Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Болормаа;

Улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

Шүүгдэгч Б.Одхүү, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их туг овогт Баярбатын Одхүүд холбогдох эрүүгийн 201625021490 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Даймонд гласс” ХХК-д хангамжийн инженер ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 98 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 170а байрны 107 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, НА88042374 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Их туг овогт Баярбатын Одхүү.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Одхүү нь 2016 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа хохирогч Р.Эрдэнэмөнхийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Одхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” караокегоос гараад тамхи татаад зогсож байхад хохирогч найз нарын хамт гарч ирээд орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би “уусан идсэнээ шингээгээч ээ” гэж хэлсний төлөө намайг “хүрээд ир” гэж дуудсан. Намайг яваад очиход шар цувтай нэг залуу нь намайг хальт цохисон. Хохирогч Эрдэнэмөнх намайг бооход би боолтноос нь гарахын тулд хойшоо нэг тохойлдоод, зай авахын тулд нэг удаа цохисон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед манай найз нар, хохирогчийн найз нар бид хоёрыг салгасан. Хохирогч Эрдэнэмөнх, шар цувтай залуу хоёр над руу дайрахад нь манай найз нар “явъя” гэж хэлээд хэргийн газраас явсан гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Р.Эрдэнэмөнхийн мэдүүлсэн /хх-ийн 51-52/: “…2016 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө би өөрийн найзуудын хамт “Түмэн” төвийн 1 давхарын “Айреш” пабад сууж байгаад шөнийн 02 цагийн орчим найзуудын хамт гарсан. Манай 3 найз түрүүлж гараад тамхи татаж байсан. Би араас нь гараад найзуудын хамт зогсож байтал “Түмэн” төвийн хаалга онгойлгоод хэдэн залуучууд гарч ирсэн. Тухайн үед манай найз Энхбаатар “хойшоо болоорой согтуу хүмүүс гарч ирж байна шүү” гэж хэлэхээр нь бид нар зам тавиад өгсөн. ...Тэгээд байж байтал нэг залуу нь Энхбаатарын хэлсэн үгийг сонсчихоод “юу гээд байгаа юм бэ, ална шүү” гэх утгатай зүйл хэлсэн. Энхбаатар хариуд нь “уучлаарай тоглосон юм” гэж хэлсэн. Гэтэл дахин хэдэн залуучууд гарч ирээд 5-6 залуу болсон. Тэд хоорондоо юм яриад “энэ залуучууд бид нарыг согтуу гээд байна, би очоод шаачих уу” гэх зэрэг үг ярьж байгаад 2 залуу нь гүйж ирээд Энхбаатар руу дайрсан. Энхбаатарын урд манай 2 эмэгтэй найз зогсож байсан болохоор Энхбаатарыг цохиогүй. Би нэг алаг хувцастай залууг нь “хөөе болиоч ээ” гэж хэлээд бариад автал миний араас нэг залуу татсан. Тэр алаг хувцастай залуу нь намайг цохьсон. Тухайн үед би манарсан ба миний нүүрнээс цус гарсан. Тэгэхээр нь “та нар яаж байгаа юм” гээд муудалцах гэтэл манай найзууд “боль” гээд болиулсан. Тэгээд “цагдаа дуудъя” гээд байж байтал тэр залуучууд машиндаа суугаад явчихсан. ... Миний толгой хэсэгт цохьсон ба миний баруун нүд хөхөрч хавдсан хацрын дээд хэсэгт язарч цус гарч байсан. Мөн дух хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Отгонбилэгийн мэдүүлсэн /хх-ийн 8/: “...2016 оны 05 дугаар сарын 13-ны орой “Түмэн” төвийн пабад найз Одхүү, Өнөболд, Батнаран, Эрхэс бид нар ажил хэргийн талаар ярьж байгаад шөнө 00-01 цагийн орчим тус пабаас гарсан. Бид нарыг гарах үед “Түмэн” төвийн үүдэнд хэдэн залуучууд болон хэдэн эмэгтэй хүмүүс шуугилдаад зогсож байсан. Бид нар хажуу талд нь тамхи татаад зогсож байтал нэг залуу “үхсэндээ хараад байгаа юм, лалруудаа” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь Одхүү явж очоод “уусан идсэнээ шингээ, ингэж болохгүй” гэхэд тэнд байсан нэг залуу Одхүүг цохиод авсан. Мөн тэнд байсан залуучууд Одхүү рүү дайрсан. Тэгэхээр нь би очоод нэг залууг нь хойш татаад Одхүүг салгасан. Одхүүтэй маргасан залууг тэнд байсан эмэгтэйчүүд татаад аваад явсан. …Бид тамхиа татаад зогсож байтал 3 залуу Одхүүг хөөгөөд ирсэн. Одхүү тэр гурван залуугаас зугтсан. Бид нар тухайн үед хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч У.Эрхэсийн мэдүүлсэн /хх-ийн 53/: “...Би гадаа тамхи татаж байгаад бие засах гээд паб руу ороод буцаад гараад ирэхэд “Түмэн” төвийн зүүн талын зогсоол дээр нэг залуу Одхүүтэй зууралдчихсан хэдэн эмэгтэй салгах гээд байж байсан. ...Маргаан юунаас болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Өнөболдын мэдүүлсэн /хх-ийн 54/ “... Бид нар гадаа гарч ирээд дуудлагын жолооч хүлээгээд зогсож байхад “Түмэн” төвөөс хэдэн залуучууд эмэгтэйчүүд гарч ирцгээсэн. Тэд нар бид нарыг гадаа зогсож байхад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тухайн үед манай найз Одхүү нэг залуутай барилцаад авахаар нь Отгонбилэг бид 2 салгасан. Тэгээд тэр хүмүүсээс холдоод тамхи татаад зогсож байтал тэнд байсан залуучуудын нэг нь хүрч ирээд Одхүүг дахин барьж аваад, араас нь өшиглөсөн. ...Тэгээд Одхүү тэр хоёр бие биенээ хэд хэд цохилцоод салсан...” гэх мэдүүлэг

 

гэрч Б.Энхбаатарын мэдүүлсэн /хх-ийн 55/ “...2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр би аялал жуулчлалын ажилчдын хамт Энхтайваны гүүрний баруун хойно байрлах “Айреш” пабад сууж байгаад шөнийн 01 цагийн үед гараад гадаа хоёр эмэгтэйтэй тамхи татаад зогсож байтал тухайн рестораны үүдээр ойролцоогоор 6-н үл таних залуучууд гарч ирсэн. Би тэдгээр залуусыг “согтуу байна” гэж хэлээд цаашаа холдоод явж байтал тэр залуучууд миний ярьсныг сонсоод над дээр ирээд зодох гээд байхлаар нь “болъё, адилхан согтуу байна” гэхэд хажуунаас нэг том биетэй залуу гарч ирээд над руу дайрсан. Намайг манай хоёр эмэгтэй найз болох Болортуяа, Гүл нар салгаад байж байтал Эрдэнэмөнх гарч ирээд “боль” гээд нөгөө залуучуудын нэгийг нь бариад авсан. Эрдэнэмөнхийн араас нэг залуу татаж байтал  нөгөө том биетэй залуу эргэж хараад Эрдэнэмөнхийн нүүрэн тус газар нь гараа атгаад хэд хэдэн удаа цохисон. ...Тэр том биетэй гэх залуу Эрдэнэмөнхийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж, хэвтүүлж байгаад гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

                                                   

гэрч Б.Батнасан /хх-ийн 9/, Н.Онон /хх-ийн 56/, Б.Баяраа /хх-ийн 57/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6654 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11/, Б.Одхүүгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16, 58-59/, Б.Одхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/, “Даймонд гласс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 18/, Б.Одхүүгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19/, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 21/, Б.Одхүүгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-47/ зэрэг болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Прокуророос шүүгдэгч Б.Одхүүг 2016 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Түмэн” төвийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайран хохирогч Р.Эрдэнэмөнхийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин түүнийг болон найз нарыг нь “хэл үгээр” доромжилсноос үүдэлтэйгээр хохирогчийг зодсон үйлдлийг үл ялих зүйлээр шалтаглаж эсхүл ямар ч шалтгаангүйгээр танхайрсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус харьцааны улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Одхүүгийн үйлдэл нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ байдал нь яллах дүгнэлтэд дурдсан “бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн, эмх замбараагүй шинж бүхий танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2007.10.29-ний өдрийн 41 дүгээр тогтоолд зааснаас үзэхэд  /танхайрах гэмт хэргийг хүний амь бие, эрүүл мэндийн гэмт хэргээс ялган зүйлчлэх талаарх хэсэгт/ сэдэлт, санаа зорилго зэрэг субъектив талын шинж, үйлдэл, үр дагавар зэрэг объектив талын шинжээр ялгагдахаар заасан байна.

 

Эндээс үзэхэд шүүгдэгч Б.Одхүү, түүний найз нарыг хохирогч Р.Эрдэнэмөнх нь “Түмэн” төвийн гадна “замаас зайл, юу харсан лалар вэ” гэснээс маргаан үүсч түүнд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг тодорхой сэдэлттэй, хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн бөгөөд яллах дүгнэлтэд дурьдагдсан яллах талын нотлох баримт болох гэрч Э.Отгонбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ /хх-ийн 8/: “…бид нар тамхи татаад зогсож байтал нэг залуу “үхсэндээ хараад байгаа юм лаларуудаа” гэх мэтээр хэл амаар дормжилсон. Тэгэхээр нь Одхүү очоод “уусан идсэнээ шингээ, ингэж болохгүй” гэхэд тэнд байсан залуу Одхүүг цохиод авсан. Мөн тэнд байсан залуучууд Одхүү рүү дайрсан. Тэгэхээр нь би очиж салгасан…” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Өнөболд /хх-ийн 54/: “…”Түмэн” төвөөс хэдэн залуучууд, эмэгтэйчүүд гарч ирээд бид нарыг гадаа зогсож байхад хэл амаар доромжлоод эхэлсэн. …тэр залуусаас холдоод тамхи татаад зогсож байтал тэнд байсан залуучуудын нэг нь хүрч ирээд Одхүүг дахин барьж аваад араас нь өшиглөсөн. Тэгээд тэр залууг Одхүү цохьсон...” хэмээн шүүгдэгчийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар “...”Түмэн” караокеноос 4 залуу хэдэн хүүхний хамт гарч ирээд “замаас зайл бацаан нар” гээд байсан. Тэгэхээр нь би “ууж идсэнээ шингээгээч, чи дуугүй байгаарай” гэж хэлээд байж байтал “хүрээд ир” гээд дуудаад байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгээгүй бөгөөд дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэйгээр маргаан үүссэнийг нотолж байна.

 

Дээрх байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсон гэж дүгнэв.

 

Нөгөө талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “…шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана…” гэсэн шаардлагын дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэхээр тогтсон болно.

 

Шүүгдэгч Б.Одхүүгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Эрдэнэмөнхийн  биед “баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхи, духанд шарх, зүүн гуя, зүүн суганы ар хэсэгт цус хуралт” гэмтэл бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6654 дугаартай акт, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Одхүүгийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Одхүүд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэвч шүүгдэгч Б.Одхүүгийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэрээр 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх хэргийг үйлдсэн бөгөөд шүүхэд хэрэг хянагдах шатанд уг эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                               

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Б.Одхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Их туг овогт Баярбатын Одхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Одхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Одхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Одхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   

5. Шүүгдэгч Б.Одхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Одхүүд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ