Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/91

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Б.Тогтох,

              Хохирогч Т.И,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аы Тод холбогдох эрүүгийн 2338000000042 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч А.Т нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” цогцолборын гадна 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Т.Итэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед халдаж, зүүн дээд 1 үүдэн шүдэнд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000042 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч А.Т нь 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” цогцолборт Т.Итэй “машинаас буулгасангүй” гэх шалтгаанаар түүний шүд рүү мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Тын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,  

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Иийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүдээ хугалуулсан. Одоо эхний ээлжид шүдээ хийлгэмээр байна. Хүний урдаас харж ярьж чадахгүй байгаа. 01 дүгээр сараас ажил хийх байсан ч хийж чадаагүй өдийг хүрсэн...” гэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Иийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 08 цагийн үед Б ах руу утсаар залгаад ярихад Тын төрсөн өдөр болоод Соёмбо цогцолбор дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь машинтайгаа очсон. Тэгээд очоод машинд ороод суухад Т, Т, А.Т, Б нар архи уугаад сууж байсан. Т, Т гурав муудалцаад байсан. Тэд нар хоорондоо машинаас гараад зодолдсон. Б ах бид хоёр салгаад явахад Мөрөнгийн төв рүү Т, О.Т нар алхаад явна гээд яваад өгсөн. Араас нь Б ахын машинаар очиж аваад суулгасан. Би хойд талын суудлын голд суучихсан байхад А.Т, Т нар сууж байхдаа хэрэлдээд байсан. Т хаалга онгойлгоод гарах гээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гээд татаад оруулсан. Тэгсэн чинь Т намайг гэдэс рүү тохойлдохоор хацар луу нь алгадсан. Тэгээд бид хоёр машин дотор ноцолдоод ерөөсөө цохиогүй, дээр нь гараад суучихсан чинь урдаас О.Т хаалга онгойлгож бууж ирээд араас толгой руу 3-4 удаа цохисон. Цохиулчхаад эргээд харсан чинь Т миний шүд рүү мөргөхөд урд талын суудлаас Б ах бууж ирээд О.Тг татаж авсан. Би Тоос салаад л өөрийгөө мэдэрсэн чинь үүдэн нэг шүд хугарчихсан байсан. Салаад харахад л хугарсан шүд нь суудал дээрээс шалавч руу унасан, хугарсан шүдний буйлнаас цус гараад байхаар нь нулимаад л хаяад байсан. Тэгээд л миний шүд хугарчихлаа гээд бүгд салцгаасан. ... А.Т, О.Ттэй барилцаж авахад О.Т цохиод А.Тгийн нүд нь улайчихсан байсан. Т, А.Т хоёр болохоор бие биеийгээ цохихгүй ноцолдоод л байсан... Би хойд талын суудлын дунд суучихсан байхад Т зүүн гар талд суучихсан байхдаа явна гээд машины хаалга онгойлгоод гарах гээд байхаар нь биеийнхээ ар талаар татаад хоёр гараараа дарчихсан байхад миний нуруу хаалга тал руу харчихсан байхад О.Т араас хаалга онгойлгоод намайг татаад толгой руу 3-4 удаа цохиход зүүн гараараа хувцаснаас барьсан байсан гарыг салгачхаад эргээд харахад Т урдаас мөргөсөн. Би О.Тгээс салаад эргээд харахад намайг мөргөсөн юм. Тэгэхэд Тыг гараараа дарсан юм байхгүй байхад О.Тгээс салаад эргээд харахад л мөргөсөн... Тын дээрээс дарчихсан байхад О.Т ирж араас хаалга онгойлгоод цохиж авахад эргэж харахдаа дарж байснаа болиод О.Тгээс салсан. Т машины суудал дээр тал босоо байдалтай надаас нэлээн зайтай байхад нь эргээд харахад эгц урдаас мөргөсөн. Тухайн үед буйлнаас л цус гарч байсан... Эхний ээлжинд шүдээ хийлгэх мөнгөө авмаар байна. Эмчилгээний мөнгөнд 1.000.000 төгрөг өгсөн. Одоо эмчилгээнд хэдэн төгрөг орохыг хэлж мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгэж байгаа “Индранил” эмнэлэг нь яг тодорхой хэдэн төгрөгөөр эмчлэгдэхийг хэлэхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10 тал/,

              Гэрч Д.Бийн өгсөн: “... Соёмбо цогцолбор дээр очоод нэг шил архи уугаад байж байхад өглөөний 06-07 цаг бол байсан. И над руу залгаад хаана байгааг асуухаар нь Соёмбо дээр байна, ахын дүү хүрээд ир гэж дуудахад И удаагүй ирсэн. Архи уугаад сууж байхад И, Т, /А.Т тасраад уначихсан байсан/ арын суудалд суучихсан. О.Т бид хоёр урд сууж байхад Төрөө, И хоёр хоорондоо муудалцаад алгадалцаад эхлэхээр нь О.Т бууж араас нь орохоор нь араас нь очоод салгасан. Тэгсэн чинь л Б ахаа намайг зодчихлоо, шүд уначихлаа гээд И над руу орилсон. Тэр үед харанхуй байсан болохоор хэнийг нь мөргөснийг мэдэхгүй байна. Гэхдээ Иийн араас О.Т байсан. Урдаас нь Т байсан. Эд нарын хэн нь цохисныг бол хараагүй. Тэгээд л бүгдийг нь салгаад гэр рүүгээ явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

              Гэрч О.Тгийн өгсөн: “...Тэнд очоод байж байхад араас И машинтайгаа ирсэн. Ирээд байж байхад машины урд талд А.Ттэй ноцолдож байгаад машинд суусан. Ар талын суудалд А.Т, И, Т нар сууцгаасан. И, Тыг алгадаад авахаар нь би машинаас буугаад Иийг араас нь татах явцад Т доороос нь мөргөчихсөн шиг болсон, И шүд уначихлаа гээд орилсон чинь Б урд талын суудлаас бууж ирснээ намайг цохиж аваад салгасан. Тэгээд л салцгаасан ..Маргалдаагүй. Би А.Ттэй ноцолдоод машинд суухад Т салгасан. Тэгээд машинд суусны дараагаар И Тыг алгадсан. Яагаад алгадсаныг нь сайн мэдэхгүй. Би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай: “...Т.Иийн биед зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Т.Иийн биед гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 5 хувийн тогтонги алдагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,

              Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Т.И нь толгой эгц байрлалд байх үед урдаас хойш чиглэсэн 1 удаагийн мохой гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Энэ байрлалаас үүсэх боломжгүй. Шүдийг хугалахын тулд заавал толгойны савалт, биеийн хүч орох шаардлагатай. Мөн Иийн шүд нь эгц байрлалтай урдаас хойш чиглэж хугарсан байсан. А.Тын мэдүүлгээр Иийн шүд хугарсан бол шүдний хугарсан үйлчлэл нь доороос дээш чиглэж, шүд уг хэсгээрээ хугарах боломжтой. Мөн эрүү болон доод хэсгийн шүднүүд гэмтэл учрах боломжтой байсан. Гэхдээ гэмтэл учирлаа гэхэд толгойн цохилтын хүч /савалтын хүч/-ээр бус толгой өндийх булчингийн агшилтын үйлчлэлээр үүсгэгдэх байсан. Тийм учраас доороос толгойгоо булчингийн хүчээр өндийх үйлчлэлийн үед шүдэнд хугарах хэмжээний үйлчлэлийг өгч чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

              Шүүгдэгч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... О.Т нар барилдаад ноцолдсон. Тэгээд би машинаас шээхээр буух гэсэн чинь И намайг яах гээд байгаа юм гээд буулгахгүй гэхэд би алив бууя гэсэн чинь намайг алгадаад авсан. Тэгээд миний дээр биеэрээ дарчихсан байхад нь би хальт босох гээд өндийсөн чинь толгойгоороо мөргөлдсөн. Тэр үед И тонгойсон байдалтай байсан. Тэгсэн чинь шүд нь уначихсан гэсэн. Тэгээд л бүгдээрээ Мөрөн рүү орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Иийн мэдүүлэг, гэрч Д.Б, О.Т нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүгдэгч А.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч А.Т нь 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” цогцолборт Т.Итэй “машинаас буулгасангүй” гэх шалтгаанаар түүний шүд рүү мөргөж эрүүл мэндэд нь зүүн дээд 1 дүгээр үүдэн шүдэнд хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Иийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Тын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч А.Тын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч А.Тын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Тын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Иийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд хохирогч Т.И нь гэм хорын хохиролтой холбоотой 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхийн шатанд гаргажээ.

Хохирогч Т.Иийн “Эмчилгээний мөнгөнд 1.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/ хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт Т.И нь 1.000.000 төгрөгийг шүүгдэгч А.Т нь өгсөн гэж мэдүүлж байх тул  шүүгдэгч А.Тыг хохирогч Т.Ид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хохирогч Т.И нь Индранил шүдний эмнэлгийн үзлэг хийсэн гэх 3 хуудас  баримтыг хэрэгт хавсарган ирүүлжээ.

 Хохирогч Т.Иийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан Индранил шүдний эмнэлгийн үзлэг хийсэн гэх 3 хуудас баримтууд нь хуулбар хувь байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэлээ. 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч хэрэгт авагдсан Индранил шүдний эмнэлгийн үзлэг хийсэн гэх 3 хуудас баримтаар 6.000.000 төгрөгийн зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль  зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  хохирогч  Т.И нь дээрх гаргаж  өгсөн Чаг эмийн сангийн 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 39.500 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тэспетролиумын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 84.370 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 60800 төгрөгийн НӨАТ-ын баримт, Тэспетролиумын 100.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, Хангалуун рестораны 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 60.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,  Хангалуун рестораны 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 108.000 төгрөгийн НӨАТ-ын баримт, нийт 452.670 төгрөгийн баримтууд  нь 1.000.000 төгрөгт орж тооцогдож байгаа гэх мэдүүлгийг өгч байх тул энэ шийтгэх  тогтоолоор А.Тыг бусдад  төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Шүүгдэгч А.Тоос хохирогч Т.И нь гэм хорын хохиролтой холбоотой зардал 6.000.000 төгрөг буюу цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Тын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч А.Т нь урьд шүүхийн дуудсан цагт ирээгүй учир цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулах боломжтой гэсэн саналтай байна...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 39, 41-43 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын өрхийн амьжиргааны түвшний тодорхойлолт зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Т нь ам бүл 1, ганаараа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 18-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч А.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч А.Тын цагдан хоригдсон 6 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /6*8=48/ эдлэх ялаас 48 цагийг хасч тооцож нийт эдлэх  ялыг 192 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь 6 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  А.Тод урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч И овогт Аы Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аы Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч нийт эдлэх ялыг 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тод оногдуулсан 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

              6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч А.Тоос хохирогч Т.И нь гэм хорын хохиролтой холбоотой зардал 6.000.000 /зургаан сая/ төгрөг буюу цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              7. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч А.Тод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН