Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/269

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305005110353 дугаартай эрүүгийн  хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 03-нд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* ******* хэсэг төмөр зам гудамжны ******* ХХК-ийн хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖО*******/, ******* овогт ******* *******.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Youlong” нэртэй хятад хоолны газраар үйлчлүүлээд гарахдаа насанд хүрээгүй хохирогч *******гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S9” загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлын 320.000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирол төлбөргүй болгосон.” гэв.

 Гурав: Эрүүгийн  2305005110353 дугаартай хэргээс.            

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд үл таних гартаа гар утас барьсан эрэгтэй хүн тус ширээнд суух гэж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд үл таних гартаа гар утас барьсан эрэгтэй хүн ширээнд суугаад гартаа барьсан байсан гар утсаа утсыг ширээн дээр тавьж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд гомдол гаргагчийн сууж байсан гэх ширээн дээр суусан эрэгтэй гар утсаа ширээн дээр тавьж орхиод суусан сандал хэсэг рүү тонгойж байгааг харуулав. -Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд гомдол гаргагчийн сууж байсан гэх ширээн дээр суусан эрэгтэй бараан өнгөтэй гар утас гаргаж анх ширээн дээр байрлуулсан утасныхаа хажууд тавьж байгааг харуулав. Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд гомдол гаргагчийн сууж байсан гэх ширээн дээр суусан эрэгтэй сүүлд ширээн дээр гаргаж тавьсан бараан өнгөтэй гар утсыг оролдож /түгжээг нь гаргалгүй/ байгаад буцаагаад анх ширээн дээр байрлуулсан утасныхаа хажууд байрлуулж байгааг харуулав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч *******гийн өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны оройн 20 цагийн орчим гэр бүлээрээ  гадуур хоол идэхээр болоод Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Youlong” нэртэй хятад хоолны газарт ороод нэг ширээнд суугаад яг хэд дугаартай ширээ гэдгийг нь санахгүй байна, лифтнээс буугаад зүүн гар тал руу эргээд том текний харалдаа урд нэг ширээ байсан/ хоолны цэс үзсэн чинь ихэнх нь халуун ногоотой хоол байсан болохоор нь тэндээс гараад “Bull” нэртэй хоолны газар орохоор болоод гарсан юм. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Bull” нэртэй хоолны газарт очоод би гэнэт утсаа өмнөх орсон “Youlong” нэртэй хятад хоолны газрын сандал дээр хоолны цэс үзэж байхдаа түр тавьж орхисон гэдгээ санаад аавдаа хэлээд бид нар “Bull”-д хоолоо идчихээд буцаж “Youlong” нэртэй хятад хоолны газарт очоод хяналтын камерыг нь шүүх гэхэд орой болсон болохоор камер шүүдэг хүн нь ирэхгүй 1 дэх өдөр ирээд шүүлгэж болно гэхээр нь камер шүүгээгүй шууд гэртээ ирээд амарсан. Дараа нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би ээжтэйгээ “Youlong” нэртэй хоолны газарт ороод суусан гэх ширээний дээр байрлах хяналтын камерыг шүүж харахад манай гэр бүлийг тухайн ширээнээс босоод гарсны дараа суусан гэх нэг үл таних ах миний гар утсыг сандлаас ширээн дээр авч тавиад аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 06-нд 19 цагийн үед би өөрийн эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 01 дүгээр хороо “Youlong” нэртэй Хятад хоолны ресторанд хоол идэхээр орсон. Тэгээд сонголтоо хийх гэтэл дандаа халуун ногоотой хоол байхаар нь бид нар уг газраас гараад Баянгол дүүргийн 02 дугаар хороо “Bull” ресторанд орж хоол идэхээр болсон тэгсэн манай хүүхэд нь “Youlong” ресторанд ороод ширээн дээр сууж байхдаа сандал дээр нь “Samsung Galaxy S9” загварын бор хүрэн өнгөтэй гар утсаа мартаад гарсан байсан бид нар тухайн газрын хяналтын камерыг шалгахад бид нарын дараа орж ирсэн хүн сандал дээрээс аваад өөрийн утас дээрээ тавиад гарахдаа аваад гараад явж байгаа нь харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

5. Ашид Билгүүн ХХК-ийн “Samsung Galaxy S9” загварын гар утас нэг ширхгийг 320.00 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-29 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ийн өгсөн: “Тухайн гар утсыг олз гэж бодоод аваад гарчихсан. Хамт явж байсан Болор-Эрдэнэ тэр утсыг олсон талаар анзаараагүй байх, миний утас гэж л бодож байсан байх.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Youlong” нэртэй хятад хоолны газраар үйлчлүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч *******гийн гээгдүүлсэн “Samsung Galaxy S9” загварын гар утсыг авсан хэргийн үйл баримт авагдсан байна.

******* нь насанд хүрээгүй хохирогч *******гийн эд зүйлийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:         

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал), Насанд хүрээгүй хохирогч *******гийн өгсөн: “...манай гэр бүлийг тухайн ширээнээс босоод гарсны дараа суусан гэх нэг үл таних ах миний гар утсыг сандлаас ширээн дээр авч тавиад аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Гэрч ын өгсөн: “...манай хүүхэд нь “Youlong” ресторанд ороод ширээн дээр сууж байхдаа сандал дээр нь “Samsung Galaxy S9” загварын бор хүрэн өнгөтэй гар утсаа мартаад гарсан байсан бид нар тухайн газрын хяналтын камерыг шалгахад бид нарын дараа орж ирсэн хүн сандал дээрээс аваад өөрийн утас дээрээ тавиад гарахдаа аваад гараад явж байгаа нь харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-29 дэх тал), Яллагдагч *******ийн өгсөн: “Тухайн гар утсыг олз гэж бодоод аваад гарчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Улсын яллагчаас *******ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг үйлдэж насанд хүрээгүй хохирогч Б.д 320.000 төгрөг хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “гомдол саналгүй” гэжээ. (хавтаст хэргийн 59 дэх тал) Иймд шүүгдэгч *******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч ******* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                  

   ТОГТООХ нь:           

1. ******* овогт ******* *******ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

5. Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ