Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чын Гт холбогдох эрүүгийн 2338000000053 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх газар буюу Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3.9325 м3 хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан огтолж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж ойн санд 663.235 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000053 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.9325 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай ургаа модыг хөрөөдөн тайрч, байгаль экологид 663235.7 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Доншиг гэх газар орж үзлэгийг явуулж ажиллав. Үзлэгээр мод бэлтгэсэн газрын байршлыг тогтоохоор Garmin GPS-р цэг авахад /N:50.34.38.5/ /Е:100.28.22.0/ цэгийг зааж байв. Мод бэлтгэсэн газарт цас орсон уулын ар хэсэг байв. Мод бэлтгэсэн газарт нийт 5 ширхэг модны хожуул байв. Модны хожуул бүрийн өндөр, диаметрийг хэмжиж ажиллав. Мод бэлтгэсэн Доншиг гэх газарт өмнө мод бэлтгэлт явагдсан мөргүй, шинээр мод бэлтгэл явагдсан шинэ мөртэй цас нь дээр модны шар үрдэс унасан, мод бэлтгэсэн байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Уын өгсөн: “..Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Доншиг гэх газар Хатгал тосгоны төвөөс Далай дээгүүрээ 25 километрийн зайд байрлах Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтай газрын бүс нутагт хамаардаг газар нутаг...Тусгай хамгаалалтай газрын бүс нутагт иргэн хүн манай байгууллагад өргөдөл хүсэлт гаргасны үндсэн дээр цэвэрлэгээний ажлаар иргэн хүнд мод бэлтгэх эрхийн бичиг олгодог, босоо мод бэлтгэх эрхийн бичиг олгодог зүйл байхгүй. Г гэх иргэний гаргасан үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн асуудал юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Э.Уы өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хатгал тосгонд гэртээ байж байхад дүү болох Г нь хөдөө Алаг-цар орж өвс бэлтгэж ачна, мөн түлээ бэлтгэх ажил байна гэхээр Г, Б нартай хөдөө Доншиг гэх газар руу Бын 33-98 ХӨВ улсын дутаартай тээврийн хэрэгслээр явсан.  Доншиг гэх газарт очоод уул руу өгсөж гарах гэсэн боловч тээврийн хэрэгслийн урд мост дахин дамжуулагч нь ажиллахгүй гарч чадаагүй. Г Б бид хоёрыг наад машинаа янзлаад байж бай гээд уул өөд өгсөөд Г түлээ бэлтгэж хөрөө дуугарч эхэлсэн. Б бид хоёр машинаа засаж дуусаад байж байтал модон дотроос Г экологийн байцаагчийн хамт гарч ирсэн. Г босоо 5 ширхэг мод унагасан байна гээд экологийн байцаагч бид нарыг аваад явсан...Алаг цар руу явж хадам ээжийндээ мод бэлтгэж, өвс бэлтгэж өгөх ажил байна, цуг яваад өгөөч гэсэн. Мод бэлтгэх эрхийн бичигтэй үгүй талаар мэдэхгүй байна. Би бол мод бэлтгэсэн газрын доод уулын аманд тээврийн хэрэгсэл эвдэрсэн байсан учраас мод бэлтгэсэн ой руу ороогүй хараагүй. Г мод бэлтгэж байгаад эргүүл хяналт шалгалтад баригдаж модноос гарч ирсэн. Бын тээврийн хэрэгслийн урд мост дахин дамжуулагч эвдэрсэн. Тэрийг л засаж байсан. Тэрнээс биш Гийн бэлтгэсэн модыг тээвэрлэж ачсан зүйл байхгүй. Мөн мод бэлтгэсэн газар нь Б бид хоёр очиж амжаагүй байж байхад экологийн байцаагч очиж Гийн мод бэлтгэж байхыг харсан байсан...Г нь өөрийнхөө хөрөөгөөр өөрөө мод бэлтгэсэн. Бид хоёрын хувьд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч З.Бын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хатгал тосгонд байж байхад Г ах хөдөө яваад өгөөч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 33-98 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Чандмань-Өндөр сумын нутаг болох Доншиг гэх газар руу Г, У нарын хамт явсан. Доншиг гэх газарт очиход уул өөд өгсөх гэсэн боловч миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд мост дахин дамжуулагч эвдэрсэн. У ах бид хоёр уулын энгэрт машинаа янзлаад үлдсэн. Г ах хөрөөгөө бариад уул өөд өгсөж мод бэлтгэсэн машинаа янзлаад дуусаж байтал уулнаас Г ах экологийн байцаагчийн хамт бууж ирсэн. Тэгээд хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд цагдаа нарын хамт Хатгал тосгон руу ирсэн ийм л зүйл болсон...Өвс ачиж түлээ бэлтгэж өгмөөр байна гэж намайг авч явсан мод бэлтгэх эрхийн бичигтэй үгүй талаар мэдэхгүй байна...Миний тээврийн хэрэгслээр бэлтгэсэн түлээг тээвэрлэсэн зүйл байхгүй. Г ахын мод бэлтгэж байхад нь экологийн байцаагч барьж аваад уулнаас бууж ирсэн. Тэгээд Хатгал тосгон руу буцсан...Г хужаа хөрөөгөөр өөрөө мод бэлтгэсэн. Далай дээгүүр 25 км зайтай байдаг. Уг мод бэлтгэсэн газрыг зааж өгч чадна...Доншиг гэх газар цас орсон байсан. Нэлээн зузаан цастай байсан...Г ахаас өөр мод бэлтгэсэн хүн байхгүй байсан. Тээврийн хэрэгсэл явсан ч мөр байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай: “...Иргэн Ч.Гийн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 3,9325 м3 түлээний хуурай шинэс мод байв. Ч . Гийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ 168655 төгрөг, модны хэмжээ 3.9325 м3, Экологи эдийн засгийн үнэлгээ 663235.7 төгрөг. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Уг мод түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай мод байв. 2012 оны ой зохион байгуулалтын 171-р хэсэглэлд хамгаалалтын бүсийн /1-р муж/ хамаарч байна. Чандмань-Өндөр сумын “Доншиг” гэх газар нь Хамгаалалтын бүсийн ой байгалийн цогцолбор газарт хамаарагдана. Мод бэлтгэсэн газар зүйн солбицолын цэг нь /N:50.34.38.5/ /Е:100.28.22.0/ GPS байршил нь /Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газарт хамаарана. 1986 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 37-р тогтоолоор Хөвсгөл нуурийн хамгаалалтын захиргаа-ны /ХУТХГ/ үндэс суурь тавигдсан байдаг. 1992 онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр -Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан. МУ-ын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно./-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

 Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн: “...Экологи-эдийн засгийн үнэлгээ 663235.7 төгрөг, Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 1.989.707.1 төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /хх-ийн 46 тал/,

 “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-923/5859 дугаартай: “Шинэс төрлийн хэрэглээнии 3.9325 м3 хуурай түлээний модны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 353.925 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-57 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-923/5860 дугаартай: “Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 2 дугаар сарын байдлаар 100.000 төгрөгийн үнэлгээтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Прокурорын Эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,

            Мөрдөгчийн Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 17 тал/,

Мөрдөгчийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

Шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөө байдаг хадам ээжийндээ өвс болон түлээ бэлтгэж өгөх ажлаар Доншиг гэх газар руу У, Б нарын хамт Бын тээврийн хэрэгсэл болох 33-98 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Доншиг гэх газрын уулын хэсэг рүү гарах гэтэл Бын тээврийн хэрэгслийн урд мост нь эвдэрсэн. Би Б, У, хоёрыг уулын доор үлдээгээд өөрийн хужаа хөрөөгөө аваад уулын өөд өгсөж гарч мод бэлтгээд байж байхад экологийн байцаагч ирээд юу болж байгаа талаар надаас асууж мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар асуусан. Надад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлээд модноос гарсан. Экологийн байцаагчийг ирэхэд би босоо 5-н ширхэг хуурай мод бэлтгэсэн байсан.  .. Хөрөөгөө цагдаад өгчихсөн байгаа. Хөрөөгөө 2018 онд шинээр нь авч 140.000 мянган төгрөгөөр авч байсан юм. 100.000 мянган төгрөгөөр үнэлнэ...Доншиг гэх газраас мод бэлтгэсэн үнэн, тээвэрлэсэн зүйл байхгүй...Мод унагаах ажилд У, Б нар оролцоогүй мод бэлтгэсэн газарт очиж чадаагүй...Би уг газарт мод бэлтгэх дээ ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.    

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч П.Уын Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэн хүн манай байгууллагад өргөдөл хүсэлт гаргасны үндсэн дээр цэвэрлэгээний ажлаар иргэн хүнд мод бэлтгэх эрхийн бичиг олгодог, босоо мод бэлтгэх эрхийн бичиг олгодог зүйл байхгүй. Г  нь энэ ойгоос цэвэрлэгээний аргаар мод бэлтгэх эрхийн бичиг аваагүйг гэрчилж өгсөн мэдүүлэг, гэрч Э.У, З.Б нарын Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 5 ширхэг шинэс төрлийн  босоо хуурай мод унагасан талаарх мэдүүлэг, түүний бэлтгэсэн мод нь шинэс төрлийн, түлшний хуурай 3.9325 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 663235.7 төгрөг, нөхөн төлбөр нь 1.989.707.1 төгрөг болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Гийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Улсын их хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоож шийдвэрлэжээ.

1992 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь тус бүс нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хэргийн газрын үзлэгийн “... мод бэлтгэсэн газрын байршлыг тогтоохоор “GARMIN GPS”-ээр цэг авахад “И:50.34.38.3”, E100:28.22.0цэгийг зааж байв” ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн  шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Гийн үйлдэл нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

Шүүгдэгч Ч.Гийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан, “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Гийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Доншиг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр 3.9325 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлшний хуурай мод  бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 663235.7 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 39 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 1.989.707 төгрөгийн /хх-ийн 46 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл Хатгал Нуур хамгаалал Төрийн  сангийн  100172113005 дугаартай  дансанд төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Гийн Хөвсгөл Хатгал Нуур хамгаалал Төрийн  сангийн 100172113005 дугаартай дансанд төлсөн 1.989.707 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Гийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Г өмгөөлөгчийн байр суурьнаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Байхгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.Гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 79, 81-86 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллого, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Алагцар гэх газар оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Гийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох нь зүйтэй байна.

 Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Гт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 3.9325 м3 хэмжээтэй модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Чын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Чын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ч.Гийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Гт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Ч.Гийн Хөвсгөл Хатгал Нуур хамгаалал Төрийн  сангийн 100172113005 дугаартай дансанд төлсөн 1.989.707 /нэг сая есөн зуун наян ес мянга долоон зуун долоо/ төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 3.9325 м3 хэмжээтэй модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эрүүгийн 2338000000053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН