байсан Түвшинтөгсийг машиныхаа зүүн урд хэсгээрээ мөргөчихсөн. Түвшинтөгс дээр очиход баруун хөлийнх нь шилбэний яс нь хугараад арьсаа цоолоод гараад ирчихсэн байсан. Ойр хавьд явган хүний гарц байгаагүй. Тэр хавийн хүмүүс дандаа тэр хэсгээр зам хөндлөн гардаг юм байна лээ. Миний биед тухайн үед өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг. /хх 22-23 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Д.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...74-30 УНР улсын дугаартай Хьюндэй Аванте маркийн автомашин нь Монгол Такси Грүпп ХХК-ний эзэмшилд байдаг. Би компанийг 2008 онд үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Э.Энхбат гэдэг хүн манай компанид хот доторх такси үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, гэрээ дуусахад автоамшиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэрээ байгуулсан. Манай зүгээс бол хохиролд төлбөр төлөх боломж байхгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хх 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹1234 дүгнэлтэд:

            1. Баасангийн Түвшинтөгсийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод хэсгийн бяцарсан ил хугарал, зөөлөн эдэд цус хуралт, няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            3. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Урьд гаргасан шүүх эмнэлгийн 11939 тоот дүгнэлтийн 3-р заалт үндэслэлгүй байна гэжээ /хх 51-52 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹668 дүгнэлтэд:

            1. Б.Дондовт зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй тул ШЭГЗТЖ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй гэжээ /хх 54 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн ¹538 дүгнэлтэд:

1. Хюндэй Аванта /Hyundai Avanta XD/ маркийн 74-30 УНР улсын дугаартай автомашины жолооч Э.Энхбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралт Долоо. Хэвтээ тэмдэглэл 7.3-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана, хавсралт 25 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а, б, в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б.Түвшинтөгс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Б.Дондов нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүрэг 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ /хх 59 дүгээр хуудас/,

Явган зорчигчийн 0.00 хувийн согтууралтай болохыг шалгасан магадлал /хх 21 дүгээр хуудас/,

Жолоочийн 0.00 хувийн согтууралтай болохыг шалгасан магадлал /хх 21 дүгээр хуудас/,

Хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх 80-83, 85-86, 135-146, 157-168 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 84 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хх 88-101, 109-117 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 76 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Энхбат нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1000 оюутны байрны арын замд Монгол Такси ХХК-ний эзэмшлийн Аванте маркийн 74-30 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын Долоо. Хэвтээ тэмдэглэл 7.3- дөрөв буюу түүнээс дээш олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана” Хавсралт 25. “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Түвшинтөгсийг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Энхбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Энхбатад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь эмчилгээний зардал, Солонгос улс руу явж эмчлүүлэх зардал, асаргааны зардал, хөдөлмөрийн чадвар арлдсаны зөрүү зэргээр нийт 56 сая төгрөг нэхэмжилжээ. Шүүх хэрэгт авагдсан эмчилгээ, эм тарианы үнийг баримтаар тооцож үзэхэд 3.558.955 төгрөг болжээ. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 1.700.000 төгрөгийг хасахад 1.858.955 төгрөг болж байх тул 1.858.955 төгрөгийг иргэний хариуцагч Монгол Такси групп ХХК-аас гаргуулж хохирогч Б.Түвшинтөгсөд олгох нь зүйтэй байна.

Осол болох үед шүүгдэгч Э.Энхбатын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Монгол Такси групп ХХК-ний эзэмшлийнх болох нь хэргийн 87 дугаар хуудас дахь тээврийн хэрэсглийн гэрчилгээгээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчид учирсан дээрх хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Монгол Такси групп ХХК-аас гаргуулах хуулийн үндэслэлтэй байна. Түүнчлэн Монгол Такси групп ХХК нь тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар туршлага байхгүй тухайлбал 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Замын цагдаагийн газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон байхад 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийг Э.Энхбатад шилжүүлэн өгсөн буруутай бөгөөд Э.Энхбатын үйлдэл хохирогчид учирсан гэм хор шууд шалтгаан холбоотой байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Энхбат нь цагдан хоригдсон хоноггүй, эд баримтаар хураагдаж ирсэн Э.Энхбатын УА93121755 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон асаргааны зардал буюу хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.