| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/02005/и |
| Дугаар | 2127 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2127
| 2019 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2019/02127 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” УТҮГ/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК -д холбогдох
Гэрээний үүрэг хангуулж 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Ө.С, хариуцагчийн төлөөлөгч Х.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2011 оны 11 дүгээр сард “М” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 99 дугаартай “Эрх олгох тухай”, 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 108 дугаартай захирамжаар 1 га газрыг “Бизнес үйлчилгээний цогцолбор, худалдаа, үйлчилгээ”-ний зориулалтаар баталгаажуулж захирамж гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11/121 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ” 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 145 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А/20 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй” үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. “Алтанбулаг” чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд “М” ХХК-иас “Газар ашиглуулах гэрээ”-ний 4.2.1-д “...Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд нь төлөх 4.2.4-д Газрын төлбөрийг газрын ашигт чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх,” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2015 онд 1,600,000 төгрөг, 2016 онд 1,200,000 төгрөг, 2017 онд 1,200,000 төгрөг төлөөгүй нийт 4,000,000 төгрөгийн газрын төлбөрийг үлдэгдэлтэй тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. “Газрын тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 2-д “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, “Татварын ерөнхий хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу “М” ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна. “Алтанбулаг” чөлөөт бүс нь төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэв.
Хариуцагч “М” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А” Улсын төсөвт үйлдвэрийн газрын манай байгууллагад холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 145 дугаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээг “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Ерөнхий менежер Х.Б*******тай байгуулж, 15 жилийн хугацаатай, 1,062,358 ам долларын хөрөнгийг тодорхой үе шаттайгаар оруулахаар харилцан тохиролцож байсан. Тус гэрээний дагуу 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бид 11/1147 дугаар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан бизнес үйлчилгээний цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаанд эзэмшихээр гэрээ байгуулж байсан болно. Тухайн үед манай байгууллагатай адил нэлээдгүй компани ижил агуулгатай хөрөнгө оруулалтын гэрээ болон газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Манай байгууллага хөрөнгө оруулалтын ажлаа эхлэх гэсэн боловч чөлөөт бүсийн захиргааны зүгээс тодорхой эхний ээлжийн дэд бүтцийн асуудлуудыг шийдэж өгөхгүй байсаар 2013 оныг хүрсэн. Энэ хугацаанд нэг ч байгууллага эзэмшиж буй газартаа ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй болно. Бидний газар эзэмших болсон үндэслэл зорилго нь “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээний 6.2-т “Хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсанаар газар эзэмших, ашиглах гэрээ давхар цуцлагдана” гэж заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих боломжгүй болсон үеэс эхлэн газар эзэмших эрх цуцлагдах ёстой байтал 2018 оныг хүртэл газар эзэмших гэрээг цуцлалгүй газрын төлбөр тооцож явсанд гомдолтой байна. Бид газар эзэмших эрхийн төлбөрт 1,600,000 төгрөг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” УТҮГ нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 2015 оны 1,600,000 төгрөг, 2016 оны 1,200,000 төгрөг, 2017 оны 1,200,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2011 оны 06 сарын 13-ны өдрийн 93 дугаартай захирамжаар “М” ХХК-д хөрөнгө оруулах газар эзэмшүүлэх гэрээ байгуулах эрхийг олгож, 2011 оны 07 сарын 05-ны өдрийн 108 дугаартай захирамжаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт бизнес үйлчилгээний цогцолбор, худалдаа үйлчилгээ, түрээсийн зориулалтаар 1га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эдгээр захирамжийг үндэслэн зохигчдын хооронд 2011 оны 06 сарын 14-ний өдөр 145 дугаартай Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны 11 сарын 28-ны өдөр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан инженер, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх, хариуцагч нь 1,062,358 ам.долларын хөрөнгө оруулалт хийх, газрыг зориулалтын дагуу 15 жилийн хугацаагаар ашиглах, газрын төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Аийн захирагчийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн А/20 дугаартай захирамжаар гэрээнд заасан үндсэн үйлчилгээг эхлүүлээгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, газрын төлбөрийг зохих хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй гэх үндэслэлүүд заан “М” ХХК-ийн 1 га газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүй, хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжих боломжгүй болсон үеэс эхлэн газар эзэмших эрх цуцлагдах ёстой байтал 2018 оныг хүртэл газар эзэмших гэрээг цуцлалгүй газрын төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч “М” ХХК нь тус компанид эзэмшүүлсэн 1га газарт хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулаагүй боловч 2014 онд газрын төлбөрт 1,600,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээний 6.1-д чөлөөт бүсийн инженер, дэд бүтцийн үндсэн шугам сүлжээ баригдсаны дараа хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын төслөө 1 жилийн хугацаанд хийгээгүй тохиолдолд бүсийн захиргааны санаачлагаар хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, 6.2-т хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсанаар газар эзэмших, ашиглах гэрээ давхар цуцлагдахаар заажээ.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу А, “М” ХХК-ийн хэн аль нь хөрөнгө оруулалтын гэрээ болон газар эзэмшүүлэх гэрээний үүргийг нөгөө талаас шаардах эрхтэй.
Аээс “М” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 01/192 дугаартай мэдэгдлийн агуулгаас үзэхэд “М” ХХК нь гэрээний дагуу хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй үлдэгдэлтэй байсан болох нь тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын төслөө хийгээгүй тохиолдолд бүсийн захиргааны санаачлагаар хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, газрын төлбөрийг шаардах эрх хууль болон гэрээнд тодорхой заагдсан, хариуцагч газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь 2016 оны 09 сарын байдлаар тодорхой болсон байхад нэхэмжлэгч нь мэдэгдэлд заасан хугацаандаа гэрээг цуцлалгүй, газрын талбөрийг 2018 оны байдлаар шүүхээр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар хариуцагчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж эзэмшүүлсэн газарт үйл ажиллагаа эрхлэх боломжийг бүрдүүлсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч А хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэх хариуцагчийн татгалзлыг баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцагчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой. Нэхэмжлэгчээс гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаатай мэдэгдэл хүргүүлж, гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэнээр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан тул мөн өдрөөр гэрээний үүргийг тодорхойлон хариуцагчаас газрын төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна.
2011 оны 11 сарын 28-ны өдөр байгуулсан “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газрын төлбөрийг жилд 3,200,000 төгрөгөөр, 2011-2013 оны газрын төлбөрөөс 100 хувь, 2014-2016 оны газрын төлбөрөөс 50 хувь чөлөөлөхөөр харилцан тохиролцжээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “М” ХХК нь 2011-2013 оны газрын төлбөрөөс чөлөөлөгдөж, 2014 оноос 2016 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны газрын төлбөрт 2014 онд 1,600,000 төгрөг, 2015 онд 1,600,000 төгрөг, 2016 онд 1,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн 2014 онд төлсөн 1,600,000 төгрөгийг хасч, 2,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М” ХХК-аас газрын төлбөрт 2,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас газрын төлбөрт 2,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР