Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бийн Гт холбогдох эрүүгийн 2238000000681 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хад” нэртэй газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ш.Эгийн улсын дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Эрүүгийн 2238000000681 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ш.Эгийн эзэмшлийн хөх өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ш.Эгийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө эрт 06 цагийн үед эхнэрийнхээ хамт аймгийн төв орж машинаа үзлэгт оруулахаар .. аймгийн төвд орж ирсэн. .. охин Э ээж рүүгээ утсаар яриад танай хонийг маллаж байгаа хүн чинь харагдахгүй байна. .. Г өглөө эрт хөх мотоцикль унаад манай хойгуур дуу дуулаад өнгөрсөн байна гэж манай охин утсаар ярьсан. .. эмгэн бид 2 машинаа үзлэгт оруулчихаад буцаад гэртээ харьтал миний мотоцикль алга болсон байсан. .. Би мотоциклио алдахаас 10 гаруй хоногийн өмнө нутгийн гаралтай залуу болох Бийн Г гэдэг залуутай утсаар холбогдож ахдаа энэ өвөл хонь харж өгөх үү, ах нь хөлөө эмчлүүлж хотруу явна, малаа харуулах хүн хэрэгтэй байгаа юм гэж хэлсэн. Тэгээд 1 сарын 500.000 төгрөгөөр хонио маллуулахаар тохироод гэрээ нүүлгээд Дорнод аймгийнх гээд нэг эмэгтэйн хамт ирсэн байсан. Тэр эмэгтэй нь удалгүй Дорнод аймаг руугаа явна гээд явсан байсан. Би Гт хонинд явж байгаарай гэж морь барьж өгсөн байтал эхнэр бид хоёрыг аймаг явсан хойгуур манай гэрийн гадаа байсан хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг надад мэдэгдэлгүй авч яваад одоо хүртэл сураггүй болсон. .. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө Гын ээж нь надруу утсаар яриад Г аймагт ирсэн байна та ирж уулзаарай, таны мотоциклийг асуутал Алаг-Эрдэнэ суманд гинж нь тасраад орхисон гэж хэллээ гэж надад ээж нь мэдэгдсэн. Би Улаанбаатар хот руу эмчилгээнд явахаар орж ирсэн байсан тул Бийнд очиж Гтай уулзаад миний мотоциклийг яагаад авч явсан, одоо хаана байгаа талаар асуухад Тосонцэнгэл сум руу 3.000.000 төгрөгөөр зарчихсан гэж хэлсэн.... Түлхүүрийг нь би гэртээ үлдээгээд гэрээ цоожлоод аймаг руу явсан. Гэртээ ирэхэд түлхүүр нь гэрт байсан. Г нь миний мотоциклийг надаас зөвшөөрөл авалгүйгээр унаж яваад алга болгосон байна. Асаахдаа толгойных нь утаснуудыг салгаж асааж явсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 22, 24 тал/,

Гэрч Х.Эын өгсөн: “...Тэгтэл нөгөө Г гэх залуу Арбулаг суманд сугалаа явагдсан тэр сугалаанд би 4 төлөгөөр оролцоод энэ мустанг-5 мотоцикль хожсон гэж манай 4 дүгээр багийн айлуудаар хэлж явсан байна лээ бас надад тэгж хэлсэн. .. би наадах чинь хулгайн мотоцикль биш биздээ гэхэд “Эрхэл” 1 дүгээр багийн Лхагвасүрэнгийн банди Бамбуу гэх хүнд унуулаад явсан чинь мотоциклийн маань түлхүүрийг хаяад хээр унааг маань орхисон байсан. Тэгээд түлхүүргүй болчихсон гэж ярихаар нь би итгээд Гаас уг Цэнхэр өнгийн 150 мотортой мустанг-5 мотоциклийг 2.500.000 төгрөгөөр бодож бэлэн 1.000.000 төгрөг өгөөд дээр нь 2021 оны намар аваад удаагүй хуучин мустанг-5 маркийн 1.300.000 төгрөгөөр авч байсан тэр унаагаа өгөөд Редми нөте-8 утас дээр нь нэмж өгч унааг нь авч байсан юм ..Би хулгайн мотоцикль гэж мэдээгүй би гаалийн бичиг нь хаана байгаа юм гэхэд гэрт байгаа би гэртээ хариад өнөө оройны замын унаагаар гаалийн бичгийг нь явуулчихая гэж хэлсэн. .. Би 2022 оны намар 10 дугаар сарын 20-ний үеэр Г гэх хүнээс цэнхэр өнгийн Мустанга-5 маркийн номергүй мотоцикль худалдаж авсан. Тэр мотоциклийг манай хүү Э.Д 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Эрдэнэбулган сум руу самарт уг худалдаж авсан мотоциклийг унаж явсан юм. Манай хүү Э.Д Гаас худалдаж авсан мотоциклийг ..самарт унаж яваад хээр ууланд эвдэрээд хаясан гэсэн.  засагдах боломжгүй хээр хөдөө газар болохоор тэнд нь хаяад ирсэн гэсэн манай хүү цуг явсан хүмүүстэйгээ машинтай ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 41 тал/,

Гэрч Э.Дгийн өгсөн: “...Би аавын Г гэх хүнээс худалдаж авсан цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг 2022 оны 11 дүгээр сарын 10-нд гаргаж Эрдэнэбулган сум руу самарт унаж явсан юм. .. Уг унааг унаж ашиглаж байхад эд зүйл нь эвдрээд засагдахын аргагүй болохоор нь хээр хөдөө газар тэрийг ачиж орж ирэх унаа техник байхгүй болохоор нь тэнд нь ууланд үлдээгээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-922/4962 дугаартай: “...Дээр дурдагдсан мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2.600.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 тал/,

Шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ш.Э ахыг эхнэртэйгээ аймаг явчихсан хойгуур нь гэрийнх нь гадаа байсан түүний хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч яваад Алаг-Эрдэнэ сумын Найцаа гэх хүнд өөрийнхөө хожсон мотоцикль гэж худлаа ярьж зарсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би Ш.Э ахын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 53 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ш.Эгийн мэдүүлэг, Х.Э, Э.Д нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-922/4962 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ш.Эгийн эзэмшлийн хөх өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Гыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Б.Гын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ш.Эгийн эзэмшлийн хөх өнгийн “Мустанг-5” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эд 2.600.000 төгрөгийн хохирол учирчээ.  

Хохирогч Ш.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч Ш.Э нь гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/, шүүгдэгч Б.Г, хохирогч Ш.Э нар 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.600.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэрийг хүлээн авсан. Хохирол бүрэн барагдуулсан гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 63 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Гыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Гын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 55, 60-62  талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 2-13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах албанд гудамж талбайн цэвэрлэгээний ажил хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах албанд гудамж талбайн цэвэрлэгээний ажил хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Гыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын дэргэдэх Хот тохижуулах албанд гудамж талбайн цэвэрлэгээний ажил хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН