Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Бод холбогдох эрүүгийн 2338000000074 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 13-12 тоотод хохирогч А.Тыг бусадтай хардаж зодон, биед нь дагз хэсгийн хуйх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000074 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 13-12 тоотод А.Тыг бусадтай хардсаны улмаас түүний толгой хэсэг руу цохиж эрүүл мэндэд нь дагз хэсгийн хуйх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Тийн өгсөн: “...Тэндээс О, Д, Б бид дөрөв гарч яваад Мөрөн сумын 12 дугаар багийн 13-12 тоотод Дгийнд очсон. Тэнд очоод бид дөрөв архи уусан. Б бид хоёр тэднийд хоносон боловч Б шөнөжин намайг хүнтэй хардаж уурлаад байгаа бололтой цохиж зодоод унтуулахгүй хоносон. Тэгээд шөнө над руу бас агсраад янз бүрийн юм яриад ус уугаад зогсож байснаа намайг ус хутгаж ууж байсан төмөр шанагаараа нүүр рүү саваад цохисон. Тухайн асуудал болох үед О босож ирсэн байсан бөгөөд тийм зүйл болохыг харсан. О яаж байгаа юм, гэртээ авч ирсэн биш хүн амьны хэрэг гарах юм байна л даа, Быг болиоч чи гэж байсан. Б бол намайг тэр шөнө өшиглөөд цохиод бага багаар шоглоод зодоод байсан. Намайг шанагаар цохих үед Д унтаж байсан. Гэхдээ бид хоёрыг тэр шөнө тэднийд маргалдаж хоносон гэдгийг Д, О хоёр ер нь мэдэж байгаа. Б над руу үг хаяад маргалдаад байсан. Тэр шөнө Б бид хоёр унтаагүй архи уугаад маргалдаад хоносон. Би Бтой уулзаж учирдаг харилцаатай болохоор тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй, өөрөө эрүүл болоод буруугаа ойлгох байх гэж бодсон боловч буруугаа ойлгосон шинжгүй, гэмшсэн янзгүй байгаа. Би Бод цохиулж зодуулаад нүүр нүд хөхрөөд бие өвдөөд байсан болохоор 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ очиж чадалгүй Э найзындаа очиж хэвтэж өнжсөн. Тэр айлдаа байж байтал Б орой ганцаараа ирж надтай уулзаад араас нь Д орж ирсэн. Д Эы нөхөртэй маргалдах янзтай байхаар нь Б “за явья явья танайд очьё” гэж хэлж гараад Б Д бид гурав Дгийнд очсон. Тэднийд Д О Б гурав дахиад нэг шил архи авч ууж хоносон. Би бол хэвтээд унтчихсан. Тэгтэл үүрээр Б намайг Дтэй хардах янзтай над руу үг хаяад агсам тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд ирсэн юм... Б надад тухайн хэрэг асуудал болсноос хойш нийт нэг сая төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн, хэвийн харилцаатай байгаа. Надад өөр гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/,

 Гэрч Б.Оын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой 19 цагийн үед манайд Т Б хоёр Эыд байж байгаад ирлээ гэсээр архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, халамцуу, мөн нэг шил архитай ирсэн. Манайд тухайн үед манай нөхөр Дэлгэрмөрөн бид хоёр байсан. Бид дөрөв тэр архийг нь хувааж уугаад байж байтал Б Т хоёр 21 цаг өнгөрч байхад гараад явсан. Эргэж 23 цаг өнгөрч байхад орж ирэхдээ Галаа гэдэг дугуй засвар дээр ажилладаг залуутай хамт ирсэн. Галаатай ирэхдээ бас нэг шил архи авч ирж манайд уусан. Би ч сүүлийн архинаас нь манай нөхөр бид хоёр унтаж байсан болохоор уугаагүй. Тэгээд байж байтал шөнө Б Тыг Галаатайгаа хардаад байгаа юм уу, манай нөхөртэй хардаад байгаа юм уу мэдэхгүй есөн шидийн залуучуудын нэр хэлээд хардсан яриа, үйлдэл гаргаад зодоод цохиод өшиглөөд, үс толгойноос нь зулгаагаад байсан. Т аллаа хядлаа, туслаарай О гээд орилоод намайг сэрээсэн. Тэгээд Боос зугтаад манай эргэнэгний хажууд намайг бараадаад суучихсан байсан. Тэр үед Б манай эргэнэг дээр байсан төмөр шанагаар ус хутгаж ууж байгаад гэнэт Тын нүүр рүү тэр шанагаараа цохьчихсон. Тэгээд би Бтой хэрэлдээд “чи эмэгтэй хүний нүүр рүү ингэж цохьдог нь яаж байгаа юм” гээд Тыг зугтаалгаж авч гарахад өглөө болчихсон байсан. Би Тыг дагуулж явж Мөрөн сумын 1 дүгээр багт Эыд аваачиж хэвтүүлсэн. Нуруу ууц нь өвдөөд байна гэж Т хэлж байсан. Нүүр нь хавдаад хөхөрч улайсан байсан. Толгой тархи нь овойж хавдсан байсан. Эыд байж байхад нь Б эм тан аваачиж өгч байна гэж очиж аваад 2 хоногийн дараа манайд аваад ирсэн байсан. Тухайн өдөр бол би гэртээ байгаагүй. Тэр хоёр манайд 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ирээд бас хэрүүл маргаан хийгээд, Б Тыгаа манай нөхөртэй хардахаар нь манай нөхөр цагдаа дуудаад тэр хоёрыг өгч явуулсан гэж байсан. Тэр зодоон болж хоносон шөнө нь бол манай нөхөр унтаад босч ирээгүй. Тэр хоёрыг зодооныг хараагүй. Манай нөхөр угаасаа хэрүүл зодоонд оролцдоггүй, дургүй хүн байгаа юм. Тэр шөнө бол Б Тыг манайд зодоод хэрүүл хийгээд өглөө болгосон...Тийм зүйл огт байгаагүй. Эрүүл саруул бие эрхтэн нь бүрэн бүтэн зүгээр байсан. Тэр шөнө Бод зодуулснаас болж л биед нь гэмтэл учирсан. Б тэгсэн чинь би зодоогүй найз нөхөдтэйгөө архи дарс ууж яваад зодуулсан гэсэн юм ярьчихсан явж байна гэж дуулдсан. Би Б руу залгаж “чи Тыг шанагаар цохьчихоод юу яриад байгаа юм, найзууддаа зодуулсан энэ тэр гэсэн юм ярьсан юм биш үү гадуур” гэхэд Б “би тэгж яриагүй, юу яриад байгаа юм, би юу гэж тэгж хэлдэг юм” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай: “...А.Тын биед дагз хэсгийн хуйх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. А.Тын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,

Шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс 2 нүдний зовхины цус хуралтууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нийлбэрээрээ ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Нийлбэрээрээ эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Тус гэмтлүүд нь төмөр шанагаар болон гараар, бусад хатуу мохоо зүйлийн алинаар ч цохих үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот /хх-ийн 41 тал/,

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 42 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Уг хэргийн улмаас хохирсон А Т гэх эмэгтэй Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний мөнгөн дүнг нэхэмжлэхээр байгууллагаас томилогдож оролцож байгаа юм. А.Тын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрийн хооронд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж, амбулаториор үзлэг хийлгэж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 99.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ мөнгөн дүнг төлж барагдуулвал өөр нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 13-12 тоотод байх найз Огийнд Т гэх эмэгтэйтэй хамт очиж архи ууж согтуурсан үедээ үл ялих маргаанаас болж Тыг цохиж зодсон асуудал болсон. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугийн асуудал дээр маргахгүй, уг хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Тын мэдүүлэг, гэрч Б.Оын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Алтайгийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан тоот, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч М.Мын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 13-12 тоотод А.Тыг бусадтай хардсаны улмаас түүний толгой хэсэг руу цохиж эрүүл мэндэд нь дагз хэсгийн хуйх, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Тын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдэл идэвхтэй, хохирогч А.Тын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч А.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй холбогдох зардлыг ирүүлээгүй бөгөөд хохирогч А.Тын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  М.Мыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 99.000 төгрөгийг шүүгдэгч Б.Боос нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Боос нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 99.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Боос 99.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэргийн 37-39 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ам бүл 3, ээж, хүүхдийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 01-09 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105 нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 395 нэгж буюу 395.000 төгрөгөөр тогтоох нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 7 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Бын Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105 /нэг зуун тав/ нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 395 нэгж буюу 395.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 395 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 395.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

6. Шүүгдэгч Б.Бод оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Боос 99.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

9. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН