Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/82

 

                                                                                                                                                                                                                         

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч Э.Уламбаяр,

              Хохирогч Г.С,

              Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

              Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нийн Хд холбогдох эрүүгийн 2338000000034 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Холбогдох хэргийн талаар:

              Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт Б.Пгийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Стэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн хөлөн дээр нь дэвсэж хөлний шаант, тахилзуур ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч Н.Х нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-07 тоотод Г.Стэй “нөхөртэйгээ хардлаа, хүүхэн гэж дуудлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний үснээс зулгааж унагаж, хөл дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хөлний шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хын өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Сийн өгсөн: “...Хөл хугараад гурван сар болж байна. Энэ хугацаанд хөл маань эдгээгүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, хүүхдийг маань зөөх хүн байхгүй. Манай нөхөр гадагшаа дотогшоо явж ажил хийдэг байсан бол ажлаа хийхгүй намайг харж байгаа. Би дулаан орохоор нөхрөө дагаж ажил хийдэг байсан. Одоо ажил хийж чадахгүй хэцүү байна. Хөл маань шөнөжингөө өвдөнө. Би өөрөө хөл муутай хажуугаар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болохоор надад бол үнэхээр хэцүү байна. Би 1.800.000 төгрөг нэхэмжилж байна. Би хавар болохоор ямаа самнаж мөнгө олдог байсан. Одоо ажил хийх чадваргүй хэцүү байна...” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Сийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр.. У түүний нөхөр Бандиа, манай нөхөр П бид дөрөв Тэвхэн орж Т-Мат-аас зээл авсан. Зээл аваад бензин аваад байж байтал Угийн утас нь дуугараад П бид нарыг хүрээд ир гэсэн. Бид дөрөв Пгийнд очиход П хүүхдүүдтэйгээ хойморт нь нэг хүүхэн хүүхэд хөхүүлээд хэвтэж байсан. .. Бид гурав 2 пиво авчраад пивоо ууж дуусаад дахин 2 пиво авчирсан. Авчирсан пивоо ууж байгаад У бид хоёр бие засчхаад ороод иртэл тэр хүүхэн галын урд сууж байснаа “чи ер нь яагаад байн, байн гарч гүйгээд байгаа юм" гэхээр нь би яавал гэхэд “чи намайг нөхөртэйгөө хардаад байгаа юмуу гээд байсан. Тэгээд хэсэг байж байгаад У бид хоёр бие засах гээд гарах гэхэд нөхөр надад хандан “чи яагаад байн, байн гарч яваад байгаа юм” гэхээр нь юм хэлэлгүй гарах гэхэд “чи энэ хүүхэнтэй намайг хардаад байгаа юмуу” гэхээр нь би “юу гэж ийм хүүхэнтэй хардах юм” гэхэд “намайг хүүхэн гэлээ” гээд би чамайг алаад хаячихъя” гээд үсдээд газар унагаасан. Тэр үед У салгаад намайг авсан. Тэгээд би нөхөртэйгөө барьцалдаж аваад бид хоёр зодолдсон. Бид хоёрыг У, түүний нөхөр Бандиа хоёр салгасан. Тэгээд У бид хоёрыг гэрийн хойморт юм яриад зогсож байтал гаднаас тэр хүүхний аав нь орж ирсэн чинь гэнэт хувцсаа тайлж шидээд намайг ална гээд гүйж ирээд үстэж дараад газарт унагахаар нь босох үедээ санаатай миний хөл дээр дэвссэн. Тэгээд намайг ална гээд орилж хашгираад байж байхад нь аав нь аваад гэрээс гарсан... Н.Х гэх эмэгтэй л тухайн үед миний үснээс үстэж дараад маажиж, хөл дээр дэвсэж, зодсон. Намайг алчихъя гээд л зүхээд занаад дайраад байсан. Миний биед учирсан бүх гэмтлийг л Н.Х надад учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 тал/,

              Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “..Эрүүгийн 2338000000034 дугаартай хэргийн хохирогч Гарамжавын С нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 1.546.000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,

              Гэрч Б.Пгийн өгсөн: “...тус өдрийн 16 цагийн орчим У нөхөртэйгээ, С нөхөртэйгээ дөрвүүлээ ирсэн. Тэр дөрөв ирээд мэнд мэндээд ойр зуурын юм ярьж суусан. У, Х эгч хоёр өмнө нь нэг нэгнийгээ таньдаг байсан бололтой “юу байна эгчийн дүү” гээд тэврэлдээд байсан. Удалгүй Х эгч ирсэн хүмүүст пиво авч өгнө гээд Угийн данс руу 10 мянган төгрөг шилжүүлсэн, би өөрт бэлэн байсан 6 мянган төгрөгөө өгөөд С, У, Дондов гурав дэлгүүр лүү явсан. Тэр гурав ирэхдээ 2.5 литрийн 2 том пиво авчирсан. Авчирсан пивыг уугаад юм яриад сууж байтал У, С хоёр бие засахаар гартал С нөхрийгөө Х эгчтэй хардаад байна гэсэн яриа гарсан. Тэгээд бид нарын ууж байсан пиво дууссан. Бид нар дахиад хоёр том пиво авчирч уухаар ярилцаад дэлгүүр лүү Дондов, С бид гурав явсан. Пиво авчраад уугаад сууж байтал С, У хоёр бие засахаар гарах гэж байтал Сгийн нөхөр нь Сд хандан “чи намайг энэ хүүхэнтэй хардаад байгаа юм уу, яагаад байн, байн гарч яваад байгаа юм” гэхэд С нөхөр лүү очоод хоёр мөр лүү нь гараараа түлхээд би яахаараа энэ хүүхэнтэй чамайг харддаг юм гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгсэн Х эгч тэр хоёрын дундуур ороод Сг үсдээд шалан дээр дарж унасан. Тэгсэн У очиж салгаад Х эгчийг газарт дарж унасан. Тэгээд босгоод одоо хэрүүл маргаан хийхгүй шүү гэсэн утгатай зүйл яриад тайвшруулж байтал Сгийн нөхөр нь Х эгчийн сууж байсан орон дээр хажууд нь очиж суугаад хоорондоо шивнээд юм яриад байсан. Тэр үед С уурлаж нөхөртэйгээ барилцаж аваад тэр хоёр манай гэрийн хойморт ноцолдоод байсан. Тэр хоёрыг У, түүний нөхөр П хоёр салгаад У, С хоёр манай гэрийн хойморт зогсож байсан. Тэр хоёр нилээн хэсэг зогссон. Х эгч, түүний охин хоёр Х эгчийн аав, ээж рүү залгаад “эд нар намайг бүгдээрээ нийлж зодоод байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Ярьснаас хойш удалгүй Х эгчийн дүү нь гэх залуу ирээд, араас нь аав нь орж ирсэн. Тэгсэн Х эгч аавыгаа хараад юу болсон юм мэдэхгүй “би чамайг ална” гээд С рүү очоод хоёр гараараа үсдэж хойш нь дараад давхралдаад хойморт унасан. Тэгээд Х эгч босохдоо Сгийн хөлөн дээр дэвссэн. Тэр үед С хөл хугалчихлаа гэж орилоод Х эгчийг аав нь У хоёр аваад гэрээс гарсан. У цагдаа дуудсан гээд байгаа бололтой байсан. Удалгүй хоёр цагдаа ирсэн. Ийм л зүйл болсон... Нөхөртэйгээ барилцаж аваад манай гэрийн хойморт ноцолдоод зодолдоод байсан. Тэгээд У, түүний нөхөр бандиа хоёр очоод Бандиа нөхрийг аваад, У Сг аваад холдуулсан. Тэгээд У, С хоёр манай гэрийн хойморт зөв зүгээр зогсож байсан. Х эгчийн аав нь гаднаас орж ирсэн чинь би чамайг ална гэж Сг үсдэж газарт унагаагаад босохдоо хөл дээр нь дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

              Гэрч Г.Уийн өгсөн: “...Авсан пиво уугаад хоорондоо юм яриад сууж байтал С намайг гарч бие засъя гээд бид хоёр гарч бие зассан. Биеэ засчихаад ороод иртэл уур амьсгал нэг сонин болчихсон, юу болов, яав гэхэд Х гэх эгч С бид хоёрыг гарсан хойгуур Сгийн нөхөрт “танай эхнэр чинь надтай чамайг хараад байн, байн гарч гүйгээд байгаа юм биш үү” гэж хэлсэн байсан. Бид хоёр ороод ерөөсөө тийм юм байхгүй, пивоо уугаад хэрүүл хийхгүй тайван сууя гээд огт хэрүүл хийгээгүй тайван сууж байсан. Удалгүй пиво дуусаад дахиад авахаар болсон. Тэгсэн чинь Х эгч архи захиад байсан. Бид нар архи дарс ууж чаддаггүй гэхэд ядаж 100 грамм аваад ирээч гэсэн. Дэлгүүр лүү Дондог, Пүүжээ, С гурав явсан. Тэр гурав ирэхдээ 2,5 литрийн 2 том пиво, 100 граммын нэг шил архи авчирсан. Авчирсан пивоны нэгийг нь задлаад уугаад сууж байтал С намайг гарч бие засъя гэхээр нь тэгье гээд гарах гэтэл Сгийн нөхөр Дондов Сд “чи одоо намайг энэ хүүхэн хардаад байгаа юм уу, яах гээд байн, байн гарч яваад байгаа юм” гэхэд С нөхрийгөө алгадаж аваад “би чамайг энэ хүүхэнтэй хардаагүй, би яахаар чамайг ийм сонин хүүхэнтэй харддаг юм” гээд хэлчихсэн. Тэгсэн Х эгч босож ирээд “чи яахаараа намайг хачинаар нь дууддаг юм” гээд Сг үсдээд, С Х эгчийн цамцнаас нь зуураад тэр хоёр газарт унасан. Газарт унаад Х эгч Сгийн дээр гараад үсдээд цохиод байхаар нь Х эгчийн хоёр мөрөн дээрээс нь хоёр гараараа татаж босгоод газарт унагаад дээр нь гарч суугаад “та манай найзыг яаж байгаа юм бэ” гэж хэлчхээд битгий зодолд гээд босгосон. Тэгсэн Х эгч “та нар намайг нийлж зодох гээд байгаа юм уу” гээд хашгирч орилоод утсаар аав, ээж рүүгээ яриад байгаа бололтой байсан. Би Х эгчийг тайвшруулаад орон дээр суулгаад битгий хэрүүл зодоон хий гээд сууж байтал Сгийн нөхөр нь Х эгчийн хажууд нь очиж суугаад хоорондоо шивнэлдээд юм яриад байсан. Юу яриад байгааг нь мэдээгүй. Тэгсэн С уурлаад гүйж ирээд Дондовыг шууд заамдаж аваад хоёулаа хойморт ноцолдоод зууралдаад байсан. Би салгах гэж очоод дийлэхгүй байхаар нь нөхрийгөө дуудаж энэ хоёрыг салгаач гээд манай нөхөр Дондовыг аваад, би Сг аваад салгасан. Салгаад Сгийн хамт гэрийнх нь хойморт стенкнийх нь урд зогсож байтал гаднаас Хгийн эрэгтэй дүү нь орж ирээд “юу болоод байгаа юм” гэхэд “юу ч болоогүй, хоёр дүүгээ аваад яв” гэсэн. Удалгүй Хгийн аав нь орж ирсэн. Тэгсэн Х орон дээр зөв зүгээр сууж байснаа “би чамайг алчихъя” гээд цамцаа тайлаад С рүү дайрч очоод үснээс нь хоёр гараараа зулгаагаад хойш нь түлхсэн. С толгойны ар дагз хэсгээрээ стенк мөргөөд унасан. Тэр үед С гар утсаа гаргаж ирээд чи яахаараа намайг ингэдэг юм гээд бичлэг хийхэд Х эгч “чи наад бичлэгээ устгаач” гээд гар утастай нь булаацалдаад байсан. Тэгээд Х эгч босохдоо албаар Сгийн хөлөн дээр дэвссэн. Энэ үед Х эгчийг аав болон тэнд байсан П, Сгийн нөхөр П, манай найз П нар бүгд л харсан. ... Х эгчийг машинд нь суулгаж өгөөд буцаж гэрт ороход С надад хандан “наад хүүхэн чинь миний хөлийг хугалчихлаа, машиных нь дугаарыг харж чадсан уу” гээд хамт байсан хүмүүс нь хараад ангайгаад зогсож байсан. Очоод хартал хөл нь хугарсан байсан. Тэгээд байж байтал нөхөр маань хэрүүл, маргаан хийгээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Хоёр цагдааг очиход би нөхөртэйгээ эвээ олчихсон байсан болохоор дуудлага буцаалаа гэсэн чинь тэр хоёр цагдаа Сг хараад энэ хүн чинь хөлөө яачихсан юм бэ гээд болсон зүйлийн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

              Гэрч Л.Пын өгсөн: “...Бид дөрвийг очиход Пүүжээ хүүхдүүдтэйгээ, Х гэх хүүхэн 2 хүүхдийнхээ хамт гэрийнх нь хойморт хэвтэж байсан. Бид нарыг очиход дэлгүүр орж 2,5 литрийн 2 том пиво авчирч бүгдээрээ уусан. Пиво ууж байх явцад Х гэх хүүхэн манай эхнэрт хандан “чи нөхрийгөө надтай хардаад байгаа юм уу" гээд байсан. Уг асуудлаас болж Х гэх хүүхэн манай эхнэрийг үсдэж дарж унагаад дээр гараад цохиод байсан. Тэр хоёрыг У салгасан. Тэгж байтал эхнэр уурлаж намайг алгадсан. Тэгээд бид хоёр жаахан маргаан үүсгээд гэрийнх нь хойморт барыдалдаж авсан. Эхнэр бид хоёрын хооронд сүртэй асуудал болоогүй. Нэг нэгийнхээ биед гэмтэл учруулсан зүйл байхгүй. Эхнэр бид хоёрыг У, түүний нөхөр Бандиа хоёр салгасан. Тэгээд учраа олох маягтай байж байтал гаднаас Х гэх хүүхний аав орж ирсэн энэ үед Х гэх хүүхэн хувцсаа тайлж шидээд, энийг алчихъя гээд манай эхнэрийг үсдэж дараад унагаасан. Тэгээд босож үедээ манай эхнэрийн хөл дээр дэвссэн. Тэр хүүхнийг аав нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

              Гэрч Б.Бгийн өгсөн: “..Намайг гэртээ байж байтал Х залгаад “намайг эд нар зодоод байна, ирж аваач” гэсэн. Тэгээд би эхнэр болон манайд байдаг хүүхдийнхээ хамт очсон. Тэгээд надтай хамт очсон банди түрүүлээд гүйгээд ороод, би араас орсон. Намайг ороход гэрийн хойморт нэг хүүхэн хөл хугарчихлаа гэж байсан. Ороод Хг аваад гарахын зууртгүй Х гүйж очоод нөгөө охиныг үсдэж аваад цохисон. Тэгсэн хамт байсан нэг охин нь Хг барьж аваад унасан. Тэгээд босгож ирээд тэр охин бид хоёр Хг гэрээс аваад гарсан. Ийм зүйл болсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

              Гэрч Б.Нийн өгсөн: “.. Тэгээд намайг охиноо хувцаслаад орон дээр сууж байхад нэг хүүхэн гэрийн зүүн хойд хэсэгт миний хөл хугарчихсан гээд уйлаад сууж байсан. Намайг орох үед Х тэр хүнийг хальт үсдэж авч байгаа харагдсан. Тэр дор нь манай нөхөр У хоёр Хыг аваад гарсан. Тэгээд би удаагүй хүүхдээ хувцаслаад зарим хувцсыг нь аваад гарсан. Намайг гэрээс гараад машины хажууд очиход У гэх хүүхэн зогсож байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай: “...Г.Сийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал, хоёр шанаа, баруун эгэм, баруун хацарт сорви, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Энэ нь рентген зурагны хариу, үзлэг, амбулаторын карт зэргээр нотлогдож байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Г.Сийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,

              Шинжээч Г.Алтайн өгсөн: “...Баруун, зүүн шанаа, баруун эгэм, баруун хацарт сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Зүүн шилбэнд цус хуралт нь зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугаралтай холбоотой үүссэн гэмтэл байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 73 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

              Шүүгдэгч Н.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “..Миний хувьд босож чадахгүй бөөлжөөд хэвтэж байсан, ер нь дотор муухай байсан. Тэд нар пивонд явахаар болоод хоёрын хооронд нэг пивоор яахав хоёр том пиво авъя гээд надаас 10.000 төгрөг зээлж авсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ л та бөөлжөөд босож чадахгүй байгаа бол 100 грамм уучих гээд байсан. Дэлгүүр рүү Дондог эхнэртэйгээ, Пүүжээ нар явсан. Тэр гурав ирэхдээ 2 том пиво, нэг шил 100 граммын архи авчирсан. 100 грамм архинаас 30 граммыг би аяганд хийж уусан, өмнөх орой нь архи уучихсан байсан учир хоносон архи маань нөлөөлөөд согтсон. Тэгээд пиво тойруулаад сууж байтал Дондог эхнэртээ хандан “чи намайг энэ хүүхэнтэй хардаад байгаа юм уу, ойр ойрхон гарч гүйгээд байх юм" гэхэд эхнэр нь босож очоод Дондогт хандан “чамайг би яахаараа харддаг юм” гээд хэд хэдэн удаа алгадаж авсан. Тэгээд тэр хоёр газраар ч ноцолдоод, орон дээр ч ноцолдоод байсан. Тухайн үед эхнэр нь чи намайг ямар цохиж зодож байгаагүй биш, тэгээд цохиоч гээд байсан. Манай хоёр хүүхэд газраар унтаж байсан болохоор би тэр хоёрт хандан “хүүхэд дарчихваа” гэж хэлсэн. Тэгж байтал манай хоёр хүүхэд босож ирсэн. Манай том охиныг дүүгээ тэврээд орон дээр сууж байхад хохирогч гээд байгаа хүүхэд нөхөртэй хандан “чи наад хөл эвгүй дараад байна ш дээ” гээд хэлсэн гэсэн. Намайг зуухны хажууд зогсож байтал Дондогийн эхнэр нь босож ирээд “чам шиг хүүхэнтэй би одоо нөхрөө хардах уу” гэж орилсон. Би тэр хүүхэнд “чи одоо чимээгүй байгаач энд хүүхдүүд байна ш дээ” гэхэд чимээгүй болохгүй над руу гар хуруугаараа чичээд байсан. Над руу хуруугаараа чичээд байхаар нь би тэр хүүхнийг үсдэж яваад хоёулаа газарт унасан. Тэгээд би дээр нь гараад гэдсэн дээр нь сууж байхад У ирээд намайг татаж унагаасан. Тэгээд намайг та яагаад манай найзыг зодож байгаа юм гээд байсан. Тэгээд миний хоолойг боосон гэсэн, миний хамраас цус гарсан байсан. Хэвлий рүү мөн өшиглөсөн байсан. Тэгээд би том охиндоо хандан “өвөө, эмээгээ дуудчих” гээд утсаар нь залгуулаад ээжтэй утсаар яриад “эд нар намайг зодоод байна ирж ав” гэж дуудсан. Гаднаас манай эгчийн банди гүйж орж ирээд манай бага охины хувцсыг нь өмсүүлэх гээд орон дээр суусан. Үүнээс 2-3 минутын дараа манай аав орж ирсэн. Аавыг орж ирснээс хойш 5 минутын дараа ээж орж ирсэн. Ээж орж ирээд та нарыг бүгдийг нь цагдаа дуудаж өгнө, хүүхдийн хажууд архи дарс ууж, зодоон нүдээн хийсэн гэхэд цагдаа дуудуулаагүй гэсэн. Намайг У аавын машинд суулгаж өгөөд манай аавд хандан “бид нар уг асуудлыг энд нь аргална” гэж хэлээд үлдсэн байсан. Миний хувьд аав, ээжийн хамт шууд гэртээ харьсан. Аавыг орж ирэхэд тэр хүүхэд хөл хугарчихлаа гээд сууж байсан гэсэн. Би гэрээс гарахдаа тэр хүүхний үснээс нь хальт татаад, өшиглөх гэтэл хугараагүй хөлнийх нь хажуугаар гарсан гэсэн. Үүнийг сүүлд тэр хүүхэн өөрөө эмнэлэг дээр байхдаа ярьсан. Тэр хүүхэн өөрөө буриад гуталтай байсан, би бас түрүүтэй гуталтай байсан. Тэгээд маргааш өглөө нь Пүүжээ над руу залгаад “Сгийн хөл нь хугарсан гэж байна, ах нар нь эмнэлгээр аваад яваа сурагтай байсан, бид нар гэрт нь очиж харлаа, аймар эвгүй байдалтай л байна” гэж ярьсан. Тэд нар надтай эмнэлэг дээр уулзахдаа Уийн нөхөр Пүүжээ хоёр тасарчихсан байсан, юу ч санахгүй байна, юу болсон талаар мэдэхгүй байна. У болохоор би таныг Сгийн хөлийг хугалж байхыг хараагүй. Дондогийг ч хугалж байхыг ч хараагүй гэж хэлж байсан. Одоо болохоор намайг Сгийн хөл хугалсан гэж бүгдээрээ мэдүүлээд байгааг гайхаж байна. Мөн С гэх хүүхний ах нь цагдаагийн газрын үүдэнд чамайг Сгийн хөл хугалсан гэдгийг гэрчлэх хүн байгаа шүү гэхэд У, Пүүжээ нар бид хоёр юу ч хараагүй шүү, гэрчилж чадахгүй шүү гэж байсан. Эд нар нэг талаараа ах, дүү хүмүүс гэж байсан. У, Пүүжээ хоёр ах, дүү хоёртой гэр бүл болсон нэг айлын бэрүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Сийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, гэрч Б.П, Г.У, Л.П, Б.Б, Б.Н нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Алтайн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч Н.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Н.Х нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 37-07 тоотод Г.Стэй “нөхөртэйгээ хардлаа, хүүхэн гэж дуудлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний үснээс зулгаан унагаж, хөл дээр нь дэвсэж эрүүл мэндэд нь хөлний шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нотлогдсон  тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Л.Сийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр үйлдсэн буюу цохих, цохигдох үед учирсан, зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал, хоёр шанаа баруун эгэм, баруун хацарт сорви, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Н.Хын цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Хын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Н.Хыг  Г.Сийн эрүүл мэндэд нь хөлний шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Г.С нь 107.450 төгрөгийн баримт ирүүлсэн байх бөгөөд шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг хянаж үзээд 24.850 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Сийн шүүхэд ирүүлсэн баримтаас 82.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Манхан хүнсний дэлгүүрийн 75.000 төгрөг гэх баримт, Тунамал эмийн сангийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 7.600 төгрөгийн утлагын хошуу, бромгексин 8 мг гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өөр зориулалтаар зарцуулагдсан байх тул зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Г.С нь ажилгүй байсан хугацаанд олох байсан  орлого буюу цалин хөлс 1.800.000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч хохирогч Г.С нь ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлсний баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль  зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд хохирогч Г.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас 82.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Хаас хохирогч Г.Сэд 24.850 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлс 1.800.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Хаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.Мыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.546.000 төгрөгийг шүүгдэгч Б.Хаас нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Х нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.546.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Хаас 1.546.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн тухайд улсын яллагчтай санал нэг байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өрх толгойлсон эмэгтэй үр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Бага хүүхэд нь 1 нас 2 сартай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна. Иймд зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэж өгнө үү. Энэ хүн элэгний цероз өвчтэй, эмчилгээнд явах шаардлагатай боловч гэмт хэргийн улмаас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа...” гэв.

Шүүгдэгч Н.Хын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 57, 59-60 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 11-28 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Энэ хүн элэгний цероз өвчтэй, эмчилгээнд явах шаардлагатай боловч гэмт хэргийн улмаас эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа” гэж мэтгэлцэж  байх боловч  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  шүүгдэгчийг дээрх  өвчтэй талаар  баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 3 / гурав/ сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Хыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Хд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Хын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд шүүхээс  дүгнэлт хийхэд  шүүгдэгчид зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Тодруулбал шүүгдэгч Н.Хын зан үйлд нөлөөлөх, гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэхээс  урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулахад зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” заасны дагуу үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Хыг 3 сарын хугацаагаар “Зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ө овогт Нийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нийн Хыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Хыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарласугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Н.Хд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Хд 3 /гурав/ сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

              6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Хд мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т  тус тус зааснаар хохирогч Г.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас 82.600 /наян хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Хаас хохирогч Г.Сэд 24.850 /хорин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.С нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого буюу цалин хөлс 1.800.000 /нэг сая найман зуун мянга/  төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Н.Хаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Хаас 1.546.000 /нэг сая таван зуун дөчин зургаа мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

              8. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН