Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2179

 

 

 

 

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2019/02179

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б /-ий нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Д.Х /-д холбогдох,

 

1,400,000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2,897,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э ,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “2018 оны 12 сарын 15-ны өдөр орчим Д.Х  гэх эмэгтэй гоо сайханы салоны түрээсийг өгч чадахгүй байна гээд миний ээжийн ээмэг бөгжийг ломбарданд 1,500,000 төгрөгөөр тавьж байсан. 2019 оны 01 сарын 17-ны өдөр ээжийг ээмэг бөгжийг минь авч өгөөч гэхэд миний эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгатад байрлах ******* дүгээр байрны ******* тоот байрны ордерыг Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Экскюзит центр 303 тоотод байрлах банк бус санхүүгийн байгууллагад 2,000,000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авч Д.Х  өөрийн Голомт банкны ******* тоот дансаар 2,000,000 төгрөгийг авсан. Авсан мөнгөнөөсөө надад 600,000 төгрөг өгсөн. Хуланг мөнгөө төлж миний байрны ордерыг авч өгөөч гэж удаа дараа шаардсан боловч төлөхгүй байхаар нь би өөрөө 2019 оны 04 сарын 08-ны өдөр 2,046,500 төгрөгийг төлж байрны ордерыг буцаан авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Д.Х гаас 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Д.Х  нь нэхэмжлэгч Б.Б тэй 2017 оны 08 дугаар сард танилцаж, улмаар дотно үерхэх болсон. Энэ хугацаанаас эхлэн манай эмээгийн гэрт хамтдаа амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд огт ажил хийж байгаагүй би цалингаараа хэрэглээний зардлыг нь төлж байсан. Би гоо сайханы түрээсийн төлбөр гэж мөнгө огт аваагүй, уг гоо сайханы газрыг түрээслэдэггүй харин гэрээгээр ажилладаг. Тиймээс надад түрээсийн төлбөр төлөх гэж мөнгө зээлэх шаардлага тулгардаггүй. Харин Б.Б  2018 оны 12 сард надад яаралтай мөнгөний хэрэг гарч, энэ ээжийн алтан ээмэг, бөгжийг ломбардад тавьж мөнгө авах гэтэл бичиг баримт байхгүй тул ямар ч ломбард өгөхгүй байна. Чи өөрийнхөө иргэний үнэмлэхээр баталгаа болгон зээл аваад өгөөч гэж гуйж, уг зээлээ богино хугацаанд өөрөө төлчихнө гэж надад итгүүлсэн учраас Начин заан, Андууд ломбардад нийт 1,100,000 төгрөгөөр тавьж зээл авахад нь би тусалж цуг явж авсан. Уг мөнгийг Б.Б  бүгдийг авсан бөгөөд юунд зарцуулсаныг нь мэдэхгүй. 2019 оны 01 сарын эхээр ээжийн ээмэг, бөгжийг авч ирэхгүй бол ээж гэртээ оруулахгүй байна. Надад дахиад тус болооч. Миний өмчлөлийн 1 өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаа болгоод дахин зээл аваад өгөөч гэхэд нь би татгалзсан ба үүнээс хойш үл ойлголцол бий болсон. Б.Б  нь энэ зээлийг бүтээгээд өгвөл дарамтаа зогсоож, дахин уулзахгүй гэсэн учраас өөрийнх нь өмчлөлийн 1 өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 2019 оны 01 сарын 17-ны өдөр тавьж би хамтран зээлдэгч болж, миний данс луу 2,000,000 төгрөг орсон. Уг мөнгийг би хэрэглээгүй Б.Б  600,000 төгрөгийг өөрийнхөө данс луу шилжүүлж авсан. 270,000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл мөнгөөр ломбарданд тавьсан ээмэг, бөгжийг авч өгсөн. Би хамтран амьдрах хугацаанд надаас байнга хэрэглээний мөнгө авдаг байсан ба өөрийнх нь нэхэмжлээд байгаа мөнгийг би захиран зарцуулаагүй, өөрийнх нь өмнөөс мөнгө авч өгөх гарцаагүй байдалд орсон тул Иргэний хуулийн 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б  нь 2017 оны 12 сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 сарын 19-ний өдрийн хооронд ээж, аав, дүүд мөнгө хэрэг боллоо. Мөн машины торгууль болон бусад хэрэглээнд шаардлагатай байна гэсэн шалтагууд хэлж мөнгө зээлж байсан. Дээрхи мөнгөнүүдийг буцааж төлнө гэсээр өдийг хүрсэн. Энэ зээлийг би Б.Б ий өөрийн хувийн данс болон түүний ээж, аав, дүүгийнх нь данс руу өөрөө шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Б ээс 1,397,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Б.Б  нь 2017 оны 10 сарын 31-ний өдөр мөнгө зээлээч асуудалд орчихлоо гэж уг мөнгийг өөрийн ээж Г.Э ийн дансаар авсан. Дээрхи мөнгийг буцааж төлнө гэсээр өдийг хүрсэн. Энэхүү зээлийг би Б.Б ий ээж Г.Э ийн данс руу миний ******* данснаас шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.Б ээс 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б  миний бие 2017 оны 05 сарын эхээр Д.Х гийн найз И миний найз охиныг хуучин найз залуу нь зодоод байна туслаач гээд дуудаад байхаар нь Мөнгөнзавьяагийн ард очиж өмөөрч авч явж анх танилцсан. Бие биеэ таньдаг болсноос олон удаа мөнгө хэрэгтэй үедээ бие биедээ дансаар болон бэлэнээр авч өгч байсан. Д.Х  өөрийн эмээ Төмөртогоо гэх хүний Хаан банкны картыг ашиглан миний ээжийн данснаас 2018 оны 03 сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 26 удаагийн үйлдлээр 2,695,000 төгрөг авсан байдаг. Үүнээс харахад бид хоорондоо мөнгө өгч авч байсан нь тогтоогдож байна. Иймд Д.Х гийн нэхэмжилж байгаа 1,397,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2017 оны 10 сарын 31-ний өдөр өөрийн ээж Г.Э ийн ******* дугаартай дансаар 1,500,000 төгрөгийг зээлж авсан. 2017 оны 11 сарын 20-ны өдөр Д.Х  надад Хаан банкны данс байхгүй, энэ дансанд хийчих гэхээр нь Хаан банкны 5011266076 гэсэн данс руу “Х-д” гэж утга дээр нь бичээд ******* гэсэн утаснаас мобайл банкаар 800,000 төгрөг, 700,000 төгрөгөөр 2 удаагийн үйлдлээр шилжүүлж өгч төлж барагдуулсан болно. Мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Иймд Д.Х гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, худал сөрөг нэхэмжлэл гаргаж цаг хугацаа авч байгаад гомдолтой байна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Д.Х д холбогдуулан 1,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг,

хариуцагч Д.Х  нь нэхэмжлэгч Б.Б д холбогдуулан 1,397,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

 

Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

1/ Хариуцагч Д.Х д холбогдох 1,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

Б.Б , Д.Х  нар нь АСА кредит банк бус санхүүгийн байгууллагатай 2019 оны 01 сарын 17-ны өдөр 19/04 дугаартай Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Б.Б ий өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат, ******* дүгээр байрны ******* тоот хаягт байрлах, 20,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Голомт банкин дахь Д.Х гийн ******* дугаартай дансны депозит дансны хуулгаар 2019 оны 01 сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг зээл олгов гэсэн утгатай орлого шилжин орсон болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар  маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр АСА кредит банк бус санхүүгийн байгууллагад зээл, зээлийн хүү болох 2,043,503 төгрөгийг бүрэн төлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар Б.Б , Д.Х  нар нь АСА кредит банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд Б.Б  нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Х гаас шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Х  нь зээлийн гэрээний дагуу түүний дансаар шилжүүлэн авсан мөнгийг нэхэмжлэгч Б.Б  өөрөө захиран зарцуулсан гэх тайлбарыг гарган маргаж байх боловч зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг нэхэмжлэгч хэрхэн захиран зарцуулсан талаарх баримтыг ирүүлээгүй, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно. Хариуцагч Д.Х гийн дансаар орж ирсэн зээлийн мөнгийг нэхэмжлэгч Б.Б  захиран зарцуулсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Б.Б   нь хариуцагч Д.Х гаас үүрэг гүйцэтгүүлэгчид төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2,043,503 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээл 2,000,000 төгрөгөөс өөрийн авч захиран зарцуулсан гэх 600,000 төгрөгийг хасч зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд зээлийн хүүний төлбөрт төлсөн мөнгийг хариуцагчаас шаардаагүй байна.

            Хариуцагч Д.Х гийн дансаар шилжүүлэн авсан 2,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн авсан 600,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 1,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

            2/ Нэхэмжлэгч Б.Б д холбогдох 1,397,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

 

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Б.Б  хамт амьдарч байх хугацаандаа ээжийнхээ дансаар болон бэлнээр нийт 2,897,000 төгрөгийг авсан тул уг мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчээс шаардаж буй эдгээр мөнгө нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээл 2,000,000 төгрөгтэй холбоогүй тусдаа асуудал гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлнэ.

 

Хариуцагч Д.Х гийн нэхэмжлэгч Б.Б д холбогдох 2,897,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь зээл 2,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл нь тус тусдаа нэхэмжлэл бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хоорондоо тооцогдохгүй шаардлага байх тул уг асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Х гийн нэхэмжлэгч Б.Б д холбогдох 1,397,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул хариуцагч Д.Х гаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,302 төгрөг, 38,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулж, хариуцагч Д.Х д буцаан олгох нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Х гаас 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэгч Б.Б д холбогдох 1,397,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 117, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Х гаас 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б д холбогдох 1,397,000 төгрөг, 1,500,000 төгрөг, нийт 2,897,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Х гийн сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д  олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,302 төгрөг, 38,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас тус тус гаргуулж, хариуцагч Д.Х д буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР