Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/02485

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 19 өдөр         Дугаар 101/ШШ2019/02485            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэр 2 хд 0 дүгээр байр, 0  тоотод оршин суух, Д.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр,  тоотод оршин суух, Б.А-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 134,612,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Д миний бие 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Б.А-тэй уулзаж тэр өдрөө зээлийн гэрээ байгуулан 51,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүртэл 4 сарын хугацаатай олгосон Зээлийн гэрээнд 29,000,000 төгрөгийг нь 4 хувийн хүүтэй, 22,000,000 төгрөгийг нь сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн хүүг сар бүр, үндсэн зээлийг зээлийн хугацааны эцэст төлнө, зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн хугацаанд 2018 оны 08 дугаар сарын 11-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүгээ төлж дуусгасан боловч үндсэн зээлээ төлөөгүй юм үндсэн зээлээ төлөх талаар шаардахад миний наймаа шатчихлаа та надад нэмээд 30,000,000 төгрөг зээлдүүлээч би тэгвэл эргүүлээд 81,000,000 төгрөгийг чинь хүүгийн хамт буцааж төлж чадна гэж надад итгэл үнэмшил төрүүлэхээр нь нэмээд 30,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ хийж өгсөн юм. Гэтэл тэр түүнээс хойш 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хүү гэж 4,287,500 төгрөг төлөөд түүнээс хойш төлөлт хийгээгүй мөнгөө нэхэхээр удахгүй төлнө надад мөнгө орж ирнэ гэж худал хэлсээр байгаад өдий хүрсэн харин сүүлдээ одоо би төлж чадахгүй өгдөг газраа өг гэж хэлээд зугтаад байдаг болсон. Одоо миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хийсэн зээлийн гэрээний алданги болох 25,500,000 төгрөг, үндсэн зээл 51,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү болох 14,400,000 төгрөгөөс хүүд 4,287,500 төгрөгийг хасаад 10,112,500 төгрөг нийт 116,612,500 төгрөгийг Б.А-гээс гаргуулах, мөн Б.А-тэй 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний баталгаа болох барьцааны гэрээнд тусгагдсан нэг өрөө байраар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь Д.Д-тай 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 51,000,000 төгрөгийг зээлсэн. 51,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн. Уг 51,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хүүний хувьд 29,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 22,000,000 төгрөгийг 3 хувь гэж тохиролцсон. 51,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр өгсөн бөгөөд барьцаа хөрөнгө аваагүй. Б.А нь зээлийн хүүнд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 3,640,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 17 ны өдөр 500,000 төгрөгийг тус тус Хаан банкны дансаар шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300 ам.долларыг 729,000 төгрөг тооцон шилжүүлж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 858,500 төгрөгийн барааг бартераар нийт 11,567,500 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээлээ төлөөгүй. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр барьцаагүй 51,000,000 төгрөг зээлээд, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дахин 30,000,000 төгрөг хэрэгтэй байна, таны 51,000,000 төгрөгийг өгөхийн тулд гадагшаа явж бараа авчирч зараад нийт 81,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэр үед Д.Д мөнгөний боломжгүй гэхэд надад мөнгө хэрэгтэй байна. Та Орос найзаасаа зээлээд өгөөч гэж гуйсан. Д.Д зөвшөөрч Орос найзаасаа 30,000,000 төгрөгийг 4 хувийн зээлж авч өгсөн. Б.А-д 4 хувийн хүүтэй зээлнэ гэж байна гэж хэлэхэд  зөвшөөрсөн. Бидний мөнгө биш учир барьцаа хөрөнгө өг гэхэд Сонгинохайрхан 0 дүгээр хороо 0 байрны 0 тоот 0 мкв орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдсэн. 30,000,000 төгрөгийн хүү үндсэн зээл өнөөг хүртэл төлөгдөөгүй.

Иймд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Орос эмэгтэй мөнгөө нэхээд байсан учир Д.Д нь тус мөнгийг хүүгийн хамт төлсөн. Энэ нь Төрийн банкны баримтаар нотлогдоно. Үндсэн зээл 51,000,000 төгрөг, хүүг бүрэн төлсөн учир үндсэн зээл 51,000,000 сая төгрөгөө авахаар нэхэмжилж байгаа. Түүний алдангид гэрээнд заасны дагуу өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор заасны дагуу Иргэний хуулийн 23.4-д зааснаар 25,500,000 төгрөг нийт 76,500,000 төгрөг, дараагийн 30,000,000 төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү нь 10,112,500 төгрөг нэхэж байгаа. Хүүний 112,500 төгрөгийг хасаад 10,000,000 төгрөгөөр тэгшитгэн нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хүү 10,000,000 төгрөгийн хүү, алданги 18,000,000 төгрөг нэмж нэхэмжилсэн. 18,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. Хуулийн дагуу 18,000,000 төгрөг нь 15,000,000 төгрөг болохоор байгаа. 51,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд Б.А гарын үсэг зураад нотариат баталсан. Шүүх шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр гэрээн дээрх гарын үсэг Б.А-ийн гарын үсэг мөн гэж гарч ирсэн. 2016 онд Б.А борлуулагчаар ажиллаж байхдаа тоног төхөөрөмж 0,3 хувийн хүүтэйгээр зээлээр авч борлуулдаг байсан. 2016 онд авсан зээлийн борлуулалтын мөнгөний хувьд хүүтэйгээ төлж дууссан. 51,000,000 төгрөг нь кемпийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл байсан нэмж зээлээд 51,000,000 төгрөг болсон. Тухайн үедээ гэрээгээ цаасан дээр байгуулаагүй байсан учир Д.Д хоёулаа баталгаажуулж гэрээ байгуулъя гэсэн учир нотариатаар очоод мөнгөө бэлнээр авснаа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Б.А-тэй өөрийнхөө Хаан банкны данснаас дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас Б.А мөнгө зээлсэн тодорхой харагдаж байна.

Б.А зээл авсан эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие Төгөлдөр бьюти ХХК-д 2012 онд ажилд орж, Керби буюу тоос сорогч машин борлуулдаг байсан. Улмаар “Т” ХХК-ийн захирал Н.Т нь 2014 оны сүүлээс архи ууж мөрийтэй тоглоом тоглож, ажилаа хийхээ больсон учир эхнэр болох Д.Д нь ажилд оролцдог болсон. “Т” компанийн захирлын эхнэр Д.Д нь 2015 оны эхээр надад 4 ширхэг керби буюу тоос сорогч машиныг 12,000,000 төгрөгөнд бодож зээлээр өгсөн. Уг нь журмаар бол зээлээр өгөх ёсгүй болно. Уг зээлийн төлөлтийг миний бие Д.Д-гийн данс болох ******* тоот дансанд төлж эхэлсэн. Улмаар миний бие өөрийн нэр дээрХ” ХХК-г 9 сард байгууллан ажиллаж эхэлсэн. Тухайн ондоо миний бие кербиний төлөлтийг тогтмол төлж улмаар “Т” ХХК-н үйл ажиллагааг хариуцаж байсан учир ажилчдын зарим нэг цалинг надруу шилжүүлж би төлсөн тохиолдол байдаг тэр цалин нь 3,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх.

Ингээд албан ёсоор миний бие 2016 оноос эхлэн өөрийн нэрээр үйл ажиллагаа явуулахаар болж Д.Д-гаас сарын 10 хувийн хүүтэйгээр тогтмол зээл авч цаг тухай бүрт нь хүү, алданги гээд төлдөг байсан. 2016 оны байдлаар миний  бие нийт 48,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг.

2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр гэнэт намайг дуудаж 51,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 29,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр, 22,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээг нөхөн байгуулсан.

51,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан хэдий ч тэр өдөр огт мөнгө аваагүй. Уг 51,000,000 төгрөг нь 2016 онд зээлсэн 48,000,000 төгрөгийг зээлийн хүү, үндсэн төлбөрөө багцалж бодсон мөнгөний үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүг бодсон байна. Улмаар миний бие хэд хоногийн дараа банк орж дансны хуулгаа түүж төлбөрийн тооцоо гаргахад үндсэн зээл, хүүг бараг л төлсөн байсан учир ахин ийм их мөнгө хүүтэй нь төлөөд явахад надад алдагдалтай байсан учир Д.Д-тай уулзаж би ийм их мөнгө төлөхгүй би авсан зээлээ бараг төлсөн гэж хэлсэн учир хэд хоногийн дараа зээлийг багасгаж 30,000,000 төгрөг болголоо ирээд гарын үсэг зурчих, батлагаа болгох үүднээс барьцааны гэрээг давхар хийх шаардлагатай гэж хэлсэн учир 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барьцаа гэрээ байгуулж өөрийн ээж, эгчийн нэр дээрх өмчлөлийн ******* гэрчилгээтэй, Ү-0 улсын бүртгэлийн дугаартай СХД 0 дүгээр хороо0 байр, 0 тоот хаягт байршилтай 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Уг нь би энэ гэрээнд гарын үсэг зурах ямар ч шаардлагагүй байсан хэдий ч яг хүнд хэцүү үед мөнгө зээлснийг бодож, мөн хугацаа хэтэрсэн учраас хугацаа хэтэрсний хүүг төлөх учраас сарын 10 хувиар бодож зөвшөөрсөн. Яагаад 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг сонгож зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хийлгэснийг миний хувьд мэдэхгүй байна. Миний бие авсан зээлээ сарын 10 хувийн хүүтэйгээр нэг жил гаруйн хугацаанд төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 282.4 дахь хэсэгт мөнгө буюу тэмдгийг шилжүүлэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр гэсэн нь энэ өмнөх өр авлагын мөнгө Гэхдээ тэр гэрээний дагуу мөнгө шилжигдээгүй учир төлөх үндэслэлгүй. 3 гэрч нь нэхэмжлэгч талын яриад байгаа шиг 51,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг авсан гэсэн мөнгөний дүн ярьдаггүй. Сүүлийн 2 гэрч өр авлагын талаар ярьдаг. Эхний гэрч сонссон гэсэн зүйлийг ярьдаг. 30,000,000 төгрөгийн гэрээ нь 51,000,000 төгрөгийг багасгасан үнийн дүн байгаа. 51,000,000 төгрөг, 30,000,000 сая төгрөгийн гэрээний дагуу мөнгө аваагүй. Мөнгө зээлж авч байсан нь үнэн. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан хэдий ч мөнгө шилжигдээгүй учир зээл хүү алданги төлөх үүрэг хүлээхгүй учир нэхэмжлэлийн бүхэлд шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Д зээлийн гэрээний үүрэгт 116,612,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 18,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 134,612,500 төгрөг гаргуулахаар шаарджээ.

           

            Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 51,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 29,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 22,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй тус тус зээлж, мөн өдрөө бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримт үйлдсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/

 

            Зээлдэгч нь нийт 11,567,500 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь анх 2017 онд 48,000,000 төгрөг зээлсэн, 51,000,000 төгрөг бол 2016 оноос хойш авсан зээл, түүний хүү юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ хүчин төгөлдөр болно гэжээ.

 

            Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

            2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу /51,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөг нь 4 хувийн хүүтэй буюу 1 сарын хүү 1,160,000 төгрөгийг 4 сард үржүүлэхэд 4,640,000 төгрөг, 22,000,000 төгрөг нь 3 хувийн хүүтэй буюу 1 сарын хүү 660,000 төгрөгийг 4 сар үржүүлэхэд 2,640,000 төгрөг/, хүү 7,280,000 төгрөгийг хариуцагч төлсөн, илүү 4,287,500 төгрөгийг зээлдэгчид төлсөн байна.

 

            Иймд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр /51,000,000 төгрөгөөс 4,287,00 төгрөгийг хасаад 46,712,500 төгрөг/ 46,712,500 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 23,356,250 төгрөг, нийт 70,068,750 төгрөгийг Б.А-гээс гаргуулж, Д.Д-д олгож, үлдэх 6,431,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “...мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлснээр” зээлийн гэрээ байгуулагдсан тооцох бөгөөд хавтаст хэрэгт уг гэрээтэй холбоотой мөнгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлсэн баримтгүй байна.

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний доор 30,000,000 төгрөг бэлнээр өгч, авалцсан гэж зохигчид бичсэн гэх боловч хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан нотариатаар батлуулсан гэрээнд ийм зүйл бичигдээгүй, мөн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3480 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “зээлийн гэрээ”-ний баруун дунд хэсэгт “зээлдэгч” гэсний ард болон 2017 оны 09 оны 18-ны өдрийн “барьцааны гэрээ”/үл хөпдөх эд хөрөнгө/-ний арын нүүрэнд “барьцаалуулагч” гэсэн хэсэгт тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б.А-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэжээ. /2 дугаар хавтаст хэрэгт 193-215 дугаар тал/

 

            Уг шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч зээлдүүлэгчид мөнгө өгсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул уг зээлийн гэрээтэй холбоотой зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 58,112,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нь мөн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.-т зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо 0 байр, 0 орон сууцыг барьцаалсан гэх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар тал/

           

            Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3.-т зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

             Иймд Б.А-гээс 70,068,750 төгрөг гаргуулж, Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,543,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.        

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Б.А-гээс 70,068,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,543,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Б.А  үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүргэлтэй Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,059,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гээс 578,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.СОЛОНГО