| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Ө.Л,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тгийн Лд холбогдох эрүүгийн 2238003190012 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Соната-6” маркийн 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд орж “Приус-20” маркийн 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж, П.Лын биед зүүн талын гайморын хөндийд урд, дотор ханын хугарал, баруун талын гайморын хөндийн хажуу ханын хугарал, баруун талын духны хөндий, зүүн талд духны хөндий, баруун талын ухархайн хана, хамар ясанд хугарал, намалдаг болон гайморын хөндийд цус хуралт, нүүрэнд хаван, баруун нүдний эргэн тойрон сул хий бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Чийн биед баруун талын дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цус хуралт, хатуу хальсны сэртэн дагуу цус, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг болон эрүүгийн 2238003190012 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр Т.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооч Ө.Лийн жолоодож явсан “приус-20” загварын 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас “приус-20” загварын 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан П.Лын биед зүүн талын гайморын хөндийд урд, дотор ханын хугарал, баруун талын гайморын хөндийн хажуу ханын хугарал, баруун талын духны хөндий, зүүн талд духны хөндий, баруун талын ухархайн хана, хамар ясанд хугарал, намалдаг болон гайморын хөндийд цус хуралт, нүүрэнд хаван, баруун нүдний эргэн тойрон сул хий бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн тус машинд зорчин явсан Л.Чийн биед баруун талын дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цус хуралт, хатуу хальсны сэртэн дагуу цус, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Лгийн өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Лийн өгсөн: “..Би 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хорооны засмал зам дээр баруунаас зүүн тийш явж байгаад Т.Лгийн машинтай мөргөлдөж осол гарсан. Учирсан хохирлыг нэн даруй барагдуулж өгөөсэй гэж хүсэж байна. Хүүхэд маань хагалгаанд ороод бие нь гайгүй байгаа. Том болсны дараа ямар сөрөг үр дагавар гарахыг хэлж мэдэхгүй байгаа учир гомдолтой байна..” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гы өгсөн: “..2022 оны 09 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр хорооны засмал зам дээр осолд орсон. Гомдолтой байна. Хүүгийн маань сэтгэл санаа нь тавгүй, мартамхай, юмыг ойлгохдоо удаан, ууртай болсон. Цаашдаа ямар өөрчлөлт гарахгүй мэдэхгүй..” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны “зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг нь: бусад, замын ангилал: ердийн, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: тэгш, зорчих хэсгийн өргөн: 7 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, үзэгдэх орчин: гэрэлтүүлэгтэй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн дотор, хөдөлгөөний чиглэл: эсрэг/ сөрөг хөдөлгөөнтэй, замын байгууламж: хашлагатай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Л.Гы нэр дээр бүртгэлтэй 7545 ХӨВ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл байна. Автомашины гадна хэсгийг энгийн нүдээр үзэж шалгахад урд талын номер үгүй, урд гупер унжиж хагарсан, урд салхины шил хагарч цуурсан, зүүн урд керлан хугарч нугаларсан, дугуй ддоод эд ангиуд салж унасан эвдрэлтэй, зүүн урд талын хаалга хугаларч хонхойсон, хойш гүйж гажсан, баруун хойд дугуйн керлан хагарсан, дугуй язарч хагарсан, хий нь гарсан байдалтай байна. Тээврийн хэрэгслийн дотор талд баруун урд суудал дээр 75-45 ХӨВ улсын дугаартай номер 2 ширхэг байна...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16 тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн өгсөн: “...Миний охин П овогтой Л /10 настай эмэгтэй/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт 2022 оны 09 сарын 18-ны өдөр тухайн үед байсан айлынхаа хүмүүстэй хамт тээврийн хэрэгслээр зорчиж яваад зам тээврийн осолд орж гэмтсэн байсан. Би тухайн үед хөдөө байсан. Манай охин Л нь миний нагац дүү Гыд амьдарч байсан юм. Уг ослын улмаас миний охин Лын биед хамрын хугарал болон ерөнхийдөө толгойд нь гэмтэл учирсан. Уг гэмтлийг эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явж 2 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмнэлгээр нэлээн хэд хоног явж гадуур эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хот руу хамрын хагалгаанд орохоор яваад нийтдээ хоёр ч удаа Улаанбаатар хот руу явж цаг зав, хөрөнгө мөнгөө зарлагадсан. Би хохирлын буюу эмчилгээтэй холбоотой баримтуудаа ер нь чадахаараа цуглуулсан. .. Гомдолтой байна. Охиныхоо хамрыг хагалгаа хийлгэж янзлуулсан боловч яг сайн болоогүй засраагүй байгаа болохоор дахин үзүүлж эмчилгээ хийлгэх санаатай байгаа. .. Хохирол нөхөн төлбөрт мөнгө төгрөг өгсөн зүйлгүй байгаа... Эмчилгээ хийлгэх гэж би нааш цааш хөдөөнөөс ирж очих, хот хүрээ орох, эмнэлгээр дагуулж явж үзүүлж эмчлүүлэх зэрэгт өнгөрсөн хугацаанд 2 сая орчим төгрөг зарцуулсан. Би одоо өнгөрсөн хугацаанд гарсан 2 сая төгрөгийн зардлыг нэхэмжилнэ. Мөн дээрээс нь одоо дахин мэс засал хийлгэж хамрыг нь сайн эмчлүүлж янзлуулахгүй бол хамар нь битүүрээд нус гоожоод гуншиж яриад яг бүрэн сайн эмчлэгдээгүй. Гоо сайхны хувьд ч гэсэн харахад хамар нь хавтайгаад сонин болчихсон байгаа юм. Тэгэхээр дахин эмчилгээ хийлгэж гарах зардлыг мөн нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 тал/,
Хохирогч Ө.Лийн өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Мөрөн сумын 11 дугаар багт засмал зам дагуу өөрийн 75-45 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашинаар явж байтал эсрэг урсгалд өөдөөс явж байсан сонота-6 маркийн автомашин шууд урсгал сөрж ирж мөргөсөн. Үүний улмаас миний машин эвдэрч, манай машинд сууж явсан хүү Ч болон, хамаатны эгчийн эгчийн охин Л нар бэртэж гэмтсэн. Манай хүү Чийг ээж нь төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болохоор эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг хэлж нэхэмжлэх байх. Миний тухайд бол тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжилж оролцож байгаа. Миний машинд нилээд эвдрэл гэмтэл учирсан бөгөөд эвдрэлийн үнэлгээ гэхэд л 4.655.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Мөн дээр нь ачилтын машины мөнгө 100.000 төгрөг, нааш цааш явсан зардал мөнгө, машингүй байсан хугацаанд явсан зардлын алдагдал мөнгө тооцоод нийт 5 сая төгрөг нэхэмжилнэ. Би эвдэрсэн машинаа сэлбэгэнд 3 сая гаран төгрөгөөр зарж борлуулсан... 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр приус маркийн 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээ 11 дүгээр хорооны засмалаар явж байтал Санота-6 маркийн 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд мөргөсөн...Би жолоодох эрхийн В ангилалын 1022863 жолоодох эрхийн үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27, 35 тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гы өгсөн: “...Ослын улмаас манай хүү Л.Чийн тархинд цус хуралт явагдаж тархины яс нь тархиа дарсан гэмтэлтэй байсанг мэс заслын хагалгаа хийлгэж эмчлүүлсэн. Одоо бол баримтаар нийт 2.885.000 төгрөгийн баримт байна. Үүн дээр бид хотод очоод эмчилгээ хийлгэхээр нааш цааш явах, ойр зуурын хэрэгцээний эм тариа авах гэх зэрэг өнгөрсөн хугацаанд нилээдгүй зардал гарсан. Гэвч тухайн зардлын баримтуудыг тэр бүр цуглуулж чадаагүй. Жишээлбэл таксигаар үйлчлүүлсний зардал мөнгө гэх зэрэг зардлыг хамааруулж бодож байгаа. Тийм болохоор баримтаар тогтоогдсон мөнгөн дүнтэй нийлүүлээд нийт яг 4.000.000 төгрөг л нэхэмжлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Иргэний хариуцагч Л.Мягмаржавын өгсөн: “...Миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч 2022 оны 06 дугаар сард өөрийн аав Лд унаж ойр зуурын хэрэгцээндээ ашиглаж бай гээд өгсөн. Ер нь бол мотор нь болохоо байсан машиныг би тохирох үнээр нь аавд зарсан. Өлтөг мөнгөө ч ааваас бүрэн авсан. Би Улаанбаатар хотод ажилладаг байсан болохоор ирж шилжүүлэг энэ тэр хийж өгч чадахгүй яваад байсан. Тэрнээс бол манай аавын эзэмшилд шилжсэн машин байгаа юм. .. Ямар ч байсан аав машинтайгаа явж байгаад өөр нэг машинтай мөргөлдсөн л гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 490 дугаартай: “...Л. Чийн биед баруун талын дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цус хуралт, хатуу хальсны сэртэн дагуу цус, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 09 дүгээр сарын 18-нд үүссэн байх боломжтой. Л.Чийн биед үүссэн хатуу хальс дээрх цус хуралт нь гэмтлийн зэрэг 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, зүүн хацрын зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дугаартай: “...П.Лын биед зүүн талын гайморын хөндийн урд, дотор ханын хугарал, баруун талын гайморын хөндийн хажуу ханын хугарал, баруун талын духны хөндий, зүүн талд духны хөндий, баруун талын ухархайн хана, хамар ясанд хугарал, намалдаг болон гайморын хөндийд цус хуралт, нүүрэнд хаван, баруун нүдний эргэн тойрон сул хий бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 09 дүгээр сарын 18-нд үүссэн байх боломжтой. П.Лын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 54 тал/,
Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1587 дугаартай: “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.655.000 төгрөг ...” гэх тайлан /хх-ийн 60 тал/,
Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн: “...Зам тээврийн осол хэргийн газарт, үзлэгээр тогтоосон байдал, асфальтан зам, суурин дотор, эсрэг хөдөлгөөнтэй. Замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11-р багийн асфальтан замд 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан: 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Мөрөн сумын 11 дүгээр багийн асфальтан замд Приус маркийн 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Санота-6 маркийн 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн гэх Жолооч Т.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3. 3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а зүйлд заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруүлах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн. мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хх-ийн 69-70 тал/,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын өгсөн: “...Хэргийн талаар би нарийн ширийн мэдэхгүй. Уг хэргийн улмаас хохирсон Г.Ч, П.Л нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний мөнгөн дүнг нэхэмжлэхээр байгууллагаас томилогдож оролцож байгаа юм. Гы Ч 2022 оны 09 сарын 18-аас 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эмийн эмчилгээнд 230.000 төгрөг, мэс засалд ороход 3.889.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авахад 160.000 төгрөг, амбулаторийн үзлэг хоёр удаа хийлгэхэд нийт 30.000 төгрөг, амбулаториор хийгдэх мэс ажилбарт 3 удаа орж нийт 81.000 төгрөг, нийт 4 сая 391.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна Пгийн Л нь мэс засал хийлгэхэд 756.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авахад 161.000 төгрөг, ойрын дуудлагаар тусламж үйлчилгээ авахад 41.000 төгрөг, амбулаториор 2 удаа үзүүлэхэд нийт 30.000 төгрөг, амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний багц үйлчилгээ авахад 57.000 төгрөг, нийт 1 сая 52.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн байна. Г.Ч, П.Л нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлсэн хөнгөлөлтийн мөнгөн дүн нийт 5.443.000 төгрөг болж байна. Энэ мөнгийг гэм буруутай хүнээр төлүүлэхээр манай байгууллагын зүгээс нэхэмжлэл гаргаж байна. Энэ мөнгөн дүнг төлж барагдуулвал өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 146 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,
Шүүгдэгч Т.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би 2022 оны 09 сарын 18-ны өдөр өөрийн 69-62 УБЗ улсын дугаартай сонота-6 маркийн суудлын автомашиныг жолоодож Мөрөн сумын 11 дүгээр багийн засмал замаар явж байгаад эсрэг урсгалд өөдөөс явж байсан цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай урсгал сөрж мөргөлдсөн. Тухайн асуудал болохоос өмнө би хоёр нийлээд нэг том савтай пиво гурвуулаа хувааж уусан байсан. Яг осол болох үед би өөрөө жолоо бариад ганцаараа явж байсан. Тухайн үед миний машины гар гэнэт хугараад эсрэг урсгал руу орж машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсарган ирүүлсэн .... баримтыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрх бүхий албан тушаалтны “....” зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Пгийн мэдүүлэг, хохирогч Ө.Лийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гы мэдүүлэг, иргэний хариуцагч Л.Мягмаржавын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 490 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1587 дугаартай тайлан, мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн магадалгаа, иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр Т.Л нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Соната-6” загварын 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооч Ө.Лийн жолоодож явсан “приус-20” загварын 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урсгал сөрж мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас“приус-20” загварын 75-45 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан П.Лын биед зүүн талын гайморын хөндийд урд, дотор ханын хугарал, баруун талын гайморын хөндийн хажуу ханын хугарал, баруун талын духны хөндий, зүүн талд духны хөндий, баруун талын ухархайн хана, хамар ясанд хугарал, намалдаг болон гайморын хөндийд цус хуралт, нүүрэнд хаван, баруун нүдний эргэн тойрон сул хий бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Чийн биед баруун талын дух, зулайн дэлбэнгийн хатуу хальс дээрх цус хуралт, хатуу хальсны сэртэн дагуу цус, зүүн хацрын шонтонд зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч П.Лын биед хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Л.Чийн биед хүнд гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Т.Лгийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Т.Л жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Т.Л нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч П.Лын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч Л.Чийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 489, 490 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар гаргаж өгсөн 7.849.453 төгрөгийг нэхэмжилж хэрэгт нотлох баримтыг хавсаргаж ирүүлжээ.
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг үнэлж эм, эмчилгээний зардалд гаргасан насанд хүрээгүй хохирогч Л.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Г нарын 1.504.103 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч П.Лхагвадулам, түүний хууль ёсны төлөөлөгч Д.П нарын 323.200 төгрөгийг, хохирогч Ө.Лийн 4.837.400 төгрөгийг тус тус шүүгдэгч Т.Лгээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас 1.184.750 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь 90 дугаартай хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Алтанчулуун гэх 60.800 төгрөгийн зорчих тасалбар, 107 дугаартай Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 50.000 төгрөгийн хэрэглэгчийн хувь гэх баримт, 111 дугаартай Юнимед интернейшнлийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Г гэх 18.000 төгрөгийн баримт, 112 дугаартай юнимед интернейшнлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Г гэх 45.000 төгрөгийн баримт, 113 дугаартай Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 36.000 төгрөгийн баримт, 130 дугаартай Мэд траума эмнэлгийн 430.000 төгрөгийн үзлэгийн хуудас, 131 дугаартай Дуб ХХК-ийн 140.000 төгрөгийн баримт, 132 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн жирэмсний тест гэх 2.700 төгрөгийн баримт, 133 дугаартай Юнимед интернейшнлийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Г гэх 18.000 төгрөгийн баримт, 134 дугаартай Юнимед интернейшнлийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Г гэх 45.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, 95 дугаартай Тэрмэстийн өгөөжийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 185.250 төгрөгийн баримт, 108 дугаартай Тэрмэстийн өгөөжийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 154.000 төгрөгийн баримтууд нь 138, 137 дугаартай баримтуудтай давхацсан байх тул хэрэгсэхгүй болгов.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр М.Мягмаржавыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.443.000 төгрөгийг шүүгдэгч Т.Лгээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Л нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.443.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Лгээс 5.443.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Л.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Г, насанд хүрээгүй хохирогч П.Лхагвадулам, түүний хууль ёсны төлөөлөгч Д.П нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эртэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.Лгийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад улсын яллагчийн саналтай санал нэг байна...” гэв.
Шүүгдэгч Т.Лгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 82-83 талд авагдсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.Л нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 2, эхнэрийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөө илэрхийсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга“ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Лгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Т.Лг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан бөгөөд тус хэрэгт иргэний хариуцагчаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор шүүгдэгч Т.Лгийн хүү Л.Мягмаржавыг татжээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Соната-6” загварын 69-62 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ч Л.Мягмаржавын иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Т.Лгийн өмчлөл, эзэмшлийнх болох нь /хавтаст хэргийн 33, 41 тал/ зэргээр тогтоогдож байх тул иргэний хариуцагч Л.Мягмаржаваас насанд хүрээгүй хохирогч болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна гэж заасан байх бөгөөд хэрэгт прокурорын зөвшөөрөл авагдаагүй байх тул яллах дүгнэлтийн хавсралтын 7 дахь хэсэгт Т.Лгийн №1202542 дугаартай жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хураан авсан эд мөрийн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасныг тус тус зөрчсөх байх тул хэрэгт хураан авсан гэх Т.Лгийн №1202542 дугаартай жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2238003190012 дугаартай хэрэгт хураан авсан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан гэх шүүгдэгч Т.Лгийн 1202542 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Тгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Т.Лг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Т.Лд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Лд “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Лд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Лгээс насанд хүрээгүй хохирогч Л.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Г нарт 1.504.103 төгрөг, насанд хүрээгүй хохирогч П.Лхагвадулам, түүний хууль ёсны төлөөлөгч Д.П нарт 323.200 төгрөг, хохирогч Ө.Лид 4.837.400 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.184.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч Л.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Г, насанд хүрээгүй хохирогч П.Лхагвадулам, түүний хууль ёсны төлөөлөгч Д.П нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Лгээс 5.443.000 төгрөгийг төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
8. Энэ хэрэгт хураан авсан гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.Лд буцаан олгосугай.
9. Эрүүгийн 2238003190012 дугаар хэрэгт шүүгдэгч Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Хэрэгт хураан авсан гэх шүүгдэгч Т.Лгийн 1202542 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН