| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч З.Бат-Амгалан,
Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2338000000036 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О- нь согтуугаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багт 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсгийн цагдаа А.М-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг зодож биед нь духанд шарх, зүүн чамархайд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000036 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022
оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсгийн цагдаа А.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг гараараа нүүр, дух хэсэг рүү нь цохиж, биед нь “духанд шарх, зүүн чамархайд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь: Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.М-ын өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад миний гар утсанд ... дугаараас гудамд хүн тасраад унасан байна гэх дуудлага ирсний дагуу би Т-ын Ц- гэх хүнийг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гудамд тасраад унасан байдалтай байхад нь машинаараа түүнийг тээвэрлэж, Т.Ц- ээж болох Н- гэх хүнд хүлээлгэн өгсөн. Тэгээд гэр рүүгээ харьж явах замд эмнэлгээс Б.С- эмч над руу гар утсаар залгаад “Дэнж рүү хамт дуудлагад яваад ирье” гэхээр нь Б.С- эмчийг гэрээс нь очиж аваад Цагааннуур сумын 1 дүгээр баг Дэнж гэх газар руу хамт дуудлаганд явж байх замд гудамд хоёр машин зогсож байсан. Тэгэхээр нь би буугаад тухайн хоёр машин дээр явж очоод жолооч нарынх нь бичиг баримтыг шалгасан. Б.О-, Э.Э- нар надад бичиг баримтаа шалгуулсан. Тэгээд би буцаад машиндаа суухад араас Б.О- ирээд машины хаалгыг онгойлгож, гараараа миний нүүр рүү цохиод хувцаснаас татаж намайг машинаас буулгаж ирээд хавсарч унагаасан. Би сөхөрч унаад босож ирэх үед Б.О- гартаа барьчихсан байсан нэг жижиг хар өнгөтэй зүйлээр /ямар эд зүйл гэдгийг нь мэдээгүй/ дух руу нэг удаа цохичихсон. Цохиулаад би хойшоогоо унаж хэдэн секунд манарсан, нүдээ нээхэд миний толгойн ард хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байсан. Энэ үед Б.С- машинаас бууж ирээд салгасан. Тэгээд би машинаа унаад Б.О-ын эхнэр, хүүхдийг хүргэж өгчихөөд эмнэлэг рүү очиж духныхаа шархыг цэвэрлүүлсэн. ...Б.О- хэрэглэсэн байсан, нэлээн согтолттой байсан. Харин би бол архи уугаагүй. Энгэрийн камер байхгүй утсаар хийх гэсэн боловч цэнэггүй байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1112-14, 16, 18 тал/,
Гэрч Э.Э-ын өгсөн: “...Тухайн шөнө дөнгөж өнгөрч байхад Б.Х- охиноо тэвэрсээр манайд орж ирээд “нөхөр бид гурав харих гэж явтал машин маань цасанд суучихлаа” гэж хэлсэн. Би гарах гэж байтал Б.О- өөрөө ч бас манай гэрт орж ирснээ “ах машин цасанд суучихлаа, та машинаараа татаад өг” гэхээр нь туслах гээд хамт гэрээсээ гарсан. Б.О-ын Эстима маркийн тээврийн хэрэгсэл нь манайхаас 2 гудамжны урд байх дэнжийн цасанд суучихсан байсан. Би машинтайгаа хажуугаар нь орж татаж өгөх гэж байгаад бас өөрийнхөө машиныг цасанд суулгачихсан. Тэгээд би бас өөрийнхөө машиныг гаргах гээд цасаа ухаж байтал нэг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл Б.О-ын машины хажууд ирээд зогссон. Тэгтэл Б.О- над дээр ирээд “би гэртээ хүргүүлэхээр машин дуудчихлаа, суусан машинаа эндээ орхилоо, та өөрийнхөө машиныг гаргаж аваад шууд харь харь” гэж хэлсэн. Би цасаа ухаад зогсож байтал Б.О- нөгөө ирсэн хүнтэйгээ чанга чанга дуугараад маргалдаад байсан. Сайн сонсоход Б.О- нь тухайн залууд хандаж “чи намайг торгодог юу юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би духны гэрлээ тусгаад харахад нуруун дээрээ Роliсе гэсэн бичиглэлтэй хувцас өмссөн хүн байсан. Тэгэхээр нь би суманд ирсэн нөгөө шинэ цагдаа юм байна даа гэдгийг мэдсэн. Би машинаа урагш нь хойш нь хөдөлгөж байгаад цаснаас гаргачихаад тэр хоёрын хажууд яваад очиход тэр хоёр бие биеийнхээ энгэрээс заамдчихсан зогсож байсан. Сайн харахад сумын цагдаа А.М-ын зүүн шанааг дагаж цус урсаж байсан. Би хаанаас нь цус гараад байгааг анзаараагүй. А.М- гэх цагдаа надад хандаж "та энэ хүнийг аваад явчихаач” гэж хэлсэн. Би ч Б.О-ыг боль гэж хэлээд авч явах гэтэл Б.О- надад хандаж “танд хамаагүй, би дүүтэйгээ юм ярьж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд яваад өгсөн. Намайг тэндээс явах үед сумын А.М- цагдаагийн машин дотор сумын эмч Б.С- болон Б.О-ын эхнэр Б.Х-, 2 настай хүүхдийнхээ хамт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
Гэрч Б.С-гийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед миний гар утсанд тайгын хүнээс “Дэнжид хүнд зодуулсан, цус гараад байна” гэх дуудлага ирэхээр нь би сумын цагдаа А.М- руу гар утсаар залгаад “машинтай байвал хүрээд ирээч. хүнд зодуулаад цус гараад байна гэсэн дуудлага ирлээ” гэж хэлэхэд удалгүй А.М- манай гэрийн гадаа машинтайгаа ирсэн. Бид хоёр сумын 1 дүгээр багт байх Дэнж гэх газар руу гудам өнгөрөөд явж байтал нэг гудам дунд 2 машин зогсож байсан. Тэгсэн чинь А.М- тэр хоёр машин руу явж очоод зогссон. Тэгтэл өөдөөс Б.О- гүйж ирснээ жолооч талын хаалгыг онгойлгоод “чи ёстой манайхаар өсгүүлж том болчихоод ямар том болчихсон юм бэ” гэж өс санасан байдалтай уурлаад байсан. А.М- машинаасаа буугаад Б.О- тэр хоёр маргалдаад цааш алхсан. Тэгтэл Б.О-ын эхнэр хүүхэд нь А.М-ын машин руу орж ирээд суусан. Би машинаас буугаад нөгөө хоёрын араас очиход заамдалцчихсан байдалтай зогсож байсан. А.М-ын нүүрэн дээр цус урсаж байхаар нь би шууд Б.О-ыг болиоч гэж салгаад цааш нь холдуулсан. Тэр хооронд А.М- машин руугаа очоод суусан. Тэр үед бас жолооч Э.Э- ах байж байгаад машинаа унаад яваад өгсөн. Тэгтэл Б.О- нь “би А.М-ыг өнөөдөр ална, намайг дахиад ачуулна биз, чи хүн гавлаж зоддог гэл үү” гээд дахиад А.М- руу явж очсоноо жолооч талынх нь хаалгыг онгойлгоод А.М-ыг машин дотроо сууж байхад нь гараараа толгой, нүүр рүү нь цохиод байсан. Тэгээд би бас Б.О-ыг арайхийж татаж аваад цааш нь холдуулсан. А.М- машинаа унаад Б.О-ын эхнэр, хүүхдийг нь гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Би дуудлагандаа явах гээд алхаад явж байтал Б.О- надтай хамт явна гээд дагаад явж байхад миний утас руу эмнэлгээс залгаад “хүн нь эмнэлэг дээр ирчихлээ, чи харь харь” гэсэн. Тэгээд Б.О- салаад явсан, А.М- намайг машинтайгаа ирж аваад гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 37 дугаартай: “...А.М-ын биед духанд шарх, зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. А.М-ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, чамархайн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.О-ын гэм буруугаа хүлээн өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв ярьсан тул надад дахин ярих шаардлага алга. Би үеэл дүү А.М-ын биед халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.М-, гэрч Э.Э-, Б.С- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсгийн цагдаа А.М-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь “духанд шарх, зүүн чамархайд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр А.М-ын биед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн духанд шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.О-ын гараараа цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.О-ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.О- нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч А.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 18, 59 тал/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 49, 51-54 дүгээр талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.О- нь ... түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.О-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж
шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2338000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.О-ыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2338000000036 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР