Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01352

 

 

Ж.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар магадлалтай,

Ж.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

Монголжин венчур капитал ББСБ ХХК-д холбогдох,

Зохигчийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Урнаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан, хариуцагчийн төлөөлөгч М.Урнаа, хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн Ж.Ганчимэг нь 2013 онд ГДД Фийлд ХХК-ийг үүсгэн байгуулж барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2014 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж буюу Асем вилла хотхон, гольфийн талбайн замын урд Туул голын эрэгт байрлах газарт сууцны таун хаус буюу тансаг зэрэглэлийн европ стандартын барилгын төслийг эхлүүлж, хөрөнгө оруулан зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал болон мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулсаар одоогийн байдлаар энэхүү төслөө 95%-ийн гүйцэтгэлтэйгээр борлуулалт хийж байна. Энэхүү барилгаа дуусгахын тулд тухайн үед зээл, бартер зэргийг ашиглахаас аргагүй байдлууд үүсч байсан тул Ж.Ганчимэг нь өөрийн нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 000373265 тоот гэрчилгээ, Ү-2204066507 тоот улсын бүртгэлийн дугаартай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 83/7 дугаар байр 05 тоот орон сууцны зориулалттай байруудыг Монголжин венчур капитал ББСБ ХХК-д барьцаалан 2015.04.16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж үндсэн зээлийн гэрээний дүн нь 160,000,000 төгрөгөөр тохиролцоод зээлийн хүүний дүнд 32,973,333 төгрөг буюу нийт 192,973,333 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулсан байдаг. Улмаар иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас хамаарч одоог хүртэл тансаг зэрэглэлийн том м.кв талбай бүхий хувийн орон сууцнуудын борлуулалт муу байгаагаас үүдээд зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсч нийт манай зүгээс 6,186,670 төгрөг төлсөн бөгөөд улмаар 2015.12.18-ны байдлаар талууд харилцан тохиролцон Бизнесийн зээлийн гэрээний үлдэгдэл 234,167,000 төгрөг байхаар тохиролцож хүүг зогсоосон байдаг. Талууд Баянгол дүүрэгт байрлах орон сууцыг нэхэмжлэгч Ж.Ганчимэг барьцаанаас чөлөөлөн буцаан шилжүүлж, Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг 234,167,000 төгрөгийг төлөх хүртэл хариуцагчийн өмчлөлд байх ба эзэмшил нь нэхэмжлэгчийн мэдэлд байхаар тохиролцож гараар бичиг, баримт үйлдэж уг баримтыг хариуцагч өөртөө хадгалсан байдаг. Тэгээд тухайн өдөр буюу 2015.12.18-нд уг тохиролцооны дагуу нотариат орж гэрээний зүйл болох 234,167,000 төгрөгийг төлж дуусгасан хэмээн худал мэдүүлж дүр үзүүлсэн, халхавчилсан хэлцэл хийсэн. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г хариуцагч Монголжин венчур капитал ББСБ ХХК-ийн захирал М.Урнаагийн эгч М.Өлзийчимэг ямар ч итгэмжлэл, төлөөлөх эрхгүйгээр гарын үсэг зурж Монголжин венчур капитал ББСБ ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 2018 онд санхүүгийн боломжит нөхцөл үүсэнгүүт хариуцагч талруу утсаар ярьж 234,167,000 төгрөгөө төлж байраа буцааж авахыг хүссэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, цаашлаад утсаа авахгүй байсан тул анх гэрээ хийж зээл авсан үеийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах албан ёсны хаяган дээр нь очсон боловч байхгүй нүүсэн байсан. Үүнээс хойш талууд 2019 он гараад утсаар холбогдон уулзаж, нэхэмжлэгч талаас тохиролцоо хэвээрээ учир үйл баримтын объект болох 23/1 тоот байрыг 100%-ийн гүйцэтгэлтэй супер засвар хийсэн тул зах зээлийн ханшаар нь зөрүүг нь өгөөд худалдаж ав, эсвэл яг ижил м.кв бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй байрыг зөрүүг нь өгөөд ав үгүй бол энэ байрны хамтран өмчлөгч болж байгаад борлуулаад мөнгөө гаргаж авцгаах шударга ёсны санал тавьсан боловч хариуцагч бодож үзээд буцаад саналаа хэлье гэж хэлээд байхгүй байж байгаад 2019.04.17-ны өдөр 19/59 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр энэхүү байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн бичиг ирүүлсэн байна. Одоог хүртэл нэхэмжлэгч уг байрыг эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд 100% гүйцэтгэл бүхий супер засвар хийн эзэмшиж байна. Тухайн үеийн 90%-ийн гүйцэтгэлтэй, дотор засал хийгээгүй үеийн үнэлгээ гэхэд л зах зээлийн ханш 1 м.кв нь 2.000.000 төгрөгөөс буухгүй байсан бөгөөд 600,000,000 орчим төгрөгөөр яг ижил байрыг борлуулж байсан байна. Одоо энэхүү байр нь зуучлалын компаниар борлуулахаар гэрээний үнэ 1 м.кв нь 2,200,000 төгрөг бөгөөд зуучлалын компани цааш нь борлуулалтын үнэ 1 м.кв-ыг 2,400,000 төгрөгөөр борлуулж байгаа билээ. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь анх 160,000,000 төгрөгөөр зээлийг хүүгийн төлбөрөө нэмээд 234,167,000 төгрөг болгож өсгөж төлөхөөр зээлийн хүүгээ зогсоож, төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэх хэлцлээсээ ухарч нэхэмжлэгчийн 700-аад сая төгрөгийн өнөөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг булаан авахаар санаархсан хууль зөрчсөн үйлдэл байна. Иймээс талууд харилцан тохиролцохгүй гэдэг нь тодорхой болсон бол хуулийн дагуу өөрт Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу болон 2015.04.16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээний 11.2-т Хэрэв талууд гэрээнээс үүссэн маргааныг гэрээний 11.1-т заасны дагуу шийдвэрлэж чадахгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсний дагуу шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн хувьд: Энэхүү хэргийн үйл баримт нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн тул нэхэмжлэлд дурдагдсан гэрээнүүд энэхүү хугацааг бүрэн хангаж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр байна. Энэхүү хууль зөрчиж хариуцагч өөрт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.5-ийн дагуу энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ №3742-г байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу Нотариатын тухай болон Иргэний хуулийн 243.1-ийг зөрчиж байгуулсан байна. Учир нь энэхүү гэрээг Иргэний хуулийн 243.1 дэх хэсгийн шаардлагад нийцсэн байна гэсэн боловч нэг талаас эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн боловч нөгөө тал үнийг төлсөн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй байхад энэхүү гэрээг үнийг төлсөн хэмээн үзэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Алтай баталсан байна. Мөн уг гэрээг худалдан авагч талыг төлөөлж төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж байгуулсан байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь нотлогдож байна. 2015.04.16-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээ-ний 7.1.3-т Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд Зээлдүүлэгч энэ гэрээний салшгүй хэсэг болох Барьцааны гэрээгээр барьцаалсан эсхүл ... хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх гэсний дагуу барьцааны зүйлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчиж, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийж хариуцагч бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авахаар санаархаж байна.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр тооцож, Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монголжин венчур капитал ББСБ ХХК нь 2015.12.18-ны өдөр иргэн Ж.Ганчимэгтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ-1 гудамж, 23/1 тоот хаягт орших Ү-2204066507 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар бүхий 290.74 м.кв хэмжээтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэтэл уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болох манай компанийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон хууль бус үйл ажиллагаануудыг өнөөдрийг хүртэл хэн нэгэн этгээдүүд явуулсаар байгаагийн нэг нь энэхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Ж.Ганчимэг юм. Ж.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай компанид дээрх орон сууцыг худалдсан гэрээгээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бөгөөд үндэслэлээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, худалдан авагчийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан, үнэ төлөгдөөгүй гэсэн үндсэн гурван фактыг заасан байна. Эдгээр нь бүгд үндэслэлгүй гэж үзэж дараах байдлаар няцааж байна.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэх тухайд: Нэхэмжлэгч Ж.Ганчимэг бид орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа өөр ямар нэгэн нууц гэрээ хэлцэл хийж, түүнийгээ халхавчлах зорилгоор орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан явдал огт байхгүй бөгөөд хэрвээ тийм бол нэхэмжлэгч үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт ямар нэгэн баримт огт авагдаагүй байна.

Төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан гэх тухайд: Уг гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь огт төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэхгүй бөгөөд манай компанийг төлөөлж тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн. Түүнчлэн уг гарын үсгийг зурсан нь манай компанийн эрхийг зөрчсөн үйлдэл биш учраас компанийн зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй, цаашид ч гаргахгүй болно. Хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байсан тохиолдолд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтад Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан хуулийн зохицуулалт нэгэнт байгаа учраас үүгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдох үндэслэлгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөгдөөгүй гэх тухайд: Гэрээний 3 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 234,167,000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015.12.18-ны өдөр төлж дуусгасан гэж, 7 дугаар зүйлд Нэмэлт нөхцөл: Төлбөр тооцоо дууссан гэж тус тус зааснаар төлбөр тооцоо дуусгавар болсон нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах ямар ч үндэслэл байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголжин венчур капитал ББСБ ХХК-нд холбогдох, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах, 290.74 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, 000373265 тоот гэрчилгээ, Ү-2204066507 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,329,000+70,200/ нийт 1,399,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02502 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ 1 гудамжны 23/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204066507 дугаарт бүртгэлтэй, 290.74 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй хувийн сууцыг нэхэмжлэгч Ж.Ганчимэгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Монголжин венчур капитал ББСБ ХХК-д даалгасугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,399,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголжин венчур капитал ББСБ ХХК-аас 1,399,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ганчимэгт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,399,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Урнаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015.12.18-ны Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах №3742 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хүрхрээ гудамж, 23/1 тоот хаягт байрлах Ү-2204066507 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлага гаргасан. Үүнийхээ үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн, зээлийн төлбөрөө төлж дууссанаар тухайн шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авах тохиролцоотой байсан, иймд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцогдох ёстой гэсэн. Үүнийг манай компани эс зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэрээ нь ямар нэгэн дүр үзүүлсэн хэлцэл биш, ердийн журмаар байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ мөн учраас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөө нэхэмжлэгчид буцаан өгөхгүй гэж мэтгэлцсэн.

Уг хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцахад үндсэндээ хоёр үндэслэлийг зааж өөрчилжээ. Үүнд:

1. ...худалдан авах гэрээгээр худалдан авагчид тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжихээс гадна эзэмшил шилждэг. Зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах- худалдан авах гэрээний дагуу дутуу баригдсан хувийн сууцны өмчлөх эрх Монголжин венчур капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжиж бүртгэгдсэн боловч уг хөрөнгийн эзэмшил нъ шилжээгүй, өмнөх өмчлөгч Ж. Ганчимэг хувийн сууцыг барьж дуусган амьдарч байгаа үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байна... гэжээ.

Энэхүү дүгнэлтийг манай компани огт зөвшөөрөхгүй байна. Учир нь Ж.Ганчимэг бидэнд анхнаасаа буруу орон сууц зааж өгсөн байснаас бид багагүй хугацаанд өөрийнхөө жинхэнэ худалдан авсан орон сууцыг мэдэхгүй өөр орон сууцыг худалдан авсан орон сууцаа гэж бодоод яваад байсан. Бүр дараагийн гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар үзүүлж харуулаад яваад байсан. Ж.Ганчимэг анхнаасаа бидэнд худалдаж байгаа орон сууцаа биднийг хуурахгүйгээр үнэнээр нь зааж өгсөн байсан бол эзэмшил шилжсэн, эсхүл шилжээгүй гэх асуудал үүсэхгүй байсан. Түүнчлэн дээрх дүгнэлтэд дурдсан шиг эзэмшил шилжээгүй гэх асуудал манай компанийн буруу биш, нэхэмжлэгч талын буруу юм. Манай компани нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгөө эзэмшилдээ авсан гэж ойлгож байсан. Хууль зүйн хувьд ч дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

2. ...талууд дутуу баригдсан хувийн сууцыг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан гэж үзэхээр байна... гэжээ.

Энэхүү хоёр дахь дүгнэлтийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг худалдах-худалдан авах гэрээгээр дүр үзүүлэн хийсэн гэх нөхцөл байдлыг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн магадлал өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болж байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Ганчимэг нь хариуцагч Монголжин венчур капитал ББСБ ХХК-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг шаардсанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1. Зохигч 2015.04.16-ны өдөр Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ж.Ганчимэг Монголжин венчур капитал ББСБ ХХК-иас 160,000,000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 83/7 байрны 05 тоот орон сууцны зориулалттай подвал, Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээ гудамж, 23-1 тоот хаягт байрлах 290.74 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрийг төлж барагдуулаагүйгээс талууд харилцан тохиролцож, гэрээний үлдэгдэл 234,167,000 төгрөг байх, цаашид хүүг зогсоож, улмаар 2015.12.18-ны өдөр Ж.Ганчимэг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 90%-ийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг 234,167,000 төгрөгөөр худалдсан агуулга бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ №3742-г байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн боловч эзэмшлийг шилжүүлээгүй, энэ хугацаанд засвар үйлчилгээг бүрэн хийж, орон сууц 100%-ийн гүйцэтгэлтэй болсон байна.

Хожим 2018 онд зээлдэгч Ж.Ганчимэг нь төлбөрийн чадвартай болсон үндэслэлээр зээлдүүлэгчид зээлийн төлбөрийг төлж, орон сууцаа буцаан авахаар шаардлага гаргасан боловч зээлдүүлэгч Монголжин венчур капитал ББСБ ХХК зөвшөөрөөгүй үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор Ж.Ганчимэг шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр гэж маргажээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зохицуулсан.

Зохигч Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны өмчлөгчийг өөрчилж бүртгүүлснээс өөрөөр гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлсэн, үнийг төлсөн үйл баримтгүй тул тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зорилго, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалсан тул барьцаалагч барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Гэтэл зохигч худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь тогтоогдоогүй байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа байсан, талууд худалдах-худалдан авах гэрээгээр барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн агуулгатай байх боловч хариуцагч нь худалдаж авсан эд хөрөнгийг өөрийн эзэмшилд аваагүй нөхцөл байдлаас үзвэл худалдах-худалдан авах гэрээг үр дүнд хүрэхийн тулд биш дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч М.Урнаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч М.Урнаагаас 2020.03.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,399,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД