| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0376/Э |
| Дугаар | 2019/ДШМ/65 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2019/ДШМ/65
2019 оны 06 дугаар сарын 27 өдөр 2019/ДШМ/65 Зуунмод
Б.Д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Гансувд
Шүүгдэгч Б.Даваадорж,
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар цагаатгах тогтоолтой Б.Дхолбогдох 1834000000442 дугаартай 1 хавтас, 105 хуудас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1972 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Төв аймаг, Өндөрширээт сум, 4 дүгээр баг төв уурын зууханд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Өндөрширээт сум, 4 дүгээр баг, Байшинтийн 1-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НЕ72020773 дугаарын регистртэй, Боржигон овгийн Бэгзийн Даваадорж
Шүүгдэгч Б.Даваадорж нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр баг Байшинтийн 1-1 тоотод өөрийн гэртээ иргэн В.Нарантогтохыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар цагаатгах тогтоолоор:
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Бэгзийн Даваадоржид холбогдох эрүүгийн 1834000000442 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, эрүүгийн 1834000000442 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Б. Даваадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, Б.Даваадорж нь цагдан хоригдсон хоноггүйг, хохирол, төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор С.Алимаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхээс тухайн хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс үндэслэлгүйгээр Б.Дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тогтоол гаргасан гэж үзэж байна.
Учир нь хэрэгт цугларсан шүүгдэгч Б.Даваадоржийн гомдол мэдээлэл шалгах хугацаанд гэрчээр өгсөн мэдүүлэг болон хохирогч В.Нарантогтох, гэрч С.Төрмандах, Д.Галия, С.Бадамсамбуу, Д.Чулуунхүү нарын мэдүүлгүүдээр Б.Даваадоржийн санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал бий болоогүй.
Өөрөөр хэлбэл Б.Даваадорж нь унтаж байгаад улмаар гэнэт сэрсэн бөгөөд сэрэхдээ төмсөг базаад авах шиг болсон гэж толгойдоо хийсвэр бодол төсөөлж, В.Нарантогтохыг түлхэж, цохиж, өшиглөсөн үйлдэл гаргасан нь бусдын эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Харин хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар цагаатгах тогтоолд дурьдагдсан "...шүүгдэгч Б.Даваадоржийн эмзэг эрхтэн болох бэлэг эрхтнээс барьж татаж байгаа нь сэтгэл санааны гэнэтийн цочролд оруулсан..." гэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй байхад шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгчид ял завшуулж байна.
Улсын Дээд Шүүхийн 2008 оны 14 дүгээр тогтоолоор "Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан" гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарлаж байснаас өөрөөр "санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хувьд хэвийн байдал алдагдсан" гэх нөхцөл байдлыг тайлбарласан албан ёсны тайлбар байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн шүүх нь цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүгдэгч Б.Дхолбогдох эрүүгийн 183400000442 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтаар цагаатгагдсан Б.Дхолбогдох эрүүгийн 1834000000442 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 05 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэсэн байдал тогтоогдсон зүйл хэрэгт байхгүй, шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэлтэй дүгнээгүй байна. Гэмт хэрэг нь нотлогдсон тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Даваадорж гаргасан тайлбартаа: Намайг ор руу түлхэхээр нь би толгойд нь цохьсон, тэвчээргүйгээсээ боллоо. Хохирогч одоо зүгээр байгаа. Надад хүндрэлтэй байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан цагаатгах тогтоолыг хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Б.Даваадорж нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Өндөр ширээт сумын Сант 4 дүгээр баг Байшинтийн 1-1 тоотод өөрийн гэртээ В.Нарантогтохыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Даваадорж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэхдээ хохирогч В.Нарантогтох Б.Даваадоржийн бэлэг эрхтнээс барьж татсан үйлдэлд Б.Даваадоржийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсанаас болж түүнийг цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, Б.Дхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Б.Даваадорж нь согтуугаар В.Нарантогтохыг цохиж өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, В.Нарантогтохын биед духанд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны №762 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон талаар шүүх дүгнэсэн байна.
Мөрдөн байцаалтад хохирогч В.Нарантогтохын: “Би гэрт ороод Даваадорж ахын хэвтэж байсан орон дээр очиж суугаад... Даваадорж босож ирээд намайг заамдаад авсан би бас барилцаад авсан, би газар унах шиг болоход миний толгой руу өшиглөсөн, цус гарсан. Тэгээд та яаж байгаа юм бэ гэхэд Даваадорж ах чи муу миний төмсөгнөөс барьж базаа биз дээ гэж хэлсэн. Би Даваадорж ахын хажууд суугаад төмсгийг нь барих үйлдэл хийгээгүй.” /хх-ийн 7-8, 9 хуудас/ гэх мэдүүлэг,
- Б.Даваадоржийн гэрчээр өгсөн “...гэртээ хариад авсан архиа задлаад би нэг татаад унтлаа гэж хэлээд гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байхад гаднаас Бадамсамбуу, нэг залуутай орж ирсэн. Би тэгээд унтсан байх. Тэгтэл миний төмсгийг хүн базах шиг болсон. Тэгээд би уурлаад сэрэхэд Нарантогтох байсан. Би орон дээрээс өшиглөөд нэг гараараа цохисон байх. Нарантогтох намайг бариад авсан. Би босоод чи яагаад миний төмсөгнөөс бариад байгаа татсан юм гэж хэлэхэд би тэгээгүй гэж байсан... /хх-ийн 11 хуудас/ гэх мэдүүлэг,
- Б.Даваадоржийн яллагдагчаар өгсөн: ”...Унтаж байхад миний бэлэг эрхтнээс хүн базах шиг болохоор нь уур хүрээд сэрсэн. Тэгтэл Нарантогтох миний хажууд буюу дээр дараад байгаа юм шиг болохоор нь доороос нь өшиглөж хөлөө савчсан. Тэгээд Нарантогтохыг гараараа нэг удаа нүүр хавьд нь нэг удаа цохиод бариад авахад толгойноос нь цус гараад байсан.” /хх-ийн 20 хуудас/ гэх мэдүүлэг,
- гэрч С.Бадамсамбуугийн “...Нарантогтох зүүн талын орон дээр суух шиг болсон тэгтэл орон дээр унтаж байсан Даваадорж ах Нарантогтохыг түлхсэн. Даваадорж нь орон дээрээ дээшээ хараад хэвтэж байгаад Нарантогтох руу өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл хараагүй. Тэгээд Чулуунхүү Нарантогтохыг авч цуг гэрээс гараад эмнэлэг явсан. Би бэлэг эрхтнээс нь татахыг хараагүй. Даваадорж ах гэрийн зүүн талын орон дээрээс босож ирээд чи муу миний боожгооноос яагаад татсан юм бэ гээд Нарантогтох руу дайраад байсан” /хх-ийн 13 хуудас/ гэх мэдүүлэг,
- гэрч Д.Чулуунхүүгийн “...Даваадорж ах Нарантогтох хоёр үг дуугүй ноцолдсон. Би тоглож байна гэж бодсон. Тэгтэл Нарантогтохыг Даваадорж ах цус чинь гоожоод байна гэж хэлээд түлхсэн.Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй.” /хх-ийн 14 хуудас/ гэх мэдүүлгүүдийг дүгнэхэд хохирогч В.Нарантогтох “Б.Даваадоржийн бэлэг эрхтнээс барих үйлдэл хийгээгүй” гэж, гэрч С.Бадамсамбуу, Д.Чулуунхүү, С.Төрмандах нар “тэд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, бэлэг эрхтнээс нь татахыг хараагүй” гэж, шүүгдэгч Б.Даваадорж “миний бэлэг эрхтнээс хүн базах шиг болохоор нь уур хүрээд сэрсэн” гэж тус тус мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгүүдээр хохирогч В.Нарантогтох Б.Даваадоржийн бэлэг эрхтнээс барьж, татсан гэх үйлдэл тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Даваадорж “миний бэлэг эрхтнээс хүн базах шиг болсон” гэж мэдүүлснээс биш базсан, татсан гэж мэдүүлээгүй байхад шүүх “В.Нарантогтох гаднаас орж ирээд зүүрмэглэн хэвтэж байсан Б.Даваадоржийн эмзэг эрхтэн болох бэлэг эрхтнээс барьж татсан, энэ үйлдлээс болж Б.Даваадоржийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсанаас болж бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн мэдүүлгийг хэт хийсвэрлэн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй ба гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон хууль ёсны зарчимд нийцүүлж, хэргийг шийдвэрлэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын
яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.
Шүүх Б.Дхолбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлаагүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд дүгнээгүй, хэргийн үйл баримтын талаархи хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй, нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.
“Шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үндэслэлгүйгээр Б.Дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тогтоол гаргасан” гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 145 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Дхолбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Дээд шатны прокурорын №29 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурьдаж, хэргийг шүүхэд очтол Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Г.БОЛОРМАА