| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 1282023/0694/З |
| Дугаар | 221/МА2025/0277 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0277
“Ч т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.У
Нэхэмжлэлийн шаардлага: Хавдар судлалын үндэсний төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан 18 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин үнэлж шийдвэр гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, 18 дугаар багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэр захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “С-У” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч О.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0694/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч т” ХХК-иас Хавдар судлалын үндэсний төвийн захиралд холбогдуулан “Хавдар судлалын үндэсний төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан 18 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин үнэлж шийдвэр гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, 18 дугаар багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэр захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “С-У” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр үнэлгээний дүгнэлт, захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэр, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Э, нийлүүлэгч “С-У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Хавдар судлалын үндэсний төвд 2023 онд өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх дугаар №НОННХСҮТ/202302002/01/11 гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... 3.1. Нэхэмжлэгч “Ч т” ХХК нь тендерийн шаардлага хангахгүй тул “С-У” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдтэй маргах эрхгүй тухай:
Маргаан бүхийн тендерт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч компанийг сонгон шалгаруулахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иймд тэрээр “С-У” ХХК-ийг сонгон шалгаруулсан талаарх шийдвэрүүдтэй маргах эрхгүй гэж үзэж байна. Учир нь нэгэнт хариуцагчийн зүгээс “Ч т” ХХК-ийг шаардлага хангахгүй хэмээн үзэж, татгалзсан бөгөөд үүнтэй тус компани маргаагүй. Иймд тендерт өөр компанийг шалгаруулсан нь тухайн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй, хөндөхгүй юм.
Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3 дугаартай хэсэгт “Санал болгож буй бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт нь тухайн барааны дээж байна. Тухайн багцад санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн дээж ирүүлнэ. ... Загвар дээжийг заавал ирүүлэх ба дээж ирүүлээгүй, дутуу ирүүлсэн бол үнэлэх боломжгүй ба тендерийн үнэлгээний хорооны томилогдсон гишүүнд хүлээлгэн өгнө” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, барааны дээжийг ирүүлснийг үндэслэж л тухай бараа нь шаардлага хангаж буй эсэхийг тендерийн үнэлгээний хороо шалгах боломжтой бөгөөд барааны дээж ирүүлээгүй нөхцөлд үүнийг шалгах боломжгүй тул тухайн тендерийг үнэлэх боломжгүй болохын тендерийн бичиг баримтад тодорхой заасан.
Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай албан бичгээр маргаан бүхий тендер болох 18 дугаар багцын хувьд “ирүүлсэн загвар дээж дутуу, техникийн тодорхойлолтод нийцээгүй” гэх үндэслэлээр “Ч т” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан. Үүнийг “Ч т” ХХК-г эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Тус гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4642 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. Ингэхдээ Сангийн яамны тухайн шийдвэрийн 1 дэх тал, төгсгөл хэсэг болон 2 дахь талын эхний догол мөр бүхий хэсэгт маргаан бүхий 18 дугаар багц тендерийн хувьд “Ч т” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан нь үндэслэлтэй болох талаар дүгнэсэн. Тодруулбал, Сангийн яамны шийдвэрийн 2 дахь тал, эхний догол мөр бүхий хэсэгт “Ч т” ХХК тендерт 180 см-ийн хэмжээтэй чиглүүлэгчийн загвар дээж ирүүлээгүй 8fr, 11fr хэмжээтэй дамжуулах гуурсны дээж ирүүлээгүй байх тул тендерийн ... шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” хэмээн дүгнэсэн юм. Нэхэмжлэгч компани нь Сангийн яамны тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. “Ч т” ХХК нь Сангийн яаманд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдолдоо “бид дээжийг бүрэн өгсөн” гэж ч тайлбарлаагүй. Харин гагцхүү “С-У” компанийн бичиг баримттай холбоотой гомдол гаргасан байна. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болохыг, хариуцагч байгууллагын Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй болохыг болон нэхэмжлэгч өөрсдөө “дээжийг бүрэн ирүүлээгүй” болохоо хүлээн зөвшөөрч байгааг харуулах юм.
Сангийн яамны дээрх шийдвэр гарсны дараа хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903 дугаартай албан бичгээр “Ч т” ХХК-д тус компанийн тендер нь шаардлага хангахгүй, дээж дутуу учир шалгаруулахаас татгалзсан талаар мэдэгдсэн. Тус албан бичиг хэргийн 28 дахь талд авагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд гаргаж өгсөн байна. “Ч т” ХХК нь тухайн шийдвэрийн талаар Сангийн яаманд гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Учир нь тус компани нь дээж дутуу ирүүлсэн болохоо хүлээн зөвшөөрч байсан, дээжийг бүрэн ирүүлээгүй тул хариуцагч байгууллагын шийдвэртэй маргаагүй гэж бид ойлгож байна. Өөрөөр хэлбэл, “Ч т” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзсан шийдвэртэй тус компани маргахгүй байгаа. Түүнчлэн, ийнхүү хоёр дахь удаа гаргасан бидний шийдвэр, тендер шалгаруулалтын талаар нэхэмжлэгч компани нь хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргаагүй.
Үүгээр “Ч т” ХХК нь 18 дугаартай багц тендерт шалгарах боломжгүй болсон юм. Иймд нэгэнт өөрөө шаардлага хангасан тендер ирүүлээгүй компани шалгарсан компанийн үнэлгээ, гэрээтэй холбоотой маргах эрх байхгүй юм. Хэрэв “Ч т” ХХК нь шаардлага хангасан тендер ирүүлсэн бөгөөд гагцхүү үнийн санал, үнэлгээний хувьд “С-У” ХХК-д ялагдсан бол тухайн үнэлгээний талаар маргах эрхтэй билээ. Шаардлага хангаагүй тендерийн бичиг баримт ирүүлсэн үндэслэлээр хасагдсан, шалгараагүй компани нь шалгарсан компанид холбогдох шийдвэрүүдтэй маргах эрхгүй болох нь шүүхийн практикт нэгэнт тогтсон зүйл гэж бид бодож ойлгож байна. Тодруулбал, тендерийн тухай хуулийн 27.1, 27.3, 27.4, 28.1, 28.3, 28.14 дэх заалтуудын дагуу тендерийн үнэлгээг хоёр үе шаттай хийх журамтай билээ. Эхний ээлжид ирүүлсэн тендер нь бичиг баримтын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, гагцхүү шаардлага хангаж байгаа тендерүүдэд үнэлгээ хийх юм. Харин бичиг баримтын шаардлага хангаагүй тендерт үнэлгээ хийхгүй юм. Энэ утгаар нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн тендер нь дээж ирүүлээгүй, дутуу гэх үндэслэлээр шаардлага хангаагүй тул тухайн тендерт үнэлгээ хийх үндэслэлгүй юм. Нэгэнт бичиг баримтын шаардлага хангахгүй хасагдсан оролцогч нь шалгарсан компанид эрх олгосон шийдвэртэй маргах эрхгүй юм. Гагцхүү шаардлага хангаж байгаа тендерт оролцогч нь “намайг шалгаруулаагүй нь буруу, үндэслэлгүй байсан” гэх байдлаар шалгарсан компанид холбогдох шийдвэртэй маргах эрхтэй юм. “Ч т” ХХК-ийн хувьд хариуцагч нь анх “дээж ирүүлээгүй, дутуу ирүүлсэн” гэх үндэслэлээр шаардлага хангахгүй хэмээн шалгаруулахаас татгалзсан бөгөөд Сангийн яам тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Үүгээр Үнэлгээний хороо нь “Ч т” ХХК-ийн хувьд дахин үнэлгээ хийх шаардлагагүй болсон.
Бид дээрх агуулгаар шүүхэд бичгээр болон амаар тайлбар гаргасан. Гэвч анхан шатны шүүх шийдвэртээ тухайн асуудлаар буюу нэхэмжлэгчийн тендер нь шаардлага хангаж буй эсэх талаар дүгнэлт хийсэнгүй. Ийнхүү нэхэмжлэгч компани нь нэгэнт тендерийн шаардлага хангахгүй тул шалгарсан компанийн талаар маргах эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
3.2. “Ч т” ХХК-ийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа” гэх нөхцөл хангагдахгүй тухай:
Нэхэмжлэгч нь маргаж буй бүхий л захиргааны акт, гэрээнүүдтэй маргахдаа “хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүх үүний дагуу маргаан бүхий захиргааны акт, гэрээнүүдийг хууль бус байсан болохыг тогтоосон. Гэвч шүүх тухайн шийдвэрийг гаргах үндэслэлгүй байсан гэж бид үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт ... хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрийг шүүхээс гаргаж болохоор заасан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд хуульд заасан тус журам хангагдаагүй байна. Тодруулбал, хуулийн дээрх заалтад захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хэрэгжиж дууссан бол “хууль бус байсан болохыг тогтоох” боломжтой талаар заасан. Гэтэл нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагад дурдсан захиргааны актуудын хувьд нэхэмжлэгч нь өмнө нь “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Харин шүүхэд анх нэхэмжлэл гаргаж маргахдаа “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан. Өөрөөр хэлбэл, хуулийн 106.3.3-т заасан “”хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт хэрэгжсэн” гэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
Түүнчлэн, хуулийн тус заалтад захиргааны акт хэрэгжиж дууссан ч гэсэн нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргах талаар заасан. Гэтэл маргаан бүхий тендерт холбогдох шийдвэрүүдийн хувьд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актуудыг “хууль бус байсан” гэж дүгнэснээр нэхэмжлэгчид ямар ч ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгч нь энэ талаар тайлбарлахдаа “дараа дараагийн тендер шалгаруулалтыг алдаагүй, хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэх байдлаар тайлбарласан байна. Гэвч маргаан бүхий энэхүү тендерт холбогдох шийдвэрүүд нь дараагийн буюу 2024, 2025 онуудын тендерт ямар ч хамааралгүй нь ойлгомжтой. Иймд нэхэмжлэгчийн хувьд захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол, шаардлага байхгүй юм.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан “хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрийг гаргасан боловч тус шийдвэрийн урьдчилсан нөхцөл болох “нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол” гэх нөхцөл хэрхэн үүссэн талаар дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, шийдвэрийн 12, 16 дугаартай хэсгүүдэд “хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа болох нь тогтоогдож байх тул” гэсэн боловч ямар ашиг сонирхол байгаа талаар тайлбарлаагүй, дүгнэлт хийгээгүй.
Захиргааны гэрээний хувьд “хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэр гаргах үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан “хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрийг зөвхөн захиргааны актын хувьд гаргахаар хууль тогтоогч хуульчилсан байна. Харин захиргааны гэрээний хувьд гагцхүү илт хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.2-т тус тус заасан байна. Иймд шүүх тендерийн гэрээний хувьд хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
3.3. Маргаан бүхий захиргааны актуудын хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй тухай:
Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” шийдвэрийн 2 дахь хэсэгт “С-У” ХХК-ийн хувьд Б.Б гэх хүний гэрчилгээтэй холбоотой асуудлыг нягтлан шалгаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх талаар шийдвэр гаргасан. Үүний дагуу захиалагч нь дахин үнэлгээ хийж, “С-У” ХХК-ийн 18 дугаартай тендерийн багцад шалгаруулсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлтээр “С-У” ХХК-ийг шалгаруулсан юм. Энэ талаар хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903 дугаартай албан тоот, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаартай албан тоотоор тус тус “Ч т” ХХК-д мэдэгдсэн.
Тендерийн тухай хуулийн 54.1-т тендерт оролцогч нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах тухай заасан. Мөн хуулийн 55.1-т гэрээ байгуулах эрх олгосон шийдвэртэй холбоотой гомдлыг Сангийн яаманд ажлын 5 хоногт багтаан гаргах талаар тус тус заасан. Гэвч “Ч т” ХХК нь захиалагч болон Үнэлгээний хорооны дээрх шийдвэрүүдийн талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар захиалагчид болон Сангийн яаманд гомдол гаргаагүй. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03/2805 дугаартай албан бичгээр бидэнд хариу өгсөн. Тус албан бичигт маргаан бүхий 18 дугаартай тендерийн багцын хувьд “Ч т” ХХК нь зөвхөн нэг удаа гомдол гаргасан, дахин хийгдсэн үнэлгээний талаар гомдол гаргаагүй талаар хариу өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийн талаар Сангийн яаманд гомдол гаргаагүй юм. Ийнхүү “Ч т” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болох нь үүгээр харагдана. Эндээс товч дүгнэхэд, Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай албан бичгээр маргаан бүхий тендер болох 18 дугаар багцын хувьд “ирүүлсэн загвар дээж дутуу, техникийн тодорхойлолтод нийцээгүй” гэх үндэслэлээр “Ч т” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг “Ч т” ХХК нь эс зөвшөөрч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Гэвч Сангийн яам гомдлын тус хэсгийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, “Ч т” ХХК-ийг сонгон шалгаруулахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж Сангийн яам дүгнэсэн. Тус компани энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, “С-У” ХХК-ийг сонгон шалгаруулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийн талаар Сангийн яаманд гомдол гаргаагүй. Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шийдвэр нь бие даасан захиргааны акт тул “Ч т” ХХК нь түүнийг эс зөвшөөрвөл хуульд заасан журмын дагуу гомдол гаргах байсан. Үүний зэрэгцээ хариуцагчаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903 дугаартай албан тоотоор “Ч т” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн бөгөөд тус компани энэ талаар ч Сангийн яаманд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглээгүй, зөрчсөн юм.
Нэхэмжлэгч нь энэ талаар тайлбарлахдаа тендерийн тухай хуулийн 55.2-т “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу бид Сангийн яаманд дахин гомдол гаргах шаардлагагүй байсан гэдэг. Хуулийн тус заалтын агуулга нь нэг маргаан бүхий захиргааны актын талаар хоёр удаа гомдол гаргахгүй байх тухай ойлголт билээ. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь Сангийн яаманд гомдол гаргахдаа хариуцагчийн Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай албан бичгээр өгсөн хариу буюу шийдвэрийн талаар гомдол гаргасан. Сангийн яам тухайн гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэж хариу өгсний дараа хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахин шинэ захиргааны актууд гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захиргааны актуудтай холбоотой Сангийн яамд гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг хариуцагчийн гаргасан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн актуудад хамруулан тайлбарлах, үүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэх үндэслэлгүй юм. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүх бидний энэхүү тайлбар, маргаанд тодорхой дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн 10 дугаартай хэсэгт “... урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй, дахин үнэлгээнд нэхэмжлэгчийн эрх ашиг яригдахгүй, сэргэх эрх ашиг байхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн байна. Гэвч шийдвэрийн тухайн хэсэгт яагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа тухай эсвэл явагдах шаардлагагүй гэж үзэж байгаа эсэх тухай огтоос дүгнэлт хийгээгүй байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.
Бид нэхэмжлэгч компани тендерийн шаардлага хангаагүй буюу дээж ирүүлээгүй гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй гэж болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэж маргаж тодорхой тайлбар гаргасаар байтал шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэх үндэслэлд хамаарна гэж бодож байна. Иймд магадлалд энэ талаар буюу маргаан бүхий асуудлаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэртээ үндэслэл огт бичээгүй болох талаар тодорхой тусгаж өгнө үү.
3.4. Бусад үндэслэлүүд: Гуравдагч этгээд болох “С-У” ХХК-ийн тендер нь хуульд заасан шаардлагыг хангаж байсан байна. Нэхэмжлэгч компани нь “С-У” ХХК-ийн эм зүйч Б.Б гэж хүний зөвшөөрлийн гэрчилгээ нь хүчингүй болсон талаар тайлбарлаж маргадаг. Гэвч тендерийн Үнэлгээний хороо нь гагцхүү тендерт хавсаргасан баримтуудыг ашиглаж шийдвэр гаргадаг. Тухайн үед тус хүний зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсон талаар ямар нэгэн шийдвэр, баримт байгаагүй. “Ч т” ХХК-ийн зүгээс гэсэн энэ талаар бидэнд баримт ирүүлж байгаагүй. Гагцхүү шүүх хуралдааны явцад энэ талаар нотлох баримтууд цуглуулж байгаа билээ. Иймд Үнэлгээний хороо тухайн нөхцөл байдалд буруутгах боломжгүй юм.
Тухайлбал, шүүгч гагцхүү хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж шийдвэр гаргадаг. Иймд хэрэгт авагдаагүй баримттай холбогдуулан шүүгчийг буруутгах үндэслэлгүй билээ. Үүнтэй ижил нөхцөл байгааг та бүхэн ойлгож байгаа гэж итгэж байна. Түүнчлэн “С-У” ХХК нь Б.Б гэж хүнээс гадна өөр эм зүйчидтэй, энэ талаарх баримтууд нь ирсэн байсан. Тодруулбал, М.Э, Ч.Н, Г.Б, Б.Д гэж эм зүйчидтэй болох талаар мэдээлэл, холбогдох диплом, гэрчилгээ авагдсан байдаг. Энэ талаарх баримтуудыг бид шүүхэд гаргасан хариу тайлбарын хамт нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд Б.Б гэж эм зүйчийн асуудлаас үл хамааран “С-У” ХХК-ийн тендерийн бичиг баримтууд нь зохих шаардлагыг хангаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, Б.Б гэж хүний бичиг баримтыг үндэслэж л “С-У” ХХК-ийг тендерт шалгаруулсан мэтээр тайлбарлах, ойлгох нь үндэслэлгүй юм.
Шүүхийн шийдвэрийн 8 дугаартай хэсэгт Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 634 дугаартай тушаалаар Б.Б гэж хүний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар тайлбарласан байна. Гэвч энэ асуудлаар хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм. Учир нь тухайн тушаал нь тендер шалгаруулалтын явцад хүчин төгөлдөр болоогүй буюу тухайн тушаалыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагч болон иргэн Б.Б өөрөө ч мэдээгүй, танилцаагүй байсан. Хариуцагч байгууллагын зүгээс тухайн тушаалыг олж авах боломжгүй байсан. Тендерийн тухай хуулийн 5.1.1, 5.1.2-т тус тус заасан ёсоор тендер гэдэг бол сонирхогч этгээдийн ирүүлж байгаа санал бөгөөд тендер шалгаруулалт гэж ирүүлсэн бичиг баримтыг үнэлэх, шийдвэр гаргах үйл явц билээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гагцхүү ирсэн бичиг баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг болохоос сонирхогч этгээдээс болон бусад этгээдээс нэмэлтээр баримт шаардах, авах эрхтэй гэвэл сонирхол этгээд бүрээс нэмэлтээр баримт авах, дутууг нь гүйцээ замаар шалгаруулах боломжтой болж, тендер шалгаруулалт замбараагаа алдана. Тодруулбал, хуулийн 25.1-д тендерийн оролцогч нь заасан хугацаанд багтаан тендерийн баримт бичиг ирүүлэх, зөвхөн тус хугацаанд багтаан нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой талаар заасан. Иймд тендерийг нээснээс хойш хэн нэгний дутуу баримтыг гүйцээж авах бүрэн эрх тендерийн захиалаагч, үнэлгээний хороонд байхгүй юм. Тендерийн үнэлгээний хороо нь тийнхүү оролцогч, бусад этгээдээс нэмэлт баримт авах, шаардах эрхтэй эсэх талаар шүүх дүгнэлт хийсэнгүй.
Ийнхүү дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлүүдийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул түүнийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгох шийдвэр гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал, дээр дурдсан 1, 2, 3-т заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв тус үндэслэл байхгүй гэж үзвэл гомдлын 1, 4-т заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв тус үндэслэл байхгүй гэж үзвэл гомдлын 1, 4-т заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... 4.1. Шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дахь заалтын Хавдар судлалын үндэсний төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан тендерийн 18 дугаар багцын шалгаруулалтыг дахин үнэлж гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийг дээрх хуулийн заалтуудад нийцсэн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь шүүхээс хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүх дүгнэлтдээ: “С-У” ХХК нь 2023 оны тендер шалгаруулалтад Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/634 дүгээр тушаалаар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвшөөрөл нь хүчингүй болсон хүнийг санал болгосныг хууль журамд заасан шаардлага хангасан гэж үзэж, шалгаруулалтад оролцуулан шалгаруулсан хариуцагчийн үйлдлийг дээрх хуулийн заалтад нийцээгүй бөгөөд зөвтгөх боломжгүй байна гэж дүгнэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалыг Б.Б-т мэдэгдсэн болох нь нотлогдоогүй, харин 4 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ирүүлсэн албан тоотоор тус актыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн болох нь тогтоогдсон болно. Иймд гуравдагч этгээдийн зүгээс тус нийтэд ил мэдээллийн сангаас тендерийн баримт материал ирүүлэх хугацаандаа шалгарсан ч ажилтан Б.Б-ийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн зөвшөөрөл хүчинтэй байсан. Энэ нотлох баримтыг няцаах баримт хэрэгт авагдаагүй болно. Иймд тус Эрүүл мэндийн сайдын тушаал нь хүчин төгөлдөр болоогүй, тухайн захиргааны актыг хаяглагдсан этгээд болох Б.Б мэдээгүй, мөн ажил олгогч “С-У” ХХК нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсныг шүүх анхаарч үзээгүй байна.
Иймд гуравдагч этгээдийг Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7.4.-д заасан “... баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах үүргээ зөрчсөн” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүйн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд үндэслэл болгон мэтгэлцсэн нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн талаараа тусгаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэх бөгөөд шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн тус заалтыг хэрэглэх ёстой боловч хэрэглээгүй, зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий заалтуудыг дурдаж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
4.2. Нэхэмжлэгчид ашиг, сонирхол байгаа эсэхэд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” хэлнэ гэж заасан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зорилго нь энэхүү агуулгын хүрээнд хэрэгжиж, нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөн, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэл хангагдсанаар эрх нь хэрхэн сэргэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх ёстой.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримтууд нь загвар дээж дутуу, техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тул тендерт шалгаруулаагүй талаар Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаар албан тоотоор мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгч компани Сангийн яаманд уг асуудлаар гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/4642 дугаартай шийдвэрээр “Ч т” ХХК-ийг тендерт шалгаруулаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Гэтэл уг асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй бөгөөд харин ч нэхэмжлэл гаргахдаа техникийн тодорхойлолтод нийцсэн бараа бүтээгдэхүүн байгаагүй талаар дурдсан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар түүнд сэргэх эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүхээс “Ч т” ХХК-ийн тендерийн бичиг баримт шаардлага хангасан эсэх, тухайн компанийг тендерт шалгаруулаагүй нь үндэслэлтэй эсэх асуудалд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн “... Н.Э нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны 03/4642 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийхдээ нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийг оролцуулж, түүнд үнэлгээний хорооны шийдвэрийг хүргүүлсэн байх тул...” гэсэн ойлгомжгүй дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тухайн тендер шалгаруулалтад оролцсон л бол эрх, ашиг байгаа мэтээр тайлбарласан нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг зөрчиж, маргааны хүрээг хэт өргөжүүлэх үр дагаварт хүргэх юм. Тухайлбал нэхэмжлэл гаргагчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхол байгаа эсэх, нэхэмжлэл хангагдсанаар эрх ашиг нь хэрхэн сэргэх вэ гэдэгт шүүхийн үйл ажиллагаа чиглэх учиртай юм.
Харин шүүхээс нэхэмжлэгчийн тендерт ирүүлсэн материал нь тендерийн бичиг баримтад заасан шаардлага хангасан эсэх, шаардлага хангасаар байхад хариуцагч хууль бус үйлдлээр тухайн этгээдийг шалгаруулаагүй нөхцөл байдал тогтоогдсон эсэх асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, зөвхөн тус тендерт оролцсоноор эрх ашиг байсан мэтээр дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Мөн түүнчлэн шүүхээс Үндэслэх хэсгийн 12 дахь хэсэгтээ “... Үнэлгээний хорооны шийдвэртэй маргах эрхгүй гэж шууд үзэхгүй, түүнд ашиг сонирхол байгаа болох нь холбогдох тайлбаруудаар тогтоогдож байх тул...” гэсэн дүгнэлт хийсэн ба ингэхдээ ямар ашиг сонирхол байгаа гэж үзсэн нь тодорхойгүй, түүнчлэн гагцхүү нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн ашиг сонирхол байгаа гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэснийг ноцтой зөрчиж, нотлох баримтад үндэслэгдээгүй нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Ч т” ХХК-иас “Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан 18 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин үнэлж шийдвэр гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, 18 дугаар багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэр захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “С-У” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч захиргааны акт, гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө хүчингүй болгуулахыг хүсэж байсан захиргааны акт, гэрээ тодорхой шалтгааны улмаас хүчингүй болсон эсхүл хэрэгжээд дууссан бөгөөд уг захиргааны актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай. Гэтэл шүүхээс маргаан бүхий захиргааны акт, гэрээ зэргийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн аливаа зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээргүй байх төдийгүй нэхэмжлэгчид хууль бус байсан болохыг тогтоолгох “ашиг сонирхол” тогтоогдохгүй байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан НОННХСҮТ/202302002 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт зарласан бөгөөд уг тендерийн 18 дугаар багцад нэхэмжлэгч “Ч т” ХХК, гуравдагч этгээд “С-У” ХХК-иуд оролцсон байх ба тендерийн Үнэлгээний хороо тендерийн чадавхийн үнэлгээний үр дүн, загвар дээжийн үнэлгээтэй танилцан шийдвэр гаргахаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан бөгөөд Багц-18 “Ч т” ХХК-ийг “дээж дутуу, дүгнэх боломжгүй”, ТОӨЗ-ны 19.3 дахь заалтын дагуу багаж хэрэгслийг ашиглах мэргэжлийн багийн үнэлгээг харгалзан үзэж татгалзсан бол “С-У” ХХК-ийг босго үнэд багтсан, техникийн тодорхойлолт хангагдсан гэж үзээд үнэлгээний хорооны гишүүд 100 хувь дэмжиж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.
2.4. Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4642 дугаар албан бичгээр “... “Ч т” ХХК тендерт 180 см-ийн хэмжээтэй чиглүүлэгчийн загвар дээж ирүүлээгүй, 8fr. 11fr хэмжээтэй дамжуулах гуурсны дээж ирүүлээгүй байх тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 30.1, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад заасныг үндэслэн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэжээ. Харин “... “Ч т” ХХК-ийн ирүүлсэн гомдолд захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “С-У” ХХК-ийн эм зүйчээр санал болгосон Б.Б Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 264 дүгээр тушаалаар баталсан хүний нөөцийн шаардлагыг хангаагүй, өөрийн компанийн үндсэн ажилтан биш, хүнийг ажилладаг мэтээр баримт бүрдүүлж, улмаар хүчингүй болсон эм барих эрхийн зөвшөөрлийн гэрчилгээг нь ашиглан тендерт оролцож байгаа талаар дурдсан байх тул уг асуудлыг нягтлах нь зүйтэй” гэсэн агуулгаар захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаар шийдвэрийг хүчингүй олгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагчид мэдэгдсэн байна.
2.5. Үүний дагуу тендерийн үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн тендерийн 18 дугаар багц “С-У” ХХК-ийн ирүүлсэн баримт бичигт дахин үнэлгээ хийж, төсөвт үнийн дүнд багтсан “С-У” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мэдэгдэл хүргүүлж, “Ч т” ХХК-д дахин үнэлгээний талаар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/903, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/946 дугаар мэдэгдлүүдийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ч т” ХХК-ийн хувьд Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т “Санал болгож буй бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримт нь тухайн барааны дээж байна. Тухайн багцад санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн дээж ирүүлнэ. Дээжийг хэрэглэж болох талаар тэмдэг тавьсан байна. Шаардлагатай бол задалж үзнэ. Загвар дээжийг заавал ирүүлэх ба загвар дээж ирүүлээгүй, дутуу ирүүлсэн бол үнэлэх боломжгүй...” гэж заасны дагуу холбогдох дээжүүдийг бүрэн ирүүлээгүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар болон Сангийн яамны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/4642 дугаар албан бичгээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хууль /2005 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-д “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Ч т” ХХК-иас ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасагдсан байх тул бусад оролцогчоос ирүүлсэн тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчаас “хамгийн сайн” тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, байгуулсан гэрээ зэрэг нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй.
2.8. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээд “С-У” ХХК-ийн санал болгон ирүүлсэн худалдааны менежер Б.Б-ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/634 дүгээр тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч гуравдагч этгээд “С-У” ХХК нь Б.Б-ээс гадна Б.Д, Г.Б, М.Э, Ч.Н гэх 4 эм зүйчтэй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь нэгэнт тендер хянан үзэх үе шатнаас хасагдсан байгаа энэ тохиолдолд шаардлага хангасан тендер ирүүлсэн гуравдагч этгээд “С-У” ХХК-ийн ажиллах хүчийг шаардлага хангахгүй гэж тайлбарлан маргах нь мөн л нэхэмжлэгчийн аливаа эрхийг сэргээхээргүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
2.9. Түүнчлэн анх нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Захиалагч буюу Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан НОННХСҮТ/202302002 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендер”-ийн 18 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлт, мөн багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн сонгон шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер явуулахыг тухайн этгээдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6731 дүгээр захирамжаар “Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан НОННХСҮТ/202302002 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендер”-ийн 18 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулах даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2.10. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс “Хавдар судлалын үндэсний төв болон “С-У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №НОННХСҮТ/202302002/01/11 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд 2023 оны өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” гэрээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан НОННХСҮТ/202302002 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд өндөр өртөгтэй эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл нийлүүлэх тендер”-ийн 18 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлж, шийдвэр гаргасан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан НОННХСҮТ/202302002 дугаартай тендер шалгаруулалтын 18 дугаар багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон Хавдар судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хавдар судлалын үндэсний төв болон “С-У” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн № НОННХСҮТ/202302002/01/11 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд 2023 оны өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
2.11. Тодруулбал, нэхэмжлэгчээс анх маргааны бүхий захиргааны акт, гэрээг хүчингүй болгуулахаар маргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гуравдагч этгээд “С-У” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу худалдан авалтыг хийж, гэрээ хэрэгжсэн талаарх тайлбар, нотлох баримтыг ирүүлсэнтэй холбоотойгоор ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хүлээн авч, уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
2.12. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд захиалагч болон гуравдагч этгээд “С-У” ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас цаг хугацааны хувьд өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №НОННХСҮТ/202302002/01/11 дугаартай “Хавдар судлалын үндэсний төвд 2023 оны өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” гэрээг байгуулсан энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгч хариуцагчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захиргааны актуудтай холбоотой Сангийн яаманд гомдол гаргаж байгаагүй, ... урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3-д тус тус заасныг баримтлан “Ч т” ХХК-иас Хавдар судлалын үндэсний төвийн захиралд холбогдуулан гаргасан “Хавдар судлалын үндэсний төвөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зарласан 18 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин үнэлж шийдвэр гаргасан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай үнэлгээний дүгнэлт, 18 дугаар багцад “С-У” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/904 тоот шийдвэр захиалагч Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “С-У” ХХК-тай байгуулсан гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.У нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН