Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Гд холбогдох эрүүгийн 2338000000058 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газраас 4.25 метр куб шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж өөрийн эзэмшлийн 73-89 ХӨА улсын дугаартай УАЗ  маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 716.784 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл авахгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 73-89 ХӨА улсын дугаартай УАЗ 3303 загварын тээврийн хэрэгсэлтэй Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх  газрын ойд шинэс төрлийн хуурай ургаа мод хөрөөдөн 2.50 метрийн хэмжээтэй тайрч, нийт 53 ширхэг буюу 4.25 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 716.784 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ггийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газар албаны тээврийн хэрэгслээр ирж үзлэгийг хийхэд ойн сан бүхий газар байв. Уг газар цас орсон, цасны зузаан 45 см байв. Мод бэлтгэсэн гэх Өлзий толгой гэх газрын солиболцлийг GPS ашиглан цэг авахад N 51.02.09.3, E 099.48.19.3 цэгийг зааж байв. Мод бэлтгэсэн гэх газар нийт 6 ширхэг модны хожуул байв. Ойролцоо модны өндөрийг үзэхэд 19 м өндөртэй байв...Мод бэлтгэсэн газар хожуул бүрийн хажууд мод бэлтгэл явагдсан. Модны шар өнгийн үрдэстэй байв. Мод бэлтгэл явагдсан газар нутаг нь уулын ам хэсэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын цагдаагийн хэсгийн хашаанд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн 73-89 ХӨА УАЗ загварын тээврийн хэрэгсэл дээр ачсан мод байв. Тээврийн хэрэгслийн тэвшний урт 2 метр 50 см, өргөн нь 1 метр 50 см-тэй байв. Тээврийн хэрэгсэл дээр тээвэрлэгдсэн модыг тоолоход 53 ширхэг хуурай мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/,

2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай Прокурорын “Эд мөрийн баримтыг хураан тухай” зөвшөөрөл /хх-ийн 13 тал/,

Прокурорын мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 16 тал/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 21 тал/,

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 22 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Бгийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газраас хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн Бын Гд холбогдох гомдол мэдээлэлд Засаг даргын тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. 2023 он гарснаас хойш иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байхад тухайн иргэн хууль бусаар мод бэлтгэсэн асуудал гарсан байна. ..Сумын төвөөс 15 километрийн зайд байрладаг газар байгаа юм, уг газар Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт хамаарна...2023 гарснаас хойш мод бэлтгэх эрхийн бичиг өнөөдрийг хүртэл иргэдэд олгосон зүйл байхгүй Б.Г нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

Гэрч Н.Бийн өгсөн: “...2023 он гараад мод бэлтгэх эрхийн бичиг иргэдэд олгоогүй байгаа...Өлзий толгой гэх газар миний хариуцсан нутаг дэвсгэр болох 4 дүгээр багийн нутагт хамаардаг газар байгаа юм... Хууль бусаар мод бэлтгэж болохгүй талаар гарын авлага материалыг байнгын өгч ажиллаж байгаа... Иргэн хүнд босоо мод унагах эрх байхгүй, иргэн хүн цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг заавал авч байж ойн сан бүхий газар руу орно. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй мөн босоо мод унагасан асуудал хууль зөрчсөн асуудал...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Гэрч Б.УБын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай дүү болох Нямбат машин олчихлоо гэр нүүлгэж өгөөч гэсэн. Рэнчинлхүмбэ сумын төв дээрээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Г гэх залуугийн Уаз-352 73-89 ХӨА улсын дугаартай ачааны машинаар Рэнчинлхүмбэ сумын 4 багийн нутаг Их толгойн өвөр гэх газарт гэрийг нь буулгаж өгөөд Г гэх залуу машинаа бариад бид хоёр Рэнчинлхүмбэ сум руу буцаж явах замд Г айлд мод бэлтгэж өгөх юм Өлзийт толгой гэх газраас Г өөрийн хар өнгийн тайга нэртэй хөрөөгөөр 6-н ширхэг босоо мод унагаж 1 метр 80 см хувааж өөрийн 73-89 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан. Би мод бэлтгэх ачих ажилд оролцоогүй саяхан тэмцээнд орж байгаад гараа бэртээсэн учраас юм өргөж болохгүй байсан. Өлзийт толгойгоос хөдлөөд Жаргант голын эхэнд экологийн байцаагч шалгасан ийм л зүйл болсон... Б.Г энэ санааг гаргасан, айлд мод бэлтгэж өгөх ёстой гээд мод бэлтгэж эхэлсэн...Цас орсон машин зам гарсан байсан бид хоёроос өөр хүмүүс мод бэлтгэж байсан зүйл байгаагүй. ..Уг тээвэрлэж явсан модыг Б.Г 6 ширхэг босоо хуурай мод унагаж ачсан...Тэр талаар би мэдэхгүй байна би модонд явж үзээгүй, айл нүүлгэх гэж л Гтэй явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай: “Иргэн Б.Ггийн бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр 1.70 м өргөнтөй, 1 м өндөртөй, 2.50 см урттай 53 ширхэг хуурай мод болох нь тогтоогдов. Б.Ггийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1м3 шинэс модны үнэ 168655 төгрөг, Модны хэмжээ м3 4.25, Экологи эдийн засгийн үнэлгээ 716784 төгрөг. Уг бэлтгэсэн мод нь түлээний мод байна. Мод бэлтгэсэн газар 1 дүгээр мужид хамаарна. Мод бэлтгэсэн гэх газар нутаг нь тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,  

Хохирлын үнэлгээ тогтоосон шинжээч Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн: “Яллагдагч Б.Гг ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход Экологи-эдийн засгийн үнэлгээ 716.784 төгрөг, Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 2.150.352 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дахь заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов.” гэх дүгнэлт /хх-ийн 50 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-923/5918 дугаартай: “...Шинэс төрлийн хэрэглээний хуурай түлээний модны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 382.500 (гурван зуун наян хоёр мянга таван зуу)-н төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх тайлан /хх-ийн 53-55 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-923/5917 дугаартай: “...Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 02 дугаар сарын байдлаар 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов..” гэх дүгнэлт /хх-ийн 60-62 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ХӨА: 1001314 дугаартай: “Б.Ггийн эзэмшлийн 73-89 ХӨА улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монгол улсад орж ирсэн 3303 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 4.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх тайлан /хх-ийн 67-68 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ггийн яллагдагчаар өгсөн: “..Би прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.    

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч М.Б, гэрч Н.Б нарын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газарт 2023 он гараад мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байхад Б.Г нь энэ ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг гэрчилж өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн  тасгийн экологийн байцаагч  цагдаагийн дэслэгч Б.Ганболд эргүүл хяналт шалгалтын  үүрэг гүйцэтгэж байх явцдаа 73-89 ХӨА улсын дугаартай бор ногоон өнгийн ачааны тээврийн хэрэгсэл мод тээвэрлэн явж байхад нь зогсоож шалгасан, тээврийн хэрэгслийн жолооч Б.Г ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж тээвэрлэж явсаныг илрүүлснийг гэрчилж өгсөн гэрч  Б.УБын мэдүүлэг, түүний бэлтгэж тээвэрлэсэн мод нь шинэс төрлийн, түлшний хуурай 4.25 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 716784 төгрөг, нөхөн төлбөр нь 2.150.352  төгрөг болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний дүгнэлт, хэрэг учралын газарт болон мод, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Г нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн, тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, тээвэрлэсэн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гг  2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг Өлзий толгой гэх газрын ойгоос 4.25 метр куб хэрэглээний шинэс модыг  бэлтгэж,  гарал  үүслийн гэрчилгээгүйгээр 73-89 ХӨА улсын дугаартай УАЗ 3303 загварын  тээврийн хэрэгслээр тээвэрлэж экологи эдийн засагт 2.150.352 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 716.784 төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2.150.352 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Төрийн  сангийн  100170900988 дугаартай  дансанд төлсөн байна. Иймд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Төрийн  сангийн  100170900988 тоот данснаас 2.150.352 төгрөгийг  буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Гг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсвэл хорих ялын дээд хэмжээ 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх эсвэл хорих ялыг сонгон оногдуулах эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн хуулийн заалтыг оруулж өгсөн. Энэ хуулийн заалтад миний үйлчлүүлэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэрэг байдлууд хамаарч байгаа учраас түүний цаашид төрийн байгууллагад ажиллах, бусад улс оронд гарахад эрүүгийн хариуцлага нь насан туршдаа явдаг учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэсэн санал гаргаж байна..” гэв.

Шүүгдэгч Б.Ггийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 85-88 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Зөөлөн багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 2, аавын хамт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ггийн үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, өмгөөлөгчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Прокурорын 2023 оны 2 дугаар  дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 73-89 ХӨА улсын дугаартай УАЗ 3303 загварын тээврийн хэрэгсэл нь Б.Ггийн эзэмшилийнх болох нь хавтаст хэргийн авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 80 тал/  нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХӨА:1001314 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй 73-89 ХӨА улсын дугаартай УАЗ 3303 загварын тээврийн хэрэгслийг,

гэмт хэрэг үйлдэж олсон 53 ширхэг буюу 4.25 куб метр хэмжээтэй шинэс төрлийн 2.150.352  төгрөгийн үнэлгээ бүхий модыг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий банкны өнгө нь хар, асаах хэрэгслийн таг хөх өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Бын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ггийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын  Төрийн  сангийн  100170900988 тоот дансанд төлсөн 2.150.352 төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/  Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Ггийн эзэмшилийн 4.500.000 /дөрвөн сая таван зуу мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 79-89 ХӨА улсын дугаартай УАЗ  3303 загварын тээврийн хэрэгслийг,  53 /тавин гурав/ ширхэг буюу 4.25 м3 хэмжээтэй шинэс төрлийн 2.150.352 төгрөгийн үнэлгээ бүхий хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2338000000058 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий банкны өнгө нь хар, асаах хэрэгслийн таг хөх өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН