| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч Д.Х,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбодоогийн Од холбогдох эрүүгийн 2338000000055 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.О нь “урьд өмнө танилын харилцаагаа ашиглан, хохирогч Д.Хгээс өмнө мөнгө зээллэж аваад буцаагаад өгч байсан” итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1.200.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлээч гэж авсан, мөн үргэжилсэн үйлдлээр 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 5 удаагийн үргэжилсэн үйлдлээр хохирогч Д.Хд 15.200.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000055 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.О нь Д.Хгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “1.200.000 төгрөг зээлээч, 14 хоногийн дараа өгье” гэж хуурч 1.200.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
мөн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “дахиад мөнгө зээлээч” гэж хуурч 1.500.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “ах нь том наймаа хийж байгаа, энэ бүтчихвэл мөнгийг нь бүгдийг нь дарна. Чи цалингийн зээл аваад 6.000.000 төгрөг өгчих” гэж хуурч 6.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Орхоноос 69 маркийн машин авахаар болсон, тэр машинаа хойд сум руу 6.000.000 төгрөгөөр зарна. Тэр мөнгийг чам руу шилжүүлж өгнө. Надад 4.500.000 төгрөг өгчих” гэж хуурч 4.500.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ах нь үнэхээр хэцүү байдалд ороод байна, 2.000.000 төгрөг өгөөч, энэ мөнгийг яг 2 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд тус тус шилжүүлэн авч нийт 15.200.000 төгрөгийг залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хгийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5 удаагийн үйлдэлтэйгээр шүүгдэгчид мөнгө зээлсэн. Одоо би цалингийн зээлээ төлөөд явж байгаа. Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Мөн надаар банк бусаас зээл авахуулсан, түүнийг би бас төлж байгаа. Одоо шүүгдэгчид өгсөн 15,200,000 төгрөг болон тухайн хугацаанд төлсөн үндсэн зээлийн эргэн төлөлт болон банк бусын зээлийн хүү зэргийг нэмээд нийт 26,000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Хгийн өгсөн: “...2019 оны эхэн үеэс Г.О гэх хүн надаас мөнгө зээлээд хугацаанд нь буцаагаад өгчихдөг байсан юм. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа надаас зээлээд буцаагаад өгчихдөг, харилцан итгэлцэлтэй л байсан. 2021 оны 03 сарын 17-ны өдөр мөн надаас яаралтай мөнгөний хэрэг байна, ахдаа 1.200.000 төгрөг зээлээч, 14 хоногийн дараа өгье гэхээр нь би өөрийн Хас банкны 5001637420 тоот данснаас Г.Оын хаан банкны 5916191103 тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөө надад буцааж өгөөгүй байхдаа буюу 2021 оны 04 сарын 26-ны өдөр “дахиад мөнгө зээлээч” гээд гуйгаад байхаар нь өөрийн 5001637420 тоот данснаас Г.Оын 5916191103 данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бас л мөнгө буцааж өгөөгүй байж байгаад Г.О ах манай ажил дээр ирээд надад хандаж “ах нь том наймаа хийж байгаа, энэ бүтчихвэл нэг мөсөн мөнгийг чинь дарна аа, чи цалингийн зээл аваад 6.000.000 төгрөг өгчихөөч” гэж хэлэхээр нь би итгээд 2021 оны 05 сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийн цалингийн зээл аваад Г.Од 6.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд, өөрөө 4.000.000 төгрөгөө хэрэглэсэн. Дараа нь 2021 оны 06 сарын 27-ны өдөр бас миний ажил дээр ирээд “Орхоноос 69 машин авахаар болсон, тэр машинаа хойд сум руу 6.000.000 төгрөгөөр зарна, тэр мөнгийг нь чам руу шилжүүлж өгнө, надад 4.500.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би “надад мөнгө байхгүй байна" гэж хэлэхэд “тэгвэл банк бусаас аваад өгчхөө, би банк бусыг чинь болон цалингийн зээлийг чинь цаг тухайд нь төлнө өө” гэж хэлэхээр нь би бас итгээд 2021 оны 06 сарын 28-ны өдөр банк бусаас 4.500.000 төгрөг гаргуулж аваад өөрийн 5001637420 тоот данснаас Г.Оын 5916191103 тоот данс руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 07 сарын 27-ны өдөр шиг санаж байна Г.О өөрийн 94111750 дугаараас миний 99039870 дугаар луу залгаад “ах нь үнэхээр хэцүү байдалд ороод байна, 2.000.000 төгрөг өгөөч, энэ мөнгийг яг 2 хоногийн дараа буцаагаад өгчихье” гэж хэлэхээр нь би өөрийн 5411020071 тоот данснаас Г.Оын 5916191103 тоот данс руу 2021 оны 07 сарын 29-ний өдөр 2 сая төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би 5 удаагийн гүйлгээгээр Г.О гэх хүнд нийт 15.200.000 төгрөг өгсөн юм. Үүнээс хойш Г.Оын гар утас руу маш олон удаа залгахад утсаа авахгүй, авсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаан хэлдэг, боломжгүй гэж хэлдэг. 2022 оны 10 сард гэрт нь хоёр удаа очиход хаалгаа онгойлгож өгөхгүй, нүдсээр байгаад орж уулзахад мөнгийг чинь өгч чадахгүй, шүүх цагдаагаараа яваад олоорой гээд надад гар хүрчих гээд байсан, түүнээс хойш би, уулзаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч С.Бын өгсөн: “...2021 оны зун шиг санагдаж байна, Г.О надаас 1.000.000 төгрөгнөөс 3.000.000 төгрөгний хооронд 2-3 удаа зээлж авч байсан. Байшин барих гэж байгаа материал авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь би мөнгөө зээлчихдэг байсан. Тэгээд надад буцаагаад мөнгийг маань өгчихдөг л байсан... Надад 5.000.000 төгрөгний өртэй байсан талаар санахгүй байна, надаас мөнгө олон удаа зээлж байсан нь үнэн, гэхдээ 5.000.000 төгрөгөөр зээлж авч байгаагүй, 1.000.000-3.000.000 төгрөгийн хооронд л зээлдэг байсан. Мөнгөө тухай бүрд нь өгдөг байсан болохоор би түүнээс нэхэж, мөнгө төгрөгийг минь яаралтай өг гэж шаардаж байгаагүй. Би түүнд мөнгө зээлэхдээ өөрийнхөө 5907039034 тоот данснаас Г.Оын өөрийнх нь данс руу шилжүүлж байсан, Г.О ч зээлсэн мөнгөө надад буцааж өгөхдөө яг миний данс руу өөрийнхөө данснаас шилжүүлдэг байсан....Г.О Д.Х гэх хүнээс мөнгө зээлсэн талаар дам сураг байдаг. Нэг удаа Д.Х гэх хүн над руу утсаар залгаад "Г.Отай уулзах гэсэн юм, олдохгүй байна, олоод өгөөч” гэж ярьж байсан. Г.О нь Д.Х гэх хүнээс зээлсэн мөнгөөрөө юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 20 тал/,
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрөл /хх-ийн 25 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Оын өгсөн: “...Би танил дүү Д.Хгээс 15.200.000 төгрөгийг авч, түүнд хохирол учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Хгийн мэдүүлэг, гэрч С.Бын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.О нь Д.Хгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “1.200.000 төгрөг зээлээч, 14 хоногийн дараа өгье” гэж хуурч 1.200.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “дахиад мөнгө зээлээч” гэж хуурч 1.500.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “ах нь том наймаа хийж байгаа, энэ бүтчихвэл мөнгийг нь бүгдийг нь дарна. Чи цалингийн зээл аваад 6.000.000 төгрөг өгчих” гэж хуурч 6.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхоноос 69 маркийн машин авахаар болсон, тэр машинаа хойд сум руу 6.000.000 төгрөгөөр зарна. Тэр мөнгийг чам руу шилжүүлж өгнө. Надад 4.500.000 төгрөг өгчих” гэж хуурч 4.500.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “ах нь үнэхээр хэцүү байдалд ороод байна, 2.000.000 төгрөг өгөөч, энэ мөнгийг яг 2 хоногийн дараа буцаагаад өгнө” гэж хуурч 2.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд тус тус шилжүүлэн авч нийт 15.200.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг” ойлгоно.
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.Оын үйлдэл идэвхтэй, бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Г.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.О нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар Д.Хгээс мөнгө зээлж, мөнгийг буцааж өгөхгүй хуурч байгаа хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж, шууд санаатайгаар амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж залилан гар утсыг шилжүүлэн авч хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.О нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар Д.Хгээс мөнгө зээлж, мөнгийг буцааж өгөхгүй хуурч байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Оыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Хд 15.200.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад шүүгдэгчид өгсөн 15.200.000 төгрөг болон тухайн хугацаанд төлсөн үндсэн зээлийн эргэн төлөлт болон банк бусын зээлийн хүү 11.424.200 төгрөгийг нэмээд нийт 26.424.200 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.О нь 15.200.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Оаас 15.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Х нь тухайн хугацаанд төлсөн үндсэн зээлийн эргэн төлөлт болон банк бусын зээлийн хүү холбогдуулан 11.424.200 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч хэрэгт авагдсан Хас банкны барьцаат зээлийн гэрээ эх хувиараа биш, хуулбар хувь, зээл төлсөн гүйлгээний мэдээлэл гэх 4 хуудас баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогч Д.Х гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу үндсэн зээлийн эргэн төлөлт болон банк болон банк бусын зээлийн хүү 11.424.200 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Оын залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Оын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 40-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.О нь ам бүл 2, хүүхдийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19-15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж тухайн ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр хязгаарлуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Г.О өмгөөлөгчийн байр суурьнаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Байхгүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Оыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Оын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийхэд шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгч Г.Оын гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг арилгах, гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулахад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Оыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000055 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “шүүгдэгч Г.Оын нэр дээр бүртгэлтэй Ү-1723010077 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19-15 тоотод байрлах 27 метр квадрат хувийн сууц, Г-1723005547 дугаартай 606 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гомбодоогийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гомбодоогийн Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Оыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Од тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Од 2 /хоёр/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Од мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оаас 15.200.000 /арван таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хд олгож, хохирогч Д.Х гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол үндсэн зээлийн эргэн төлөлт болон банк болон банк бусын зээлийн хүү 11.424.200 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Оаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн 2338000000055 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай “шүүгдэгч Г.Оын нэр дээр бүртгэлтэй Ү-1723010077 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 19-15 тоотод байрлах 27 метр квадрат хувийн сууц, Г-1723005547 дугаартай 606 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг битүүмжилсэн” тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэ хэрэгт шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН