Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1725

 

 

 

 

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2019/01725

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ц ” ХХК -д холбогдох,

 

5,932,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б ” ХХК нь ******* регистрийн дугаартай, авто зам засварын “Ц ” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, тус компанид 4 удаагийн ачилтаар дараах бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнд: 2015 оны 07 сарын 02-ны өдөр м.кв тус бүрийн үнэ нь 13,500 төгрөг болох 30 м.кв явган хүний замын хавтан /20x10x6 см-ийн хэмжээтэй/ болон ижил үнэтэй 27 м.кв хөтөч хавтан /30x30 см-ийн хэмжээтэй/. Нийт үнэ нь 13,500 х 30м.кв +13,500 х 27 м.кв = 405,000+364,500 = 769,500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг ******* ******* улсын дугаартай Хино маркийн ачааны машинд ачиж авч явсан нь мөн өдрийн зарлагын баримтаар нотлогдож байгаа болно. 2015 оны 07 сарын 03-ны өдөр м.кв  тус бүрийн үнэ нь 13,500 төгрөг болох 30 м.кв явган хүний замын хавтан /20x10x6 см-ийн хэмжээтэй/. Нийт үнэ нь 13,500 х 30 м.кв = 405,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг ******* ******* улсын дугаартай Хино маркийн ачааны машинд ачиж авч явсан нь мөн өдрийн зарлагын баримтаар нотлогдож байгаа болно. 2015 оны 10 сарын 19-ний өдөр м.кв тус бүрийн үнэ нь 13,500 төгрөг болох 100 м.кв явган хүний замын хавтан /20x10x6 см-ийн хэмжээтэй/ болон нэг бүр нь 2,800 төгрөгийн үнэ бүхий явган хүний замын 400 ширхэг хашлага. Нийт үнэ нь 13,500 х 100 м.кв +2,800 х 400 ширхэг = 1,350,000 + 1,120,000 = 2,470,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг 02-74 УНЧ улсын дугаартай ачааны машинд ачиж авч явсан нь мөн өдрийн зарлагын баримтаар нотлогдож байгаа болно. 2015 оны 10 сарын 21-ний өдөр м.кв            тус бүрийн          үнэ нь 13,500 төгрөг болох 23 м.кв явган хүний замын хөтөч хавтан /30x30 см-ийн хэмжээтэй/. Нийт үнэ нь 13,500 х 23 м.кв = 310,500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг ******* ******* улсын дугаартай Хино маркийн ачааны машинд ачиж авч явсан нь мөн өдрийн зарлагын баримтаар нотлогдож байгаа болно. Нийт 3,955,000 төгрөг болсон. Мөнгөө нэхэж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж худалдан авагч "Ц ” ХХК-ийн ерөнхий захирал Л.Э тэй утсаар 5-10 удаа, уулзаж 1-2 удаа ярилцсан боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй болно. Мөн гар утасны мессежээр Л.Э ийн ******* дугаартай утсаар 2015 оны 12 сарын 14-ний өдрөөс 2018 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл, Л.Э ийн нөхөр, “Ц ” ХХК-ийн захирал Уламбаярын ******* дугаартай утсаар 2018 оны 03 сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тус мөнгөө нэхэж байсан боловч мөн л ганц ч төгрөг төлөөгүй. Дээр тайлбарлан бичсэн бүтээгдэхүүний төлөгдөөгүй мөнгөнөөс гадна “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Худалдан авагч урьдчилгаа болох 50 хувийг 2015 оны 08 сарын 01-ний өдрийн дотор, үлдсэн хэсэг буюу 50 хувийг .... 2015 оны 09 дүгээр сарын 01-ний дотор гуйвуулна” гэсэн буй. Мөн уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “Худалдан авагч нь ... төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол бэлтгэн нийлүүлэгчид тийнхүү хугацаа хожимдуулсан өдрөөс эхлэн хоног тутам хугацаа хожимдуулсан үнийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө” хэмээн заасан. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” хэмээн заасан. Худалдан авагчид анх 2015 оны 07 сарын 02-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлсэн ч хамгийн сүүлд 2015 оны 10 сарын 21-ний өдөр бүтээгдэхүүн ачуулсан тул энэ өдрөөс хойш хугацаа хожимдуулсны алдангийг тооцох нь хууль ёсонд нийцэх болов уу. Мөн өдрийн байдлаар Худалдан авагч нь 3,955,000 төгрөгийн бүтээгдэхүүн авсан ч гэрээний 5.1 дэх хэсэгт заасан үүргээ огт биелүүлээгүй байх тул уг үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар тооцвол 19,775  төгрөгийн алданги хоног тутамд бодогдох юм. 2015 оны 10 сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх 998 хоногоор дээрх 1 хоногийн алдангийг үржүүлбэл 19,775 төгрөг х 998 хоног = 19,735,450 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” хэмээн заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,955,000 төгрөгийн 50 хувиар тооцвол 1,977,500 төгрөг болно. Иймд бүтээгдэхүүний төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,955,000 төгрөг, гэрээний 8.2 дахь хэсэгт заасны дагуу тооцсон алданги 1,977,500 төгрөг, нийт 5,932,500 төгрөгийг хариуцагч “Ц ” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь хариуцагч “Ц ” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүний төлбөр 3,955,000 төгрөг, алданги 1,977,500 төгрөг, нийт  5,932,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч “Ц ” ХХК-ийн захирал Л.Э  нь нэхэмжлэлийг 2019 оны 02 сарын 25-ны өдөр гардан авсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

           

    “Б ” ХХК болон “Ц ” ХХК нь 2015 оны 07 сарын 02-ны өдөр “Бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, “Б ” ХХК нь явган хүний замын 20х10х6 см хэмжээтэй, өнгөгүй тоосгон хавтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулсан явган хүний замын 30х30х6 см хэмжээтэй хавтанг тус бүрийн 1 м.кв-ын үнийг 13,500 төгрөгөөр тооцон 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс худалдах, “Ц ” ХХК нь урьдчилгаа 50 хувийг 2015 оны 08 сарын 01-ний өдрийн дотор, үлдсэн 50 хувийг тооцоо нийлсэн актын дагуу 2015 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 07 сарын 02-ны өдөр нийлүүлсэн 1 м.кв нь 13,500 төгрөгийн үнэтэй, 20x10x6 см  хэмжээтэй 30 м.кв явган хүний замын хавтан, 30x30х6 см хэмжээтэй 27 м.кв хөтөч хавтан, 2015 оны 07 сарын 03-ны өдөр нийлүүлсэн 20x10x6 см  хэмжээтэй 30 м.кв явган хүний замын хавтан, 2015 оны 10 сарын 19-ний өдөр нийлүүлсэн 20x10x6 см  хэмжээтэй 100 м.кв явган хүний замын хавтан, 2015 оны 10 сарын 21-ний өдөр нийлүүлсэн 30x30х6 см хэмжээтэй 23 м.кв явган хүний замын хөтөч хавтан, 2015 оны 10 сарын 19-ний өдөр нийлүүлсэн 1 ширхэг нь 2,800 төгрөгийн үнэтэй 400 ширхэг явган хүний замын хашлагын төлбөрт нийт 3,955,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

Зохигчид 20х10х6 см хэмжээтэй явган хүний замын хавтан, 30х30х6 см хэмжээтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулсан явган хүний замын хавтанг тус бүрийн 1 м.кв-ын үнийг 13,500 төгрөгөөр тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн нийлүүлсэн нийт 210 м.кв хавтанг 13,500 төгрөгөөр тооцон 2,835,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. Мөн гэрээгээр тохиролцоогүй боловч 2015 оны 10 сарын 19-ний өдөр нийлүүлсэн 1 ширхэг нь 2,800 төгрөгийн үнэтэй 400 ширхэг явган хүний замын хашлагын төлбөрт 1,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр бүтээгдэхүүний төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,955,000 төгрөгөөс алдангийг тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 1,977,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Зохигчид анз тогтооосон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 8.2-т худалдан авагч нь төлбөр төлөх хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд 2015 оны 07 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нийлүүлсэн явган хүний замын хавтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулсан явган хүний замын хавтангийн төлбөр  2,835,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь тогтоогдсон тул уг дүнгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцон алданги 1,417,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Харин зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцоогүй 400 ширхэг явган хүний замын хашлагын төлбөр 1,120,000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ц ” ХХК-аас 210 м.кв хавтангийн төлбөрт 2,835,000 төгрөг, алданги  1,417,500 төгрөг, 400 ширхэг явган хүний замын хашлагын төлбөрт 1,120,000 төгрөг, нийт 5,372,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч “Ц ” ХХК-ийн захирал Л.Э  нь хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 2019 оны 02 сарын 25-ны өдөр хариуцагчийн хаягийг “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ойн 67а тоот” гэж тодорхойлон нэхэмжлэлийг гардан авсан. Тус хаягаар хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлэхэд “уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэсэн тодорхойлолт ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мэдэгдэх хуудсыг түүний сүүлийн хаягаар хүргүүлсэн тул хурлын товыг хүргэсэнд тооцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Ц ” ХХК-аас  5,372,500 /таван сая гурван зуун далан хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 560,000 /таван зуун жаран мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 30 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Б ” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Ц ” ХХК-аас  нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 100,910 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР