Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Т.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Иргэдийн төлөөлөгч З.Өлзийням,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Б.Б /цахим/,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ууганбаатар /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч У.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уын Цэд холбогдох эрүүгийн 1938004870106 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Ц нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бтой маргалдаж харилцан зодолдож улмаар хохирогч Б.Бын нуруун тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эрүүгийн 1938004870106 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:          

              Шүүгдэгч У.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Бтой “Л.Гыг зодлоо” гэх үл ойлголцлын улмаас маргалдаж зодолдох явцад Б.Бын нуруу хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Цийн өгсөн: “Би наадам үзэх гээд гэрийнхэнтэйгээ нутагтаа очсон байсан. Өдөр нь наадам үзэж байгаад орой бүжигтэй гэхээр нь эхнэрийн хамт бүжиг рүү явж байхад манай нагац ахын хүүхэд, миний найз н.Г над руу залгаад зодуулчихлаа хурдан хүрээд ирээч намайг алах гээд байна гээд дуудахаар нь эхнэр н.Бийн хамт очиход машиныхаа урд суучихсан толгойгоо хагалуулчихсан, хүзүүгээ ирмэгтэй юмаар зүсүүлчихсэн, хувцас нь цус болчихсон хүн харахын эцэсгүй болчихсон байсан. Тэгээд хэн зодсон бэ? гэхэд урд байгаа хэдэн залуучууд зодсон. Чи очоод үз гэхээр нь би очсон чинь хохирогч Б.Б байсан. Тэгэхлээр нь би чи яахаараа хүн зоддог юм бэ? гэхэд миний урдаас намайг барьж аваад “би зодсон байвал чи яах юм бэ?” гээд зодолдсон. Намайг хажуудаа байсан 3, 4 найзтайгаа нийлж зодсон. Би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор авч явж байсан хутга миний кирманд байсан. Зодолдож байхдаа унаад босож ирэхдээ хутгаа гаргаж ирээд арагшаа харсан байхаар нь хальт зүсэх шиг болсон. Тэгээд хутгаа хашаа давуулж шидээд машинд суугаад явсан. Намайг гэрт оччихоод гараад ирэхэд н.Г эмнэлэгт хэвтсэн байсан. н.Гын өрөөнд очиход нэлээн олон дусал хийлгэчихсэн байсан. Тэр үед яав юу болов гээд хохирогч Б.Б дээр очиход гэрийнхэн нь ирчихсэн нэг их юм яриулахгүй урдаас бөөнөөрөө уурлаад байхаар нь гараад н.Гын өрөөнд очиход н.Г миний нүдэн дээр 2-3 удаа ухаан алдаж унасан. Тэгээд цагдаа ирээд авч явсан.” гэх мэдүүлэг,

              шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бын өгсөн: “Маш их гомдолтой байна. Шүүгдэгч зодуулсан гээд байх шиг байна. Би зодсон зүйл байхгүй. Биеэ хамгаалж ганц хоёр цохисон. Одоо ажил хийх боломжгүй, биеийн байдал муу байдаг. 2019 оноос өнөөдрийг хүртэл ажил хийх боломжгүй хүний гар хараад байж байна.” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд баяр наадам болоод сумын соёлын төвд баярын концерт үзчихээд харих гээд явж байтал Батболд ахын дэлгүүрийн гадаа манай сумын Г ах машиныхаа хажуу талд толгойгоо барьсан зогсож байхаар нь мэнд мэдэх гээд зогсоход Г ахын толгойноос нь цус гарсан байдалтай байж байхаар яасан юм бэ? гэсэн чинь Тулгаа ах би хүнд зодуулчихлаа гэхээр нь хэндээ яаж байгаад зодуулчихдаг юм бэ? гэхэд хэдэн хүүхдүүдэд зодуулчихлаа гэж байсан. Одоо ах нь яах юм бэ? гээд байсан. Тэгэхээр нь та одоо болиоч толгойг чинь харахад бол гайгүй л байна ш дээ бага зэргийн цус гарсан байна, эмэгтэй хүн шиг битгий тийм зан гаргаач эрэгтэй хүмүүс зодолдох цохилцох зүйл зөндөө л гардаг ш дээ гэж хэлээд байж байхад нэг машин ирээд Г ах бид хоёр руу гэрлээ тусгаж зогсоод машин зогсов уу үгүй юу дотроос нь хоёр залуу гарч ирж байх шиг харагдсан. Машины гэрэл наашаа туссан байсан учраас тэгээд тэр хоёр залуу миний найзыг хэн чинь зодсон юм бэ? зодсон хүнийг нь ална гээд орилоод над руу чиглээд ирэхээр нь анзаарч харахад манай сумын Улаанаа гэж дууддаг Ц, Б нар байсан. Тэгээд Г ах бид хоёр дээр ирээд чи Гыг зодсон юм уу гээд дайрахаар нь би юу гэж зоддог юм. Г ахаас өөрөөс нь асуухгүй юу гэж хэлэхэд Г ахаас Ц энэ чамайг зодсон уу гэхэд Г ах Б юу гэж намайг зодох уу өөр хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Ц, Б тэр хоёр цаашаа тэр хавиараа тэнд байсан хүмүүс рүү миний найзыг хэн зодсон юм ална шүү гээд орилоод яваад байсан. Би Г ахад одоо та эмнэлэг орж толгой тархиа боолгож аваад яв. Эрэгтэй хүмүүс зодолдож л байдаг ингэж их сүр гаргаад хэрэггүй байлгүй дээ гэсэн юм яриад байж байхад Ц ах дахин Г ах бид хоёр руу гүйж ирээд намайг үгийн зөрүүгүй заамдаж аваад нэлээн хэдэн удаа нүүр толгой хэсэг гараараа цохиод байсан. Би зүүн гараараа заамдсан байсан. Миний уур хүрээд зүгээр байгаа хүнийг яагаад зодоод цохиод байгаа юм гэж хэлээд нэг удаа нүүр хэсэгт нь цохисон байх. Тэр бол цохилт бол их хүчтэй цохилт болоогүй хальт хүрсэн байх. Тэгж байхад тэнд байсан О бид хоёрыг салгасан. Салгах үед миний зүүн гар даагдахгүй болоод амьсгаа авч болохгүй, нуруу хэсэг рүү халуу түүгээд байсан. Би тухайн үед хавирга дотогшоогоо чихэгдчихлээ гэж бодоод архины шил үлээдэг гэж хүнээс сонсож байсан юм. Тэгээд тэр хавиар архины шил хайх маягтай явж байхад манай сумын 4 дүгээр багийн ах Н араас ирээд Б ахын дүү зүгээр үү гэхээр би Н ахаа миний нуруу халуу шатаад байна үзээд өгөөч гэхэд цамц куртекийг сөхөж хараад Н ах чамайг хутгалсан байна ш дээ чи наанаа хөдлөхгүй байж бай. Би унаа олоод ирье гэж цаашаа явсан. Удалгүй манай хоёр найз тэнд мотоцикльтой явж таараад намайг тэр хоёрын дундуур Н ах суулгаж өгөөд бид гурав мотоцикльтой эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед ийм л зүйл болсон юм...Би 3 найзтайгаа хамт 1 том пиво концерт эхлэхийн өмнө хувааж уусан байсан юм. Хэрэг болох үед бараг уусан пиво гарсан эрүүл байсан. Тэнд болсон бүх зүйлээ сайн санаж байгаа...Нэлээн согтуу байсан. Тэрүүгээр бүгдийг чинь ална гээд яваад байсан. Гэхдээ машин тэрэг барьж явсныг бодоход гайгүй байсан ч байж болно...Бид хоёрын дунд тийм зүйл огт байхгүй байсан... Зүгээр явж байгаад ийм байдалтай гэмтэл авсандаа маш их гомдолтой байна, бие болон эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хэргээс үүдэн гарсан сэтгэл санааны болон бие махбодын хохирол, эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Цаашид биеийн байдал ямар байх болон хар бор ажил хийж чадах үгүйг хэлж мэдэхгүй байна... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл миний хувьд тухайн цаг хугацаанаас хойш одоог хүртэл хүнд ажил хийж чадахгүй байгаа. У.Цэд хутгалуулж, гэмтэл авснаас болж би 2019 онд БНХАУ-ын Эрээн хотод суралцахаар явах байсан. Мөн тэндээ ажил хийх байсан боловч биеийн байдлаас болоод явж чадаагүй. Би сайн, өндөр цалинтай ажил хийж чадахгүй байна. Цалингийн доод хэмжээгээр цалинжиж, биед амар ажил л хийж байна...Тухайн үед эхлээд миний ар нуруу луу нэг юмаар цохих шиг болсон, тэгснээ намайг эргүүлж харуулаад нүүр лүү гараараа цохисон. Бид хоёрыг О салгасны дараа миний зүүн гар мэдээгүй болоод нуруу руу халуу дүүгээд амьсгаа авч чадахгүй болоод эхэлсэн. Би яг тэр үед Н ахаар нуруугаа харуулахад чамайг хутгалчихсан байна. Нуруунаас чинь цус гарч байна” гэж хэлээд намайг унаагаар сумын эмнэлэгт хүргэж өгсөн..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-53, 61 тал/,

              Гэрч Л.Гын өгсөн: “..Би ч машин дотроо цонхоо хаагаад хөгжим сонсоод байж байхад хэсэг хугацааны дараа 4-5 залуу машины ард талын цонхыг тогшсон. Тэгэхээр нь би машинаасаа гараад яасан ахын дүү нар гэсэн чинь яасан ч яадаг юм бэ гээд бүгдээрээ дайраад намайг тонгойлгоод толгой руу цохиод байсан. Тэгж байхдаа миний толгой хэсэгт архины шилээр цохих шиг болсон. Нүүрэн дээр асгарсан зүйлээс нь архи амтагдаж байсан. Тэгээд би ухаан балартаж газарт унасан байхад толгой тархигүй цохиж өшиглөөд байсан. Би амь тэмцээд ганц хоёрыг цохиж босож ирсэн. Тэгэхэд тэр залуучууд хальт зайгаа бариад надаас холдсон. Тэр үед нь ангийн найз болох Ц рүү гар утсаараа залгаж би энэ сургуулийн хажуу талд байдаг дэлгүүрийн гадаа хүмүүст зодуулаад байна. Чи хүрээд ир гэж яриад дуусаагүй байхад нэг нь ирээд алгадаж унагаад дахиад зодоод унасан. Би үхэх гээд байна цагдаа дуудлаа гэсэн чинь зарим нэг нь мотоциклио асаагаад яваад байх шиг байсан. Зарим хэсэг үлдэж тэр дунд нэг эмэгтэй хүн гарч ирсэн хэрүүл хийгээд явж байсан. Тэгээд байж байхад манай найз Ц эхнэртэйгээ, мөн Б гээд залуу тэр гурав ирсэн. Ц ирээд миний найзыг хэн зодсон юм бэ гээд орилоод яваад байсан. Би машины гэрэлд өөрийнхөө зүсүүлж бэртсэн газруудаа хараад толгойгоо бариад сууж байхад О ирээд одоо явъя тарцгаая гээд гэж хэлэхээр нь би машиндаа суугаад Оийг гэрт нь хүргэж өгөх гэж яваад замдаа зогсож нүүрнийхээ цусыг угаагаад машиндаа сууж байхад цагдаа нар ирсэн. ..Танихгүй зарим нь дээлтэй, зарим нь орос хувцастай залуучууд байсан. .. Би хутга барьсан эсэхийг мэдэхгүй байна. Анзаарч хараагүй. Би толгой бариад хүн харах сөхөөгүй байсан. Ц, Б хоёр орилоод чанга чанга дуугараад намайг өмөөрөөд байсан...Тухайн үед цагдаад мэдэгдье гэж бодоогүй. Хурдан шиг л гэртээ харъя гэж бодож байсан. Яагаад тэгж бодсон бэ гэхээр маргааш өглөө нь хөдөө гарах ажилтай байсан болохоор мэдэгдээгүй юм. ..Цийг хүн хутгалсан талаар тухайн хэрэг болох үед бол мэдээгүй. Сүүлд би өөрөө хагарсан толгойгоо эмнэлэг орж үзүүлэх үед анх сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-69 тал/,

Гэрч Г.Нын өгсөн: “..2019 оны 07 дугаар сарын 12-ны орой сумын төвд Батболд ахын гэрт хөзөр тоглож байсан юм. Батболд ах гэрээсээ гарч орж ирэхдээ манай хашааны үүдэн дээр хүмүүс зодолдоод байх шиг байна гэсээр орж ирсэн. Тэр үед бид нар тоогоогүй хөзрөө тоглосон. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гаднаас Огчигоо гээд манай сумын хүүхэн орж ирээд хашааны гадаа чинь хүмүүс зодолдоод байна гэж хэлэхээр нь хөзөр тоглож байсан хүмүүс хашааны үүдэнд очиход зодолдож цохилдсон асуудал байхгүй шинжтэй нэг махлагдуу залуу намайг хэн зодсон бэ гээд орилоод байсан. Харин нэг өндөр туранхай залуу гартаа хутга барьсан миний найзыг хэн чинь зодсон юм бэ? гээд хашааны гадаа байсан Б руу дайрч очоод машины гэрэлд харахад хутгатай гараараа Бын нуруу хэсэгт хутгалчих шиг болсон. Тэгж байхад тэр өндөр залуугийн найз охин бололтой нэг намхан жижигхэн хүүхэн боль гээд хутга барьсан гартаа нь ноцолдоод байсан. Тэгсэн Б хашаа дагаад хальт явж толгойдоо цохиулсан байдалтай махлагдуу залуутай уулзсан зогсож байхад нь би Б дээр очоод чи ганцаараа юу хийж яваа юм бэ гээд цааш нь гэр рүү нь маягтай аваад явах гэтэл Б Н ахаа миний суга хэсэгт халуу түүгээд байна амьсгаа авч болохгүй байна гэхээр хувцсыг нь бага зэрэг сөхөөд харахад хувцас хунар нь нэлэнхүүдээ цус болсон нурууг нь дагаад цус их гоожиж байсан. Би яг хутгалуулсан байна гээд тэнд явж байсан мотоцикльтой хоёр хүнийг зогсоогоод хутгалуулсан хүн байна. Энэ хүнийг яаралтай эмнэлэгт аваачиж өгөөч гэж хэлээд тэр хүний дундуур Быг суулгаад эмнэлэг рүү явуулсан... Би танихгүй залуу байсан дээгүүрээ цээж нүцгэн гарын мөр хэсэгт том шивээстэй өндөр туранхай шар царайтай залуу байсан...Хоёр машин байсан. Нэг нь гэрлээ асаагаад хашааны үүд хэсэг рүү тусгасан байсан. Нэг хажуу талд нь зогсож байсан. Гэрлээ асаасан машинаас бууж ирсэн бололтой нөгөө хутга барьсан залуу таньдагаас манай сумын О гээд залуу машины хажууд зогсож байсан Огчигоо гэж хүүхэн мөн тэр хутга бариад явсан залуугийн найз охин, Б тэгээд намайг зодчихлоо гээд орилоод байсан залуу бас нэг намхан залуу ийм хүмүүс байсан. ..Хутга барьсан, хашгираад хэн миний найзыг хэн зодсон бэ гээд орилоод байсан. Нэлээн согтоллтой байсан. Б архи бол уусан байсан. Гэхдээ гайгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-72 тал/,

Гэрч О.Оийн өгсөн: “...машины гэрлийн цаана цагаан подволктой залуу бие засаж байгаа юм шиг тонгойгоод зогсож байсан тэгсэн наанаас Н гээд залуу тэр залуугийн хажуу талаар зөрөөд цаашаа харанхуй руу явж ороход зөрөөд цаанаас нь цээж нүцгэн гаран дээрээ шивээстэй өндөр туранхай шар царайтай залуу гарч ирээд одоо бүгдээрээ учраа олъё уучлаарай гэхээр би чи надаас уучлалт гуйгаад яах вэ гэж хэлээд байж байхад цаанаас Н харанхуйгаас гарч ирж машины гэрэлд хоёр гараа харуулахад Нын гар хоёр гар нь цус болсон байсан. Тэгсэн Н тэр хэдэн залуучуудад та нар хүн хутгалсан байна. Тэр хүнийг чинь сая эмнэлэг рүү мотоцикль дээр суулгаад явуулсан, араас нь эмнэлэг орж учраа олоорой гэж хэлээд хашаа руу орсон. Тэгээд тэр хоёр машинтай залуучууд ч явсан бид нар ч хашаа руу орж цагдаа дуудаж мэдэгдье гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-75 тал/,

Гэрч Д.Аын өгсөн: “...Ц түүний эхнэр бид гурав сууж байтал Г Цийн утас руу залгаж хүнд зодуулсан тухай яриад байсан. Ингээд бид гурав Гын байгаа гэх газар очиход Г толгойгоо хагалуулсан цус нь гоожсон байдалтай байж байсан. Тэнд 3-4 залуу байж байсан. Гыг зодсон гэх залуу “би зодсон, би байвал яах юм” гэх зүйл ярихад Ц тэр залуутай маргалдаж барилцаж авч 2-3 цохисон. Тэгэхэд нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд би тэр айлын хашаа руу хашаанд байгаа айл руу ороход хэсэг хүмүүс хөзөр тоглосон сууж байсан. Тэгээд би буцаж гарч ирэхэд тэнд байсан залуучууд бүгд байхгүй явцгаасан байсан. Тэгээд би Гын машинд суугаад гэрийнхээ үүдэнд ирээд гэртээ орсон. Орой нь бүжиг дээр очиход Гтай хамт явсан Отай таарахад Г эмнэлэг дээр байгаа гэж ярьж байсан.. Цийг хэзээ нь яагаад тэр залууг хутгалсан талаар мэдэхгүй. Хэдийд нь тийм зүйл болсныг мэдээгүй...Намайг тэр айлын хашаанаас гарч ирэхэд Ц өөрийнхөө машинд суусан байсан. Ингээд тэр айлын гаднаас Г өөрийнхөө машинтай Ц өөрийнхөө машинтай хамтдаа хөдөлсөн. Тэгээд хаашаа явсныг мэдээгүй. Г машинтайгаа намайг гэрт хүргэж өгсөн...Г намайг хүргэж өгөх замдаа ярихдаа нэг залуу машиных нь цонхыг тогшоод яасан юу болов гээд машинаас буухад нь цохиж зодсон гэж ярьж байсан. ... Намайг хашаанд байсан айл руу ороход л тийм зүйл болсон юм шиг байсан...Маргаан зодоон сумын төвд бензин колонкийн ойролцоо байдаг айлын хашааны гадна талд болсон юм..Орой бүжиг дээр байхад л О “Г эмнэлэг дээр очсон тухай” зүйл ярьсан. Ингээд шөнө би эмнэлэг рүү очиход Г шингэн залгуулсан хэвтэж байсан. Эмнэлэг дээр очиход нэг залууг хэн нэгэн хутгалсан тухай яригдаж хутгалуулсан залуугийн гэр бүлийнх нь хүмүүс мөн эмнэлэг дээр байсан. Хутгалуулсан гэх залуугийн ар гэрийнх нь хүмүүс надад гар утасны зураг үзүүлж байсан. Ир үзүүртэй зүйлээр үүссэн шархны зураг байсан. Ойроос авсан зураг байсан учир биеийнх нь хаана нь учирсан гэмтэл гэдгийг мэдээгүй. Хутгалуулсан гэх залуу нь мөн эмнэлэг дээр байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 76-77 тал/,

Гэрч Г.Оийн өгсөн: “...Тэгээд Г бид хоёр нөгөө хэдээсээ салаад сумын төвийн бүжгийн клуб дээр очиж хальт зогсоод тэндээсээ хуучин эмнэлгийн урдуур эргээд явж байх замд баахан дээлтэй мотоцикльтой залуучууд зогсож байсан. Тэр хүмүүсийн дунд миний таньдаг нэг эмэгтэй дүү маань байхаар нь би зогсоод уулзахаар очсон. Очоод дүү эмэгтэйтэйгээ юм ярьж эхлээгүй байхад тэнд байсан залуучууд найз Гыг маань зодож байсан. Тэгээд би гүйж очоод тэр залуучуудыг түлхэж холдуулаад найзыгаа дагуулаад тэд нараас жоохон холдсон. Тэгэхэд тэнд байсан хүмүүс орилоод байсан. Тэгж байхад тэр залуучууд тараад алга болсон. Тухайн үед найз Гын маань толгой хагарчихсан цус гарч байсан. Тухайн үед найз Г маань зодуулж байхдаа гар утсаа унагаасан байсан. Тэгээд түүний утсыг хайж байгаад шавран дээр уначихсан байхыг нь олж аваад анх хамт явсан найзууд руу Г залгаж дуудсан. Тухайн үед Г бид хоёрын саарал цамцтай залуу ирээд яасан юу болсон талаар асуусан. Тэгээд би тэр залуутай юм яриад байж байхад Улаанаа ирчихсэн нэг залуутай зодолдож байсан. Тэгэхээр нь яваад очиход Улаанааг тэр залуугаас Б салгаж байсан. Тэгээд тэндээсээ хэсэг байцгааж байгаад тарцгаасан. Тухайн үед ийм л зүйл болсон... Би Гыг ямар хүмүүс зодсон болохыг нь мэдэхгүй байна. Тухайн үед гадаа харанхуй байсан учраас царай зүс нь харагдаагүй. Олон дээлтэй залуучууд л байсан...Улаанаа Б гэх залуутай зодолдсон. Би энэ хоёрыг юунаас болж зодолдсон болохыг нь мэдэхгүй байна. Намайг саарал цамцтай залуутай юм яриад зогсож байх хооронд л зодолдсон байсан. Улаанаа Б хоёрыг Б салгаж байсан...Миний хувьд цохиж зодуулсан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 78-79 тал/,

Гэрч Л.Мийн өгсөн: “...Тэр өдрийн орой сумын төвд баяр наадмын концерт шоуны үйл ажиллагаа болоод би клубын үүдэн дээр билет таслаад зогсож байхад манай сумын зүс таних залуу ирээд Ц эгч танай банди Б хүнд хутгалуулсан эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Би тухайн үед нь их сүртэй юм болоогүй байх гэж бодоод хэсэг ажил дээрээ байсан. Тэгсэн манай хүргэн над дээр ирээд хүү тань эмнэлэг дээр хүнд хутгалуулсан бие хаа нь их муу байна. Цус алдаад байгаа ш дээ та очооч гэхээр нь эмнэлэг орсон чинь миний хүү царай их цонхигор байдалтай байсан. Эмч нар цус тогтоох эмчилгээ хийгээд хутгалуулсан газрыг нь боосон байсан. Эмч нар хурдан аймгийн төв эмнэлэг орохгүй бол бие нь муу байна уушигны гялтан хальс нэвтэрсэн байх шиг байна ямар ч байсан аймаг орохгүй бол болохгүй гээд тэр шөнийнхөө 05 цагийн үед яваад эмчтэй хамт аймгийн төв явсан...Одоо зүүн гар нь хүнд юм даахгүй тамирдуу байгаа хотод мэдрэлийн талын эмчилгээ хийлгэ гээд эмнэлэгт хэвтэх гэж байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-81 тал/,

Гэрч А.Тийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нөхрийн хамт амарч очсон байсан. Тэр өдөр сумын баяр наадмын өдөр байсан юм орой нь хоёр хүүхдээ айлд унтуулаад нөхөртэйгээ хамт клубт болох концерт үзэж бүжиглэх гээд гарсан юм. Гараад явж байхад удалгүй манай нөхрийн нагацын хүүхэд болох Г манай нөхрийн гар утас руу залгасан байсан. Тэгсэн манай нөхөр Ц Г хүнд зодуулсан гэж байна. Тэгээд хүрээд ир гэж байна гээд Гын байгаа газарт очсон, очиход Гын толгойноос цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд манай нөхөр Ц, Б хоёр машинаас бууж очиход Г танихгүй хүмүүст архины шилээр цохиулж зодууллаа гэсэн зүйл машины гадна талд тэд нар ярьж байсан удалгүй манай нөхөр нэг танихгүй залуутай барилцаж аваад цохилцоод унасан. Тэгээд би машинаас буугаад юу болоод байгаа юм бэ одоо зодолдохоо болцгоо одоо явцгаая гэж хэлээд салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Тэгээд тэнд байсан хүмүүст энэ хоёрыг салгаач гэж хэлсэн. Тэгсэн тэнд байсан салгацгаасан. Тэгээд манай нөхөр машиндаа орж ирээд за явцгаая гээд нөхөр бид хоёр машиндаа хамт суугаад, Г О хоёр тусдаа машиндаа суугаад бид хоёрын байсан айлын үүдэнд очоод нөхөр бид хоёр гэртээ ороод Г, О нар машинтайгаа оролгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 82-83 тал/,

Гэрч Ш.Цгийн өгсөн: “...Тус иргэний өрх сумаас эрүүл мэндийн даатгалын програмд буруу шивэлтээс иргэний нэр солигдох тохиолдол байдаг юм. Тухайн үед өвчний түүх нээхэд регистрийн дугаарыг нь оруулахад тухайн хүний эрүүл мэндийн санд байгаа мэдээлэл нь гарч ирдэг. Тухайн үеийн түүх нээсэн эмч /энэ өдөр амралтын өдөр байсан ба Яаралтай түргэн тусламжийн 103-н хэсэг дээр нээгдсэн байсан тэр үед нэрийг нь анзааралгүй өвчний түүхийг нээсэн байна. Энэ хүний мэдээлэл бол овог, регистрийн хаягийн мэдээлэл нас хүйс, эмчлүүлсэн байдал зэрэг таарч байгаа болно...Яаралтай тусламж 103 дээр өвчний түүх нээх үеийн ачаалал болон олон дуудлага мэдээлэл зэрэг зэрэг ирдэг учир өвчний түүх нээх үед овог нэр регистрийн дугаар зөрүүтэй байдлаар шивэгдсэн байдал зарим тохиолдолд гардаг юм. Дээрх асуудал нь ийм байдлаас болж нэр буруу бичигдсэн байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 84-85 тал/,

Гэрч Ц.Ягийн өгсөн: “...Би эмчилсэн. 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хөдөө сумаас бусдад хутгалуулсан гэх гэмтэлтэй 103-н хүлээн авах тасагт ирсэн байдаг. 103-аас хутгалуулсан хүн ирсэн талаар надад мэдэгдсэний дагуу би 103 дээр очиж тухайн өвчтөний биеийн байдлыг үзэхэд биеийн байдал хүнд, ухаантай шаналсан байдалтай зүүн дал суганы орчим хутгалагдсан шарханд сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлсэн байдалтай ирсэн. Тухайн үед 103-аас бүх лабораторын болон багажийн шинжилгээнүүдийг хийхэд зүүн уушги бүрэн унасан. Амьсгалд оролцохгүй, зүүн плеврийг хөндийд хий шингэн хурсан байсан. Мөн өвчтөн бага зэргийн амьсгалын дутагдалд орсон байсан учраас яаралтай мэс засал гэмтлийн тасагт хэвтүүлж, шаардлагатай эмийн эмчилгээг эхэлж, зүүн цээжний хөндийд стандартын дагуу поли этилен гуурсыг цээжний хөндийд тавьж соруулахад цус болон хий гарсан. Тэгээд цаашид зохих журмын дагуу цээжний хий шингэнийг соруулж байсан. Мөн эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийсэн. Энэ хүнд нийт 6 хоногийн эмчилгээ хийж биеийн байдал сайжирсан тул дахин шинжилгээнүүдийг хийж эмнэлгээс гаргасан. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өвчний түүхийг хаасан. Гэхдээ 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дахин эмнэлэгт ирж цээжний зураг авахуулахад уушиг дахин унасан байсан тул дахин суганы дунд шугамаар гуурс тавьж хий шингэнийг дахин соруулж өвчтөнийг хянах журмаар эмнэлэгт ажиглаж байгаад гаргасан...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх сумын Хүн эмнэлгийн эмчтэй хамт өөрийн хувийн тээврийн хэрэгслээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байдаг...Би дээр мэдүүлсэн анх ирэхэд нь зүүн талын суганы арын шугамаар гуурс тавьсан. Сүүлд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр суганы дунд шугамаар цээжний хөндийд гуурс тавьсан. Нийт хоёр удаа гуурс тавьж эмчилсэн...Цээж гэрэлд харах шинжилгээний хариуг цахим хэлбэрээр бичдэг болсон тул өвчний түүхэн дээр тэмдэглэгээ хийгдээгүй байна. Мөн цээжний зурагны хариуг дүрс оношилгооны эмч бичдэг. Тухайн үед гэмтлийн тасагт ганцаараа ачаалал ихтэй ажиллаж байсан учир гуурс тавьсан тэмдэглэлийг тухайн үед бичсэн үгүйг сайн санахгүй байна. Бичигдсэн байж байгаад зарим тохиолдолд тэмдэглэлийг тусдаа цаасан дээр бичиж, өвчний түүхэнд наадаг олон өвчний түүхэн дунд ороод алга болсон байх ч магадлалтай байгаа юм...Эмчлэгч эмч нь би байсан. Гэхдээ өөр эмч нар оношлогоо шинжилгээн дээр бусад эмч нартай хамтарч ажилласан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86-87 тал/,

Гэрч М.Бийн өгсөн: “...Би энэ мэргэжлээрээ 4 жил энэ газартаа ажиллаж байна. 2019 оны 07 дугаар сард ажиллаж байсан...Манай ажил 2 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Бид хоёр ажлаа 15 хоногоор хувааж дуудлага мэдээллээр ажилладаг...Хавсаргадаг байх учиртай бид нар цээжний зураг авч цахим хэлбэрээр тухайн өвчтөний эмчилж байгаа эмч рүү явуулдаг...Рентген аппаратын санах ой хадгалах байдал нь 45 хоног хадгалдаг. Мөн үйлчлүүлж байгаа хүний ачаалал их байвал энэ хугацаанаас өмнө багтаамж нь дүүрч эхний авахуулсан зурагнаас устгал хийж багтаамжаа сэргээж ажилладаг...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-89 тал/,

Гэрч Т.Уын өгсөн: “...Намайг гэрээсээ гараад хашааны гадаа гараад ирэхэд Б, Г хоёр хоорондоо маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй би хальт л харсан. У.Ц гэдэг хүн харагдаагүй дэлгүүрийн хажууд машин зогсож байсан. Тэрэн дотор У.Ц байсан байж магадгүй. Би У.Ц гэдэг хүнийг яг сайн танихгүй нэрийг нь ч мэдэхгүй дэлгүүрийн хажууд жижиг приус маркийн машинтай ирсэн зогсож байсан...Би тэр залууг танихгүй манай гэрт гэнэт хутга бариад орж ирсэн ямар хутга байсаныг хараагүй нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-98 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Тухайн үед манай байгууллагын бичиг хэргийн ажилтан ээлжийн амралтаа авсан байсан. Тэгээд нөхөж дугаар авахаас өмнө шинжилгээний дүгнэлт гарсан байсан. Дараа нь нөхөж дугаар тэмдэглэхэд 372 дугаартай архивт бүртгэгдсэн, цаашид энэ дүгнэлт 372 гэсэн дугаартайгаар явах болно...Б.Б гэх иргэнийг тухайн үед нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь очиж үзлэг хийж дүгнэлт гаргасан. Цээжний зүүн ар гадаргуу хэсэгт хутгалуулсан шархтай уг шарх руу ногоон өнгийн гуурс хийсэн ба уг гуурсан дотор улаан хүрэн өнгийн  10 мл орчим шингэн байсан нь уг шарх нь цээжний хөндий нэвтэлсэн болохыг бүрэн баталж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-122 тал/,

Гэрч Б.Бын өгсөн: “...Би У.Ц, Б.Б нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, танихгүй. Намайг Баянзүрх суманд 2018-2020 оны хооронд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад У.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Б.Быг хутгалсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, хэрэг бүртэлтийн хэрэг нээн шалгаж байгаад тухайн сумаас шилжин томилогдсонтой холбоотойгоор тус сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон, дэслэгч Т.Од хэрэг бүртгэлтийн 193800487 дугаартай хэргийг шилжүүлэн өгч байсан... Тухайн сумын улсын баяр наадмын 2 дахь өдрийн орой буюу 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цаг 10 минутанд дээрх гомдол, мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн юм. Миний бие тэмдэглэл үйлдэхдээ оройн 23 цагийг өглөөний 11 цагаар андуурч шивсэн байна.:: Миний бие мөрдөгчийн саналыг компьютерт шивж үйлдэх үедээ “хар өнгийн иштэй хутгыг орхигдуулж саналыг үйлдсэн байна”. Хяналтын прокурорт хутгаар үйлдэгдсэн хэргийн талаар танилцуулж, хэлж ярьсан байсан. Уг хутгыг хэрзг болсон гэх газрын ертөнцийн зүгээр баруун талд байх хашаан дотроос холбогдогч У.Цээр 2019 оны 07 дугаар сарын 13-ны өглөө өөрөөр нь заалгуулж, хайлгаж айлын хашаан дотроос олуулж, эд мөрийн баримтаар хураан авсан юм...Тухайн хэргийн улмаас Б.Б нь сумын ЭМТөвд хүргэгдэн очиж анхны тусламж авч, эмчлүүлж байх үед нь дээгүүр өмсөж явсан гэх бүх хувцсыг нь хайрцганд хийлгэж авсан. Тухайн үед хар өнгийн даавуун фодволк байсан... Тухайн үед У.Цийг би өөрөө дагуулж сумын ЭМТөв орсон юм. У.Ц нь “би энэ хүнийг хутгалаагүй” гэх зэргийн зүйл ярьж, хэрүүл маргаан үүсгэж байсан. Харин Б.Б нь “чамайг танихгүй хэн байх вэ, чи хутгалсан” гэх зүйлийг ярьж хэрэлдэж байсан. У.Цийн биед ил харагдах гэмтэл, шарх байсан эсэхийг санахгүй байна, У.Ц надад мэдүүлэг өгөхдөө харилцан зодолсон, миний шүдний ломбо унасан гэх зүйлийг мэдүүлж байсан. 2019 оны 07 сарын 22-ны өдөр У.Ц нь биедээ шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шинжээч томилж өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 1-2 тал/,

Гэрч О.Гийн өгсөн: “...Би У.Ц, Б.Б нартай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй, танихгүй. Яллагдагч У.Ц, хохирогч Б.Б нартай биечлэн уулзаж байгаагүй утсаар холбогдож ярьж байсан.... Би хэрэг бүртгэлтийн 193800487 дугаартай хэргийг хэсгийн төлөөлөгч, дэслэгч Т.Огаас хүлээн авахад эд мөрийн баримт нь гээд надад цаасан хайрцагтай зүйл өгсөн. Прокурорын даалгаварт эд мөрийн баримтад үзлэг хийх ажиллагаа хийхийг даалгасан байсан тул эд мөрийн баримттай хайрцгийг задалж үзэхэд тэмдэглэлд тусгагдсан эд зүйлс байсан. Тэр бүгдийг би үзэж тэмдэглэл үйлдэж, буцааж хайрцганд нь хийж хураасан. Хутганы талаар Б мөрдөгчөөс асуухад У.Цээр маргааш нь заалгаж айлын хашаанаас олж авсан гэж ярьж байсан. Бусад хувцаснууд нь Б.Бын хэрэг болох үед өмсөж байсан хувцас гэж ойлгосон... Би хутга болон юүдэнтэй хөх өнгийн цамц зэргийг өөрийн нүдэнд харагдсанаар л бичсэн. Хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ уг хэргийг шалгаж байсан мөрдөгч, хяналт тавьж байсан прокурор нар ч гэсэн мөн өөр өөрийн нүдэнд харагдсанаар тусгасан байхаа. Эд мөрийн баримтуудыг нүдээр үзвэл хэн нь зөрүүтэй бичсэн нь харагдах байхаа. Эд мөрийн баримт нь алга болчихоогүй байгаа болохоор хараад уг асуудлын зөрүүг гаргаж болох байхаа ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 4-5 тал/,

Гэрч Т.Огийн өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдоод 03  дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх суманд үйлдэгдсэн хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хүлээн авсан. Тэгэхдээ 193800487 дугаартай хэргийг хүлээн авахад эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг өөрийн нүдээр нэг бүрчлэн аваагүй. Учир нь эд мөрийн баримтууд цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хайрцагтай байгаа, хайрцаг дээр нь хэргийн дугаар, нэрийг бичсэн байгаа гэж ахлах дэслэгч Б хэлсэн. Тэгээд уг хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч О.Гэд нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тогтоолоор шилжүүлж өгсөн. О.Гэд хэрэг шилжүүлж өгөхдөө эд мөрийн баримтын өрөөнд орж, хэргийн эд мөрийн баримтыг задалж О.Гэ тулгаж бүртгэж аваад буцаагаад хайрцагт нь хийсэн...Би хэрэг хүлээн аваад эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг уншиж танилцаагүй. Харин эд мөрийн баримтыг нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгсөн. Гэ тогтоолтой эд мөрийн баримтуудыг тулгаж авсан.  ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 10-11 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай: “...Б.Бын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Б.Бын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 110 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч У.Цийн өгсөн: “...Миний зүгээс Бын биед хутгаар гэмтэл учруулчихъя гэсэн санаа зорилго байгаагүй. Би тухайн үед Улаанбаатар хотоос ээж болон гэр бүлийн хамтаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сум буюу төрсөн нутагтаа амрах гэж, мөн баяр үзэх гэж очсон байсан. Би багын найзуудтайгаа Баянзүрх сумын 5-р багт буюу сумын төв дээр 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр голын зах дээр жимстэй пиво ууцгаасан юм, нээх согтоцгоогүй байсан. Тэгээд би тэндээсээ эхнэрийнхээ хамтаар тухайн орой 22 цагийн үед бүжгэнд орохоор машинтайгаа явж байтал надтай нэг ангид байсан миний үеэл Г өөрийнхөө 95112980 дугаарын гар утаснаас миний 99212692 дугаарын гар утас руу залгаад “би хүмүүст зодуулчхаад алуулах гээд байна, чи хурдан хүрээд ирээч" гээд над руу 2 удаа залгасан. Тэгээд сумын клубын урд Б гэдэг найзтайгаа тааралдаад түүнийг машиндаа суулгаад Гын байгаа газар луу яваад очсон. Очиход Г машиныхаа хажууд суучихсан толгой, хүзүү орчимд нь зүсэгдсэн шарх харагдсан, цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад Г надад “тэнд зогсож байгаа залуучууд зодчихлоо” гэж хэлээд гараараа заасан. Би харахад 4-5 үл таних залуучууд байсан. Би явж очоод тэр залуучуудаас “Гыг та нар зодсон юм уу” гэж асуухад Б гэх залуу “би зодсон байвал чи яахын” гэж хэлснээ намайг түрүүлээд гараараа нүүр лүү цохисон, нөгөө хэд нь бас дайрч давшлаад байсан. Би Гын зодуулаад цусандаа хутгалдаж, биеийнхээ энд тэндээ зүсэгдсэн байдлыг хараад мөн өөрөө зодуулсандаа гэнэт сэтгэл хачин болоод өөрийн мэдэлгүй өмдний халаасанд байсан хутгаар Б руу чичсэн байснаа сүүлд Бын дал мөрнөөс цус гарч байх үед нь гэнэт мэдсэн. Би яагаад Бтой ийм асуудал үүсгэсэн бэ гэвэл би тэдгээр залуучуудаас “Гыг хэн зодсон юм бэ” гэж асуухад Б надад “би зодсон юм, зодсон хүнийг чи муу яадаг юм” гэж хэлээд намайг зодож, бид хоёр барьцалдаж авсан. Ийм л асуудал болсон...бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би Баянзүрх суманд 9 дүгээр ангидаа ганцхан жил сурч байх хугацаандаа Быг зүс таних хэмжээний мэддэг байсан...Би голын эрэг дээр хоол идэж байгаад машиндаа хийчихсэн байсныгаа тухайн үед буухдаа өмдний халаасандаа хийгээд буучихсан байсан, би ямар нэгэн санаа зорилготойгоор хутга авч буугаагүй...Би уг асуудлаас хойш буюу 2019 онд Быг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эмнэлэгт хэвтэж байхад нь эм, тариа, эмчилгээний зардал, Улаанбаатар хотод бүтэн биений томографид харуулах, оношлогоо хийлгэх гээд нийт 4.000.000 орчим төгрөг өгсөн. Мөн би хохирогчтой удаа дараа уулзаж, хохирол барагдуулах талаар уулздаг, шийдэлд хүрдэггүй, хэтэрхий их мөнгө төгрөг, эд зүйл нэхэмжлэх гээд байгаа үйлдэл харагдаад байдаг. Ингэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Мөн би хохирогчоос хэд хэдэн удаа уучлалт гуйж байсан. Миний зүгээс Бод зодуулж цохиулснаас болоод гэмтэл үүссэн. Намайг тухайн үед очиход Гын байдал бол үнэхээр нүд халтирам байсан. Би манай найзыг хэн ийм болгосон гэж тухайн үед асуухад Б “би ийм болгосон, ингээд зодчихсон хүнийг чи яадаг юм” гэж хэлээд намайг зодохоор нь миний сэтгэл бас цочролд орсон. Тэрнээс биш би тэр хүнийг хутгалчихъя гэсэн санаа зорилго агуулж очоогүй. Би тухайн үед 2 лааз жимстэй пиво л уусан байсан. Би оюун санааны хувьд зүгээр байсан...Би яг тэрхэн үед өөрийгөө хянаж чадаагүй, нэг мэдэхэд л хутгалчихсан, далнаас нь цус гарч байхаар нь би болохгүй юм хийж ээ гээд эвгүйцээд хутгыг шууд айлын хашаа давуулж шидсэн...Би хохирогчтой уулзаад урд өгсөн 4.000.000 төгрөг дээрээ бодит хохирлыг надаас нэхэмжлэх юм бол би төлж барагдуулж, түүнтэй эвлэрэх боломжтой гэж бодож байна. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцахад хохирогч Б өөрийгөө буруугүй мэтээр хэлжээ. Тэртээ тэргүй буруугүй байсан юм бол тухайн үед Б нь “би Гыг зодсон юм” гэж яах гэж хэлсэн юм бол, мөн яах гэж намайг зодсон юм, яах гэж тэнд байсан юм гэж миний хувьд бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 170 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 37 тал/,

              Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 39-40 тал/,

              Мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /1 хх-ийн 41 тал/,

              Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөл /1 хх-ийн 42 тал/,

              Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 45-46 тал/,

              СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 12 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн богино куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч З.Өлзийнямын гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч У.Цийг гэм буруутай байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.Ц нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Бын мэдүүлэг,  гэрч Л.Г, Г.Н, О.О, Д.А, Г.О, Л.М, А.Т, Ш.Ц, Ц.Я, М.Б, Т.У, Б.Б, О.Гэ, Т.О, шинжээч М.Батмөнх  нарын мэдүүлэг,  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтыг хураан авах тухай санал, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч У.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Бтой “Л.Гыг зодлоо” гэх үл ойлголцлын улмаас маргалдаж зодолдох явцад Б.Бын нуруу хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлд заасан тайлбарт “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч У.Ц нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.

              Шүүгдэгч У.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн хэвлий хэсэгт хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Ц, хохирогчийн нуруу хэсэгт хутгалж, зэвсэг хэрэглэн биед нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

              Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

              Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

              Шүүгдэгч У.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б нь гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, шүүгдэгч У.Ц нь эмчилгээний зардалд эмчилгээтэй холбоотой зардал 12.212.750 төгрөгийг /1-р хх-ийн 197-206 тал/ төлсөн байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь гэм хорын хохиролтой холбоотой 30.000.000 төгрөг буюу ажил хөдөлмөр эрхэлж олох ёстой байсан орлого 20.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

               Иймд хохирогч Б.Б нь гэм хорын хохиролтой холбоотой 30.000.000 төгрөг буюу ажил хөдөлмөр эрхэлж олох ёстой байсан орлого 20.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч У.Цийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Цийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөс төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж У.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцуулж түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Прокурорын хууль зүйн дүгнэлтийг дэмжиж байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус буюу зүй бус үйлдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 5 жилээс доогуур хорих ял оногдуулах бол ялын доод хэмжээний 3-ны 2-оос багагүй ял оногдуулна гэсэн хуулийн заалтыг хэрэглэх боломж байгаа учраас 3 жил 3 сарын хугацаагаар хохир ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. .. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар ялаас өршөөн хасах буюу 3 жил 3 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна..” гэв.

Шүүгдэгч У.Цийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Цэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 1 хх-ийн 174-177 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч У.Ц урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 3в хэсгийн 639 тоотод оршин суудаг, Эрдэнэс таван толгой ХХК-д механик ажилтай зэрэг түүний хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.Цийн гэмт үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч  У.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулах 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч У.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн 1938004870106 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн богино куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э овогт Уын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Уын Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
  3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч У.Цэд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Цэд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч У.Ц нь хохирогч Б.Бод 12.212.750 /арван хоёр сая хоёр зуун арван хоёр мянга долоон зуун тавь/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч У.Цээс хохирогч Б.Б нь ажил хөдөлмөр эрхэлж олох ёстой байсан орлого 20.000.000 /хорин сая/ төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10.000.000 /арван сая/ төгрөг,  нийт 30.000.000 /гучин сая/ төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн богино куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Цэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.ДӨЛГӨӨН

 

 

                                       ШҮҮГЧИД                        М.ЭРДЭНЭ-ОЧИР  

 

 

                                                                                 Т.ХҮРЭЛБААТАР